Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210

 

Б.О, Н.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар магадлалтай, 201305000343 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Б.Хандмаагийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Б-ийн О нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь заалтад заасан “Шунахайн сэдэлтээр, дээрэмдэх хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алахыг завдсан” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ийн А нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь заалтад заасан “Шунахайн сэдэлтээр, дээрэмдэх хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алахыг завдсан”, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Н.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Н.А-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Б.О-ийг шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар хүнийг алахыг завдсан, Н.А-ыг шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5, 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар Б.О-ийг 9 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6, 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар Н.А-ыг 9 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.О-т оногдуулсан 9 жил хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн, Н.А-д оногдуулсан 9 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.4” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Н.А-ын гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож нотлогдоогүй байхад хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна. Улсын яллагчийн шүүгдэгч Н.А-ыг буруутган яллах гол үндэслэл болгож ирсэн мэдүүлгийг өгдөг Б.О нь яллагдагч бөгөөд түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдвал түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой. Гэтэл шүүгдэгч Б.О-ийн “Н.А-ыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон талаар өгсөн мэдүүлэг” бусад нотлох баримтаар хангалттай батлагддаггүй, эргэлзээтэй байдаг. Шүүгдэгч Б.О, хохирогч Д.О нарын мэдүүлгүүдээс үзэхэд Б.О, хохирогч Д.О нарын хооронд ноцолдож, зодолдож тэмцэлдэх үед Б.О-ийн биед шинжээчийн дүгнэлтэд заасан хөнгөн гэмтэл учрах боломжтой гэж үзэж байна. Яагаад гэхээр хутганы ирнээс барьчихаад хутганы ишнээс барьсан хүний биед хүрэхгүйгээр хутгыг салгаж авах хэцүү. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Б.О-ийн биед Н.А гэмтэл учруулсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Улсын яллагч шүүгдэгч Н.А-ын гэм бурууг нотлохдоо хохирогч Д.О болон шүүгдэгч Б.О нарын мэдүүлэг үйл явдал яг таардаг гэдэг боловч Б.О нь сэжигтнээр өгсөн хоёр удаагийн байцаалтад хэргийг ганцаараа үйлдсэн талаар мэдүүлдэг бөгөөд нэг сарын дараа яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийг Н.А-той хамтран үйлдсэн талаар мэдүүлэхдээ “хохирогч О-ийн хаалгыг тогшиж ороод хутгаа мартсан байхаар нь буцаж гарсан талаар мэдүүлдэг. Гэтэл хохирогч Д.О шүүгдэгч Б.О-ийг гэрт орж ирснийхээ дараа буцаж гарсан талаар огт мэдүүлээгүй байдаг. Шүүгдэгч Н.А-ын гэм бурууг нотолж байгаа гэх дээрх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд эргэлзээтэй байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийг хэрэглээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэхэд хүргэлээ. Иймд Н.А-д холбогдох хэрэгт 2013 оны 08 дугаар сараас өдийг хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагааг хангалттай хийж нотлох баримтуудыг цуглуулсан боловч түүнийг хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт яллах нотлох баримт хангалттай бус байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасан зарчмын дагуу шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд цугларсан бөгөөд дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Шүүгдэгч Н.А нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Хууль буцаан хэрэглэх тухайд шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордож байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь заалтад заасан зүйл, хэсэгтэй холбогдуулан санал хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь заалт нь дээрэмдэх явцдаа бусдыг санаатай алсан бол уг зүйл, хэсгээр зүйлчлэгддэг. Гэтэл шүүгдэгч нар анхнаасаа алах санаа зорилготой байсан гэдэг нь тогтоогдсон тул тухайн зүйл, хэсэгт зааснаар зүйлчилснийг хүчингүй болгож, оногдуулсан ялыг хэвээр үлдээж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.О, Н.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.О нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Н.А-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний ятгалга, зодуур, сүрдүүлэгт автан Б сумын Х дүгээр баг, Х дүгээр байрны Х тоотод Д.О-ийн 3,880,160 төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж, хэвлий, нуруу, нүүр зэрэгт хутгалан, олон тооны шарх үүсгэн түүнд хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан,

шүүгдэгч Н.А нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.О-ийг ятгаж, зодож сүрдүүлэх аргаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б сумын Х дүгээр баг, Х дүгээр байрны Х тоотод Д.О-ийн 3,880,160 төгрөгийг Б.О-ээр дээрэмдүүлэх үед Б.О нь Д.О-ийг хутга хэрэглэн түүний цээж, хэвлий, нуруу, нүүр зэрэгт хутгалан, олон тооны шарх үүсгэн хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан гэмт хэргийг зохион байгуулж, хатгаж, хамжиж хамтран оролцсон, мөн Д.О-ийн мөнгийг дээрэмдүүлэх зорилгоор мөн өдрийн орой 19 цагийн үед Баянхонгор сумын 6 дугаар баг, Түйн гол, цэвэр усны байгууламжийн орчим Б.О-ийг ятгаж, айлган сүрдүүлж, хутга хэрэглэн баруун гарын бугуйн тус газарт хутгаар зүсэх, цээж, мөр, бугалга зэрэгт цохиж, түүнд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.О, Н.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, шүүгдэгч Н.А-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэдэг боловч уг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль мөрдөгдөж эхэлсэн тохиолдолд “хууль буцаан хэрэглэх” зарчим үйлчилдэг бөгөөд энэ зарчим 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагджээ.

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулахад тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байхаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар зааж гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулж болох ялын дээд хэмжээг ихэсгэж, ял хүндэрсэн байх тул шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.О, Н.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэн шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Б.Хандмаагийн “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасан зарчмын дагуу шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О, Н.А нарт холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хэргийн оролцогчоос хяналтын журмаар гомдол гаргаж, хэрэг хянагдаж байх шатанд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар шүүгчийн захирамжаар Б.О-т, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шүүгчийн захирамжаар Н.А-д ял дүйцүүлэн хасах эсэх асуудлыг хэлэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул дээрх захирамжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар магадлалд “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О, Н.А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Б.Хандмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                  Б.ЦОГТ

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН