Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

 

 

 

    

 

 

 

     Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч М.Мөнхболд нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Төмөр овогт Мөнхнарангийн Мөнхболдод холбогдох 2131003470028 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц, ХАБ-ын инженер мэргэжилтэй, “АМУ” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт ................ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 090 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Төмөр овогт Мөнхнарангийн Мөнхболд /РД:МЭ87112210/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч М.Мөнхболд нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил”  нэртэй зочид буудлын 01 тоот өрөөнд өөрийн хамтран амьдрагч байсан Б.Цэцэгээтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Мөнхболд нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил”  нэртэй зочид буудлын 01 тоот өрөөнд өөрийн хамтран амьдрагч байсан Б.Цэцэгээтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.Мөнхболд гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч М.Мөнхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.[1]

2.Хохирогч Б.Цэцгээгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр О.Мөнхболд надтай холбогдоод 2-уулаа ярилцъя, би чамтай учраа олмоор байна гэхээр нь уулзсан. Тэгээд М.Мөнхболд бид 2 “Оргил” буудалд хамт ороод 1 шил архи хувааж уугаад ярилцаж байгаад би Мөнхболдын уулзаж байгаа эмэгтэй хүний талаар мөн хоорондын амьдралын талаар ярилцаж байгаад бид 2 маргалдсан. Тэгээд би буудлаас явлаа гээд босоход миний баруун, зүүн мөр, гар хэсэгт хүчтэй түлхэж унагаасан. Мөн би гараа заагаад боль гэхэд миний гар руу цохиод гарын шуу хэсэг хөхөрсөн. Мөн миний нүүр рүү гараараа алгадаж цохисон” гэх мэдүүлэг[2],

3.Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12 өдрийн 44 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “...Б.Цэцэгээгийн биед зовхи, эрүү, бугалга, шуу, сарвуу, хөлийн тавхайнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[3], 4.Гэрч Ч.Долгорсүрэн, Б.Мөнхнаран, А.Мөнххишиг нарын мэдүүлэг[4], 5.Амбулаторын картын хуулбар[5], 6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[6], 7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], 8.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч М.Мөнхболдод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Цэцэгээгийн М.Мөнхболдоос хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сайн дураараа эвлэрсэн гэсэн тодорхойлолт гаргаж өгсөнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч М.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Мөнхболдод анхааруулсан болно.

Шүүгдэгч М.Мөнхболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон  битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Төмөр овогт Мөнхнарангийн Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхболдод 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхболдын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Мөнхболдод анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.Мөнхболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

              

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 36 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 119 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 38-43, 49-50 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 38-43, 49-50 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 7-73 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 86 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 89-90 дугаар тал