Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

 

 

 

    

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* Оюунбаярт холбогдох эрүүгийн 2231000000008 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 01 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Баянхаан хэсэг, 4 дүгээр хэсэг гудамж, 152  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* Оюунбаяр, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсгийн 152 тоотод иргэн Х.Бадамхандын зүүн ташаанд ахуйн хэрэглээний хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсгийн 152 тоотод иргэн Х.Бадамхандын зүүн ташаанд ахуйн хэрэглээний хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...1,478,000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн. Эрүүл мэндийн дэвтэрт 271,000 төгрөг төлсөн. Эмнэлгээс гарахад нь 110,000 төгрөг төлсөн. Маш их харамсаж байна. Согтуу байсан тул яагаад, юунаас болж маргалдаж, хутгалдсанаа санахгүй байгаа...” гэжээ.[1]

2.Хохирогч Х.Бадамхандын 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр үед нилээн согтуу байсан. Надаас болсон юм уу, бүү мэд бид 2 маргалдаж, ноцолдож байхад Оюунбаяр надад уурлаж, шар өнгийн иштэй, урт том хутгаар миний өгзөг рүү 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг[2],

3.Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 04 өдрийн 16 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “...Х.Бадамхандын биед зүүн ташаанд шарх бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[3], 4.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4], 5.Гэрч П.Ариунжаргалын мэдүүлэг[5], 6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[6], 7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], 8. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.

     Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 1,478,000 төгрөгийг нөхөн төлсөн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******т анхааруулсан болно.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар шар өнгийн иштэй, ахуйн хэрэглээний хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т  даалгахаар шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Оюунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар шар өнгийн иштэй, ахуйн хэрэглээний хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т  даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 119 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 4-8 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 18 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 94 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 123-124 дугаар тал