Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2015/0343/З |
Дугаар | 221/МА2015/0538 |
Огноо | 2015-11-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/0538
Ө.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчӨ.Ичинхорлоо, хариуцагч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б.Нарангаваа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 650 дугаар шийдвэртэй, Ө.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргадхолбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Б.Тунгалагсайханыилтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмадын зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар ахмадын зөвлөлийн даргаар намайг сонгосон бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар тушаалыг баталснаар ажиллаж эхэлсэн юм. 2014 оны 04 дүгээр сард миний ар гэрт гачигдал гарч хүүхэд маань хорт хавдар тусаж гадаадад эмчилгээ хийлгэх болсноор 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн ахмадын хороонд өргөдөл гаргаж албан ёсоор чөлөө авсан. 08 дугаар сарын эхээр ажилдаа орох гээд иртэл н.Нармандах гэдэг эмэгтэй таны ажлыг авсан, таньд түлхүүр битгий өг, хороогоор битгий оруул гэсэн үүрэг өгсөн гэж ажилчид ам булаацалдан шуугилдаж байсан. Засаг дарга Б.Нарангаваа байхгүй байсан болохоор дуугүй гараад явсан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хороо нь төрийн бус байгууллага бөгөөд Баянзүрх дүүргийн ахмадын хорооны дүрэмд зааснаар ...хорооны Ахмадын зөвлөлийн даргыг Хорооны ахмадуудын төлөөллийн хурлаас Ахмадын зөвлөлийн даргад олонхийн санал авсан хүнийг хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэн Ахмадын хорооны даргын тушаал гарган Ахмадын зөвлөлийн даргаар батламжилж мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу дүүргийн ахмадын хорооны дарга батламжлахаар байна.
Гэтэл тус дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б.Нарангаваа нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/56 дугаартай шийдвэр нь Баянзүрх дүүргийн ахмадын хороонд Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчдийн шаардлагаар зарим тэргүүлэгчдийг чөлөөлж, удаан хугацаагаар гадаад явсан ахмадын зөвлөлийн даргыг дахин сонгох хүсэлт гаргасан тул 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Ахмадын тэргүүлэгчдийн хурлаар Н.Нармандахыг 26 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажиллуулахаар шийдвэрлэв гэсэн илт хууль бус шийдвэр гаргаж тус хорооны ахмадын зөвлөлийн дарга Ж.Гажсүрэнг эрх мэдлээрээ дарамталж, Н.Нармандахыг миний ажлын байранд хүчээр ажиллуулсан. Энэ нь хорооны Засаг дарга Б.Нарангаваагийн эрх мэдлээ хэтрүүлсэн илт хууль бус ажиллагаа бөгөөд өөрийнх нь эрх мэдлийн хэмжээнд байхгүй ажлыг хийж байгаа хууль бус үйлдэл юм. Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/56 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах, Ахмадын зөвлөлийн ажлын байрыг хуучин хэвийн байдлаар нь чөлөөлж, ажиллуулахыг 26 дугаар хорооны Засаг даргад даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б.Нарангаваа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би Америкийн Нэгдсэн Улс руу 6 сар явахаар боллоо, чөлөө авъя гэж орж ирсэн. Хорооны Засаг дарга 3 хоногийн цалингүй чөлөө олгох эрхтэй учраас би энэ чөлөөг олгож чадахгүй. Та энэ асуудлаа удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд асуудлаа эргээд надад танилцуул гэсэн. 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ахмадын зөвлөлийн тэргүүлэгч Д.Болд гуай над дээр орж ирээд Ө.Ичинхорлоо надад ажлаа өгөөд явсан та мэдсэн үү гэж хэлсэн.
Энэ тухай Баянзүрх дүүргийн Ахмадын зөвлөлийн дарга Ж.Гажсүрэнд утсаар мэдэгдсэн боловч ямар ч хариу хэлээгүй. Тус хорооны иргэд гадаад улсад явахад тухайн амьдарч байгаа хорооноосоо тухайн Элчин сайдын яаманд тодорхойлолт өгдөг бөгөөд Ө.Ичинхорлоо нь огт аваагүй бөгөөд энэ хугацаанд Америкийн Нэгдсэн Улс руу яваагүй, өдөр бүр хэсгийн ахлагч нартай болон хурлын тэргүүлэгч Д.Болдтой цэцэрлэгт хүрээлэнд тогтмол таарч байсныг энэ хүмүүс ярьж батална.
Өөрөөр хэлбэл Ө.Ичинхорлоо нь энэ ажлыг албан ёсоор 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хаяж явсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэнтэй нийлэн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс явсан мэтээр хуурамч материал бүрдүүлэн хуулийн байгууллагыг хуурч, мэхлэх оролдлого хийж байна. 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/56 дугаар албан тоотыг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох шаардлагын хувьд энэ шийдвэр бол миний шийдвэр биш бөгөөд тус хорооны Ахмадын зөвлөлийн хурлын шийдвэрийг баталгаажуулж өгөхийг хүссэн албан тоотыг Баянзүрх дүүргийн ахмадын хороонд явуулсан болно.
Удаа дараалан хорооны ахмадууд хурлаа хийж Ө.Ичинхорлоо, Ж.Гажсүрэн нарыг хуралд ирж оролцохыг хүссэн боловч өөрсдөө ирээгүй учраас олонхоор шийдвэрлэсэн. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг өөрчлөхгүй бөгөөд Ө.Ичинхорлоог цаашид ажиллуулах боломжгүй болно гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 650 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/56 дугаар бүхий ...Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчдийн шаардлагаар зарим тэргүүлэгчдийг чөлөөлж, удаан хугацаагаар гадаад явсан ахмадын зөвлөлийн даргыг дахин сонгох хүсэлт гаргасан тул 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ахмадын тэргүүлэгчдийн хурлаар Нямдоржийн Нармандахыг 26 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажиллуулахаар шийдвэрлэв гэсэн албан бичгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1-д заасныг баримтлан Ахмадын зөвлөлийн ажлын байрыг хуучин хэвийн байдлаар нь чөлөөлж, ажиллуулахыг 26 дугаар хорооны Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б.Нарангаваа давж заалдах гомдолдоо:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж хуралдсан бөгөөд анхнаасаа энэ хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн хэрэг бус байсан бөгөөд олон удаа хэрэг үүсгэн анхан шат, давж заалдах шатны шүүхээр явуулж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж хэн нэг хүний хашгирч доромжлон худлаа ярьснаас айж шийдвэр гаргаж байгаа нь шүүгч нөлөөлөлд амархан орж байгааг гэрчилж байна.
Аливаа асуудлыг шийдвэрлэхэд тухайн асуудлаар холбоотой хууль тогтоомжийг үндэслэн шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч Ө.Ичинхорлоо нь уг ажлыг аваад 3 сар болоод ажил хаяж явсан нь тэргүүлэгч нарын удаа дараагийн хурлын протокол, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын даргалан хуралдуулсан хорооны 52 ахмадын гарын үсэг, утасны дугаар гэрийн хаяг бүхий баримт, иргэдийн хурлын фото зургаар баталгаажуулсныг үгүйсгэн олон сараар энэ асуудлыг шийдвэрлэсэнгүй.
Монголын Ахмадын Холбооны хуулийн 3.2.2-д хорооны нийт ахмадын хурлаас ахмадын даргыг сонгож, дүүргийн ахмадын дарга батламжилна гэснийг нэхэмжлэгч Ө.Ичинхорлоо болон хариуцагч Б.Нарангаваа миний бие харилцан сануулж бичсээр байтал үл ойшоож байгаа нь үнэнд үл нийцэж байна.
Хуулиараа иргэд асуудлаа шийдэх нь ойлгомжтой байна. Гэтэл шүүгч нэхэмжлэгч Ө.Ичинхорлоог тус хорооны ахмадын зөвлөлийн даргаас чөлөөлсөн Н.Нармандахыг оронд нь баталгаажуулсан шийдвэр гаргаагүй байна гэсэн нь иргэдийн гаргасан шийдвэрийг илт үгүйсгэсэн өнгө аястай болсон байна. Хэдийгээр нэхэмжлэгч Ө.Ичинхорлоог өмөөрч энэ асуудлыг 1 жил 5 сар эзэнгүйдүүлж иргэдийн гаргасан шийдвэрийг нуун дарж байгаа Баянзүрх дүүргийн Ахмадын зөвлөлийн дарга Ж.Гажсүрэн нь улс төрийн тоглолт хийж байгаа боловч шударга шүүх иргэдийн саналыг хүндэтгэн хуулиа баримтлан шийдвэр гаргана гэдэгт итгэл төгс байна.
Мөн шүүх хурлаас нэхэмжлэгч Ө.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ичинхорлоод олгосугай гэсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга шийдвэр гаргаагүй гэдэг нь тодорхой байна. Иймд иргэдийн гаргасан шийдвэрийг хүчинтэйд тооцох, нэхэмжлэгч Ө.Ичинхорлоод олгох 70200 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны
Засаг даргаас гаргах үндэслэлгүйг тооцож шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль буруу хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ө.Ичинхорлоо нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/56 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, хүчингүй болгуулах, Ахмадын зөвлөлийн ажлын байрыг хуучин хэвийн байдлаар нь чөлөөлж, ажиллуулахыг тус хорооны Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Тус маргаан бүхий 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/56 дугаар албан бичигт Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчдийн шаардлагаар зарим тэргүүлэгчдийг чөлөөлж, удаан хугацаагаар гадаад явсан ахмадын зөвлөлийн даргыг дахин сонгох хүсэлт гаргасан тул 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ахмадын тэргүүлэгчдийн хурлаар Нямдоржийн Нармандахыг 26 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар ажиллуулахаар шийдвэрлэв гэжээ.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргын 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тушаалаар баталсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар Хорооны ахмадын төлөөллийн хурлаас Ахмадын зөвлөлийн даргад олонхийн санал авсан хүнийг хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэн Ахмадын хорооны даргын тушаал гарган Ахмадын зөвлөлийн даргаар батламжилахаар заажээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар тушаалаар Ө.Ичинхорлоог тус дүүргийн 26 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар баталж байжээ.
Тодруулбал, ахмадын зөвлөлийн даргыг хорооны ахмадын олонхийн саналын үндсэн дээр сонгож, Баянзүрх дүүргийн ахмадын хорооны даргын тушаалаар баталгаажуулдаг нь түүний эрх хэмжээний асуудал бөгөөд хариуцагчид хамааралгүй байна. Иймээс хариуцагч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын эрх хэмжээний асуудал биш байх тул маргаан бүхий албан бичиг нь илт хууль бус захиргааны акт юм.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаар албан бичигт дурдсанаар ахмадын зөвлөлийн даргыг өөрчлөх талаар удаа дараа хууль бус хурлыг хуралдуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь төрийн бус байгууллагын дүрмийн заалтыг зөрчиж, албан ёсны тушаалтай ажиллаж байгаа ахмадын зөвлөлийн дарга Ө.Ичинхорлоог ажлаас чөлөөлөх талаар эрх зүйн үндэслэл байхгүй талаар дурджээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Ө.Ичинхорлоог тус дүүргийн 26 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргаас чөлөөлсөн, Н.Нармандахыг оронд нь баталгаажуулсан дүүргийн Ахмадын хорооны даргын аливаа нэг шийдвэр гараагүй, нэхэмжлэгч нь тус албан бичиг гарснаас хойш өнөөдрийг хүртэл тус хорооны ахмадын зөвлөлийн даргын ажлаа хийх боломжгүй болсон талаар дүгнэсэн мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан Ахмадын зөвлөлийн ажлын байрыг хуучин хэвийн байдлаар нь чөлөөлж, ажиллуулахыг тус хорооны Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, өөрөөр хэлбэл, албан бичгийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь буруу байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 650 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...албан бичгийг хүчингүй болгосугай гэснийг ...албан бичгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН