| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/00267/и |
| Дугаар | 155/ШШ2018/00267 |
| Огноо | 2018-02-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2018/00267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1987 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********** тоотод оршин суух, ********** дугаар регистртэй, Х овогт Д-ийн Н-ын
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1982 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* тоотод оршин суух, **************** дугаар регистртэй, Б овогт Б-ийн Т-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2018/00015/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Ттай 2004 онд танилцан үерхэж байх хугацаанд охин Н.Э 2005 онд төрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учир миний нэрээр овоглож гэрчилгээ авсан. 2007 оны 6 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор батлуулан, Эрдэнэт хотод хамт амьдарч байсан. Энэ хугацаанд Б.Т нь намайг хардан, хэрүүл маргаан үүсгэж, сүүлдээ зодож, ааш авир нь өөрчлөгдсөн тул 2014 оны 2 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байна. Охин маань одоо 12 настай бөгөөд миний асрамжид байдаг. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Н.Эгийн төрсөн эцгээр Б.Т мөн болохыг тогтоож, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н, бид хоёр 2004 онд танилцан үерхэж байх хугацаанд охин Э төрсөн. Албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарч байгаад зан харилцааны хувьд таарч тохирохгүй болж, хэрүүл маргаан гардаг байсан тул 2014 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байна. Цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Н.Эг эх Д.Наар овоглосон боловч миний хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Б.Т-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д.Н, Б.Т нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан хугацаагаар буюу 2014 оны 02 сараас тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид 2007 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр охин Н.Э төрсөн болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон №0049675-220 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн охин Н.Эгийн №0399362-278 дугаартай төрсний гэрчилгээ зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.Эг эх Д.Н-ын асрамжид үлдээж,
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй байхдаа охин Н.Эг төрүүлсэн ч тэрээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас охин Н.Эгийн төрсөн эцэг Б.Т мөн болохыг тогтоож, сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд охин Н.Э, эцэг Б.Ттай хэдийд ч уулзах эрхтэй болно.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.
Иймд Д.Н, Б.Т нарын гэрлэлтийг цуцлан, охин Н.Эгийн төрсөн эцэг Б.Т мөн болохыг тогтоож, эх Д.Н-ын асрамжид үлдээн, хариуцагч Б.Тас охин Н.Эд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.Э 12 нас 9 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ болох 182.600 төгрөгийг охин Н.Эд сар бүр хариуцагч Б.Т төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Н.Эд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.191.200 төгрөг болж байна.
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөг, бүгд 188.662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 188.662 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Д-ийн Н, Б овогт Б-ийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.Эгийн төрсөн эцэг Б овогт Б-ийн Т мөн болохыг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Н.Эг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Тас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 188.642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тас улсын тэмдэгтийн хураамж 188.642 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Над олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
w