| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03253/И |
| Дугаар | 82 |
| Огноо | 2018-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 82
2018 оны 01 сарын 05 өдөр Дугаар 184/ШШ2018/00082 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багт оршин суух, 1980 онд төрсөн, эмэгтэй, Хулууд овогт Дашравангийн Д.О /РД:ИЦ80111686/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Чулуутын 23 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, Боржгон овогт Алтангэрэлийн А.Д /РД:ИЦ72042801/-д холбогдох,
2,040,200 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ц, хариуцагч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Д.О миний бие 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр А.Дд 2,000,000 төгрөгийг гутал хийх материал авах гэсэн юм надад тус болооч гэж хүсэлт гаргасны дагуу 2,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн үед хариуцагч А.Д нь сарын хугацаатай зээлнэ гэж авсан боловч хугацаандаа зээлсэн мөнгөө өгөхгүй, гэрийн хаягаар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас хотод ирж А.Дтай уулзахад өгнө одоохондоо мөнгө төгрөг алга гэдэг хариу өгдөг. Тэгээд эргээд аймаг руугаа буцаж очиж утсаар нь удаа дараа зээлсэн мөнгөө өгөхийг шаардахад байхгүй гэсэн хариу өгдөг ба сүүлдээ утсаа авахгүй болсон. Иймд А.Дас 2,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлага дээрээ Завханаас ирсэн унааны зардал болох 40,200 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь А.Дд 1 сая төгрөгийг гутал хийх бараа материал авах гэсэн юм зээлдүүлээч гэсний дагуу бэлнээр өгсөн байдаг. Түүний дараа 1 сая төгрөгийг мөн 600,000 төгрөгийг нь дансаар, 400,000 төгрөгийг нь бэлнээр зээлж авсан байдаг. Зээлийг 1 сарын хугацаатай авна гэсэн боловч төлбөрөө төлөөгүй, удаа дараа шаардахад өгөхгүй байсан. Хариуцагч УБ хот руу шилжсэн учир утсаар ярих гэхээр утсаа авахгүй байсан учир өөрөө биеэр ирж дээрх төлбөр төлнө гэсэн баримтыг өөрөөр нь бичүүлж авсан байдаг. Түүнээс хойш тохиролцсон хугацаандаа төлөхгүй байсан учир ирж нэхэмжлэлээ гаргаад итгэмжлэл надад хийж өгсөн. Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн дансны хуулгыг авсан ба А.Дас дансаар төлсөн 500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзах зүйл байхгүй. Бусад шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч А.Д мөнгөний хүүндээ 2 хүүхэд нь гутал хийж өгсөн гэж тайлбарладаг. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч А.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 01-нд 1 сая төгрөг зээлсэн. Та гутал хийдэг юм чинь надаас мөнгө зээл гэсэн. Тэгээд 1 сая төгрөг зээлээд 10-р сарын сүүлээр бэлэн мөнгөөр өгсөн. Бас 2 хүүхдэд нь нэг нэг гутал хийж өгсөн. Дараа нь 11-р сарын сүүлээр 1 сая төгрөг дансаар зээлж авсан. 500,000 төгрөгийг дансаар нь буцааж өгсөн. Одоо 500,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Үүнийг зөвшөөрч байгаа. Миний хань ходоодны шархтай биеийн эрүүл мэнд муу байгаа тул өгч чадаагүй.
Манайх 2016 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд нүүж очсон. Манай охин тэнд МСҮТ үсчинээр төгсөөд тэнд Д.Оын үсчний газар дадлага хийсэн. Д.О та надаас мөнгө зээлээд гутал хийхгүй юу гэхээр нь нөхөртэйгээ ярилцаж байгаад зээлсэн. Хөдөө гутал хийгээд зарахаар хөдөөнийхөн малаар л авдаг юм байна лээ. Би зээлсэн мөнгөнийхөө хүүнд 2хүүхдэд нь гутал хийж өгсөн. Мөн Д.Оын нөхөрт нь гутал хийж өгсөн. Тэр мөнгийг 11-р сарын 20-дын үеэр авсан байх тэгээд манай нөхрийн бие өвдөөд хот руу ирээд ходоодны хавдартай байна гээд манайх хот руу шилжиж ирсэн. Д.О надаас энд ирж мөнгө нэхэх боломж алга гээд 2,000,000 төгрөг төлнө гэсэн бичиг хийлгэж аваад явсан. Тэр үед нөхрийн бие муу байсан учир хэл ам хийхгүй чи тэндээ машиныг маань зараад мөнгөө гаргаад ав, мөнгө үлдвэл эгчдээ өгөөрэй гэж хэлээд машиныхаа түлхүүрийг авкумллятортой нь өгөөд явуулсан. Д.О ирэхдээ нэг жирэмсэн хүүхэн дагуулж ирсэн ба тэр хүмүүсийн хажууд хэрүүл хийгээд яахав гээд өрөвдөөд л хэлсэн үгийг нь л бичээд гарын үсэг зурчихсан юм. Түүнээс биш би тийм их мөнгө төлнө гэж бодоогүй, надад одоо өр байхгүй, яахав 500,000 төгрөгийг л төлөх ёстой байсан. Түүндээ машинаа үлдээсэн.
Би өмнө нь зээлсэн 1 сая төгрөгөө бэлнээр буцаагаад өгсөн. Сүүлд авсан 1 сая төгрөгөөс 500,000 төгрөгийг нь дансаар нь төлсөн. Одоо 500,000 төгрөг үлдсэн гэж бодож байгаа. Д.О хот руу наймаа хийгээд байнга ирж очдог хүн миний гэрийн хаяг, утас хэвээрээ байхад ирээд уулзаж ярьж болох байсан. Утсаар нь залгахаар өөрөө утсаа авдаггүй юм. Үнэн учраа хэлээд нүүр нүүрээ хараад ярилцаж болох байсан. Би унааны зардал гэж төлөхгүй, зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч А.Дд холбогдуулан нийт 2,042,000 төгрөг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч А.Д нь гутал хийнэ гээд 2 сая төгрөгийг авсан боловч төлөхгүй, Улаанбаатар хот руу шилжсэн учир араас нь ирж нөхөж 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн бичгийг өөрөөр нь хийлгэж авсан, уг мөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны дотор барагдуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хариуцагч нааш цааш олон дахин явуулж чирэгдэл учруулсан учир замын зардалд 40,200 төгрөгийг мөн нэмж нэхэмжилнэ...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...уг бичгийг би түүнийг өрөвдөөд зурчихсан юм. Анх авсан 1,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, сүүлд авсан 1,000,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг дансаар өгсөн. Үлдэх 500,000 төгрөгт Завхан аймагт байх машинаа үлдээсэн..., замын зардлыг би төлөхгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар А.Д нь Д.Оаас 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг, мөн 11 дүгээр сард 1,000,000 төгрөгийг зээлсэн байна. Үүний дагуу хариуцагч А.Д нь хэргийн 4-р талд авагдсан “2017 оны 9 дүгээр сарын 15-нд гэхэд бүх өрөө өгье, 2016.9.1-нд Д.Оаас 2,000,000 төгрөг авсан нь үнэн болно. Уг өрөө 2017 оны 9 дүгээр сарын 15-нд барагдуулна.” гэсэн баримтыг үйлдэж гарын үсэг зуржээ.
Дээрх тайлбар, үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2,000,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр өгсөн талаар талууд маргахгүй байх тул зохигчидын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тохиолдолд гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эсхүл эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба Д.О нь 2,000,000 төгрөгийг А.Дд хүлээлгэн өгсөн, хариуцагч уг мөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирсон боловч уг төлбөрөөс 500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкин дахь дансаар 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн, үлдэх 1,500,000 төгрөгийг төлөөгүй байх тул дээрх төлбөрийг хасч тооцон нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч уг төлбөрөөс 1,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан маргаж байгаа боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан бичгийг баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Мөн түүнчлэн хариуцагч зээлийн төлбөрт “...2 хос хүүхдийн гутал хийж өгсөн, ...машиныхаа түлхүүрийг өгсөн...” гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр эд зүйлсийг зээлийн төлбөрт тооцон хасч тооцсон нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Гэтэл хариуцагч А.Д нь “...хууль мэддэггүй, ямар нотлох баримтыг гаргаж өгөхийг мэдэхгүй, ...шүүх хэргийг шударгаар шийдвэрлэх ёстой...”, би баримтыг ийм зүйлд ашиглана гэж бодоогүй учир өрөвдөөд, 2,000,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч гарын үсэг зурчихсан юм” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа боловч энэ талаарх болох дээрх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт цуглуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн болно.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас хариуцагч А.Дг эрж олон төлбөрөө нэхэмжилэхээр унааны зардал гаргаж ирсэн гэж тайлбарлан Хот хоорондын Зорчих тасалбарыг хавсарган ирүүлсэн боловч уг баримтаар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардахад гарсан шууд зардалд тооцох үндэслэлгүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагын зарим хэсгийг хангаж хариуцагч А.Дас 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Од олгож нэхэмжлэлийн шаардлагаас 540,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Дас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Од олгож, үлдэх 540,200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Дас 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН