Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1007

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч Р.Мягмардорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр, шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Г-ийг холбогдуул ан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000001265 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “______” ХХК-д түлш бэлтгэгч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн --------- хороо, Зээлийн ------ дугаар гудамж, ------  тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, Боржигин овогт Цийн Гг /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүгдэгч Ц.Г- согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн -- дүгээр хороо -- тоот гэртээ иргэн Б.Гыг “ах маань унтаж байна, жоохон чимээгүй бай гэж хэлсэн боловч тоохгүй чанга чанга дуугараад байсан” гэж шалтаглан нүүрэнд гараараа цохиж, шаазан аяга нүүрэн тус газар руу нь шидэж, эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Ц.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ахыг гэртээ авч ирсэн. Гыг “чимээгүй бай” гэхэд ахыг доромжлоод байсан. Би цохиод, аяга шидсэн. Уурандаа цохичихсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2108000001265 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн: Хохирогч Б.Гын: “2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байтал хөрш О залгаад “та манайд орж ирж хоол ид” гэж хэлсэн. ...Хоол идчихээд архи уухаар болж 2 шил архи авсан. 21 цагийн үед Г хэвтэрт байдаг ахыгаа авчирсан. ...Г надад “Манай цахилгааныг таслаад хаячихлаа, чи эгчдээ хэлээд өгөөч” гэхээр нь “Та өөрөө хэлчих, хэвтэрт байдаг ах ирчихсэн байгаа гээд хэлчих” гэсэн. Архиа ууж байгаад Гтай бага зэрэг хэрүүл маргаан болчхоод байж байтал Г босч ирээд юу юуны духанд хүрэлгүй баруун гараараа зүүн нүд рүү цохисон. Би цохиулчхаад гарах гээд үүдний хажуу талд усны саван дээр сууж байсан чинь ардаас ширээн дээр байсан цагаан өнгийн сэнжтэй шаазан аягыг аваад нүүр рүү шидчихсэн. Би шууд гараад явсан. Намайг гэр рүүгээ ороход дух хэсгээс цус гоожоод байсан. ...Намайг эгчдээ цахилгаан залгаад өгөөч гэж хэлээгүйн улмаас согтсондоо цохиж зодсон байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо төлүүлж авсан...” гэх мэдүүлэг (хх-8-9, 13-14),

 Хохирогч Б.Гын гэрчээр өгсөн: “...Бид гурав архиа ууж байтал О, Г хоёр хэрэлдэж маргалдаад байсан. ...Г надад “Манай цахилгааныг таслаад хаячихлаа, чи эгчдээ хэлээд өгөөч” гэхээр нь “Та өөрөө ороод хэлчих” гэсэн чинь Г босож ирээд цохисон. Араас аяга шидээд нүүрэнд оносон...” гэх мэдүүлэг (хх-19-20),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.08.10-ны өдрийн 7091 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Гын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-31-32), Гэрч Ц.Оын: “2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэртээ Г бид хоёр хоол хийж байгаад хөрш Гг дуудсан. Архи уугаад юм яриад сууж байсан. 21 цагийн Г ах ахыгаа авчирсан. Г ах Гт “Чи эгчдээ хэлээд өгөөч, цахилгаанаа залгаад өгөөч” гэхэд “Та өөрөө хэлчих, учир явдлаа хэлээд хэвтэрт байдаг ах ирчихсэн” гэж хэлсэн. Тэр хоёр юм ярьж байгаад маргалдаад байсан. Г үүдний усны савны хажууд зогсож байсан чинь Г ширээн дээр байсан сэнжтэй аяга аваад шидчихсэн. “Та яаж байгаа юм бэ, хүн рүү аяга шидээд” гээд байж байтал Гын толгойноос цус гоожсон...” гэх мэдүүлэг (хх-27-28),

Гэрч Б.Иын: “2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ...манай дүү Г жоохон халамцуу байдалтай “дэлгүүр орчхоод ирье” гээд гарсан. Удалгүй урд айлын Г гэдэг залууд зодуулчихлаа гээд духнаас нь цус гарсан орж ирсэн. Г дүүгийн дух руу аягаар цохисон гэж хэлсэн. Гх архи уугаад цахилгааны мөнгөө өгөөгүй болохоор нь би цахилгааныг салгачихсан. Тэгтэл манай дүү Гыг цахилгаан салгасан гэсэн шалтгаанаар зодсон гэсэн...” гэх мэдүүлэг (хх16), Шүүгдэгч Ц.Г-ийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн -- хороо, --гудамж, -- тоот дүү О-ынд байсан. 14 цагийн үед хөрш Г манайд 2 шил архи барьчихсан орж ирсэн. 21 цагийн үед намайг ирэхэд Г, О хоёр согтсон байсан. Архинаас 4 татчихаад Гт “Чи эгчдээ манай цахилгааныг залгаад өгөөч гээд хэлээд өгөөч” гэсэн. Г “Та өөрөө ороод хэлчих, учирлаад хэлчих” гэж хэлсэн. Бид юм ярьж суугаад оройтчихоор нь Гыг согтуу болохоор нь “хоноод яв, ах маань унтаж байна, жоохон чимээгүй бай” гэж хэлсэн чинь тоохгүй, чанга чанга дуугараад байхаар нь зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Г босоод үүдний хажуу талын усны савны хажууд зогсож байхаар нь ширээн дээр байсан сэнжтэй, шаазан аягыг аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг (хх-66-68), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-38), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-57), мөрдөгчийн тогтоол (хх-36), “______” ХХК-ийн “Ц.Г- нь тус компанид ажилладаг болохыг тодорхойлов” гэх албан бичиг (хх-37), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-39), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-40), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-41), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-42), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх43), банкны дансны хуулга (хх-45-47), Асап сангийн лавлагаа (хх-48), хохирлын баримтууд (хх-51-56), хохирогчийн “Хохирол төлбөрт 117,900 төгрөгийг авсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-77), Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020.07.21-ний өдрийн 85 дугаар захирамж (хх-86-87) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ. Харин шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй тул түүний 2021.08.05-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-23-24)-ийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт: Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.Г- согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн -- дүгээр хороо -- тоот гэртээ иргэн Б.Гыг “ах маань унтаж байна, жоохон чимээгүй бай гэж хэлсэн боловч тоохгүй чанга чанга дуугараад байсан” гэж шалтаглан нүүрэнд гараараа цохиж, шаазан аяга нүүрэн тус газар руу нь шидэж, эрүүл мэндэд нь “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. ...Гараараа 1 удаа, аяга шидэж цохисон нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т шалгуурыг зааж, 2.5-д тодотгосон байгаа. Хэдэн долоо хоногоор эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулаад байгааг тогтоогоогүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2, 2.6 дахь заалтууд зөрчигдөж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн. Үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр “Шүүгдэгч Ц.Г- бичиг үсэг мэдэхгүй байхад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дээрх гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт, түүнчлэн шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “монгол хэл, бичиг мэдэхгүй” сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тохиолдолд өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж хуульчилсан байна. Хэрэгт авагдсан дараах баримтаар шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ц.Оын “Миний төрсөн ах Ц.Г- нь 3 дугаар сургуульд 1981- 1989 оны хооронд 8 жил, барилгын 2 дугаар ТМС-д бетон арматурчин мэргэжлээр 2 жил суралцсан...” гэх мэдүүлэг (хх-28), шүүгдэгчийн 2021.08.19-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би уншиж бичиж чадна...” гэх мэдүүлэг (хх-66), Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1171 дүгээр шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “...Ц.Г- бүрэн дунд боловсролтой...” гэх (хх-81), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан тэмдэглэл (хх-62), шүүгдэгчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-72-73)-д тусгагдсан бичвэр бүхий мэдээллээр шүүгдэгчийг монгол хэл, бичиг мэдэхгүй хүн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэдэн долоо хоногийн хугацаагаар эрүүл мэндийг түр сарниад байгааг тогтоогоогүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын заалт зөрчигдсөн” гэх өмгөөлөгч нарын дүгнэлт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Тухайлбал шинжээчийн 2021.08.10-ны өдрийн 7091 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Гын биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдож, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж тус тус зааснаас дүгнэхэд хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т “Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, 2.5-д “Шинжлүүлэгчийн биед энэ журмын 2.2-2.4-т заасан шалгуур шинжүүдийн аль нэг илэрвэл энэ нь гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болно. 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг (биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй) зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Ц.Г-ийн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Г-ын нүүрэнд гараараа нэг удаа цохисон, улмаар гарах гээд сууж байхад нь шаазан аяга шидэж нүүрэнд нь онож хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдлийг гэм буруугүйд тооцох буюу “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг үндэслэн цагаатгах үндэслэл болохгүй гэдгийг тэмдэглэж байна. Харин шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Г- согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн -- хороо, --, -- тоотод хохирогч Б.Г-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж, шаазан аяга шидэж нүүрэнд нь онож “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь хохирогч Б.Г-ын “...Бид нар архиа ууж байсан. Г-тай бага зэрэг хэрүүл маргаан болчихоод байж байтал Г босч ирээд зүүн нүд рүү баруун гараараа цохисон. ...Ширээн дээр байсан цагаан өнгийн сэнжтэй, шаазан аягыг аваад миний нүүр рүү шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-8-9/, шүүх эмнэлгийн 7091 дүгээр “1. Б.Г-ын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-31-32/, гэрч Б.Ихбаярын “...урд айлын Г- гэдэг залууд зодуулчихлаа гээд Г духнаас нь цус гарсан орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-16/, гэрч Ц.Отгонбаярын “...Бид нар архи уусан. Тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад сүүлдээ маргалдаад байсан. Г үүдний усны савны хажууд зогсож байсан чинь Г ширээн дээр байсан сэнжтэй аяга аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-27-28/, шүүгдэгч Ц.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Ууж байсан архинаас би 4 татсан. ...чанга чанга дуугараад байхаар нь зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохичихсон. ...ширээн дээр байсан сэнжтэй шаазан аягыг аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх-66-67/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Г-ийн согтуурсан үедээ хохирогч Б.Гыг хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа цохиж, аяга шидэн нүүрэнд нь онож эрх, эрх чөлөөнд нь халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 117,960 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 117,900 төгрөг төлөгдсөн (хх-77), хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-13)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт: Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг хорих ялд шилжүүлэн 40 хоногоор тооцож, өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 04 хоногийн ял дээр нэмж, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 14 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр “Шүүгдэгч анхнаасаа үнэн зөв мэдүүлж байсан, хохирлыг бүрэн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өмнөх ялаас 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 1 жил 12 хоног хасагдах үндэслэлтэйг харгалзан үзнэ үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч гэм буруугаа болон торгох ялыг зөвшөөрч байгаа...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ биеэ зөв авч яваагүй, айлд чанга чанга дуугарсан, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан гэх мэт хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гараараа цохисон, аяга шидэж оносон гэх үйл баримт нь хохирогч Б.Г-ын “...Г-тай бага зэрэг хэрүүл маргаан болчхоод байж байтал юу юуны духанд хүрэлгүй зүүн нүд рүү нэг удаа цохисон. Цохиулчхаад гарах гээд үүдний хажууд зогсож байтал ширээн дээр байсан шаазан аягыг аваад миний нүүр лүү шидсэн. Бодвол эгчдээ цахилгаан залгаад өгчих гэж хэлээгүй гээд намайг цохиж, аяга шидсэн...” гэх мэдүүлэг (хх-9), гэрч Ц.Отгонбаярын “...Тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдаад байсан. Ганбаатар үүдний хажууд зогсож байсан чинь Г ширээн дээр байсан аяга аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг (хх-28)-ээр үгүйсгэгдэж байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан, таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд гараараа цохих, аяга шидэх үйлдлээр халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлбөрт 117,900 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх (хх-13, 77), шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Шүүгдэгч Ц.Г- урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 11 жилийн хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаар захирамжаар дээрх 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоогдсон болох нь шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар (хх-81-84, 86- 87)-аар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Г-т энэ тогтоолоор оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 40 хоногийн хорих ялыг өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 04 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Г-ийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 11 сар 14 хоногоор тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.Г-ийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 (арван гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Г-т энэ тогтоолоор оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 40 хоногийн хорих ялыг өмнөх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 04 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Г-ийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 11 сар 14 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн цагдан хоригдсон 13 (арван гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Л.БААТАР