Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2014/0033

 

2014 оны 01 сарын 15 өдөр                    Дугаар 33                        Улаанбаатар хот

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "К” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “К” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчин Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар сургуулийн газраас шилжүүлсэн байна.

Гуравдагч этгээд Баянгол дүүргийн 13 дугаар сургуулиас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/250 дугаар захирамж нь бидний болон бүх хүүхдийн, бусад сургуулийн сурагчдын адил биеийн тамирын ногоон талбайтай болох хүсэл мөрөөдлийг биелүүлсэн зөв зүйтэй шийдвэр гэж үзэж байна гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 475 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 н, 29.1.5 а, 29.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: "К" ХХК нь Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн баруун талд байрлах 675 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг иргэн Ж.Г-аас Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 410 дугаар захирамжаар шилжүүлсэн авсан.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар эзэмших газрын хэмжээг нэмэгдүүлж 6591 м.кв талбай бүхий газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр болсон юм. Тус захирамжийг үндэслэн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, мөн сарын 17-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үүнийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4/2288 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамжаар дээр дурдсан нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэхүү захирамжийг нэхэмжлэгч "К" ХХК эс зөвшөөрч, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар "К" ХХК-д газар эзэмших эрх олгосныг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг бид өнөөдөр дахин нотлох, нотлохыг оролдох хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын захирамжуудыг бүхэлд нь нягтлан шалгаж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд мөн хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар шийдвэрийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч "К" ХХК нь эзэмшиж буй газартаа хүүхэд залуучуудын цаг агаар, өвлийн улирлаас үл хамааран спортоор хичээллэж чөлөөт цагаа өнгөрөөх спорт цогцолбор байгуулахаар төсөл боловсруулж, холбогдох зураг төслийг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулсан. Энэхүү спорт цогцолборын барилга баригдсанаар дан ганц 13 дугаар сургуулийн сурагчдаас гадна бусад сургуулийн сурагчид, залуучуудын спортоор хичээллэн амжилт гаргах бэлтгэлийн бааз, гүүр нь болох юм.

Газар эзэмших эрх олгох тухай захирамжийг гаргаснаас хойш тодорхой хугацааны дараа, тодорхой хөрөнгө оруулалт хийгдэж, хөрөнгө мөнгө зарцуулсны дараа урьдчилан ямар ч мэдэгдэл хийхгүйгээр газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмууд, нийтийн захиргааны эрх зүйн "сонсгох" зарчмуудыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Иймд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "К" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч хууль буруу тайлбарласан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

“К” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “К” ХХК нь Баянгол дүүргийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 359 дүгээр захирамжаар 675 мкв газар эзэмших эрхийг иргэн Ж.Г-с шилжүүлэн авчээ. Улмаар энэхүү газартаа 77 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс уг орон сууцыг барих үед 13 дугаар сургуулийн зүгээс эс зөвшөөрч, маргаан үүсгэсэн байх бөгөөд “К” ХХК болон 13 дугаар сургууль нь дээрх орон сууцанд тус сургуулийн ажилчдыг хамруулахаар тохиролцож байсан болох нь 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээ, Баянгол дүүргийн 10 жилийн 13 дугаар сургуулийн 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр тогтоогджээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар 6591 мкв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль бус болжээ.

Тухайн захирамж гарах үед нэхэмжлэгч хуулийн этгээд 675 мкв газар эзэмших эрхтэй байсан ба захиргааны байгууллагаас ямар учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нэмэгдүүлж эзэмшүүлсэн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчид нэмж эзэмшүүлсэн 5916 мкв газар нь 13 дугаар сургуулийн эзэмшил газар болох нь 13 дугаар сургуулийн газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “сургуулийн газарт хамаарч байсан” гэсэн тайлбараар тогтоогдлоо.

Эндээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, 13 дугаар сургуулийн газартай давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмшүүлжээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар төрийн байгууллага өөрийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй. Иймд, нэхэмжлэгчийн “харилцан тохиролцож, манай компанид газар шилжүүлсэн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн 13 дугаар сургууль нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж байгаагүй, өөрийн газарт орон сууц барихыг зөвшөөрч байгаагүй болох нь Баянгол дүүргийн 10 жилийн 13 дугаар сургуулийн 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл 13 дугаар сургууль нь “барилга барихад татгалзах зүйлгүй” гэсэн агуулгатай албан бичгийг зөвхөн маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч Ж.Г-ын эзэмшил газартай холбогдуулан үйлдэж байсан болохоос нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар шилжүүлэх тухай хүсэлтийг гаргаж байгаагүй, барилга барихыг зөвшөөрч байгаагүй байна.

Нэхэмжлэгчийн “сонгон шалгаруулалт явагдаж, газрын үнийг төлснөөр газар эзэмших эрх үүссэн” гэх тайлбар тогтоогдохгүй байна. Учир нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт болсон тухай, нийтэд зарласан тухай баримт байхгүй байхаас гадна энэхүү тайлбар нь нэхэмжлэгчийн “13 дугаар сургуулиас газар шилжүүлэн авсан” гэх тайлбартай агуулгын хувьд зөрүүтэй, нэг газар дээр хоёр өөр журмаар газар эзэмших эрх үүссэн мэтээр тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй.

Нэхэмжлэгчийн “маргаан бүхий газар дээр спорт цогцолбор барихаар төлөвлөж байгаа” гэх тайлбарын тухайд: нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх захирамжид зориулалтыг “орон сууц үйлчилгээний зориулалт” гэж заасан байх тул дээрх тайлбар няцаагдаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “урьд нь шүүхийн шийдвэрээр шийдсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд:

2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 706 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай “К” ХХК-ийн нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актыг хянасан, ингэхдээ “захиргааны байгууллага өөрөө шалгаж, тогтоох үүргээ биелүүлээгүй, зөвхөн Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж байжээ.

Харин энэхүү маргаан нь нэхэмжлэгчид 5916 мкв газар эзэмших эрх үүсэхдээ хуулийн дагуу үүссэн эсэх талаар захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа болно. Тодруулбал маргаан бүхий захиргааны актууд өөр, хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримт өөр өөр байна.

Өмнөх шүүхийн шийдвэрээр “зөвхөн нэхэмжлэгчийн Ж.Г-аас шилжүүлэн авсан 675 мкв газрын хэмжээнд “К” ХХК болон 13 дугаар сургууль барилга барих зориулалтаар газар олгосныг буруутгахгүй” гэж шийдвэрлэсэн бол одоо энэхүү шийдвэрээр “6591 мкв газрын хэмжээгээр нэхэмжлэгч газар шилжүүлээгүй” болохыг тогтоосон байгаа тул хэргийн нөхцөл байдал, маргааны үндэслэл өөр өөр байна.

Иймээс “сургуулийн газрыг шилжүүлсэн” гэх маргааныг урьд нь шүүх шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг дарга нь хууль, журмыг зөрчсөн захирамжийг хүчингүй болгох эрхтэй ба энэ эрхийн хүрээнд 13 дугаар сургуулийн газар эзэмших эрхийг зөрчиж үүссэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо нийцсэн, хууль ёсны акт болжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан газартаа 77 айлын орон сууц барьж ашиглалтад оруулж, 675 мкв газрыг эзэмшил газраас хасаж, 5916 мкв газрыг эзэмших хүсэлтийг 2011 оны 3 дугаар сарын 22-нд гаргаж байжээ. Энэхүү хүсэлтийг захиргааны байгууллагаас хянаж, 13 дугаар сургуулийн газрыг хууль бусаар

нэхэмжлэгчид эзэмшүүлсэн өмнөх захирамжуудыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгчээс “газрын төсөл сонгон шалгаруулалтын анхны үнэ хэмээн 10.000.000 төгрөг төлсөн” гэж, хариуцагчаас “энэ төлбөр нь одоо маргаж байгаа газарт хамааралгүй, Ж.Г-аас шилжүүлэн авсан газарт хамааралтай” гэх ба энэ асуудлаар маргаантай бол иргэний журмаар тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 н, 29.1.5 а дэх хэсгийг шийдвэрийн “тогтоох” хэсэгт баримталсан нь тухайн маргаантай харилцааг шууд зохицуулаагүй, хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах ерөнхий харилцааг зохицуулсан заалт байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 475 дугаар шийдвэрийн “тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтаас “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 н, 29.1.5 а, 29.3-т” гэснийг хасаж, “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт”-ыг нэмж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5

дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.