Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2016/00074/Э |
Дугаар | 00076 |
Огноо | 2016-10-04 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 00076
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Э.Энхбат
Хохирогч М.Сарангэрэл
Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Оюунчимэгд холбогдох 201618020143 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1961 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын задгайд оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Надмидын Оюунчимэг. /РД: ФМ61070400/
Шүүгдэгч Н.Оюунчимэг нь 2016 оны 06 дугаар сарын 27-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн ¹ 142 тоотод байрлах иргэн Эрдэнэ-Очирын гэрт хохирогч М.Сарангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн гар луу нь өшиглөж зүүн гарын шууны бүдүүн ясны урд хэсгээр хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Оюунчимэгийн өгсөн…... 2016 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Тариатын алтанд явах гээд хүүхдийн мөнгөө авч зардал хийх санаатай Төрийн банк дээр ирэхэд Батсайхан, Отгонбилэг хоёр зогсож байсан. Тэгээд байж байтал Сарангэрэл хүрч ирсэн. Банкнаас мөнгөө авчихаад бид нар Баруун-Өлөнтөд байдаг Очироо гэх залуугийнд очсон. Тэнд бид нарыг алт руу хүргэж өгөх машин ирэх байсан учир машинаа хүлээх зуураа Очироогийн төрсөн өдрийг тэмдэглэж 2 шил архи хувааж уусан. Тэгээд байж байгаад Сарангэрэл бид хоёр жаахан маргалдсан. Би тухайн үед маргалдсанаа л санадаг. Сарангэрэлийг яаж цохиж өшиглөснөө бол мэдэхгүй байна. Сүүлд Сарангэрэлийн ярианаас сонсоод өшиглөснөө мэдсэн гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сарангэрэлийн өгсөн…… 2016 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 12 цаг болж байхад Оюунчимэгийн нөхөр Батсайхан манайд согтуу орж ирсэн. Тэгээд манайд хоночихоод манай нөхөр Отгонбилэгийг дагуулж гарсан. Би архи ууж болохгүй шүү гэхэд банк орж мөнгө авна тэгээд алт явна гээд гарсан. Би араас нь банкин дээр очиход тэнд Амгалантуяа, Оюунчимэг, Батсайхан, Отгонбилэг нар байсан. Тэгээд банкнаас мөнгөө авчихаад эд нар түрүүлээд таксигаар замын хойшоо явсан. Тэгээд Очироогийнд оччихоод над руу утасдаад ирж байна уу гэхээр нь би араас нь очсон. Банкин дээр байхад манай нөхөр надад Очироогийн төрсөн өдөр гэнэ архи, тамхи ойр зуурын юм авчаарай гэж хэлж байсан болохоор би араас нь очихдоо авч очсон. Намайг нөхөртэйгээ хамт араас нь очиход эд нар нэг шил архи уугаад дуусч байсан. Би авч очсон архиа гаргаад бид нар хувааж ууцгаасан. Амгалантуяа согтчоод нас барсан хүүгээ яриад уйлж унжаад байсан. Би гэрээс гараад Оюунчимэг эгчид дүү нь ерөөсөө та нартай хамт алтанд явъя гэж хэлэхэд Оюунчимэг эгч миний гар луу өшиглөхөд гар эвгүй болохоор нь би гараа бариад доош суусан. Тэгтэл манай хүү ирээд намайг явъя гэхээр нь би гэр лүүгээ ирсэн. Гэртээ ирэхэд гар зүгээр болохгүй байхаар нь Оюунчимэгт очиж үзүүлэх санаатай буцаад Очироогийнд очсон. Би тэнд дахин очоод Оюунчимэг эгчид та яаж байгаа юм бэ энэ гар хар гэхэд тоохгүй байсан учир бид хоёр хэрэлдсэн. Хүмүүс Оюунчимэгийг авч гараад Зил-131 машины кабинд суулгахаар нь би явуулахгүй гээд машиных нь урд зогссон нь үнэн. Тэгээд тэр машин хөдлөөд явахаар нь гэр лүүгээ яваад Шинэцэцэг гэдэг таньдаг сувилагч дээр очиж хэлээд эмнэлэг рүү хамт явж үзүүлсэн. Маргааш өглөө нь эмнэлэгт дахин очиж зураг авахуулахад гар хугарсан байсан. Гар хугарсны эмчилгээний зардалд би 872850 төгрөгийг Оюунчимэгээс авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Ц.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн….. Намайг 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед гэртээ байж байхад М.Сарангэрэл манайд ирээд салхи оюунаа миний гар луу өшиглөөд гар сонин болчихлоо хөдөлгөхөөр нур нур гээд дуугараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эмчид үзүүлэх хэрэгтэй шүү гэж зөвлөөд түүнийг дагуулаад эмнэлэг рүү явсан юм. Сарангэрэл манайд ирэхэд түүнээс архи үнэртэж байсан бөгөөд ерөнхийдөө халамцуудуу байдалтай байсан. Эмнэлэг дээр очоод мэс заслын эмч Энхтөрд хэлж байгаад түүний гарыг үзүүлсэн юм…. Эмнэлэг дээр эмчид үзүүлэхэд маргааш рентген зураг авахуулаад дахин үзүүлээрэй гэж зөвлөж байсан гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч О.Хэрлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн…. Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой 17 цагийн үед Баруун-Өлөнтөд байдаг ээжийн танил айлын хашаан дотор байхад манай ээж Сарангэрэл, Оюунчимэг эгчтэй юм яриад тэр айлаас гарч ирэхдээ түүний хүзүүн дээгүүр гараа давуулаад дүү нь та нартай хамт Тариат руу алтанд явнаа гэж хэлсэн чинь Оюунаа эгч чамайг явбал би тийшээ явахгүй гэж хэлээд мөрөн дээр нь тавьсан гарыг нь татаж зайлуулаад эргэж хараад ээжийг өшиглөхөд ээж зүүн талын гараа бариад ёо ёо гээд доош суусан…. Амгаа гэдэг эгч ойролцоо согтуу байдалтай байсан. Ээжийг өшиглүүлэхэд надаас өөр харсан хүн байхгүй байхаа гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 162…….. Дүгнэлт:
1.Сарангэрэлийн биед зүүн гарын шууны бүдүүн ясны урд хэсэгт ташуу хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 30 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 3-4 дүгээр хуудас/
Н.Оюунчимэг нь ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 41 дүгээр хуудас/
Н.Оюунчимэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 43 дугаар хуудас/
Н.Оюунчимэг нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Оюунчимэг нь 2016 оны 06 дугаар сарын 27-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн ¹ 142 тоотод байрлах иргэн Эрдэнэ-Очирын гэрт хохирогч М.Сарангэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн гар луу нь өшиглөж зүүн гарын шууны бүдүүн ясны урд хэсгээр хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.Оюунчимэг нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн өөр хоорондоо маргалдан хохирогч М.Сарангэрэлийн зүүн талын гар луу нь өшиглөснөөс зүүн гарын шууны бүдүүн ясны урд хэсэгт ташуу хугарал, зөөлөн эдийн гэмтэл учруулж удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Оюунчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа тавин таваас дээш насны эмэгтэй тул албадан ажил хийлгэх боломжгүй гэж үзэн хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Оюунчимэг нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөлд тооцох, хохирогч М.Сарангэрэл нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Н.Оюунчимэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзэв.
Хохирогч М.Сарангэрэл нь шүүгдэгч Н.Оюунчимэгийн гэм буруугийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Оюунчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад :
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Надмидын Оюунчимэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Оюунчимэгийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Н.Оюунчимэгд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүзгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Оюунчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Оюунчимэгд оногдуулсан 01 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Хохирогч М.Сарангэрэл нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Оюунчимэгд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.