Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

 

 

 

    

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч О.Мөнгөншагай,

шүүгдэгч О.Батсайхан,

шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гонзгой овогт Октябрын Мөнгөншагай, Улаантуг овогт Октябрын Батсайхан нарт холбогдох эрүүгийн 2031003480172 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 01 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 4 дүгээр байрны 25 тоотод оршин суух,

-урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлж байсан, Гонзгой овогт Октъябрын Мөнгөншагай /РД:БИ87121513/;

2.Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны 34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Улаантуг овогт Октъябрын Батсайхан /РД:БИ83071531/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

      Шүүгдэгч О.Мөнгөншагай, О.Батсайхан нар нь бүлэглэж 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Их алт гэх Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усан сангийн газрын хамгаалалтын бүсэд хамаарах 0,01 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль-экологид 228,492 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Мөнгөншагай, О.Батсайхан нар нь бүлэглэж 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Их алт гэх Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усан сангийн газрын хамгаалалтын бүсэд хамаарах 0,01га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль-экологид 228,492 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.Мөнгөншагай, О.Батсайхан нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч О.Мөнгөншагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, бид хамт ярилцсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлөх дансын мэдэхгүй байгаа учир төлж амжаагүй, нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэжээ.[1]

2.Шүүгдэгч О.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.[2]

3.Хохирогч Б.Оюун-Эрдэний 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрэгт учирсан нийт хохирол болох 7,100,848 төгрөгийг нөхөн төлүүлэх, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг[3],

4.Хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэг хийж буй газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны 3 дугаар баг, Саудын гарам гэх нэртэй газраар урсан өнгөрч буй Ерөө голын ертөнцийн зүгээр урд хэсэгт байх ба голын урд хэсэгт овоолж үүсгэсэн шороонуудын дунд эвдэгдсэн газар байлаа. Уг ухаж эвдэгдсэн газрын байршлыг тогтоох зорилгоор “Гармин” ЖПС мап 623 багажийг ашиглан ухаж эвдэгдсэн нүхийг ертөнцийн зүгээр баруун хойд талын өнцөг дээрээс эхлэн цагийн зүүний эсрэг зүгийн дагуу зах ирмэг хэсгүүдийн солбицол цэгийг тогтоож үзэхэд:

1. N49° 15’ 32.1"Е107° 13* 05.0"             2.N49° 15' 32.3”Е107° 13’ 04.6”

3. N49° 15' 31.8”Е107° 13' 04.7”               4.N49° 15' 31.6"Е107° 13’ 04.6” гэсэн цэгүүдийг тус тус зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан бөгөөд уг эвдэгдсэн нүхэнд ус тогтож нуур үүсгэсэн байсан тул гүнийг хэмжих боломжгүй байлаа" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4],

5. Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8/4883 дугаартай “..солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс. Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй болон 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын ХВ-010317 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай тус тус бүхэлдээ давхцалтай байна. Харин бичил уурхайн зориулалтаар олгосон талбайтай давхцалгүй байна” албан бичиг[5],

6. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 066/7170 “солбицол бүхий газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалтай байна” албан бичиг, зурган мэдээлэл[6],

7. “Мөнгөн марал” ХХК-ийн “хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас 0,01га талбай ба шороон замын 2га талбай өртсөн байна. ...Хууль бус үйл ажиллагаанаас эдэлбэр газар, ургамлын нөмрөг. хөрсөн нөмрөгт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг тус бүр харгалзах тоогоор үржүүлэхэд 228,492,77 төгрөг хохирол учруулсан байна. Эвдэгдсэн газрын нөхөн сэргээлт хийх зардал 6,872,356 төгрөг” гэх дүгнэлт[7], 8. Гэрч О.Алтангэрэл, О.Мөнхсаруул нарын мэдүүлэг[8], 9.Шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон баримтууд[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11], 12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.

     Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Транс капитал” ББСБ-ийн зээлийн барьцаанд байгаа 56-81 УБ улсын дугаартай, “Даевоо” маркийн экскаваторын үнэлгээгээр тогтоогдсон үнэ 6,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг шүүгдэгч О.Мөнгөншагайгаас албадан гаргуулж, байгаль орчинд учирсан хохирол болон эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийн зардал зэрэгт зарцуулж, үлдэгдэл буюу илүү гаргасан мөнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу улсын төсөвт шилжүүлэх санал гаргаж байна. ...Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 228,492 төгрөг, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх зардал 6,872,356 төгрөгийн хор уршиг учирсан. Эдгээр хор уршиг болон хохирол нөхөн төлөгдөөгүй” гэжээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Мөнгөншагай, О.Батсайхан нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлж, яллагдагч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай саналдаа яллагдагч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тохирч орж ирсэн боловч байгаль экологид учирсан төгөлдөөгүй байгаа хохирол, хор уршиг болох 7,100,848 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 8,000,000 төгрөгнөөс гаргуулан тооцохоор тусгаагүй мөртлөө шүүх хуралдаан дээр дээрх дүгнэлтийг хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд шүүхээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.1, 4.3, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар[13] энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Мөнгөншагай, О.Батсайхан нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, ургамлын санд учирсан хохирол 228,492 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 6,872,356 төгрөг, нийт 7,100,848 төгрөгийг шүүгдэгч О.Мөнгөншагайгаас гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[14]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Транс капитал” ББСБ-ийн зээлийн барьцаанд байгаа 56-81 УБ улсын дугаартай, “Даевоо” маркийн экскаваторын үнэлгээгээр тогтоогдсон үнэ 6,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч О.Мөнгөншагайгаас албадан гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч нар нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хүсэлт гаргасан ба хүсэлтийг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-т заасан нөхцөл байдал хангагдаж байсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгч О.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл ангид зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан.

үүгдэгч О.Батсайханы хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн дүү О.Мөнгөншагайн санал болгосноор энэ гэмт хэрэгт татагдан оролцсон мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус танилцуулахад шүүгдэгч нарын зүгээс зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эцэслэн шийдвэрлэж өгөх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 228,492 төгрөг, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх зардал 6,872,356 төгрөгийн хор уршиг учирсан. Эдгээр хор уршиг болон хохирол нөхөн төлөгдөөгүй. Шүүгдэгч нараар төлүүлэх мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нарт авагдсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн болон хураан авсан зүйлгүй” гэсэн саналыг гаргажээ[15]

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: “Прокурорын шатанд прокурортой ялын талаар тохиролцсон. Бидний зүгээс хуульд нийцүүлээд шийдэхэд татгалзах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Шүүх шүүгдэгч О.Мөнгөншагай, О.Батсайхан нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Мөнгөншагайд эрүүгийн хариуцлага оногдуулахад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль-экологид бага хэмжээний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, өөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн төрсөн ахыг татан оролцуулсан зэрэг нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзсэн.

Харин шүүгдэгч О.Батсайханд эрүүгийн хариуцлага оногдуулахад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль-экологид бага хэмжээний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа төрсөн дүү О.Мөнгөншагайн санаачлагаар хууль бус үйлдэлд нь нэгдэн орсон зэрэг нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч О.Батсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулан шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч О.Мөнгөншагайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг О.Мөнгөншагайд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гонзгой овогт Октябрын Мөнгөншагай, Улаантуг овогт Октябрын Батсайхан нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч О.Батсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3.Шүүгдэгч О.Мөнгөншагайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Батсайхан нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Батсайханд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнгөншагайгийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 5,500 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнгөншагай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

8.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 3, 4.1, 4.3, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Мөнгөншагай, О.Батсайхан нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, ургамлын санд учирсан хохирол 228,492 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 6,872,356 төгрөг, нийт 7,100,848 төгрөгийг шүүгдэгч О.Мөнгөншагайгаас гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Транс капитал” ББСБ-ийн зээлийн барьцаанд байгаа 56-81 УБ улсын дугаартай, “Даевоо” маркийн экскаваторын үнэлгээгээр тогтоогдсон үнэ 6,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 /найман сая/ төгрөгийг шүүгдэгч О.Мөнгөншагайгаас албадан гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.

10.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 35 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 13-20 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 56-57 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 30-33 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 101-150 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 206-208 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 241, 242 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 243-244 дүгээр тал

[13] https://legalinfo.mn/mn/detail?lawId=8935

[15] Шүүх хуралдааны тэмдэглэлээс