| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/0076/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/81 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/81
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох 1727000000049 дугаартай, 146/2017/00079/Э индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, *******. /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутагт хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух *******ынд 17 цагийн үед очсон. Тухайн үед ******* нь эхнэртэйгээ хамт байсан. *******ын эхнэр болох *******г түлхсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч *******гийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух гэртээ байж байтал гаднаас ******* согтуу орж ирсэн. Гэрийн гадаа ирэхдээ хашааны хаалга машинаараа мөргөөд зогссон. Тэгээд орж ирээд намайг доромжилсон байна лээ гээд агсан тавиад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр би гэрээс гараад хамт явсан хүнийг нь дуудах гээд хашааны хаалга руу явж байтал ******* араас ирээд хашааны хаалганы хажууд куртикны захнаас арагшаа татахад нь би газар унасан. Тэгтэл хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би босож ирээд хамт явсан ******* гэх залууг дуудахаар гартал байхгүй байсан. Тэгтэл ******* намайг заамдаж аваад блокон хашаа мөргүүлсэн. Тэгээд удалгүй *******ийн эхнэр нь ирээд аваад явсан. Нэг жилийн өмнө самарны үеэр манайд ******* орж ирэхдээ архи пиво барьчихсан орж ирсэн. Тухайн үед манай нөхөр юм хийж байсан. Тэгэхээр нь би гараад архи уулгахгүй өөр газар очоод архиа уучих ажил ихтэй байна гэж хэлсэн. Тэр үеэр бага зэрэг маргалдаж байгаад явсан. Түүнээс болсон юм болов уу ирээд агсан тавьсан юм. Өөр хэрэлдэж маргалдсан юм байхгүй. Миний хөлөнд учирсан гэмтлийг ******* өшиглөж учруулсан. Толгой тархи доргилтийг заамдаж блокон хашаа мөргүүлж учруулсан. Тухайн үед намайг блокон хашаа мөргүүлэхэд хажууд хүн байгаагүй. Манай нөхөр ******* машин доогуураа юм хийгээд машиндаа үйлчилгээ хийж байсан. *******ид гомдолтой байна, эмчилгээний зардалд 400,000 төгрөг зарцуулсан. Баримт нь болохоор 198,900 төгрөг болж байна. Бусад баримтийг нь цуглуулж чадаагүй. Цаашид Улаанбаатар хот явж үзүүлж харуулна.
Эмчилгээ хийлгэх зардалд 1,800,000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч *******ийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Тухайн өдөр хөдөөнөөс бид хоёр мал ачаад сумын төв рүү хамт хөдөлсөн юм. Тэгээд ******* миний урд ороод түрүүлээд явсан юм. Тэгээд би араас нь яваад очтод *******ын гадаа машин нь байхаар нь очтол ******* нь машиныхаа маслыг солиод машин доогуураа байж байсан. Тэгээд юу байна гээд зогсож байтал ******* гэрээс түрүүлээд гараад ирсэн. Араас нь ******* гарч ирсэн. Тэгээд би *******ийг явъя гэтэл ******* юм яриад зогсоод байсан. Намайг байхад хэрүүл маргаан болоогүй. Би тухайн үед хөдөө явахаар яарч байсан учраас *******ийг орхичихоод гараад явсан. Тэгээд *******ийн гэрт очиж хонь ямааг нь буулгачихаад байж байтал *******ийг эхнэр нь *******, *******ынд байна гэнэ хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн. Тэгээд машинаас буутал *******, ******* хоёр маргалдаад зогсож байсан.Намайг *******тай машины хажууд юм яриад зогсож байхад ******* гэрээс гарч ирээд машин дээр *******ын хажууд ирсэн. ******* болохоор гэрээсээ гараад чигээрээ явсан. Тухайн үед *******ийг машины хажууд ирэхэд нүд нь хөхөрсөн харагдаж байсан. Харин *******гийн биед харагдах шарх сорви харагдаагүй. ******* ярихдаа ******* намайг хашаа мөргүүлчихлээ гээд байсан. ******* болохоор би чамайг цохиогүй харин чи намайг нүдрүү цохичихлоо гээд байсан...” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Гэрч *******ын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “...Тухайн өдөр ******* гаднаас согтуу ирсэн. Тэгээд танай эхнэрт хэлэх юм байна гэсэн. Тэгэхээр нь чи эрүүл дээрээ ир гэж хэлсэн. Тэгээд машин доогуураа юм хийгээд байж байтал манай эхнэр уйлаад орилсон. Тэгэхээр нь би гараад очтол манай эхнэрийг зодсон байсан. Тухайн үед манай эхнэр ******* намайг нүдчихлээ гээд байсан. Тэгж байтал урд хашаанаае хадам ээж гарч ирээд цагдаа дууд гэж хэлсэн. Тухайн үед ******* манай эхнэрийг зодож байхыг нь хараагүй. ******* манай эхнэр ******* нь нар миний хажууд хэрэлдэж маргалдаагүй. Хашааны гадна гарсныг нь ч мэдээгүй...” гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 441 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...*******гийн биед тахи доргилт баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай, битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-14, 16 дугаар хуудас/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 15, 26 дугаар хуудас/
*******ийг урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутагт хохирогч *******гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч *******, гэрч *******э, ******* нарын мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 441 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулав.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Хохирогч эмчилгээ хийх зардалд 1800000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлгийг /хх-21/ өгсөн байх ба хэрэгт гаргаж өгсөн баримт болох орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбар 2 ширхэг, тээврийн хөлс '12000x2=24000 төгрөг, шинжилгээний албанд шинжилгээний төлбөр 8000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна.
Харин Голомт банкны 6000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тасалбар, Хаан банк, эрүүл мэндийн даатгал 80640 төгрөг гэж гараар бичсэн, эм гоо гэсэн 2 ширхэг баримт, хаан банкны 36000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тасалбар зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэрэгг эмчилгээнд зарцуулсан баримт гэж үзэх боломжгүй. Учир нь Эм гоо эмийн сангаас эм авч хэрэглэсэн тасалбар нь ямар эмчийн заавраар ямар баримтыг үндэслэн хохирогч эдгээр эмийг хэрэглэсэн нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.
Шүүгдэгчээс хохирогчид 230000 төгрөг төлсөн нь Хаан банкны депозит дансны хуулга, хохирогчийн 230000 төгрөг авсан гэсэн хэргийн материал танилцахдаа бичсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид хохирол төлсөн гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдав.
Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул. шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөр төлөгдсөн тул шүүгдэгч *******ийн эзэмшлийн 3 ширхэг мөнгөн аяга битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөр төлөгдсөн, бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн 3 ширхэг мөнгөн аяга битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА