Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 24

 

С.Ж-ийн нэхэмжлэлтэй, Д.М-т

холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00024/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

     Нэхэмжлэгч: С.Ж-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г

     Хариуцагч: Д.М-

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Г нарыг  оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 483 дугаар шийдвэртэй С.Ж-ийн нэхэмжлэлтэй Д.М-т холбогдох “худалдан авсан 7 тоот байрны гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулж,  тусгай зөвшөөрөлд  өгсөн 4 000 000 төгрөгийг  гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Д.М-ийн давж заалдах гомдлоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Ж-  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ам бүл 7, насанд хүрсэн 5 хүн ажилгүй байдаг юм. Тэднийгээ ажил орлоготой болгох талаар бодож явдаг өндөр настай хүн. Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэн Д.М- нь “Сувдан шоо” ХХК-ийн объект, тусгай зөвшөөрлийн хамт зарна гэхээр нь 2014 оны 02 дугаар сарын сүүлээр түүнтэй уулзаж ярилцаж, худалдан авахаар тохиролцсон. Объектыг кареоке, бар, цайны газрын зориулалтаар тохижуулсан байв. Уг гурван байрны объектыг нийтэд нь  30 000 000 төгрөгөөр, тусгай зөвшөөрлөө 9 000 000 төгрөгөөр, нийт 39 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 30 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 02-нд төлж дуусгасан. Үлдэгдэл 9 000 000 төгрөгийг миний нэр дээр тусгай зөвшөөрлийг шилжүүлсний дараа төлөхөөр тохиролцсон боловч Д.М- нь хүүхдүүд сургуульд явах гээд байна гэх шалтгаанаар 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 10 дугаар сар хүртэл 4 000 000 төгрөгийг авсан. Иймд Д.М-ээс 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх Бэрхийн гурван байрны эрхийн бичгийг авахаар Мөнгөнцэцэг, манай охин, бид гурав аймгийн төв дээр ирсэн. Тэгэхэд 7 дугаар байрны гэрчилгээ гараагүй, 8,9 дүгээр байрны гэрчилгээ гарсан. Тэр үед Мөнгөнцэцэг бид нараас 30 сая төгрөг авчихсан байсан. М-гээс 7 дугаар байрны гэрчилгээгээ яах  билээ гэхэд би таны нэрэн дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Эсвэл та хөөцөлдөөд өөрийн нэр дээрээ болгочих гэхэд нь чиний нэртэй юм чинь чи өөрөө болгож өг гэж хэлсэн. Тэгээд Бэрхэд очиход М-ийн нөхрийнх нь бие муу байсан учраас эд нар хот руу эмчилгээнд явсан. Тэгж байснаа нэг ирээд караокед байсан сандал, ширээ, тоног төхөөрөмжийг бүгдийг нь аваад явчихсан. Тэгээд манайх засвар хийгээд, бага сагаар тоног төхөөрөмж цуглуулсаар байгаад 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ажиллагаанд оруулаад үйл ажиллагаа явуулж байтал 10 сарын эхээр Мөнгөнцэцэг орж ирсэн. Миний тусгай зөвшөөрлийн хугацаа 11 сард дуусах болж байгаа. Би өөрийнхөө нэрэн дээр сунгуулья гэхээр нь би обьектийг чинь авч байгаа юм чинь өөрийнхөө нэр дээр авч болохгүй юу гэхэд хэцүү, би сунгуулж өгөөд гэрчилгээн дээрээ таны нэрийг захирал гэж тавиулна гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад 12 сарын эхээр хүрч ирээд би танд тусгай зөвшөөрлөө өгөхөө больсон, гурван байран дээрээ гурав, гурван сая төгрөг нэмлээ шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би эсвэл чи байраа буцааж аваад, мөнгийг маань эргүүлж өг гэхэд яах гэж байраа зарсан юм бэ хохь чинь гээд гараад явсан. Орой нь М хэдэн цагдаа дагуулж орж ирээд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлээд манайхыг хаалгасан. Тэгээд би маргааш нь аймгийн төвд ирээд хуулийн зөвлөгөө аваад, Золбоо гэдэг хүнтэй уулзахад тусгай зөвшөөрлийг зарж болдоггүй, шилжүүлж болдоггүй гэдгийг мэдэж авсан. Золбоо гэдэг залуу “та материалаа бүрдүүлээд ирвэл хурлаар оруулаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 3 сард тусгай зөвшөөрлөө авсан. Мөнгөнцэцэг архи, дарс ууж ирээд элдвээр хэлж, агсам согтуу тавьдаг. Эхлээд М-т 2.5 сая төгрөг өгсөн. Дараа нь 500.000 төгрөг, манай охиноос 2 сая төгрөг гээд манайхнаас нийт 4 сая төгрөг авчихаад байгаа юм.  9 сая төгрөгийг тусгай зөвшөөрөлд, 30 сая төгрөгийг байрны төлбөрт өгсөн. Одоо 7 дугаар байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгнө үү гэж хүсч байна. Мөн зүй бусаар авсан 4 сая төгрөгийг Мөнгөнцэцэгээс гаргуулахыг хүсч байна. 7 дугаар байрны ордероо өөрийн нэр дээр болгуулах, тусгай зөвшөөрөлд өгсөн 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 төгрөгөөр багасгаж байна. Д.М-ээс Хэнтий аймгийн Бэрх тосгоны 51 дүгээр байрны 7 тоотын ордерыг өөрийн нэр шилжүүлж, 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь С.Ж-ийн нэхэмжлэлд дурдсан нь бүгд худал юм. Надаас анх 39 000 000 төгрөгөөр 3 байрын маань худалдаж авахаар тохиролцоод 34 000 000 төгрөгийг надад өгсөн. Үлдсэн 5 000 000 төгрөгөөс зайлсхийж хууль бусаар надаас миний 7 дугаар байрыг авах гэж намайг олон сар чирэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Д.Ганхуяг нь надад холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан боловч Давж заалдах шатны шүүхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож намайг цагаатгасан. Нэхэмжлэгч К, А нар нь надтай байр худалдан авах гэрээ хийхдээ тусгай зөвшөөрлийн талаар огт яриагүй, уг зөвшөөрлийг мөнгөөр үнэлээгүй, зөвхөн үйл ажиллагаа явуулж байсан 3 байраа багцлаад 39 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тиймээс С.Ж- нь 5 000 000 төгрөгийг өгөөгүй тул би байрныхаа гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Би 5 000 000 төгрөгөө өгөөд байрныхаа гэрчилгээг шилжүүлж ав гэж олон удаа хэлж байсан. Тиймээс нэхэмжилж байгаа 14 000 000 төгрөг болон байрны гэрчилгээг шилжүүлэх ямар ч боломжгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анх 2014 оны  2 дугаар сарын 26-ны өдөр К гуайтай орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийсэн. 7 дугаар байрны гэрчилгээг тухайн үед шилжүүлээгүй. Учир нь Каж гуай дутуу 5 000 000 төгрөгийг өгөөгүй учраас ингээд явж байна. Хэрвээ 5 000 000 төгрөгийг өгчихвөл би 7 дугаар байрныхаа гэрчилгээг шилжүүлж өгөхөд бэлэн байна. Анх энэ хэд бүгдээрээ ирж манай үйл ажиллагаа явуулж байгаа газрыг хараад 40 сая төгрөгөөр зарна гэж байсныг тохиролцоод 39 сая төгрөгөөр авахаар болсон. К гуайгаас 34 сая төгрөгийг би цувуулж авсан. 31 500 000 төгрөгийг нь би гэр бүлийн хүнээ амьд сэрүүн байхад авсан. 1 сая төгрөгийг би гэр бүлийн хүнээ нас барсны дараа авсан. 1.5 сая төгрөгийг намар охиноо сургуульд явуулах гэж авсан. Ингээд нийт 34 сая төгрөг авсан. Одоо 5 сая төгрөг авах дутуу байна. Хэрвээ 5 сая төгрөгийг өгчихвөл би 7 дугаар байрныхаа эрхийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Би ямар нэг хүү, алдагдал тооцоогүй. Эсвэл би 7 номерын байраа суллуулж авах хүсэлтэй байна. 4 сарын 18-нд намайг хэлцэл хийсэн гээд байна. Би энэ үед Улаанбаатар хотод байсан учраас энэ нь хүчингүй гэж үзэж байна гэжээ. 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 483 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Хэнтий аймгийн Батноров сумын 7дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 07 тоотод байрлалтай, 50 м2 гурван өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч С.Ж-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Д.М-т даалгаж, нэхэмжлэгч С.Ж- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 10 000 000 төгрөг, шүүх хуралдааны явцад 2 000 000 төгрөг, нийт 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 228 000 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ээс 46 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ж-ид олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.М- давж заалдах гомдолдоо: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 483 тоот шүүхийн шийдвэрийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

С.Ж- нь 7 тоот байрын үнээс 5 сая төгрөг дутуу төлсөн учир уг байраа буцааж авах хүсэлтэй тул гомдол гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

Нэхэмжлэгч С.Ж- нь хариуцагч Д.М-т холбогдуулан худалдан авсан 7 дугаар байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх,  тусгай зөвшөөрлийг худалдан авахаар өгсөн 4 000 000 төгрөг нийт 14 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх хуралдаанд тусгай зөвшөөрөлд өгсөн 4 000 000 төгрөгийн  2 000 000 төгрөгөөс татгалзсан байна.

Хариуцагч Д.М-  С.Ж- нь 3 байрыг  нийтэд нь 39 000 000 төгрөгөөр худалдаж аваад 5 000 000 төгрөгийг өгөөгүй л тул 7 дугаар байрны гэрчилгээг шилжүүлээгүй  гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Ж- Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороонд байрлах 57 дугаар байрны 7,8,9 тоот байруудыг  нийтэд нь  30 000 000 төгрөгөөр, тусгай зөвшөөрлийг 9 000 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар 2014 оны 04 сарын 02 ны өдөр  хариуцагч Д.М-тэй хэлцэл хийжээ./хх 12-13/

Хариуцагч Д.М- нь 3 байрыг нийтэд нь  39 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх баримт хэрэгт байхгүй байна.

 Нэхэмжлэгч С.Ж-, хариуцагч Д.М- нарын хооронд хийсэн 2014 оны 04 сарын 02 ны өдрийн  хэлцэл нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр”..., мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т  “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл,холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх” зэрэг хуульд заасан  шаардлагыг хангаагүйгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Мөн С.Ж- Д.М- нарын хооронд хийсэн тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах  хэлцэл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх,барьцаалах зэргээр шилжүүлж үл болно” гэж хуулиар хориглосон хэлцлийг хийсэн нь Иргэний  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгч С.Ж- хариуцагч Д.М- нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө , болон тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах  хэлцэл нь хүчин төгөлдөр бус болсноос зохигчид уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол  үнийг төлөх  үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ж- нь  7,8,9 тоот байруудыг хариуцагч Д.М-т шилжүүлэх, хариуцагч Д.М- С.Ж-аас авсан 34 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр  боловч, зохигчид 8,9 дүгээр байрны талаар маргаагүй зөвхөн 7 дугаар байрны тухайд маргаан гарсан,нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүрээнд  хүчин төгөлдөр бус хэлцлээс гарах үр дагаврыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаж буй  7 тоот байрны үнийг хариуцагч Д.М- Хөрөнгө Эстимэйт ХХК-иар 8 000 000 төгрөгөөр үнэлүүлснийг нэхэмжлэгч С.Ж- маргаагүй, тусгай зөвшөөрөлд өгсөн 4 000 000 төгрөгийн  2 000 000  төгрөгөөс татгалзсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч С.Ж-аас  7 тоот байрыг гаргуулж Д.М-т, Д.М-ээс 10 000 000  төгрөгийг гаргуулж С.Ж-ад олгох нь зүйтэй.

Иймд  хариуцагч Д.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг  оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Д.М- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 206950 төгрөгийг төлөхөөс  70200 төгрөгийг төлсөн, зөрүү 136750 төгрөгийг нэмж  гаргуулж  улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 23 ны өдрийн 483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1.2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заас ныг баримтлан нэхэмжлэгч С.Ж-, хариуцагч Д.М- нарын  2014 оны 04 сарын 02, 18 ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө болон тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай. 
  2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ж-аас Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 57 дугаар байрны 07 тоот  3 өрөө байрыг гаргуулж хариуцагч Д.М-т , хариуцагч Д.М-ээс 10 000 000 төгрөгийг гаргуулж С.Ж-ад тус тус  олгосугай.
  3.   Нэхэмжлэгч С.Ж- нь тусгай зөвшөөрлийн  2 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсаныг дурдсугай.
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 228000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ээс 174950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ж-ид олгосугай.

 

Хоёр. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Д.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж. 136750 төгрөгийг нэмж гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

    ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                        Я.АЛТАННАВЧ