Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/00254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.С

Хариуцагч: Ц.С

2013 оны 6 сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, БГД-ийн 16 дугаар хороо Орхоны ...тоот хашаанд баригдсан 4 давхар барилгыг барихад оруулсан хөрөнгө оруулалт буюу ажлын хөлс, уг барилгыг ашиглалтад орсны дараах хийсэн ажлын хөлс, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 75500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С

        нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц

        хариуцагч Ц.С

        хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С миний бие 2013 оны хооронд “Назу констракшн” компанид захирлын жолоочоор ажиллаж байхдаа 2013 оны эхээр Ц.Стой танилцаж, улмаар уулзаж эхэлсэн. Бид улам дотносож, ярилцаад хамтарч амьдрахаар болсон. Ц.С намайг одоо хийж байгаа ажлаасаа гарчих, хамтарч юм хийе, манайд хүрээд ир хамт амьдаръя, үлдсэн амьдралаа хамт өнгөрөөе гэсэн санал тавьснаар би компаниас өгөх байрнаасаа татгалзаад ажлаасаа гарч 2013 оны 6-р сарын сүүлээр Ц.Сын 3 өрөө байранд, Ц.Сын хүү бид 3 хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр ярилцаад тэрээр санал тавьж, надад Гандангийн хороололд байрлал сайтай хашаа байшин байна буулгаад шинээр байшин барья, эхний ээлжинд хэрэглэх 30 сая төгрөг байгаа, дээр нь нэмж зээл авъя гэж ярилцаад, энэ 4 давхар барилгын ажилдаа орсон. Би Ц.Сын БГД-ийн16 дугаар хороо Орхоны ...тоот хашаанд байсан хуучин байшинг буулгах ажилд орж аавынх нь портероор хог хаягдлыг зөөж тээвэрлэж, хогийн цэг дээр 20-30 удаа зөөж, хаяхыг нь хаяж, авахыг нь авч Солонгын зуслангийн байшинд зөөж барилга барих талбайгаа цэвэрлэж бэлэн болгосон. Энэ бүх ажлыг чин сэтгэлээсээ өөрийн биеэр гардан хийсэн. Би өөрийн сайн танил "Назу констракшин" ХХК-ийн барилгын инженер Мөнхбат, мөн барилга, сан техникийн мэргэжилтэй өөрийн найз Энхбат нартай ярилцаж, зөвлөгөө авч 2013 оны намар уг 4 давхар барилгын суурийн ажлыг эхлүүлж, 12x14 хэмжээтэй барилгын суурийг цутгуулж , авто зогсоол талбайн ажлыг дуусгаад, 1 давхарын өрлөгийн ажлыг эхлүүлээд өвөл болгосон. Тэгээд ч Ц.С бид хоёр санхүүгийн байдлын улмаас барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон байсан. Өвөл болохоос өмнө би өөрийн найз Мягмар, Энхбат нарыг гуйж барьсан барилгын авто зогсоолын талбайд халаалт тавьж амжсан бөгөөд тэр өвөлдөө 4-6 машин тавиулж бага боловч ашиг олж, гэрэл цахилгааны төлбөрт нэмэр болж хавартай золгосон. Тухайн үед 2013 оны сүүлээр Ц.С барилгаа барих мөнгө олох гэж зээл хөөцөлдөж, Хаан банкнаас 60 сая төгрөгийн бизнесийн зээл, мөн 120 сая төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн 0,7 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авахаар болж, би хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурж зээлээ авч, 2014 оны хавар барилгын ажлаа үргэлжлүүлсэн. Энэ 4 давхар барилгын зураг төслийг гаргуулах гэж би өөрийн танил Нас-Уртаар маш хөнгөлөлттэй үнээр зуруулж авч байсан. Барилгын өрлөгийн ажлыг миний шавь байсан Хүрэлбаатар бригадтайгаа хийлцэж, дотор заслыг Алтангэрэл, Энхжаргал нарын хүмүүсээр хийлгэж байсан ба Ц.С бид хоёр энэ үед бидэнд дахин мөнгө хэрэгтэй болж Ц.Со 80 мкв байраа 130 саяар зарж үүнээс 80 сая төгрөгийг барилгын ажил, дотор засал, зочид буудлын тохижилтонд зарцуулж байсан. Хамтран амьдрагч Ц.С надад хэлэхдээ энэ орон байр чи бид хоёрын л амьдрах хөрөнгө шүү, чи бид хоёрын үлдсэн амьдралаа хамт өнгөрөөх орон байр шүү гэж итгэл хүлээлгэж, би чин сэтгэлээ зориулж маш хурдан хугацаанд барьж дуусгасан. Бид хоёр 2014 оны намар 4 давхар барилгаа барьж дуусгаж өвөл нь ашиглалтанд оруулсан. Миний тооцоогоор 12x14 харьцаатай 4 давхар барилга барихад нилээд хөрөнгө орсоныг ойролцоогоор тооцоолсон байгаа. Бидний хамтран амьдарч байх хугацаанд хамтын үйл ажиллагаа, хөрөнгөөр БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 давхар, 672 мкв талбайтай, доороо 8 машины авто зогсоолтой, 1-3 давхартаа үйлчилгээтэй, 4 давхартаа орон сууцтай барилгыг хамтын хөрөнгө, хүч хөдөлмөрөөрөө барьж ашиглалтанд оруулсан. Ц.С энэ барилгыг барихад газар, барилга барих эхний мөнгийг гаргасан, харин хуучин барилгыг буулгах, хогийг зөөж тээвэрлэх, шинэ барилгын суурь цутгах, барих бүхий л ажлыг би зохион байгуулж, гардан хийж, энэ хүнийг барилгын ажилд гар хүргүүлэлгүй өөрийн хөдөлмөр, оюун, сэтгэл зүтгэлээр хариуцан бариулж энэ хүнд ирээдүйд олох санхүүгийн эх үүсвэр, олох орлогыг бүтээн байгуулж өгсөн. 2014 оны өвөл барилга ашиглалтанд оруулсны дараа зочид буудал ажиллуулах, өрөө түрээслүүлэх, бохир соруулах зэрэг бусад бүх ажлыг би гардан хариуцан ажиллаж байсан. Манай байр 2014-2016 онуудад төвийн цэвэр, бохир шугамд холбогдоогүй, цахилгаанаар халаадаг, бохироо 7 хоногт 2 удаа соруулдаг, зөөврийн устай, 7 хоногт 2 удаа 10 тн ус авдаг зэрэг нилээн ажиллагаатай байсан бөгөөд энэ бүх ажлыг би бүгдийг зохицуулж ажиллуулж байсан. 2016 оны 8 сард бид барилгынхаа техникийн нөхцөлийг шийдэж цэвэр, бохироо төвийн шугамд холбож миний ажил тэр үед маш хөнгөрсөн. Барилга баригдаж ашиглалтанд орсноос хойш бидний банкнаас хамтарч авсан зээлийн 50 хувь нь 4 давхар барилгын түрээсийн орлогоос хийгдэж байсан. Энэ эргэн төлөлтийн 50 хувь нь миний хийсэн хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө.  Ц.С нь миний хүч хөдөлмөрийг ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжин энэ барилгаас надад ногдох хэсгийг өгөхгүй, миний хөдөлмөрийг үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Энэ хүн намайг бидний хамтын амьдралтай байх хугацаанд сайхан үгээр хууран мэхэлж намайг жолооч, галч, барилгын даамал, сантехникч, цахилгаанчин, ачигч, буулгагч, будагчин, засварчин, цэвэрлэгч болон бусад хэрэгцээгээ хангагчаар ашиглаж байсан байна. 2017 оны хавар Ц.С намайг гэнэт эндээс яв, дахиж энд байх хэрэггүй, нэг тийшээ яв гэж хөөсөн бөгөөд би хаачихаа сайн мэдэхгүй байж байгаад амьдрахын эрхэнд Өмнөговь аймагт жолоочоор ажиллаж байна. Иймд би бусдын адил хийсэн ажил хөдөлмөрөө бусдын авсан ажлын хөлсний жишгээр үнэлүүлэх эрхтэй гэж үзэж байгаа тул Ц.С бид хоёрын 2013 оны 6 сараас 2017 оны 5 сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, энэ 4 давхар барилгыг барихад зориулсан ажил, хөдөлмөрийн хөлс болон барилга ашиглалтад орсноос хойшхи хугацаанд хийсэн өдөр тутмын ажлын хөлс буюу хөрөнгө оруулалт 672мкв талбайтай барилгын 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө буюу 75000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ үнэлгээг тогтоохдоо хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай орон сууцны 1мкв талбайн үнийг дундажаар 1200000 төгрөгөөр тооцож 672 мкв талбайн 10 болох 67,2 мкв-ыг үржүүлж ойролцоогоор 75 орчим сая төгрөгөөр тооцсон. Мөн Ц.С нь 2017 оны 7 дугаар сарын 29-нд надаас 1 сая төгрөгийг зээлж авснаас 500000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 500000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Хариуцагч Ц.С шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.Стэй хамтын амьдралтай байгаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би өөрийн гэсэн гэр оронтой байсан ба түүнтэй танилцахад тэрээр гэр бүлтэй байсан, гэр орноосоо хөөгдчихсөн, гэр оронгүй айлын хажуу 1 өрөөг хөлслөн амьдардаг байсан. Би түүнийг гуйгаад хамтарч юм хийе, манайд хүрээд ир хамт амьдаръя, үлдсэн амьдралаа хамт өнгөрөөе гэсэн санал тавьсан зүйл огт байхгүй. Би 1962 онд төрсөн нас биед хүрсэн, амьдрал нь тогтоогүй, өөрийн гэсэн гэр оронгүй яваа хүнд юунд нь итгэж амьдралаа даатгах билээ. Түүнчлэн манай гэр бүлийнхэнтэй танилцсан зүйл ч байхгүй. Би энэ хүнийг ажлаас нь гаргаагүй. Нас биед хүрсэн хүн өдий насны хүн ажил төрөл эрхлээд явах, орон байртай болох байсан бол түүнд өөрт нь л хэрэгтэй байсан. Ийнхүү надаас мөнгө салгах гэж улайрч байгаа хүн тийм боломжоос татгалзлаа гэж үү. Бид 4 жил хамт амьдраагүй. Миний зүгээс энэ хүнийг 2013 оны 7 дугаар сараас мэдэх болсноос хойш түүний хүний итгэлийг дааж чадахгүй, худлаа ярьж мөнгө төгрөг завшдаг, архи байнга уудаг, мөрийтэй тоглодог болохыг мэдээд, нээх дотно харьцаанд ороогүй. Түүний бодит байдлыг мэдээд харьцахаа больж элдвээр доромжилж дарамталж эхлэхээр нь гэртээ ч оруулахаа больсон. Хорооны бүртгэлийг яаж хийлгэснийг мэдэхгүй миний зөвшөөрөлгүйгээр хийлгэсэн энэ бүртгэлээр түүнтэй хамтран амьдарч байсан гэж үзвэл хүлээн зөвшөөрөхгүй. Миний ажил төрөлд тусалж байсныг нь бодоод Верна маркийн автомашин авч өгсөн боловч тоглоод алга болгосон. Ийм хүнийг надтай хамт амьдарч амьдралын төлөө зүтгэж байсан гэх үү. Түүний миний зөвшөөрөлгүйгээр хийлгэсэн хорооны бүртгэлээр хамтран амьдарч байсан гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд 2013-2017 оны 5 сар хүртэл хамтын амьдралтай байсныг зөвшөөрөхгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Барилгын ажлын хувьд 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс суурийн ажлыг ердөө 10 хоногийн дотор хийсэн. Суурийн ажлыг би өөрт байсан мөнгөөр хөрөнгө орлуулалт хийсэн. 2014 оны 5 дугаар сараас 8 сарын хооронд барилгын үндсэн ажил 3 сарын хугацаанд явагдсан. Энэ хүн ядарч зүдрэхээр ажиллаад, тэгж их ажил хийгээд байсан зүйл байхгүй. Энэ хүн барилгын ямар ч мэдлэггүй, дээрээс нь архи уудаг хүнд би барилгынхаа нарийн ажлуудыг даатгаж хийлгэхгүй. Би өмнө нь 14 өрөөтэй нийтийн байр, өөрийн компанийн 104 метр квадрат тоосгон барилгуудыг бариулж байсан учраас надад барилгын ажлын туршлага хангалттай байдаг. Зээлийн гэрээнд банкны журмаар хоёр хүний гарын үсэг зуруулдаг. Энэ үед хоёр охин маань гадаад байсан учраас би Д.Сг гуйж гарын үсэг зуруулсан. Зээлийн эргэн төлөлтийг би өөрийн эзэмшлийн 3 данснаас төлж ирсэн. Энэ хүний данснаас зээл төлсөн, энэ хүнээр зээл төлүүлсэн удаа байхгүй. Энэ бол банкны тодорхойлолтоор тогтоогдоно. Гэтэл энэ хүн өөрөө зээл төлдөг байсан мэтээр ярьж байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй худлаа. Одоо Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны ...тоотод байгаа объект банкны барьцаанд байгаа, зээлийн мөнгийг төлж дуусаж байж миний эд хөрөнгө болно. Зээлийн хугацаа 2021 онд дуусна. Манайх 16 дугаар хороонд байрлалтай, мөн барилгын хэмжээ 672мкв байтал хаана байрлалтай, хэдий хэмжээний барилга гэдгийг мэдэхгүй байж яаж дундын эд хөрөнгө гэж хэлж байгааг мэдэхгүй байна. Орхоны ...тоотын үл хөдлөх эд хөрөнгө болох газар, хашаа байшинг би 2011 онд арилжааны гэрээгээр худалдаж аваад, хуучин байшинг буулгаж энэ 4 давхар барилгыг би өөрийн хөрөнгөөр бий болгосон нэг хүний өмч буюу миний нэрээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Энэ хүн намайг анх 3 өрөө байртай байсныг, 3 хүүхдийнхээ өмч хөрөнгийг зарж зээл аваад яаж барилга байшин барьж байсныг гадарлаж байсан атлаа анх ямар байдалтай байхад нь ямар байдалтай харилцан тусалж хувцас хунар, машин тэрэг авч өгч байсныг үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг санаархаж байгаа түүний шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зээл 500000 төгрөгийн хувьд тухайн үед мөнгөний хэрэгцээ гараад би 1 сая төгрөг авсан нь үнэн. Гэхдээ энэ хүн намайг эмнэлэгт байх хугацаанд манай гэрээс миний бүх алт, монетен ээмэг бөгжийг аваад хоёр ломбардад хувааж тавьсан байсныг би өөрөө 4100000 төгрөг төлж авсан учраас тэр мөнгөндөө суутгаж авсан. Одоо энэ хүнд өгөх өр байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Ц.Сд холбогдуулан 2013 оноос 2017 оны 5 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, БГД-ийн 16 дугаар хороо Орхоны ...тоот хашаанд баригдсан 800 мкв талбайтай 4 давхар үйлчилгээтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 6 сараас 2017 оны 5 сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох, БГД-ийн 16 дугаар хороо Орхоны ...тоот хашаанд баригдсан 672 мкв талбайтай 4 давхар барилгыг барихад оруулсан хөрөнгө оруулалт буюу ажлын хөлс, уг барилгыг ашиглалтад орсны дараах хийсэн ажлын хөлс 75000000 төгрөг гаргуулах болгон өөрчилж, 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 500000 төгрөг гаргуулахаар шаардлагаа ихэсгэжээ.

Хариуцагч нь Д.С хорооны өрхийн бүртгэлийг хууль бусаар хийлгэсэн, түүнтэй хамтын амьдралтай байгаагүй, 4 давхар барилгыг барихад өөрийн хөрөнгөөр барьсан Д.Сгийн оролцоо байхгүй, 500000 төгрөгийг нэхэмжлэгчээс авах мөнгөнд суутгасан гэж маргаж байна.

Хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлага нь зохигчдын эд хөрөнгө нийлсэн, холилдсон тохиолдолд тэдний хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх үндэслэл болох юм. Өөрөөр хэлбэл дээрх шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй. Хариуцагч Ц.С нь Д.Стэй хамтын амьдралтай байгаагүй гэж маргаж байгаа боловч Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтод “Баянгол дүүргийн 17 дугаар хороо 102-27 тоотод Д.С нь 2013-2015 оны 10 сар хүртэл ам бүл 3 амьдарч байсан”, мөн хорооны Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 3 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн өрхийн бүртгэлийн дэвтрийн өрхийн тэргүүлэгчийн бүртгэлд Д.С, өрхийн гишүүний бүртгэлд Ц.С нар бүртгэлтэй байгаа, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтод тус хорооны Орхоны ...тоотод Д.С нь бүртгэлтэй, 2015 оны 10 дугаар сарын 26-нд шилжиж ирсэн, мөн хорооны Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот албан бичигт Ц.С, Д.С нар 2015 онд шилжиж ирсэн бүртгэлтэй болохыг тодорхойлсон зэргийг үндэслэн тэднийг хамтын амьдралтай байсан гэж үзэв. Харин хамтын амьдралтай байсан хугацааг хариуцагч Ц.Сын “Д.Сг 2013 оны 7 дугаар сараас мэддэг болсон”, нэхэмжлэгч Д.Сгийн “2017 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдарсан” гэсэн тайлбар болон Д.С нь Баянгол дүүргийн 17 дугаар хороонд Ц.Сын өрхийн бүртгэлд 2013 оноос бүртгэлтэй байсныг үндэслэн 2013 оны 7 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл гэж үзлээ.  

Энэ хугацаанд маргаан бүхий 4 давхар барилга баригдаж ашиглалтад орсон, уг барилгын өмчлөгчөөр хариуцагч Ц.С бүртгэлтэй болох нь зохигчдын тайлбар, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000355163 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Хамтын амьдралтай байснаараа хэн нэгнийхээ хөрөнгийг хамтран болон хэсгээр өмчлөх боломжгүй бөгөөд зөвхөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Иймд Д.С нь Ц.Стой хамтын амьдралтай байсан үндэслэлээр тэдний хамтын амьдралтай байх хугацаанд баригдсан барилгаас ногдох хэсгээ шаардах эрхгүй. Харин хамтын амьдралын явцад зохигчдын эд хөрөнгө нийлж, холилдсоны үр дүнд шинээр эд хөрөнгө бий болсон нөхцөлд гарах үр дагаврын талаар Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэгт зохицуулсан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий 4 давхар барилгыг барих газар болон бусад мөнгөн хөрөнгө хариуцагч Ц.Сос гарсан эсэхэд маргаагүй бөгөөд харин уг барилгыг бий болгох, цаашид ашигтай ажиллахад нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрөөр хөрөнгө оруулсан үндэслэлээр уг хөрөнгөө ажлын хөлсөөр дүйцүүлж буюу хөдөлмөрөө үнэлж оруулсан хөрөнгө оруулалтаа шаардаж байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 4 давхар барилга нь нэхэмжлэгчийн хөдөлмөр, хариуцагчийн мөнгөн хөрөнгийн үндсэн дээр бий болсон эд хөрөнгө гэж үзэн хөдөлмөрөө 75 сая төгрөгөөр үнэлжээ. Энэхүү үнэлгээг нэхэмжлэгч тогтоохдоо өөрийн хөдөлмөрийг барилгын талбайн 10 хувь буюу 67,2 мкв талбайтай дүйцүүлж үүнийг мөнгөн дүнд шилжүүлэхдээ А зэрэглэлийн бүсэд байгаа орон сууцны 1мкв талбайн үнийг дундажаар 1200000 төгрөгөөр тогтоож ойролцоогоор 75000000 төгрөгийн хөдөлмөрөөр хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч нь маргаан бүхий барилгыг барихад ямар, ямар төрлийн ажил хийсэн болох, ямар баримтыг үндэслэн хөдөлмөрийн хэмжээ болон үнэлгээг тогтоосон болохоо нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар 75000000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Ц.С нь мөнгөний хэрэгцээ гараад Д.Сгээс 1 сая төгрөг авч, үүнээс 500000 төгрөгийг буцааж өгсөн болохоо хүлээн зөвшөөрч байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч үлдсэн 500000 төгрөгийг Д.Сгээс авах мөнгөндөө суутгасан үндэслэлээр буцааж өгөхөөс татгалзжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үнэт эдлэлийг ломбарданд барьцаанд тавьсанаа хүлээн зөвшөөрдөг боловч хариуцагчид өгөх төлбөртөө 500000 төгрөгийг суутгуулахаар тохироогүй байна. Иймд Ц.С нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 500000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 75500000 төгрөгийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 535450 төгрөг төлөхөөс 774400 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 238950 төгрөгийг буцаан олгов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 500000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Сос 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлээс 75000000 /далан таван сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 774400 төгрөгөөс 535450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 238950   төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.Сос улсын тэмдэгтийн хураамжид 15650 төгрөг тус, тус гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Т.ГАНДИЙМАА