Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ийн******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******эд холбогдох 2023000000093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын баг ын хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 07 дугаар сарын 06-наас 2020 оны 07 дугаар сарын 07-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын багийн ын хэсэг тоотод хадам ээж болох Б.*******гийн баруун гарыг мушгиж түлхэж унагаан түүний эрүүл мэндэд “баруун гарын ядам хурууны 3-р шивнүүр ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ийн******* нь 2020 оны 07 дугаар сарын 06-наас 2020 оны 07 дугаар сарын 07-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын багийн ын хэсэг тоотод байх гэртээ эхнэр Б.*******тай маргалдсан ба тухайн үед хадам ээж Б.******* гэрээс гарах гэхэд нь түүнийг гаргахгүй гэж баруун гарыг нь мушгиж түлхэж унагаасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Д.******* гарыг нь мушгиж гэмтээсэн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “...Би урдаас нь ... гарах гээд зүтгэсэн миний гарнаас барьж аваад намайг түлхсэн байх. Би тухайн үед газар толгойн араараа савж унасан. Тэгээд босож ирээд гараа харсан хавдаад эхэлсэн. Тэгэхээр нь*******эд чи миний гарыг хараач гэсэн******* чиний гар яасан ч яадаг юм бэ? нэг хуруу чинь 3000 төгрөгний үнэтэй шүү дээ дансаа хэл гээд загнаад байсан... Тэр орой******* миний гарыг мушгиад гарын 3 хурууг гэмтээсэн. ...Эмнэлэгт үзүүлээд рентген зураг авахуулаад харсан ядам хурууны 3 дугаар үеийн савхан яс хугарсан түүнээсээ болоод бусад хуруундаа хавдар үүссэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Тухайн үед хамт байсан гэрч Б.*******ын “...******* ээжийг заамдаж аваад сэгсрээд гар болон хурууг нь мушгиад хойш нь түлхсэн чинь ээж газар савж унасан. Тэгээд*******эд чи миний гарыг хугалчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би ...гэртээ 22 цаг ...ирсэн ******* хоолоо ид гээд шөлтэй будаа өгөхөөр нь миний уур хүрээд би ийм нохойн хоол шиг юм идэхгүй гээд *******тай маргалдаж байсан чинь хадам ээж том өрөөнөөс гарч ирээд над руу үглээд байсан. Тэгээд миний уур хүрээд бид 2-ын дунд хэрүүл маргаан үүссэн хадам ээж гэрээс гарах гээд зүтгээд байхаар нь би хаалган дээр зогсож байсан гаргахгүй гээд гарнаас барьж байгаад хойш түлхсэн өөр зодож барьсан зүйл болоогүй...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000000228 дугаартай “1...Б.*******гийн биед баруун гарын ядам хурууны 3-р шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон мушгих зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Гадны цохилт болон ямар нэгэн гэмтээгч хүчин зүйлээс үүссэн гэмтэл байна. 5. Б.*******гийн биед баруун гарын ядам хурууны 3-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн баруун гарыг мушгиж түлхэж унагаасан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Д.******* иргэн Б.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх”-ийг зөрчиж түүний гарыг мушгиж түлхэж унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй нь Б.*******гийн “...Хүргэн Д.*******тэй эвлэрсэн, эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Д.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн*******ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ