Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0522

 

Ж.Ц*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Ц*******ын нэхэмжлэлтэй, У*******ийн Т*******ын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оноос Т*******ын Засаг даргын Тамгын газарт нийгмийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, 2011 оноос Хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтийн улмаас 2014 оны 06 дугаар сарын 26-нд ажлаас чөлөөлөгдсөн.

Төрийн албаны тухай хуульд зааснаар бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд 3 хоногийн дотор нөөцөнд автоматаар шууд бүртгэгддэг. Тамгын газрын дарга нөөцөөс нөхөх журмын дагуу 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тушаал гаргаж намайг байгаль хамгаалагчаар ажиллуулсан.

Ажилд томилогдсноос хойш уг ажлыг гэрээ болон ажлын байранд заасан тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэж байсан. Иймд Т*******ын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч У*******ийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдсан учир ажлын байр чөлөөлөх зайлшгүй шаардлагатай болохыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдэгдсэний дагуу миний бие ажлын байр чөлөөлөх тухай Б/10 дугаартай тушаал гаргасан гэжээ.

Хариуцагч У*******ийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч урьд нь сумын Засаг даргын Тамгын газарт хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Би байгаль орчны газрын дарга Б.Г*******, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.А******* нартай ярилцаад энэ хүнийг авч болох уу гэж лавлахад болно гэсэн хариу өгсөн. Урьд нь ажиллаж байсан н.Л******* гэж хүн тэтгэвэрт гарсан байсан. Намайг ажлаас чөлөөлөгдөөд эзгүй байхад түр орлон гүйцэтгэгч Ж.Ц*******ыг ажлаас чөлөөлсөн байсан гэжээ.

Гуравдагч этгээд Д.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь У*******ийн Мэргэжлийн хяналтын газарт 5 жил байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилласан. Ар гэрийн гачигдал гарч Улаанбаатар хотод амьдарч байгаад 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Т*******анд байгаль хамгаалагчийн ажлын орон тоог улс даяар зарлаж, зарыг интернэтээс хараад шалгалтад орж нэгд орсон. Ж.Ц*******ын хувьд ажил мэргэжлийн хувьд таарахгүй болоод Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлаас чөлөөлсөн. Иймд Ж.Ц******* байгаль хамгаалагчийн ажлыг хуулийн дагуу хийх боломжгүй юм гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20-р шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ц*******ын нэхэмжлэлийг ханган, У*******ийн Т*******ын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Ажлын байр чөлөөлөх тухай Б/10 дугаар тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, Ж.Ц*******ыг У*******ийн Т*******ын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Бямбасүрэн давж заалдах гомдолдоо: 2009 оноос У*******ийн Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлыг 2014 он хүртэл 5 жил хийсэн. Ар гэрийн гачигдал гарч Улаанбаатар хотод 1 жил амьдарч байгаад орон даяар төрийн албан хаагч сонгон шалгаруулах ажлын байрны зарыг мэдэж, Увс аймагт ирж 2015 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд болсон төрийн албаны шалгалтанд орж Т*******ын байгаль хамгаалагчийн орон тоонд өрсөлдөн нэгдүгээр байранд орж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна.

Урьд нь уг ажлын байранд хүн томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг бүхэлд нь үндэслэн шийдвэр гаргасан ба мэргэжлийн бус хүнийг эрх бүхий албан тушаалтан буруу шийдвэр гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх үндэслэлдээ Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчийг Засаг дарга Тамгын газрын дарга чөлөөлөх эрх хэмжээгүй байна гэж дурдсан байна. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 31-ний Б/7 тоот Засаг даргын Тамгын газрын тушаалаар Ж.Ц*******ыг томилсон нь мөн л тусгагдсан үндэслэлээр бас л томилох эрх хэмжээгүй болж байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолын 3.5-д Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нь нөөцийн бүртгэлийг төрийн төв байгууллагуудын болон нутгийн захиргааны байгууллагаар, төрийн жинхэнэ албаны албан тушаалын ангилал, зэрэглэл, мэргэжлийн чиглэл бүрээр төрөлжүүлэн нөөцийн санд оруулна гэсэн заалтаар байгаль орчны чиглэлийн мэргэжилгүй хүнийг байгаль хамгаалагчийн ажлын нөөцөд бүртгэхгүй ба энэ ажлыг хийх боломжгүй юм. Эдгээрээс үзвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрөө хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж буй үйлдэл нь Төрийн албаны хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл юм.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Ц******* нь У*******ийн Т*******ын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс бүтцийн өөрчлөлтийн улмаас нөөцөд бүртгэгдсэн байсан сул орон тоо гараагүй байхад ажлын байрыг олон нийтэд зарласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж, хариуцагчаас ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдсан талаар аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж, гуравдагч этгээдээс тус суманд байгаль хамгаалагчийн ажлын байрны орон тоо зарлагдсан талаар интернэтээс олж мэдэн уг шалгалтад орж тэнцсэн гэж тус тус маргажээ.

Гэтэл шүүх энэхүү үйл баримттай холбоотой нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтад нийцэхгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга томилж чөлөөлөхөөр заажээ. Гэтэл хариуцагчаас байгаль орчны газрын дарга Б.Г*******, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.А******* нартай ярилцаад энэ хүнийг ажилд авч болох уу гэхэд болно гэсний дагуу нэхэмжлэгчийг ажилд авсан гэж тайлбарлах боловч нэр бүхий дээрх хүмүүс нь хуульд зааснаар санал өгөх эрхтэй албан тушаалтан мөн эсэх, тэдгээрийн саналыг авсан эсэх, түүнчлэн сумын Засаг дарга тухайн албан тушаалтныг томилох чөлөөлөх хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ.

Мөн байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүйгээс нэхэмжлэгч нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа талаар дүгнэх боломжгүй юм.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тус сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/7 дугаар тушаалаар Ж.Ц******* байгаль хамгаалагчаар түр томилогдсон байна.

Иймд уг ажлын байранд сул орон тоо гарсан эсэх нэхэмжлэгч нөөцөд бүртгэлтэй эсэхийг тодруулах замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа тус сумын байгаль хамгаалагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх боловч дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх хангалттай, бүрэн дүүрэн нотлоогүй, төрийн албаны мэргэшлийн шалгалт хэзээ зарлагдсан болон үүнтэй холбоотой баримт байхгүй байхад уг сонгон шалгаруулалтад тэнцсэн гэх Д.Бямбасүрэнгийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН