| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0100/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/99 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******ид холбогдох 2023001130092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын******* багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 06 дугаар сарын 19- ний өдөр Завхан аймгийн ******* сумын гэх газар УНУ улсын дугаартай ”Портер” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч *******гийн ******* нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* сумын гэх газар УНУ улсын дугаартай ”Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож байх үед автомашины баруун талын урд дугуй хагарч жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадалгүй замын хажуу руу унагаан зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч Б.*******ы “...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 06 цаг өнгөрөөд ******* бид 2 аймгийн төвөөс ******* сум орохоор би *******ийн Портер машиныг жолоодож явсан юм. Би машиныг барьж яваад “ны” ойролцоо машиныг нь өгөөд ******* өөрөө машинаа бариад би хажууд нь суугаад цааш явсан. Би хөдлөөд удаагүй унтаад өгсөн юм. Тэгээд нэг мэдсэн ******* дугуй хагарчихлаа гээд нэг тийш нь дараад байх шиг байсан тэгээд машин уначихсан. Нэг мэдсэн би газар хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Тээврийн хэрэгслийг жолоодож осол гаргасан талаараа мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад би ... ах, Б.*******а, бид 3 хоёр пиво уугаад унтсан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед аймгийн төвөөс Завхан аймгийн ******* сум орохоор машинаа Б.*******ад бариулаад явцгаасан. Б.*******а машиныг барьж яваад “ны” ойролцоо надад өгсөн би барьж явж байтал машины урд дугуй хагараад замын хажуугаар унасан......” гэсэн мэдүүлгүүдээр болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн “ ... Замын хойд хэсэгт буюу ертөнцийн зүгээр баруун зүгт явах замын хойд хэсэг рүү.. шороон хөвөөн дээгүүр тээврийн хэрэгслийн дугуйны мөр харагдах ба тухайн мөр нь замын шороон хөвөөн дээгүүр 20.6 м яваад замын хойд хэсгийн хөрсөн дээр байх цементээр цутгаж хийсэн бетонон газрын хөрснөөс сугартал мөргөөд бетонон шон байсан нүхэн дээгүүр дугуйн мөр нь дараад үргэлжлүүлэн явж шон байсан газраас баруун тийш 2 м зайд унасан харагдаж байв. ...” гэсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Ослын улмаас хохирогч Б.*******ы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 000000208 дугаартай “...1. Б.*******ы биед: Цээжний баруун талын 2-р хавирга, баруун эгэмний хугарал, баруун уушгины няцрал гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Тухайн авто осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Б.*******ы биед: Цээжний баруун талын 2-р хавирга, баруун эгэмний хугарал, баруун уушгины няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаагаар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Б.*******ийн цусанд согтууруулах ундаа илэрснийг нотолсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 000000090 дугаартай “...1. Шинжилгээнд хүргүүлж ирсэн Б.*******ийн биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэж байна. 2. Б.*******ийн биеэс авсан цуснаас спиртийн агууламж илэрч байна. 3. Б.*******ийн биеэс авсан цуснаас 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна. 4. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Б.*******ийн бүрэн бус тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа, автомашины дугуй хагарах үед самбаачлах хугацаа алдаж тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс болсон нь Завхан аймгийн техник хяналт үзлэгийн төв буюу “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн шинжээч Ч.ийн гаргасан “... 4. урд 2 дугуй нь хээний гүн болон хээний элэгдлийн байдлаар MNS4598:2003 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандарт шаардлагыг хангахгүй байгаа нь осолд нөлөөлсөн байж болзошгүй бөгөөд осол болохоос өмнө жолооч стандарт шаардлага хангасан дугуй тавьж хөдөлгөөнд оролцох боломжтой байсан...” гэсэн дүгнэлтээр, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П. нь 2020 оны 07 дугаар сарын 08-ний өдөр гаргасан мөрдөгчийн магадлагаа...“Жолооч ******* овогтой ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан. Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Гэснийг зөрчсөн байх үндэстэй байна”...” гэх магадлалаар тус тус тогтоогдож байна. Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн “...миний эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээний бүх зардлыг Б.******* барагдуулсан...“ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. %1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 5. Шүүгдэгч Б.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ