Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ, улсын яллагч О.Эрхэмбаяр, шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Монгол овогт Д******* З******* холбогдох 2031001810040 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гэмт хэрэг үйлдэх үедээ “С******* энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны борлуулалтын байцаагчаар ажиллаж байсан, одоо Өмнөговь аймагт “Турбо тек” ХХК-д нярав ажилтай, ам бүл 5, ээж, ах, дүү, хүүгийн хамт Улаанбаатар хот, С*******,*******,*******,******* тоотод оршин суух хаягтай боловч С******* аймгийн С******* сумын ,, тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Д******* З, ;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд “С******* энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны борлуулалтын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа иргэдийн дулааны төлбөрийг хувийн дансанд шилжүүлэн авч, мөн дулааны мөнгийг бэлнээр авахдаа орлогын ордер бичиж хуулбар нэг хувийг иргэнд өгөхдөө үнэн зөв үнийн дүнг бичиж, эх хувь дээр нь бууруулсан мөнгөн дүнг бичиж байгууллагын кассын няравт тушаах байдлаар нийт 9,227,487 / есөн сая хоёр зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян долоон/ төгрөгийн орлогыг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд “С******* энерго”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны борлуулалтын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа иргэдийн дулааны төлбөрийг хувийн дансанд шилжүүлэн авч мөн дулааны мөнгийг бэлнээр авахдаа орлогын ордер бичиж хуулбар нэг хувийг иргэнд өгөхдөө үнэн зөв үнийн дүнг бичиж, эх хувь дээр нь бууруулсан мөнгөн дүнг бичиж байгууллагын кассын няравт тушаах байдлаар нийт 9,227,487 /есөн сая хоёр зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян долоон/ төгрөгийн орлогыг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай ээж өвчтэй, аргагүй эрхэнд ийм зүйл хийсэн. Гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг. Би хоёр банк нь дээр хамтран зээлдэгчээр явдаг. Зээл болон гэр бүлээ авч явахад цалин хаанаа ч хүрэхгүй байсан. Өөрийн мэдэлгүй л ийм зүйл хийсэн...” гэх мэдүүлэг,

2.Хохирогч Л.Ц 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаагийн байгууллагад манай байгууллагаас өргөдөл гаргах үед ******* нь манай борлуулалтын орлогоос нийт 9.196.915 төгрөгийн хохирол учруулсан байсан ба сүүлд нь 30.572 төгрөгийг мөн хувьдаа завшсан болох нь тогтоогдсон ба нийт манай байгууллагад 9.227.487 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн 9.227.487 төгрөгөөс ******* нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 502.258 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 758.506 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 800.000 төгрөг буюу нийт 3.560.764 төгрөгийг байгууллагын кассын няравт бэлнээр нь тушаасан байна. Тухайн тушаасан мөнгийг нийт хохирлын 9.227.487 төгрөгөөс хасаад одоо байгууллагад нийтдээ 5.666.723 төгрөгийг барагдуулах ёстой. Дулааны мөнгөө *******д тушаасан иргэд дулаанаа авч байгаа ба зөвхөн манай байгууллагад хохирол учирсан байгаа юм аа. Иргэдэд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй....” гэх мэдүүлэг,

3.Гэрч Д.В 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дулааны борлуулалтын байцаагч нь сар бүр тооцоог тооцооны нягтлан бодогчтой нийлж ажилладаг. “С******* Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 73 тоот тушаалаар баталсан “Орлогын байцаагч нарын ажлыг дүгнэх, авлага барагдуулах зорилгоор цалин, урамшуулал олгох журам’’-ын 4.1-т зааснаар борлуулалтын нягтлан бодогч нь сарын орлогын цуглуулалтын биелэлт, оны эхний авлага бууруулсан дүнг байцаагч нэг бүрээр тооцож, дараа сарын 4-ний дотор ерөнхий нягтлан бодогчид гаргаж өгнө гэсэн заалт байдаг. Би өдөр тутамд хяналт тавьж ажилладаг. Гэтэл ******* нь иргэдээс дулааны мөнгийг авахдаа бэлнээр авч орлогын ордерын эх хувьд иргэнээс өгсөн мөнгөний хэмжээг бууруулан бичиж, кассын няравт тушаадаг байсан болохыг сүүлд нь дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн. Харин хуулбар хувь буюу шар орлогын ордерт иргэний тушаасан мөнгийг тушаасан хэмжээгээр нь бичиж иргэнд үлдээсэн байсан. Гэтэл бид нар буюу тооцооны нягтлан бодогч мөн миний бие зөвхөн орлогын ордерын эх хувьд бичигдсэн мөнгөний хэмжээгээр дулааны авлагын тооцоог хааж баталгаажуулдаг тул *******тай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй байсан. Ер нь *******гийн тушаасан бэлэн мөнгөний орлогод өдөр тутам хяналт тавьж ажиллахад ямар нэгэн зөрчил, дутагдал илрээгүй ба дулааны хэрэглэгчидтэй дулааны авлагын үлдэгдлийг баталгаажуулах үед дулааны авлагын зөрүү үүссэн. Ингээд ерөнхий нягтлан бодогч миний бие тооцооны нягтлан бодогч, эдийн засагч нарт дулааны хэрэглэгчидтэй тооцоо нийлэх талаар үүрэг өгч дотоод хяналт шалгалт хийхэд *******гийн хариуцсан хэрэглэгчдийн дулааны авлага эрс нэмэгдэж иргэдээс авсан мөнгийг хувьдаа завшсан байсан тул удирдах албан тушаалтанд мэдэгдэж ажлаас нь чөлөөлсөн. ******* нь С******* аймгийн С******* сумын 4, 8 дугаарын багийн хувийн орон сууц, айл өрхүүдийг хариуцсан дулааны байцаагчаар ажиллаж байсан. Шалгалтаар зарим нэг гүйлгээг ******* нь хувийнхаа дансанд шилжүүлэн авсан байсан...” гэх мэдүүлэг,

4.Гэрч Ё.В 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* гэдэг хүнийг танина. Манай бага охин байгаа юм. Айлын 8 дахь хүүхэд байгаа юм. Манай охин ******* нь С******* аймаг, С******* суманд “С******* энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт борлуулалтын байцаагчаар 2017 оны сүүл хавиас орж ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сард байх ажлаасаа гарсан. Мөн тухайн байгууллагадаа борлуулалтын байцаагчаас гадна сүүлд ээлжийн өөр ажилд орсон байж байгаад тухайн оронд нь ажиллаж байсан хүн нь ажилдаа орох болоод тэгээд ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг,

5.С******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...******* нь “Бэлэн мөнгөний орлогын баримтыг санаатайгаар завсарласан... орлогын мөнгийг хувьдаа ашигласан, 24 цагийн дотор бэлэн мөнгийг няравт тушаагаагүй байх” гэсэн зөрчлийг гаргахаас урьдчилан сэргийлж, “С******* Энерго” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тушаалаар баталсан “Орлогын байцаагчдын ажлыг дүгнэх, авлага барагдуулах зорилгоор цалин, урамшуулал олгох журам”-ын 5 дугаар хэсгийн 5.1-д заасан зөрчлийг удаа дараа гаргаж байгууллагынхаа орлогын 9.227.487 төгрөгийг хувьдаа завшиж, “С******* Энерго” ОНӨААТҮГ-т хохирол учруулсан байна гэж дүгнэлээ...” гэх дүгнэлт,

6.Шүүгдэгч *******гийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сард “С******* Энерго” ОНӨАҮГ газарт дулааны байцаагчаар орсон. Би ажиллаж байх хугацаандаа С******* сумын 4, 8 дугаар багийн айл өрхүүдийн дулааныг төлбөрийн хураадаг байсан. Тэгээд миний аав Дэмбэрэлдорж 2019 оны 04 дүгээр сард нас барсан юм. Миний аав 8 сая тэтгэврийн зээлтэй байсан би уг зээлийн хамтран зээлдэгч байсан болохоор “Хаан” банк миний цалингийн данснаас аавын тэтгэврийн зээлийн төлөлтийг нь татаж авдаг байсан. Би өөрөө тухайн үед бас 6 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Миний сарын цалин гар дээр ирэх мөнгө нь*******0.000 төгрөг авдаг байсан. Аавын тэтгэврийн зээлд 450.000 төгрөг, өөрийн цалингийн зээлд 180.000 төгрөг хийдэг байсан. Тэгээд зээлээ төлж чадахгүй байдал үүсээд “Хаан” банкнаас цалингийн дансыг маань хааж байсан юм. Тухайн үед би иргэдээс дулаан ашигласан төлбөрийг өөрийн хувийн дансаар авч байгууллагад тушаадаг байсан. Тэгтэл банкнаас дансанд орсон мөнгөнүүдийн зээлийн эргэн төлөлтөд татаад авдаг байсан юм. Мөн би өөрөө иргэдээс бэлэн мөнгөөр дулаан ашигласны төлбөрийг авахдаа иргэнд өгөх ордер дээр зөв үнийн дүнг бичээд байгууллагын кассад очих хувь дээр үнийн дүнг өөрчилж бичих маягаар нийт 9.227.487 /есөн сая хоёр зуун хорин долоон мянга дөрвөн зуун наян долоон/ төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн байгаа. Би С******* сумын Аж ахуй нэгжүүдийг хариуцан ажиллаж байхдаа бол санхүүгийн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажилд ороод 6 сарын дараагаас 4, 8 дугаар багийн айл өрхийг хариуцаж эхэлснээс хойш энэ гэмт хэргийг үйлдэж эхэлсэн юм. Тэгэхээр 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн. Аав маань нас бараад тэтгэврийн зээлийн төлөлт нь над дээр ирсэн. Би өөрөө бас цалингийн зээлтэй байсан. Манай ээж Вера бас тэтгэврийн зээлтэй байсан учир миний хувьд санхүүгийн байдал үнэхээр хүнд хэцүү байсан учир би иргэдийн дулаан ашигласан төлбөрийг авч ашигласан юм. Бусдаар бол би байгууллага, иргэдийг хохироох бодол санаа байгаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлт,

7.Борлуулалтын байцаагч *******гийн ажил хүлээлцсэн акт, 8.*******д сахилгын шийтгэл оногдуулах тухай, 9.“С******* энерго” ОНӨААТҮГ-н ерөнхий нягтлан бодогчтой хийсэн амлалт, хариуцлагын гэрээ, 10.*******г ажлаас халах тухай, 11.Дансны хуулга,12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Цолмончимэг нь шүүгдэгчээс 9,227,487 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь 4,210,764 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 5,016,723 төгрөгийг төлөөгүй ба хохирогчтой эвлэрч сайн дураараа төлөх хуваарь гаргасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас “С******* энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт учирсан 9,227,487 төгрөгөөс 4,210,764 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, үүссэн авлагыг барагдуулах хуваарьт заасны дагуу 5,016,723 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны дотор төлөөгүй тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх зүйтэй гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсан болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол овогт Д******* Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас “С******* энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт учирсан 9,227,487 төгрөгөөс 4,210,764 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, үүссэн авлагыг барагдуулах хуваарьт заасны дагуу 5,016,723 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны дотор төлөөгүй тохиолдолд Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ