Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 175

 

Ж.А-, А.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00687/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 907 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Ж.А-, А.Д- нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

          “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоолгох, гадагш зорчих эрхийг сэргээлгэх тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, нэхэмжлэгч А.Д-, Ж.А- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламаас:

          3 өрөө орон сууцыг 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй гэх үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/3419 Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны бичиг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл Статистикийн газарт ирүүлсэн баримт байна. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдсэн бөгөөд, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт болох үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж, уг тогтоолыг төлбөр төлөгчид гардуулаагүй гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 63 тоот магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 434 дугаар тогтоолтой хэрэгт анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан байна. Үнийн санал дээр зах зээлийн үнэ 80.000.000 төгрөгийн 70 хувийг тооцож 56.000.000 төгрөгөөр тооцсон. Энэ үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдэгдлийг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, мөн албадан дуудлага худалдааг нийтэд мэдээллээр мэдэгдээгүй гэж үзэж байна. Монгол Улсын иргэн гадаад улсад зорчих цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлд 4 үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, гадаад улсад зорчих эрхийг үндэслэлгүй хориглосоныг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Насанчимэгээс:

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаартай магадлалаар Ж.А-, А.Д- нараас 17.100.384 төгрөгийг гаргуулж “Ариг” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нарын өмчлөлийн барьцааны орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №14, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай тогтоолуудаар эд хөрөнгө битүүмжлэн, хураан авч төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй. Улмаар банкны барьцаа хөрөнгийн үнийн санал авахад 80.000.000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн ба төлбөр авагч үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн хүсэлт ирүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үнийн дүнгийн 70 хувиар бууруулан 56.000.000 төгрөгөөр зарлагдсан боловч дуудлага худалдаанд оролцогч ирээгүй болно. Мөн 2 дахь албадан дуудлага худалдааг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу үнийн дүнг 50 хувиар бууруулан 40 сая төгрөгөөр зарлагдсан боловч оролцогч ирээгүй худалдан борлогдоогүй тул дээрх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 48.7-д заасны дагуу шийдвэрлэх албадан дуудлага худалдааны комиссын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр товлон мэдэгдсэн боловч төлбөр төлөгч хариуцагч  нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Мөн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/3419 албан бичгийн дагуу дээрх орон сууцыг төлбөр авагч “Ариг” банкны нэр дээр шилжүүлж гэрчилгээ олгож, Улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/943 тоот актаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаар тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон тул 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тохиролцсон үнийн дүнгийн 70 хувиар бууруулан 56.000.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааг зарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 907 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-, А.Д- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламын  хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнийн санал дээр зах зээлийн 80 000 000 төгрөгийг 70 хувь гэж тооцон 56 000 000 төгрөгөөр тооцсон үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэгдлийг хуулинд заасан хугацаанд мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааг нийтэд мэдээллээгүй гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугара зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар Ж.А- / РД:ТЖ46112614/, А.Д- /РД:ТЖ76020606/ нарын гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээсүгэй. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.А- нарыг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, нэхэмжлэгч А.Д-, Ж.А- нар давж заалдсан гомдолдоо:

Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг үндэслэж төлбөр төлөгч авагч нар тохиролцон орон сууцны үнийн дүнг 80.000.000 төгргөөр үнэлэхээр тохиролцсон байна гэж дүгнэсэн. Гэтэл бид орон сууцаа 80.000.000 төгрөгөөр тохиролцоогүй, орон сууцны 70 хувь болох 56.000.000 төгрөгөөр дуудлага худалдаа явуулахыг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдээгүй, энэ талаар мэдэгдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч н.Насанчимэг нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/743 тоот актаар өмнө явагдсан албадан дуудлага худалдаа явуулах 2 тогтоолыг хүчингүй болгож ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгасанаа мэдэгдээгүй, мэдэгдсэн талаарх нотлох баримт хэргийн материалд байхгүй, мөн бидний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/3419 тоот албан бичгээр “Ариг” банкны өмчлөлд шилжүүлснийг мэдэгдээгүй зэрэг хууль бус гүйцэтгэх ажиллагаануудаас харахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.А-, А.Д- нар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсаныг тогтоолгох, гадаад улсад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 907 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Ж.А-, А.Д- нар Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн 20115 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр “Ариг” банкинд 17.100.384 төгрөг төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэгдсэн,тэрхүү шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, хэвээр батлагдан шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3600 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарсан байна. 

Энэхүү захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 303 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” -оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

Зээлийн барьцаанд барьцаалагдсан Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 10 тоотын 3 өрөө орон сууцыг төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан санал солилцож, 80.000.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд үнийн саналаа аль аль нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  хүргүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох...” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 тоот, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 тоот тогтоолын дагуу 2 удаа албадан дуудлага худалдаа явагдсан, дуудлага явуулах талаар тухай бүр нь нэхэмжлэгч Ж.А-, А.Д- нарт мэдэгдсэн болох нь хэргийн 43, 44, 49, 50 дугаар талд авагдсан баримтаар нотлогдох бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасантай нийцэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Үл хөдлөх эд хөрөнгө дуудлагаар худалдах тухай мэдээллийг өдөр тутмын хэвлэл болох “Зууны мэдээ” сонинд 2 удаа нийтлүүлж нийтэд мэдээлж байсан болох нь хэргийн 46, 51 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдох бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д “Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ”, 177 дугаар зүйлийн 177.3-т “...Дуудлага худалдааг  2 дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол шийдвэрт заасан хугацаагаар Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан бөгөөд Ж.А-, А.Д- нарыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн буюуу хаасан тухай ямар нэгэн бичгийн нотлох баримт хэрэг авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.А-, А.Д- нарын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Нэхэмжлэгч Ж.А-, А.Д- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЦЭЦЭГ          

                                    ШҮҮГЧИД                                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                          Л.АМАРСАНАА