Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2019/ДШМ/04

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.******* Шүүгдэгч Д.Да- Цагаатгагдсан этгээд Б.Цо- Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс/онлайнаар/ П.Ба- Шүүгдэгч Д.Да-гийн өмгөөлөгч С.******* Б.*******үү Шүүгдэгч П.Ба-ийн өмгөөлөгч Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс/онлайнаар/ Д.аа Хохирогч нарын өмгөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч нарын өмгөөлөгч О.*******ийн давж заалдсан гомдлоор Д.Да-, П.Ба-, Б.Цо- нарт холбогдох 201613010071 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго баг хаягаар оршин суудаг *******ын ******* овгийн До-ийн Да- /РД:ИМ*******/.

2. Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон баг хаягаар оршин суудаг ******* овгийн Пү-ын Ба- /РД:ИМ*******/.

3. Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Смарт Крафт” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл-6, аав, ээж, эгч, дүү нарын хамт УлаанБаа- хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, ******* тоот хаягаар оршин суудаг ******* ******* овогт Баа-ын Цо- /РД:ИМ**********/.

Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Д.Да-, Б.Цо- нар нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Н.Баа-ын хоолойг боож, зодож хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж танхайрсан, Шүүгдэгч Д.Да-, П.Ба- нар нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутагт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Б.ыг зодож танхайрсны улмаас Б.ад нойр булчирхайн няцрал хүнд хохирол учруулж, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ. Анхан шатны шүүх: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын ******* овгийн До-ийн Да-, ******* овгийн Пү-ын Ба-, ******* ******* овгийн Баа-ын Цо- нарт холбогдох 201613010071 дугаартай эрүүгийн хэргээс *******ын ******* овгийн До-ийн Да-, ******* ******* овгийн Баа-ын Цо- нарт холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* ******* овгийн Баа-ын Цо-г цагаатгаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас ******* овгийн Пү-ын Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч *******ын ******* овгийн До-ийн Да-г олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овгийн Пү-ын Ба-ийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******ын ******* овогт До-ийн Да-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Пү-ын Ба-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Да-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Да-гийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Да-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Да-, П.Ба- нар нь хохирогч Ж.а, Б.аа нарт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,898,437 төгрөгийг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Шүүхийн тамгын газарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 140,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй зардлуудыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Да-, П.Ба-, Б.Цо- нарын хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг 201613010071 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргаж хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Ба-д анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Цо- нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаар өөрт нь хохирол учирсан гэж үзвэл гомдол гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Хохирогч Ж.а, Б.аа нарын өмгөөлөгч О.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирогч Ж.а, Б.аа нарын өмгөөлөгч О.******* миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагт хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх Д.Да-, П.Ба- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж ял шийтгэл оногдуулахдаа хэт нэг талыг барьж ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Да- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтанд тулгуурлаж хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа хэдий ч анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч нар нь бид хохирол гомдолтой байна. Д.Да-, П.Ба- нар нь талийгаачийг зодож, цохиж түүний биед нь хүнд гэмтэл учруулаагүй байсан бол, өнөөдөр амьд явж байх байсан, бид сэтгэл санаагаараа ч маш их хохирч байна гэдгийг шүүх анхааран үзсэнгүй. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд Д.Да-, П.Ба- нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэг нь эргэлзээтэй байна.. Учир нь шүүгдэгч Д.Да-, П.Ба- нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт талийгаач Б. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, тухайн үед их согтолттой байсан гэж мэдүүлж байснаас харахад хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, бүлэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байгаа ч эрхэм шүүгч та бүхэн анхааран үзэж, хэргийг тал бүрээс нь хянаж, үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ. Хохирогч Ж.а, Б.аа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирогч Ж.а миний бие 2016 оны 10 дугаар сарын 13-нд бусдын гарт хүүгийнхээ амь насыг алдсан. Үүнийг Д.Да-, П.Ба- нар бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж тогтоогдон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдаж байгаа болно. Шүүх хурлаар шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж Д.Да-г байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн хэргийг нь хөнгөрүүлж хүн амины хэрэг бүлэглэн үйлдсэн байхад хохирогчдын сэтгэл санааны болон гэмт хэргээс учирсан гэм хорын хязгааргүй хохиролтой байгааг анхааран үзсэнгүй. Миний бие хоёр хүүхэд төрүүлээд ханиа өвчний учир алдаж өдгөө хүртэл тэднийгээ өсгөж өндийлгөхдөө ааш зан, хүнлэг чанар, тусч сэтгэлийг өвөрлүүлж өсгөсөн гэдгийг сум, орон нутгийн хүн бүхэн мэднэ, хэлнэ. Болсон явдлыг гэрчлэгчид ч эхнэрээ зодож байсан хүнийг салгах гэж очсоноос уг хэрэг үүдэлтэй гэдгийг гэрчилжээ. Гэтэл үнэн мөнийг тогтоох шүүх маань өнчирсөн эх миний сэтгэл санаа, эд материал болон бусад хор хохирлыг авч үзсэнгүйгээр барахгүй бүлэг хэргийг 2 жилийн дотор зөөлрүүлж хоёр хүнийг холбогдуулан үлдээгээд П.Ба-ийг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах, Д.Да-г хоёр жилийн хорих ялаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх болгож шийдвэрлэсэн нь ах Б.аа, ээж Ж.а нарын хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй /бүлгээр үйлдсэн хүн амины/ хэргийн шийдвэр гэж үзэж гомдол гаргаж байгааг харгалзан үзэж зохих хууль, журмын дагууд дахин нягталж бидний гомдлыг үнэн зөв шүүхийн шийдвэрээр барагдуулж өгнө үү гэжээ. Прокурор Д.э давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.э би, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэнД.Да-, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн П.Ба- нарт холбогдох 201613010071 дугаартай эрүүгийн хэргийн талаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/шцт/46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.аа болон түүний өмгөөлөгч О.*******ийн гомдлыг хүлээн авч танилцлаа. Хохирогч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгч Д.Да- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтан дээр тулгуурлан хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа хэдий ч сэтгэл санааны хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Да- нь “Би талийгаач Б.ын гэдэс рүү өшиглөсөн нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учираас хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан болно...” гэсэн байна. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэм буруухаа хүлээн зөвшөөрсөн эсэхийг харгалзан үздэг бөгөөд гэм бурууг хэдийд хүлээснийг тооцох талаар зохицуулалт байхгүй учир шүүх эцсийн шийдвэр гаргахаас өмнө шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь хуулийн зарчим, агуулгад нийцэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Да-, П.Ба- нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Да-, П.Ба- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаар 3949219 төгрөгийг хохирогч Ж.а, Б.аа нарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 140000 төгрөгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Тамгын газарт төлж барагдуулсан талаарх баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Хохирогчийн нэхэмжилж гаргаж өгсөн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг хасаж хохирлыг тооцсон ба хэрэв сэтгэл, санааны /сэтгэл судлаачаас үйлчилгээ авсан, эмчилгээ хийлгэсэн гэх мэт/ хохирол болон бусад баримтыг нотлох баримтаар үнэлэгдэх шаардлагын хэмжээнд бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой юм. Иймд хохирогч Б.аа болон түүний өмгөөлөгч О.******* нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17- ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцоно гэжээ. Шүүгдэгч Д.Да-гийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бол эс зөвшөөрч байгаа. Шинжээч эмч нарын дүгнэлтүүд бол эргэлзээ бүхий байгаа. Шинжээч Отгонбаяр, Сэргэлэнбаяр, Базардаргиа нарын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 201630022 дугаартай дүгнэлтийн 4 дэх хэсэгт эмчилгээ оношилгоо дутуу хийгдсэн өвчтөний хүндрэл цаг хугацаа алдсанаас болж даймжирч үхэлд хүргэсэн. 5 дахь хэсэгт нойр булчирхайн задрлын улмаас нас барсан гэдгийг тодорхойлсон. 6 дахь хэсэгт цөсний үрэвсэлтэй андуурч эмчилгээ оношилгоо буруу хийгдсэн эмч нарын буруутай үйлдэлээс болсон үндсэн шалтгааны эсрэг ямар нэгэн эмч нарын зүгээс эмчилгээ оношилгоо хийгдээгүй гэдгийг дурьдсан байгаа. Хэрэв эмчилгээ оношилгоо хийгдсэн бол аврагдах боломжтой байсан гэсэн дээрх шинжээч эмч нарын дүгнэлт гарсан. Гэвч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч., ЭнхЦо-, Энхбуян нарын 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 147 дугаартай дүгнэлтээр дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн байдаг. Тухайлбал 4 дүгээр хэсэгт хэвлийн битүү гэмтэл нойр булчирхайн няцрал, задралын улмаас хэвлийн гялтангын түгээмэл өрөвсөлийн улмаас бие мах бодийн ерөнхий онолтоор нас барсан гэж заасан. 5 дахь хэсэгт талийгаачид учирсан гэмтлийг бүрэн оношилоогүй байна гэж дурдсан мөртлөө 7 дахь хэсэгт эмч эмнэлгийн ажилтны буруутай үйлдэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч аа, ЭнхБаа-ын 5 хүний дүгнэлт буюу 687 дугаар дүгнэлтийн 4 дэх хэсэгт Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн нойр булчирхайн гэмтлийг оношилоогүй байна гэдэг. Тийм учраас шинжээч нарын дүгнэлт эргэлзээтэй дүгнэлтээс шүүгч аль дүгнэлтийг нотлох баримтаар үндэслэсэн нь тодорхой бус гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмаар бэхжээгүй гэж үзэх үндэслэл байна. Тухайлбал: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар ...шүүх шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан тогтоолыг хүлээж авснаар шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдлыг нь харгалзан шинжилгээ хийлгэх шинжээчид даалгах гэж зохицуулсан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...шүүхийн шинжилгээний байгууллага нь мөрдөгчийн тогтоолыг хүлээн авмагц шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана. Гэтэл хэрэгт авагдсан баримт дээр шүүх шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжээчийг шинжилгээ хийлгэхийг даалгасан томилсон баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуулинд заасан журмыг баримтална гэсэн заалтыг зөрчсөн. Тийм учраас нотлох баримтын хувьд шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжээгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан материалд шүүгдэгч Д.Да- хохирогчын гэдэс хавьд нь цохисон эсэх бүрэн гүйцэд нотлогдохгүй байсан. Шүүгдэгч шүүх хуралдааны үеэр хохирогчын гэдэс рүү цохисон гэдгээ мэдүүлсэн хохирогч нь биеийн хүнд өвчтэй үедээ өөрөө ярихдаа Д.Да- миний гэдэс рүү цохисон гэж мэдүүлсэн байдаг энэ мэдүүлснийг жирийн нэгэн эмнэлгийн сувилагчийн гар утасны бичлэгээр нотлоод байгаа нь эргэлзээтэй гэрчүүдийн мэдүүлэг нь дамжмал байдлаар нотлогдож байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тухайлбал: гэмт хэрэг гарсан, шүүгдэгч Д.Да- хохирогчийн яг хаана нь цохисон, сэдэлт зорилгын хувьд, гэм буруугийн хэлбэрийн хувьд ямар байсан, шалтгаан зэрэг нь нотлогдоогүй гэж үзэж байна. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж дүгнэсний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг прокурор, мөрдөгч хангаагүй гэж үзэж байна. Ийм учраас хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв. Шүүгдэгч Д.Да-гийн өмгөөлөгч Б.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ярих нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл: 2002 оны Эрүүгийн Хуулийн 181 дүгээр зүйлээр шалгаж прокуророос явж байгаад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулинд “...бүлэглэн танхайрсан...” гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулинд танхай гэдэг үг өгүүлбэр огт байхгүй байгаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл: Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Эрүүгийн хууль бол хүний эрх чөлөөг хязгаарладаг, хамгийн том хэрэгсэл учир төсөөтэй хэрэглэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл: 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл “...олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан байна гэдэг дүгнэлтүүдийг хийсэн. Шүүх дүгнэлт хийхдээ миний үйлчлүүлэгч Д.Да-г яг талийгаачийн гэдэс рүү нь өшиглөсөн гэх дүгнэлтийг шүүхийн тогтоолдоо дурдаж өгсөн байгаа. Нэг ч гэрч Д.Да-г шууд гэдэс рүү нь цохисон эсэх талаар харсан, нотолсон баримт байхгүй байгаа. Ганц баримт байдаг нь нотлох баримтаар хураагдсан СД байдаг. Энэ СД-г эд мөрийн баримтаар хураахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд юу гэж заасныг анхаарч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл: нотлох баримтыг хураахдаа прокурорын зөвшөөрлөөр хураадаг, гэтэл энэ хэрэгт прокурорын зөвшөөрөл гэх зүйл байхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-д “...өвчний улмаас үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлгийг шүүх үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл: тэр хүн тухайн үед яг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэх дээр эргэлзээ төрүүлж байгаа. Н., гэдэг 2 хүний мэдүүлэг зөрүүтэй байгаа. Д.Да- талийгаач 2 нүүр тулж уулзсан тохиолдол нь 1 удаа л байгаа. Хохирогчийн ээж нь ирсэн үед. Хуулинд заасан хүрээнд хүний амь нас эрстсэн учир хянуур хандах хэрэгтэй. Миний үйлчлүүлэгч Д.Да-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч П.Ба-ийн өмгөөлөгч М.аа/Тосонцэнгэл сумаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд ...хохирогчийн толгойн тус газар нь цохисон талаараа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлж байгаа асуудал нь болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлж байгаа асуудал гэж ойлгодог. Тэхдээ толгойн тус газар цохисон гэдэг нь бол эрт үү, 2, 3 удаагын зодоон болсны өмнө болсон асуудал байдаг. Харин талийгаачийн гэдэс рүү цохисон асуудал тогтоогдоогүй энэ талаар тэнд байсан гэрчүүдийн мэдүүлгээр Ба- нь хохирогчийн гэдэс рүү цохисон нь нотлогдохгүй байгаа учир энэ хэргийг хэргэсэхүй болгож цагаатгах гэсэн хүсэлттэй байна гэв. Хохирогч Ж.а, Б.аа нарын өмгөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байгаа хохирлын асуудлыг бол нэмж ярих шаардлагатай байна. Анхан шатны шүүх бол шийтгэх тогтоолдоо хохирлыг бол шүүгдэгч нараас 7898437 төгрөгний хохирол учирсан гэж үзсэн хэдий ч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт уг хохирлуудыг тооцохдоо шаардлага хангасан нотлох баримтаас 60000 төгрөгний хохирол тооцогдоогүй байсан. Мөн шаардлага хангасан нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн Б.аагийн автобусаар ирсэн тасалбар байдаг энэ нь болохоор 42800 төгрөгний тасалбарыг анхан шатны шүүх бол тооцохдоо 42000 төгрөгөөр тооцсон байсан. Мөн нийлбэр дүнг нь тооцоод үзэхээр 7898437 төгрөг дээр 60000 төгрөгийн хохирол нэмж гаргахаар байна. Хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй байна. Хүндрүүлэх нөхцөл бол тогтоогдоогүй гэдэг дээр ...шүүгдэгч нар нь анхан шатны шүүх хуралдаан дээр талийгаач Б. нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба биеэ хамгаалж чадахгүй байсныг мэдсээр байж биед нь хүнд гэмтэл учруулсан байдлыг бол хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байгаа гэв. Прокурор Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээчийн дүгнэлт маш олон удаа гаргасан байгаа. Харин сувилагчийн утсаараа бичсэн бичлэг байгаагүй бол хохирогч хагалгаанд орох хүртлээ хүнд зодуулсан талаараа хэнд ч хэлээгүй байдаг. Мөн шүүгдэгч Д.Да- нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ...би талийгаачийн хэвлийн тус газарт нь өшиглөсөн гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн жирийн нэг сувилагчийн бичсэн бичлэгийг мөрдөгч прокурорын зөвшөөрөлтэй хураан авна гээд байгаа. Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тэмдэглэл үйлдээд дангаараа тэр СДийг хураан авах эрхтэй байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч О.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Шүүгдэгч Д.Да-, П.Ба-, Цо- нар нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутагт байрладаг Т.ын хашааны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ П.Ба-, нь Б.тай маргалдаж, Д.Да- нь Б.ийг машинтайгаа хөдлөөд явах үед нь хаалганаас нь зүүгдэж чирэгдсэн байх ба улмаар хэсэг хугацааны дараа дахин тэр газараа таралдахдаа Д.Да- нь “машинаасаа чирж явсан” гэдэг үл ялих зүйлээр шалтаглан Б.ийг, “урдаас нь агсарч дайрсан” гэдэг үл ялих зүйлээр шалтаглан Б.ыг, П.Ба- нь “өмнө нь уулзахдаа “урдаас нь томорсон, давшилсан” гэдэг үл ялих зүйлээр шалтаглан Б.Чойдагжамцыг зодож танхайрсаны улмаас нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Н.Баа-тай маргалдан хоолойг боож, зодож хүний халдашгүй чөлөөтөй байх эрхийг зөрчиж, танхайрсаны улмаас Б.Чойдагжамцын биед хүнд гэмтэл учирч улмаар нас барсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогджээ. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэхдээ хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг харьцуулан үзэж дүгнэсэний эцэст шүүгдэгч нарын үйлдэлд тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг “буцаан хэрэглэх” үндсэн зарчмыг зөрчөөгүй байна. Хохирогч Ж.а, Б.аа, тэдний өмгөөлөгч О.******* нар нь давж заалдсан гомдолдоо ...шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохироогүй, гомдолтой байгааг тал бүрээс нь хянан үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Д.Да- нь танхайрах явцдаа талийгаач Б.ыг зодож, түүний гэдэс рүү өшиглөсөний улмаас Б.ын биед хүнд гэмтэл учирсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, шүүгдэгч П.Ба- нь үл ялих зүйлээр шалтаглан Б.ыг зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилж, ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн нөхцөл, хувийн байдалд тохирсон, ял хөнгөдөөгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хэрэгт хамааралтай талаас нь нягт нямбай үнэлсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ