Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0034 |
Огноо | 2014-01-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2014/0034
2014 оны 01 сарын 15 өдөр Дугаар 34 Улаанбаатар хот
“Х’’ ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 468 дугаар шийдвэртэй “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад: Эрүүл мэндийн яам, "Х" ХХК-ийн хооронд хийгдсэн Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх БУА 13-01-01 дугаартай гэрээг хууль бусаар дангаараа цуцалсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2/3258 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө" гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Нэгдсэн ,эмнэлгийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх БУА 13-01-01 дугаартай гэрээг байгуулсан нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцсон. Энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д "хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл" гэж, мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д "хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн захиргааны шийдвэр" гэж заасанчлан Эрүүл мэндийн яам, “Х” ХХК-ийн хооронд захиалагч, гүйцэтгэгч гэсэн иргэний эрх зүйн харилцаа үүссэн.
Эрүүл мэндийн яам гүйцэтгэгч компани дээрх ажлыг чанартай гүйцэтгэж чадахгүй гэж үзэн иргэний эрх зүйн харилцаанд оролцогч захиалагчийн хувьд "Ажил гүйцэтгэх тухай гэрээ"-г иргэний хуулийн дагуу цуцалсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргаан биш тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасны дагуу хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргаж байна" гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны 468 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, "Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын ажил" БУА-13-01-01 дугаартай гэрээг цуцалсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр /2/3258 дугаартай албан бичиг/-ийг хүчингүй болгосугай гэжээ.
Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдолдоо: "Х" ХХК-ний нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 468 дугаар шүүхийн шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд хангаж, "Хэнтийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын ажил" БУА-13-01-01 тоот гэрээг цуцалсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр 2/3258 дугаар албан бичгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт заасан хуулийн зүйл, заалтыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.
“Х” ХХК нь Хэнтий аймгийн Спорт цогцолбор, Дадал сумын 100 хүүхдийн цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын барилга угсралтын ажлуудыг чанарын доголдолтой барилга барьдаг талаар Хэнтий аймаг дах Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/238 тоот тодруулга хүргүүлэх тухай албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлт, иргэд, орон нутгийн захиргааны болон ашиглагч байгууллагаас ирүүлсэн санал, гомдол зэргийг үндэслэн Эрүүл мэндийн яам болон “Х” ХХК-ний хооронд байгуулсан "Хэнтийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай" БУА-13-01-01 тоот гэрээг цуцалсан.
Дээрх гэрээг цуцалсан асуудал нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан "Ажил гүйцэтгэх тухай гэрээ" байгуулсан гэж үзэн Хэнтийн аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдах Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын ажил нь төсөвт өртөг, тусгай шаардлага өндөр, нарийн мэргэжлийн ажил тул “Х” ХХК нь уг ажлыг гүйцэтгэж чадахгүй тул урьдчилан сэргийлэх шинжтэй арга хэмжээ авч, нийтийн эрх ашиг зөрчигдөхөөс, дахин гарахаас, урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж, Иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн захиргааны шийдвэр гэж заасанчлан Эрүүл мэндийн яам болон "Х" ХХК-ний хооронд захиалагч, гүйцэтгэгч гэсэн иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Энэ асуудал нь иргэний журмаар буюу гэрээний эрх зүйн маргаан мөн тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэж байна.
Мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх шийдвэртээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан "хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох" гэсэн эрхэм зорилгод нийцэхгүй гэж дүгнэлт хийсэн.
Дээрх компанийн барьсан барилгаас болж орон нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн тул Эрүүл мэндийн яам буюу захиалагч тал Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгэгч байгууллага болох “Х” ХХК-тай байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-г үүний нэгэн адил урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлсэн болно.
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тендер шалгаруулалтын талаар өөр этгээд гомдол гаргаж байгаагүй байна гэж дүгнэсэн, мөн шүүхэд хэрэг хянагдаж байх явцад “Х” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс тендер сонгон шалгаруулалттай холбоогүй, зөвхөн гэрээ цуцалсан эсэх тухай, иргэний эрх зүйн харилцаа буюу гэрээний эрх зүйн маргааны талаар яригдсаар байтал тендерийн хорооны хуралдааны тэмдэглэл зэргийг дурдсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-д “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх" гэсэн хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яам болон миний бие дангаараа ашиг сонирхлын үүднээс бус хуульд нийцүүлж гэрээг цуцалсан, учир нь гүйцэтгэгч байгууллагын урьд гүйцэтгэж байсан ажлын чанарын доголдол илэрч энэ талаар тухайн орон нутгийн иргэд болон ашиглагч байгууллагаас ирүүлсэн санал, гомдол, дүгнэлт, тодруулга зэргийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу явагдсан.
Иймд дээрх асуудал нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн захиргааны шийдвэр тул “Х” ХХК-ний нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 88 дугаар зүйлийн 88.1.3-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 468 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байх боловч хууль хэрэглээний хувьд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Тендерийн үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ямар заалтыг зөрчиж “Х” ХХК-ийг шалгаруулсан талаар гэрээг цуцалсан шийдвэртээ заагаагүй бөгөөд зөвхөн Хэнтий аймагт өмнө барьсан барилгын ажлын чанар муу гэдэг үндэслэл гаргасан байна.
Нэхэмжлэгч байгууллагын зүгээс тухайн орон нутагт хэд хэдэн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан гэдгээ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөө бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт,өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх” энэ тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахыг хориглох, 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь хэсэгт “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 42.1.3 дахь хэсэгт “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор заасан байна.
Дээрхээс үзэхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болон гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөөтээгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” зэргийг Тендерийн үнэлгээний хороо шалгаруулалтын явцад харшлах шалтгаан байгаа эсэхийг тогтоох ёстой бөгөөд тийм үндэслэл байхгүй хэмээн үзэж тендерт шалгаруулсан байна.
Иймээс энэхүү тендерийн хувьд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн өмнө гүйцэтгэсэн барилгын чанарын асуудлаар хариуцагчийн зүгээс энэ гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.
Хариуцагч Төрийн нарийн бичгийн дарга “Х” ХХК-ийн гүйцэтгэж байсан “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын ажил”-ын гэрээг цуцлахдаа гэрээний үүргийн биелэлт болон гэрээний заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр цуцлаагүй ба харин энэ гэрээний гүйцэтгэлтэй холбоогүй өөр үндэслэлээр бие даан шийдвэр гаргаж байгаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх захиргааны акт мөн байна. Анхан шатны шүүх гэрээний эрх зүйн маргаан биш талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин шүүх энэхүү маргааны үйл баримтыг зохицуулахад шууд хамааралгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-г шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталсан байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.