Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 71

 

Ж.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ж.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, гуравдагч этгээд И.Амартүвшин, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Удвал нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0751 дүгээр магадлалтай, Ж.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Нямсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0751 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.7, 9 дүгээр зүйлийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Нямсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “И.Амартүвшинг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны б/53 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” б/83, мөн өдрийн “Ж.Нямсүрэнг ажилд томилох тухай 2016 оны б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” б/84 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Нямсүрэнг урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...“Ж.Нямсүрэн давж заалдах гомдолдоо “...Аймгийн Засаг даргын захирамж нь тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэрэгжсэн байхад хэрэгжүүлээгүй гэх үндэслэл байхгүй...” гэжээ.

Аймгийн Засаг дарга 2016 оны 6/53 дугаар захирамжийг хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгохдоо “Ж.Нямсүрэнг аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилохдоо Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам зэрэг хууль, хуульчилсан актуудыг зөрчиж, Хөгжимт драмын театрын даргын ажлын байрны сул орон тоо гараагүй байхад Ж.Нямсүрэнг томилсон нь хуульд нийцээгүй байна” гэж үзсэн. Энэ нь хуульд нийцэж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан талуудын тайлбар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар шүүгчийн захирамж, аймгийн Засаг даргын 2016 оны б/51, б/52, б/53 дугаар захирамжуудаар нотлогддог.

Ажлын сул байр гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлах боломжгүй бөгөөд Ж.Нямсүрэн нь хуульд заасан шаардлагын дагуу томилогдоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул түүний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй. Шүүхээс эх хувиараа аймгийн Засаг даргын тамгын газарт хадгалагдаагүй байгаа И.Амартүвшингийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны огноо бүхий “...сонгуульд оролцож байгаа тул 07 дугаар сарын 01 хүртэл ажил хүлээн авах боломжгүй” гэсэн агуулгатай хүсэлтийг нэхэмжлэгч тал хуулбараар гарган ирж, нотариатаар гэрчлүүлсэн байгаа ба эх хувь хадгалагдаагүй уг баримтыг нотлох баримтын хэмжээнд авч үнэлэх боломжгүй тул шүүхээс нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч тал уг хүсэлтийн хуулбар хувийг ямар журмаар хаанаас гаргуулан авсан нь тодорхойгүй, уг хүсэлт эх хувиараа гарч ирсэн тохиолдолд хариуцагч талд ашигтай байдал үүсгэх нотлох баримт болно гэдгийг дурдах зүйтэй.

Ж.Нямсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар анхан шатны шүүх шийдвэртээ дэлгэрэнгүй тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа зөвхөн нэг талаас буюу Ж.Нямсүрэнгийн эрх ашгийг хамгаалах талаас харж тайлбарлан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Ийнхүү тайлбарлахдаа Ж.Нямсүрэн нь Төрийн албаны тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс батлан мөрдөж байгаа төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмыг буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд тавигдах стандарт, болзол шаардлагыг хангаагүй байхдаа томилогдсон байдалд ямар ч дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан.

Ж.Нямсүрэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар эрх ашгаа хамгаалуулах боломжтой хэдий ч түүний энэ эрх ашгийг зөрчөөгүй болох нь аймгийн Хөгжимт драмын театрын даргын Ж.Нямсүрэнг уран сайхны удирдаачаар томилсон 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар нотлогдож байгаа. Ж.Нямсүрэн нь аймгийн Засаг даргын 2016 оны б/83, б/84 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулахыг шаардсан, энэхүү шаардлагын хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Аймгийн Засаг дарга Ж.Нямсүрэнг хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй байхдаа томилогдсон гэж үзэж, өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн зөвтгөхөөр түүнийг томилсон захирамжийг хүчингүй болгосон байхад “Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой” гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл болсон, Ж.Нямсүрэнг хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй байхад томилсон томилгоог зөвтгөсөн тайлбар хийж байгаа нь давж заалдах шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Эдгээр байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ж.Нямсүрэнг хууль зөрчин албан тушаалд томилогдсон байдалд ямар ч дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тул хэргийг хянаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0751 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд И.Амартүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, И.Амартүвшинг ажлаас чөлөөлсөн Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамжийг хүчингүй болгосон Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамж нь сайн дурын үнсэн дээр, хүсэлтийнх нь дагуу ажлаас чөлөөлөөгүй өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргаж өгсөн, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дурын үндсэн дээр гаргаагүй, бусдаас нөлөөлсөн дарамт шахалтын улмаас гаргаж өгсөн. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан зохицуулалтын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх хууль зүйн хувьд боломжгүй. Учир нь, Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн б/59 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Хөгжимт драмын Театрын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байсан ба уг хэрэг маргаан түдгэлзсэн байсан, уг хугацаанд би Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажил албан тушаалаа эрхлээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй байсан нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг зөрчөөгүй.

Миний бие уг ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн б/59 дүгээр захирамжаар халагдсан болохоо шүүхээр тогтоолгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, ажилгүй байсан хугацааныхаа цалин хөлсийг авах үндсэн зорилготой байсан. Намайг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн гэх үндэслэлээр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн б/53 дугаар шийдвэр гаргаж байгаа явдал нь намайг уг ажлаас сонгуулиар далимдуулан, шахаж байгаа үйлдэл болно. Сонгуулийн хорооноос 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 94 тоот албан бичгээр намайг 2016 оны 06 дугаар сарын 24-ний дотор ажлаасаа чөлөөлөгдсөн шийдвэрээ яаралтай ирүүл гэсэн шахалтыг үзүүлсэн учраас 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Гэтэл уг өргөдлийг өгөхөөс 2 өдрийн өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлаас чөлөөлсөн 6/53 дугаар захирамжийг миний өмгөөлөгч В.Удвалд өгсөн байсныг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Засаг даргад тус тус өргөдөл, гомдол гаргаж, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын б/83 дугаар захирамж гарсан. Миний өргөдөл, гомдол шийдвэрлэгдэж, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлыг хүлээж авсан. Иймд, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0751 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасантай нийцсэн тул  магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Нямсүрэн нь Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/83, б/84 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1. Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамжийн тухайд:

Гуравдагч этгээд И.Амартүвшинг аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамжийг “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээснийг баталсан шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй, зарим хуулийн зохицуулалтыг зөрчиж гарсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасантай нийцээгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь зөв байна.

Тус аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “И.Амартүвшинд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” б/59 дүгээр захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан И.Амартүвшинг ажлаас халсан байх ба тэрээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нарын хүсэлт, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн б/50 дугаар захирамжийг үндэслэсэн бөгөөд уг захирамжаар И.Амартүвшинг ажлаас халсан б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгож, түүнд Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлыг хүлээлгэж өгөх асуудлыг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, И.Амартүвшинг ажлаас халсан захирамж хүчингүй болж, түүнд театрын даргын ажлыг хүлээлгэн өгөх асуудлыг шийдвэрлэснээр тэрээр ажилдаа эргэн орох боломжтой болж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. 

Гэтэл И.Амартүвшин ажилдаа оролгүй, улмаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргад “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт орон нутгийн сонгуульд нэр дэвшин, сонгуулийн сурталчилгааныхаа ажлыг хийж гүйцэтгэж байгаа ...аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүрэгт ажлыг хүлээн авах боломжгүй тул Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө гаргаж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасан байна.

Архангай аймгийн Засаг дарга хүсэлтийг хүлээн авч, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасныг баримтлан “Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшин орон нутгийн хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, Архангай аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэгдсэн” гэсэн үндэслэлээр 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн б/53 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, ...орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж зааснаар орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, нэр дэвшигчээр бүртгэгдсэн И.Амартүвшин албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх учиртай. 

Ийнхүү И.Амартүвшин шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсоны дараа өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Засаг дарга хуульд заасан үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, “шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй, зарим хуулийн зохицуулалтыг зөрчиж гарсан” гэсэн үндэслэлээр гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/83 дугаар захирамж хуульд нийцсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

2. Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/84 дүгээр захирамжийн тухайд:

Дээрх маргаан бүхий б/84 дүгээр захирамжаар Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн, “Ж.Нямсүрэнг аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилд томилохдоо соёлын асуудал хариуцсан төрийн байгууллагатай зөвшилцөөгүй, удирдах ажилтны ажлын сул орон тоог зарлаж, сонгон шалгаруулалт явуулаагүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй шууд томилсон” гэх үндэслэлээр Ж.Нямсүрэнг ажилд томилсон 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Ж.Нямсүрэн нь 2010 оноос аймгийн Хөгжимт драмын театрт уран сайхны удирдаачаар ажилласан байх бөгөөд тэрээр И.Амартүвшинг тус театрын даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа, аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн б/76 дугаар захирамжаар тус театрын даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/54 дүгээр захирамжаар уг албан тушаалд томилогдон ажиллажээ.

Мөн гэрч А.Амгаланбаатарын мэдүүлгээр Архангай аймгийн Засаг дарга нь Ж.Нямсүрэнг тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилохдоо аймгийн Боловсрол, соёлын газрын даргатай зөвшилцөн томилсон болох нь тогтоогдсон байна.

Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 4-д аймгийн Засаг дарга соёлын байгууллагын даргыг томилох, чөлөөлөхдөө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх, тухайн албан тушаалд соёлын салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж томилохоор заажээ.

Архангай аймгийн Засаг дарга тус аймгийн Хөгжимт драмын театрт 2010 оноос хойш уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа, 2015 оны 9 дүгээр сараас тус театрын даргын албан тушаалыг гүйцэтгэн ажилласан Ж.Нямсүрэнг Боловсрол, соёлын газрын даргатай зөвшилцөн тус театрын даргын албан тушаалд томилсныг буруутгах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актын үндэслэлд зөв дүгнэлт хийж, Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэж үзлээ. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0751 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                  

                                    ШҮҮГЧ                                                                              Х.БАТСҮРЭН

                                     ШҮҮГЧ                                                                              Б.МӨНХТУЯА