Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2018/00385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Д

Хариуцагч: Т.М

Гэм хорын хохиролд 11803906 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С

        хариуцагчийн төлөөлөгч Г.Н

        хариуцагчийн өмгөөлөгч Д.О

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Дшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Дби 2016 оны 2 дугаар сарын 4-ний орой Нисэхийн зүүн урд, шинээр ашиглалтанд орсон Улсын Архивын Ерөнхий Газар буюу ажлын газраасаа гарч, замаараа яармагийн "Сансар" худалдааны төвийн урд зам, явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр гарч яваад, Т.Мын жолоодож явсан “Соната-6" маркийн авто машинд хүчтэй мөргүүлж, зам дээр шидэгдэж, аарцгийн ясандаа 4 газар хүгарал авч, баруун хөл дунд чөмгөөрөө яс нь тас хугарч, гуяны мах машиных нь урд эд ангид /хугарч эрмэг гарсан/ нь урагдаж, толгойдоо ноцтой гэмтэл авч, ухаан алдсан бөгөөд автомашины энэ ослоор амь бие, эрүүл мэндийн хувьд хүнд хохиролд орсон юм. Хууль, хяналт, эмнэлгийн зохих байгууллагуудаас тухайн үед зохих шалгалт үзлэг, шинжилгээ хийж, хариуцагч Т.Мыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын дүрэм, журам зөрчсөнөөс бусдын бие мах бодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг нотлон тогтоож, хохирогч З.Дминий бие болон хамт явж байсан О.У бид хоёрын хувьд замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй болохыг, мөн зохих шалгалт, үзлэг, шинжилгээгээр тогтоож, шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний авсан гэмтлийг амь насанд аюултай, хүнд гэмтлийн зэрэг гэж тогтоосон юм. Миний бие энэ гэмтлээ гэмтлийн эмнэлгүүдэд удаа дарааллан олон хоногоор хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэж, хугарсан ясандаа төмөр тавиулан, тархи толгой, бусад гэмтэлдээ эмчилгээ хийлгэж, эмч, эмнэлгийн хүчээр бие үхлээс аврагдсан ч, үүрдийн тахир дутуу хүн болсон. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор орж, группын хүн болоод ажил хийдэггүй, байнгын эмнэлгийн, хазгар доголон хүн болж хувираад байна. Ослын үеэр гэдсэнд байсан үр хүүхдээ зулбан гаргаж, амьдралын олон зүйлээр хохирч, цаашдаа ганц биеэр насыг барах төлөв байдалтай болсноо ч хэлэхэд илүүдэхгүй биз. Ажилтай, орлоготой хэвийн байдлаар улсдаа хөдөлмөрлөн явсан хүн дүрэм журам баримталдаггүй, техник барьж явж чадахгүй мөртлөө, сагсуурч хууль, дүрэм зөрчиж явдаг Т.М хэмээгч энэ хүний сагсуу явдлын улмаас амьдралаараа үүрд хохирох болсон би одоо группын хэдэг төгрөгнөөс өөр орлого олох чадваргүй, одоо ажилгүй ээж (ээж намайг асрах болж ажлаасаа гарчихаад одоо эргээд ажил олоогүй явсаар буй), 80 дөхсөн эмээ, өвөө хоёрынхоо тэтгэврийн хэдээс нь хороон сууж, олон сарыг өнгөрөөлөө. Энэ хугацаанд бас эмчилгээ сувилгаанд зардал байнга гаргах болж, анхны эмчилгээний зардлаас хойш өнөөг хүртэл зардал гарсан ч хууль тогтоомж ёсоор Т.Маас авах хохирлоо аваагүй бөгөөд цаашид хэдий болтол хичнээн зардал хохирол гарахыг мэдэхгүй явна. Гэвч анхны эмчилгээний зардалд анх Т.Маас шүүхийн шийдвэр гарах үед авснаас өөр төлүүлсэн хохирол байхгүй бөгөөд энэ удаад нэхэмжилж буй дээрх мөнгө нь энэ хугацаанд надад гарсан хохирлын тоймтой хэсэг нь юм. Иймд энэ удаа эмчилгээ болон бусад зүйлийн хохиролд 5378062 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч З.Днь автомашины осолд орохоосоо өмнө Архивын ерөнхий газарт операторчноор 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд түүний цалин хөлсний дундаж нь 1 сард 1082538 төгрөг байх бөгөөд группт орсноос хойш нэг сард тогтмол 251000 төгрөг авдаг болсон. Иймд дундаж цалин хөлс болон тэтгэвэрийн зөрүү нэг сард 831538 төгрөг болж байх бөгөөд энэ нь 12 сарын хугацаанд нийт 9978456 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс цалин хөлс болон тэтгэврийн зөрүүг 3352612 төгрөг гэж дутуу нэхэмжилсэн байх тул түүнээс үлдэх 6425844 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 04-ний орой нисэхийн урд талын зам дээр авто замын осол гарсан. Энэ ослын улмаас хариуцагч Т.М нэхэмжлэгч З.Дд хүнд гэмтэл учруулж, эрүүл мэндийн хувьд одоог хүртэл нөхөн сэргээгдэх эмчилгээ хийгдэж байгаа. Нуруу болон гуяны ясанд хийсэн төмрийг авахуулах боломжгүй байгаа. Энэ ослын хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдээд хариуцагч Т.Мыг гэм буруутай болохыг нь тогтоогоод З.Дд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэйгээр шийдсэн. Энэ шийдвэрийн дагуу бид эмчилгээ, цалин хөлс, тэтгэврийн зөрүүг нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын дэвтрээс 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1, 2 дугаар сарын цалинг тооцож, цалингийн дундаж нь сард 1082538 төгрөг болсон. Үүнээс цалин тэтгэврийн зөрүүг тооцож 12 сарын цалингийн зөрүүд 9978456 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнийг бодохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад зааснаар сүүлийн 3 сарын цалингаас дундаж цалин хөлсийг тооцсон. Эмчилгээний зардалд рашаан сувилалд эмчлүүлсэн болон бусад эмний зардалд 1825450 төгрөг болсон. Ингээд нийт 11803906 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Мад хорих ял оногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурлаас өмнө цаашид гомдол саналгүй, оногдуулсан ялыг бууруулах зорилгоор 5 сая төгрөгийг өгсөн байдаг. Тэрнээс биш цаашид гарах эмчилгээний зардалд зориулан өгөөгүй. 

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь хэдийгээр би зам тээврийн хэрэг болгоомжгүйн улмаас үйлдсэн хэдий ч хохирогч гээд байгаа хүнд тухайн үед нь эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилсэн хэмжээгээр нь төлсөн билээ. Төлөхдөө анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 10800000 төгрөгийг төлсөн ба дараа нь давж заалдах шатны шүүх хурлаас өмнө миний ээж хохирогчид 5000000 төгрөгийг бэлнээр өгч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогч өөрөө гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж хэргийн материалд бичиг хийж өгч байсан болно. Өнөөдрийн байдлаар ажил хөдөлмөр хийхгүй байгаа бөгөөд одоо оюутан, өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Ийм л байдалтай байгаа бөгөөд өөрийн гэсэн сарын орлого байхгүй аав, ээжийн хамт мөн өөрийн өндөр настай эмээгээ асран хамгаалж, асарч байгаа тул тус нэхэмжлэгчийн нэхээд байгаа эмчилгээний буюу гэм хорын хохирлыг нөхөн төлөх чадваргүй байгаагаа үнэнээр хэлж илэрхийлж байгаа болно. Би тухайн үед эмчилгээний мөнгийг төлөхдөө аав, ээжийнхээ сард авдаг байсан цалин орлогыг олон сараар зээл авч төлж байсан. Одоо ч манайх гэдэг айл өр төлбөрт унасан тухайн нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх чадваргүй гэдгээ үнэн зөвөөр шударгаар илэрхийлж байгаа болно. Одоогийн байдлаар надад мөнгө төлөх ямар ч чадал байхгүй байгааг шүүх анхааран үзнэ үү.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр болсон. Энэ хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэм хор учруулсан болон эмчилгээний зардал төлөх тал дээр хариуцагч зайлшгүй гарсан зардлыг төлнө гэдэг дээр маргахгүй байгаа. Гэхдээ Иргэний хуульд тухайн гэм хортой холбоотой зайлшгүй гарсан зардлыг төлнө гэж заасныг үндэслэн зайлшгүй гарсан зардлыг л төлнө гэж байгаа. 12 дугаар сард үр дүнгийн урамшуулал орсныг шууд тэр сарын цалин гэж тооцно гэсэн хуулийн заалт байхгүй. Мөн баримталж байгаа журам нь заавал дагах биш удирдлага болгож болно гэсэн журам байгаа. Иймд журмын 1 дүгээрт зааснаар энэхүү журмыг мөрдөж болно, мөрдөхгүй байж ч болно гэсэн агуулгатай. Цалин, тэтгэврийн зөрүүг шаардахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад зааснаар сүүлийн 3 сараар бодно гэснийг үндэслэн 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1, 2 дугаар сараар бодоод гаргасан байдаг. 2015 оны 12 дугаар сард их мөнгө авсан байдаг бөгөөд энэ 12 дугаар сар буюу бүтэн жилийн үр дүнгийн гэрээний шагналыг бодож олгосноос энэ сарын цалин их хэмжээгээр тооцогдож байгааг зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд бусад бүх сарууддаа тооцож, дундаж цалинг 547051 төгрөгөөр бодож өмнөх нэхэмжлэлээ гаргаж байсан үнийн дүнг зөв гэж үзэж байгаа, цалингийн дундажийг энэ дүнгээр тооцоход татгалзах зүйлгүй. Нотлох баримтаар нотлогдсон зайлшгүй төлөх зардлуудыг төлнө. Гэтэл эмчилгээний зардлын нотлох баримтуудын он, сар нь засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Энэ нотлох баримтыг үндэслэн гаргаж байгаа үнийн дүн нотлогдохгүй байна. Иймд нотлох баримтын шаардлага хангахгүй, засвартай баримтуудын мөнгийг хасч тооцох шаардлагатай. Мөн зайлшгүй гарсан зардал мөн биш нь эргэлзээтэй. 2016 онд давж заалдах шатны шүүх хурлаас өмнө өгсөн 5000000 төгрөг 2016 онд гарсан эмчилгээний зардалд багтах ёстой. Харин 2017 онд шинээр гарсан зардлуудыг тооцохгүй. Эмчилгээний зардалд хариуцагч Т.М 2016 оны 7 дугаар сард анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө 10000000 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдаан болохын өмнө  8 дугаар сард 5000000 төгрөг өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүх хурлын өмнө өгсөн 5000000 төгрөгөө өмнө гарсан эмчилгээний зардал болон хойшид гарах эмчилгээний зардалд гэж талууд хоорондоо тохиролцоод энэ тал дээр маргахгүй гэж гарын үсэг зурж өгсөн. Ийм учраас энэ мөнгөнд 2016 оны эм тарианы мөнгө тооцогдох ёстой. Одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөс 2016 оны эм тарианы мөнгийг хасч тооцох хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй байна

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч З.Днь хариуцагч Т.Мад холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардал 1825450 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин 9978456 төгрөг нийт 11803906 төгрөг шаарджээ.

Хариуцагч Т.М нь 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 47-72 УНЯ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 13.2-т заасан “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч З.Догсомын биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон буюу хариуцагчийн гэм буруугийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч осолд орохоос өмнө Архивын ерөнхий газарт ажиллаж байсан, ослын улмаас хөдөлмөрийн чадвар 69 хувиар буурч тэтгэмжид сар бүр 251000 төгрөг авдаг үйл баримт тогтоогдож байна. Харин хариуцагч нэхэмжлэгчийн эмчилгээний зардлын зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, цалингийн дундажийг буруу тооцоолсон, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн 5 сая төгрөгийг эмчилгээний зардлаас хасч тооцно гэж маргажээ. 

Нэхэмжлэгчийн эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлын зарим баримтууд /хх-ийн 17-20-р хуудас/ он, сар, өдөр засвартайн улмаас эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байх тул уг баримтуудын 622500 төгрөг, рашаан сувилалд явсан тээврийн хөлс 29000 төгрөгийг давхардуулан тооцсоныг тус, тус  хасч 1173950 төгрөгийг хангаж шийдвэрлэв. Хариуцагч Т.М шүүхэд гаргасан тайлбартаа “хохирогч өөрөө гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж хэргийн материалд бичиг хийж өгч байсан, давж заалдах шатны шүүх хурлаас өмнө миний ээж хохирогчид 5000000 төгрөгийг бэлнээр өгч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан” гэснээс үзвэл тухайн үед гарсан зардлыг бүрэн төлж, хохирогчийг хохиролгүй болгосон буюу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулсан байна. Эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад гарсан зардлыг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь түүнээс цааш гарах зардлыг шаардахыг хязгаарлахгүй тул 5 сая төгрөгийг одоогийн нэхэмжилж буй эмчилгээний зардлаас хасч тооцох үндэслэл болохгүй.    

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалингаа осолд орохоос өмнөх буюу сүүлийн 3 сарын цалин болох 2015 оны 12 дугаар сарын цалин 1968913 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын цалин 731646, 2 дугаар сарын цалин 547057 төгрөгийн дундажаар тооцож 2016 оны 11 сараас 2017 оны 11 сар хүртэл /12 сарын/ хугацаагаар шаардсан байна. Харин шүүх 2015 оны 12 дугаар сарын цалингаас үр дүнгийн шагналын 933041 төгрөгийг 12 сард хувааж /933041:12=77753 нэг сард ногдох шагнал/ тухайн сард ногдохоос бусад шагналын мөнгийг хасч тооцон 2015 оны 12 дугаар сарын цалинг /1968913-933041+77753=1113625/ 1113625 төгрөгөөр, сүүлийн 3 сарын цалин хөлсийг 2015 оны 12 сар, 2016 оны 1, 2 дугаар сарын цалингийн дундажаар тогтоож, цалин хөлсний дундажийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлав. Үр дүнгийн шагнал нь зөвхөн 12 сард хийсэн ажлын урамшуулал биш бөгөөд нийт ажилласан хугацааны ажлын үр дүнд олгож буй шагнал тул нэг сард ногдох урамшууллыг тооцсон болно. Иймд нэхэмжлэгч З.Догсомын дутуу авсан цалинд /2392328: 3 сар = 797443 төгрөг, 797443-251000=546443 төгрөг, 546443 төгрөг х 12 сар = 6557316 төгрөг/ 6557316 төгрөг олгож, үлдсэн 3421140 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Иймд хариуцагч Т.Маас нийт 7731266 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор байна.        

2. Нэхэмжлэгч З.Догсомын нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218761   төгрөгийг буцаан олгох нь зүйтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 7731266 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 138650 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Маас 7731266 төгрөг гаргуулан З.Д-д олгож, нэхэмжлэлээс 4072640 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Дын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж 203812 төгрөг төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218761 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч З.Дд олгож, хариуцагч Т.Маас улсын тэмдэгтийн хураамжид 138650 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНДИЙМАА

 

                       ШҮҮГЧИД                                                    Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                            Н.ХАНГАЛ