Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/920

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танх1 нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай анги 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Олхонууд овогт Дашдуламын Батмөнхөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808012791200 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Геомин ХХК-нд гэрээгээр галч ажилтай, ам бүл-*, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны ***тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчний **тоот "Геомин” ХХК-ийн хашаанд амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, О овогт Да Ба, РД:********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16-18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчний 71-29 тоот "*” ХХК-ийн хашаанд Ц.Ж хашаандаа оруулсангүй гэх шалтгаанаар Ц.Ж толгой руу тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16-18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчний 71-29 тоот "Геомин” ХХК-ийн хашаанд Ц.Жа хашаандаа оруулсангүй гэх шалтгаанаар Ц.Жы толгой руу тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

 
  • хохирогч Ц.Жы мөрдөн байцаалтад өгсөн:... би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16-18 цагын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаархорооны нутаг дэвсгэр, Хилчины 71-29 тоот “Геомин” ХХК-ийн хашаанд ортол Батмөнх архидаад сууж байсан. Би Батмөнхтэй уулзаад нохойны хүзүүвч солингоо хоол өгөх юм гэтэл оруулахгүй, чи муу яах гээд байгаа юм гэхээр нь нохойгоо тавьчихсан чинь нохойгоор бариулах гэлээ гээд Батмөнх тоосго аван миний араас толгой руу цохисон... гэх мэдүүлэг /хх-24/

...би өмнө нь ажиллаж байсан газраа очоод хуучин тэжээж байсан нохойг суллаад авах гэсэн чинь хашаанд байсан хүмүүс нохой сул тавьлаа, нохойгоор бариулах гэлээ гээд маргалдахад Батмөнх толгой руу тоосгоор цохисон... толгойн хуйх бага зэрэг язарсан байсан, ноцтой гэмтэл бэртэл байгаагүй, болохоор өөрөөр нь эдгээсэн, ямар нэгэн зардал гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-26/

  • гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн:... би “Геомин” ХХК-д жолоочоор ажилладаг. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажил дээр 12 цагийн үед манай компанийн хуучин харуул Жагаа гэх залуу согтуу машинтай ирчихсэн хашаан дотор орж ирээд уяатай байдаг монгол банхар үйлдвэрийн нохойг сул тавьчихсан байсан. Тэр нохой нь манай ажилчид болон над руу дайрдаг нохой байгаа юм. Тэгээд Төлөөгөн, “Жагаа ахаа та нохой сул тавьж болохгүй ш дээ” гэсэн. Төлөөгөн ах бид 2 граж ороод Батмөнх, Жагаа 2-т нохойгоо уя гэж хэлээд би граж руу орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа шуугилдаад байсан. Жагаа гэх хүн намайг харахад их согтуу байсан.

Би ажил ихтэй байсан болохоор гараагүй... гэх мэдүүлэг /хх-29/

  • гэрч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн:... Ж анх ман ажилладаг байсан. 2017 оны 10 сард ажлаасаа гараад орондоо Батмөнх гэх хүнийг оруулсан. Ж солонгос явах гээд ажлаасаа гарсан. Ж манайд ажилладаг байсан гэдгээрээ хашаанд яаж орж ирэх талаар сайн мэднэ, хаалга яаж онгойлгодог зэрэг. Манайд ажилладаг байхдаа үе үе архи уудаг агсан согтуу тавьдаг байсан гэж сонсогддог байсан. Өмнө нь Ж согтуу машинаа бариад цагдаад баригдаж байсан. Ер нь бол үл бүтэх хэцүү хүн хариуцлагагүй хүн. Сүүлд сонсоход Ж согтуу орж ирээд хашаанд байсан банхар нохойг тавьчихсан гэсэн. Тэгсэн Төлөөгөн, Жыг хашаанаас гаргахад буцаж орж ирээд Батмөнх, Ж 2 маргалдаад Батмөнх, Ж руу чулуу шидээд толгойг нь хагалчихсан гэж сонссон... гэх мэдүүлэг /хх-32/
  • гэрч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн:... би “Геомин” ХХК-д жолоочоор ажилладаг. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ манай компаний хуучин харуул Жагаа гэх залуу согтуу машинтай ирчихсэн хашаан дотор орж ирээд уяатай байдаг монгол банхар үйлдвэрийн нохойг сул тавьчихсан байсан. Хэсэг хугацааны дараа шуугилдаад байхаар нь би гражаас гараад очтол Жагаа ахын толгойг хагалчихсан байсан. Батмөнх тэр хоерыг хэрэлдээд байхаар нь салгаад явуулсан...гэх мэдүүлэг /хх-33/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3419 дугаартай:...Биёийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, асуусан асуултанд хариулна, байрлал идэвхитэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлттэй, дагзны булчингийн хөшингөтэй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, ромберын сорилд тэнцвэртэй. Зулай ар хэсгийн хуйханд 3.5 см босоо байрлалтай мэс заслын 3 оедол бүхий шархтай, орчны эдэд хавдартай. “Мэдтрама” Толгойн КТГ-ийн шинжилгээнд: Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Суурийн цистерн, 2 талын хажуугийн
 

ховдол, 3, 4-р ховдлуудын байрлал, хэлбэр, хэмжээ, насны хэвийн физиологид тохирно, өнчин тархи хэвийн. Экстрааксиаль зайнуудад субдураль болон эпидураль, субарахнойд тодорхойлогдохгүй. Голын бүрдэл хазайлтгүй, шавал ясанд гэмтлийн болон бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, баруун талын нүдны ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү хуучин цөмөрсөн хугаралтай. 2 талын хоншоорын хөндийн хана дагасан салст жигд зузаарч, агааржилт буурсан. Хамрийн дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн, 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн, хамар ясанд хуучин хугаралтай...гэх мэдүүлэг /хх-38/

  • шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Ц.Жы биед учирсан гэмтэл нь шидсэн чулуу оносон тохиолдолд үүсэх боломжтой, чулуу нь мохоо зүйл болно, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэх мэдүүлэг /хх-39/
  • шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би “Геомин” ХХК-нд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манаачаар ажиллаж байгаад ээлжнээсээ буусан. Өмнө нь манаачаар ажиллаж байсан Ж ирсэн. Уг хашаанд уяатай байдаг нохойг Ж уяанаас нь сулласан ба тэнд ажиллаж байсан хүмүүс рүү дайраад хазах гээд байсан. Би нохойг барьж уяад Жыг хашаанаас гаргасан. Ж хашааны завсраар чулуу шидээд байхаар нь би тоосгоор цохисон. Түүний биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-49/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль з дүгнэлт:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт ажилд орсон, торгох ял оногдуулж өгнө үү, торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг, мөн ажилд орсон тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдох тул түүнд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ял оногдуулав

Бусад асуудал

Хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй /хх-26/ гэжээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8,

36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Олхонууд овогт Дашдуламын Батмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасн шүүгдэгч Д.Бөд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасн шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮ Г Ч

 

Г.ГАНБААТАР