Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/02808

 

 

 

 

 

 

 

 

       2017 оны 12 сарын 20 өдөр

  Дугаар 183/ШШ2017/02808

                Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Ч холбогдох

 

10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, түүний өмгөөлөгч С.Алтанцэцэг, хариуцагч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Бүрнээ, М.Алтанцэцэг, гэрч Г.Ч,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов. 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Б миний бие 2014 онд Г.Ч-д байр авахад нь урьдчилгаа болгож 10.000.000 төгрөгийг өгсөн ба 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн баталгаагаар 2017 оны 06 дугаар сарын 01-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч одоогийн байдлаар төлбөр төлөгдөөгүй байгаа ба чи шүүхэд ханд гэсэн учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь 2011 онд Г.Ч-ын охин Ч.Н-тэй гэр бүл болж, нэг хүүхдийн эцэг эх болцгоосон. Гэр бүл болсны дараа Г.Ч Б.Б ээж Т.З-ыг дуудан уулзаж, хоёр хүүхдээ тусдаа байртай болгомоор байна, ганц охиноо айлын бөөрөнд амьдруулмааргүй байна гэж хэлсэн байдаг. Ингээд Т.З гуай эцгээс нь үлдсэн байрыг тухайн үед 60.000.000 төгрөгөөр зарж, 30.000.000 төгрөгийг хүү Б.Баттөгсөд өгсөн гэдэг. Б.Б уг мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг Г.Ч өгөхөд охин Ч.Н-ийн нэр дээр машин авч, 10.000.000 төгрөгийг  байрны урьдчилгаанд гэж авсан. Учир нь Г.Ч өөрийн ажиллаж байсан компаниас байр захиалж байгаа, урьдчилгаанд 10.000.000 төгрөг өгөөд байр авна, та хоёр ажилгүй болохоор зээл олгохгүй, миний нэр дээр байрыг авна, гэхдээ энэ байр та хоёрын байр болно гэж хэлсэн. Түүнээс хойш буюу байр авснаас хойш гэрлэгчид салах болж шүүхэд маргаан үүсч хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудад ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй байсан байна. Яагаад гэвэл гэрлэгчдийн дунд гэрчилгээнээс өөр зүйл байгаагүй. Хэрэв өнөөдөр нэхэмжлэгчийн өмчлөлд байр очсон бол ийм асуудал үүсэхгүй байсан. Шүүхийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, охин Б.Б-г эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Гэрлэлт цуцлуулснаас хойш нэг удаа Г.Ч-н дүү Г.Ч  Б.Б-тэй уулзаж, Г.Ч охин Б.Б-г үрчлүүлээч гэж байна гэхэд нь зөвшөөрөөгүй.  Дараа нь Хан-Уул дүүргийн Бүртгэл мэдээллийн төвөөс та хүүхэд үрчлүүлэх хүсэлт өгсөн байна, өөрөө ирж гарын үсэг зур гэхэд нь гайхаад өргөдөл өгөөгүй гэхэд за ойлголоо гээд утсаа тасалсан гэдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа Г.Ч, Г.Ч нар Б.Б-тэй уулзаж, Г.Ч, охиныг надад үрчлүүлээч, хүүхдийн ирээдүйг бодмоор байна, чиний байрны урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг өгье, хүүхдийн тэтгэлэг авахгүй, нотариатаар орж баталгаажуулъя гэж хэлсэн байдаг. Б.Б ямар нэгэн санал санаачлага гаргаагүй, гэтэл хүүхэд үрчлүүлэхэд 10.000.000 төгрөг өг гэж дарамталсан мэтээр худал гүтгэж байгаад гайхаж байна. Баталгаа, батламж гэх бичгийг Г.Ч, Г.Ч нар бичиж ирсэн ба Б.Б гарын үсэг зурсан. Тухайн үед Г.Ч бэлэн мөнгө алга, 6 сарын дараа өгнө гэж хэлж, баталгаан дээр бичсэн. Гэтэл одоо мөнгийг өгөхгүй гэж өөр зүйл ярьж байна.  Б.Б Г.Ч охиндоо машин авч өгсөн 20.000.000 төгрөгийг нэхэмжлээгүй, зөвхөн байрны урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Б ээж Т.З байраа зарсан гэдэг нь тогтоогдсон, 60.000.000 төгрөгийг Б.Б дансанд шилжүүлсэн, Б.Б 30.000.000 төгрөгийг авсан гэдэг нь дансны хуулгын баримтаар тогтоогдож байгаа. Т.З гуай өмнөх шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн боловч шүүх хуралдаан хойшлогдсон. Тэрээр одоо АНУ яваад эзгүй байгаа. Явахаасаа өмнө өөрийн байраа зарсан, мөнгийг хүүдээ өгсөн, уг мөнгийг юунд зарцуулсан талаар болсон асуудлыг үнэнээр нь өөрөө бичиж, гарын үсгээ зурж, гарын үсгийн үнэн зөвийг нотариат гэрчилсэн, уг тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийн асуудал нь хүүхдийн тэтгэмжийг авахгүй байх, хүүхэд үрчлүүлсний төлөө хийсэн зүйл юм. Б.Б нь миний охин Ч.Н 2011 онд танилцаж, манай хашаа байшинд 3 жил, орон сууцанд 2 жил, нийт 5 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд би түүнээс огт мөнгө авч байгаагүй. Хэрэв авсан байсан бол түүнийг нь нотлох баримт байвал гаргаад ир, тэгвэл төлөхөд бэлэн байна. Гэхдээ тийм зүйл байхгүй. Мөн урьдчилгаанд 10.000.000 төгрөг өгсөн гээд байгаа орон сууцыг би өөрийн ажиллаж байсан Марко поло компаниас авсан. Б.Б, Ч.Н хоёр таарч тохирохгүй байна гээд шүүхээр орж, гэрлэлтээ цуцлуулсан. Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Охин Б.Б-ийн хувьд эцэг нь орхиод явсан, эх нь өвчтэй гээд байнга БНСУ явж эмчлүүлдэг, зээ охины ирээдүйд эхнэр бид хоёр маш их зовж, хэцүү байсан тул хүүхдийг үрчилж авахаар болж, дээрх баталгааг бичсэн. Батламжийг миний дүү Г.Ч бичсэн ба баталгааг нотариат орж бичсэн байх, би бичээгүй. Хүүхдийн тэтгэмж авахгүй гэдгийг зөвшөөрч байна. Харин хүүхэд үрчлүүлэх бичигт гарын үсэг зуруулсны төлөө өг гэж шаардаж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би эхлээд 10.000.000 төгрөгийг боломжтой үедээ өгье гэж бодож байсан нь үнэн, гэтэл тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, гэтэл намайг элдвээр хэлж, мөнгө өгөхгүй бол шүүхэд өгнө, байрыг чинь хураалгана гэж хэлэхэд нь миний уур хүрсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  нэхэмжлэгч Б.Б-өөс 10.000.000 төгрөгийг хэзээ ч авч байгаагүй бөгөөд түүнд төлөх ямар нэг өр төлбөр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгчийн шаардаж байгаа 10.000.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд хэрэглэхээр авсан мэтээр тайлбарлан нэхэмжлэл гаргаж байгаа учрыг тайлбарлахад бидний хооронд мөнгө төгрөг өгөлцөж авалцаж өр авлага үүсгэсэн асуудал огт байхгүй ба миний зээ охин Ч.Б-ээ үрчилж авахыг хүссэн хүсэл сонирхлын дагуу хүүхэд үрчилж авахад хуулиар тавигдсан шаардлага болох төрсөн эцгээс нь олгосон зөвшөөрөл хэрэгтэй болсноо хэлэхэд нэхэмжлэгч надад хоёр шаардлага тулгасан. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, хүүхэд үрчлүүлэхэд 10.000.000 төгрөг өг гэсэн. Тухайн үед зээ охиноо асрамждаа авахыг илүүтэй хүсч байсан тул тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Баталгаа гаргах нь” гэх эх загвар дээр гарын үсгээ зурсан юм. Нэгэнт хариуцагчаас хэзээ ч тийм мөнгө авч байгаагүй болохоор 10.000.000 төгрөгийг түүнд төлнө гэдэг худлаа. Уг баталгаа гэх баримт нь анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдэг нь бүх нотлох баримтаар нотлогдоно. Миний бие ахлах геологич мэргэжилтэй зөвлөх хийдэг ба М.П ХХК-иас өөрийн цалин орлогоор байраа худалдаж авсан бөгөөд амьдралдаа хүрэлцэхүйц хангалттай орлоготой байдаг тул нэхэмжлэгчээс байр авахад зориулж 10.000.000 төгрөг зээлж авах ямар ч шаардлага байхгүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “батламж гаргах” нь гэх бичвэрийг Г.Ч дүү Г.Чи бичиж, Б.Б-өөр гарын үсэг зуруулж, улмаар Г.Ч, Б.Б нар мөн өдрөө нотариат орж, “баталгаа гаргах нь” бичгийг үйлдэж гарын үсэг зурсан.  Энэ баталгааг нотариат дээр хийсэн бөгөөд нотариат баталсан. Б.Б нь яагаад Г.Ч-д 10.000.000 төгрөг өгсөн гэхээр өөрийн компаниас байр захиалж байгаа, та хоёрыг орон сууцтай болгож өгнө гэж хэлсэн болохоор л өгсөн. Б.Б болон Г.Ч нар нь яагаад энэ баталгаа, батламж дээр гарын үсгээ зурсан талаар өмнө нь зөндөө тайлбарласан. Байрны урьдчилгаа төлбөрийг 5 жилийн өмнө өгсөн, яагаад 5 жилийн дараа баталгаа гэх баримтыг үйлдсэн гэхээр тухайн үед хариуцагч нь хадам аав нь байсан бөгөөд гэр бүлийн гишүүд байсан учраас тухайн үедээ ямар нэг баримт үйлдээгүй юм. Уг баталгаа нь хууль зүйн хүрээнд хийгдсэн. Тиймээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Ч-ын төрсөн дүү юм. Б.Б, Ч.Н нарын дундаас төрсөн хүүхдийг үрчлэх асуудлыг хөөцөлдөөд өгөөч гэж намайг Г.Ч ах гуйж байсан. Хүүхэд үрчлүүлэх болон хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн асуудал яригдсан. Хүүхдийн тэтгэлэг төлөх талаар энэ хоёр бас өөр баримт үйлдэж байсан. Хүүхэд үрчлүүлэх асуудал үүсэхэд Г.Ч-аас Б.Б мөнгө нэхсэн. Тэгээд хоорондоо өгч авах талаар ярьсан. Ингэхдээ хүүхдийн төлбөр өгөхгүй гэж гарын үсэг зуруулж өгөөч гэсний дагуу би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ...Батламж гаргах нь... гэсэн баримтыг гараараа бичиж энэ  хоёр гарын үсэг зурсан. Г.Ч, Б.Б хоёр цаашаа өөр өрөөнд орж ярилцсан. Тэнд юу ярьж, ямар баримт үйлдсэн талаар би мэдэхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

   Б.Б нь Г.Ч-д холбогдуулан 10.000.000 төгрөг гаргуулах, Г.Ч Б.Б-д холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг тус тус гаргажээ.

   Шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

  Б.Б 2011 онд Г.Ч-ын охин Ч.Н-тэй гэр бүл болж, нэг хүүхдийн эцэг эх болж хамтран амьдарч байсан байх ба таарч тохирохгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулж, охин Ч.Б-г эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1240 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

     Нэхэмжлэгч Б.Бс нь Ч.Н хамт амьдарч байх хугацаанд хадам аав Г.Ч хоёр хүүхдийг тусдаа орон сууцтай болгох үүднээс өөрийн нэр дээр компаниас байр авсан гэх бөгөөд Б.Б-ийн ээж Т.З өөрийн 3 өрөө орон сууцыг 60.000.000 төгрөгөөр зарж, хүү Б.Б-д 30.000.000 төгрөг өгснөөс 10.000.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд өгсөн, улмаар гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломгүй болж, гэрлэлтээ цуцлуулснаас урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг буцаан авахаар болсон гэж тайлбарлан 10.000.000 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шардлагаа дэмжиж байна.

 

     Харин хариуцагч Г.Ч Б.Б-сийн нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийн асуудал нь хүүхдийн тэтгэмжийг авахгүй байх, хүүхэд үрчлүүлсний төлөө хийсэн зүйл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Г.Ч М.П ХХК-тай орон сууц эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээг 2012 оны 12 дугаар сарын 28-нд байгуулсан байх бөгөөд компани ажилтанд орон сууцны үнээс 70 хувийн хөнгөлөлт үзүүлж, 22.661.100 төгрөг төлөх уг мөнгөнөөс 10.961.100 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө, үлдэх 11.700.000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 9 сарын хугацаанд төлөхөөр тохирсон байна.

 

Б.Б, түүний ээж Т.З нар улсын бүртгэлийн Ү-.......дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ......... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч байсан байх ба 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бусдад худалдсан, 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 60.000.000 төгрөг Б.Б-н Хаан банкны ...... тоот дансанд орсон болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Б.Б-ийн Хаан банкны ..... дугаартай хадгаламжийн дэвтэрээр нотлогдож байна.

 

   Ч.Н, нөхөр Б.Б-тэй нар таарч тохирохгүйн улмаас шүүхэд хандаж, шүүхээс тэдний гэрлэлтийг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цуцалж шийдвэрлэсний дараа Б.Б, Ч.Н нарын  дундаас төрсөн охин Б.Б-г Ч.Н-ийн эцэг Г.Ч үрчилж авах, үрчлүүлснээр шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг хэрхэх, улмаар гэр бүл болж хамт амьдрах хугацаанд орон сууцны урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаах эсэх талаар зохигчдын хооронд маргаан гарсан гэж үзэхээр байна.

 

   Учир нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Г.Чинбат хүүхэд үрчлүүлэх асуудлаар дүү Г.Ч-ээр дамжуулан уулзаж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.Ч, Б.Б нар батламж, баталгаа гаргах нь гэх баримтуудыг үйлджээ.

 

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “батламж гаргах нь” гэх баримтад... шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан боловч зээ охин  Баттөгсийн Б-г Г.Ч үрчилж авснаар хүргэн Б.Б-өөс хүүхдийн тэтгэмж авахгүй гэдгээ батламжиж байна гэж, мөн өдрийн “баталгаа  гаргах нь” гэх баримтад... Г.Ч-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ....... өрөө орон сууцыг худалдан авахад Б.Б нь 10.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгч байсан. Г.Ч миний охин Ч.Н болон Б.Б нар нь хуулийн дагуу гэр бүлээ цуцлуулсан, охин Б.Бөртэ-Үжин Г.Чинбат надад үрчлүүлэн өгсөн тул орон сууцны урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний дотор Б.Б буцаан төлнө. Г.Ч нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний дотор 10.000.000 төгрөгийг Б.Б-д төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

   Дээрх баталгаанаас дүгнэж үзэхэд өмнө үүссэн үүргийн харилцаа буюу 10.000.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд авснаа Г.Ч хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т... Нэгэнт ,үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан хуулийн заалттай нийцэж байна гэж үзэв.

 

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулж, хуулийн дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хүүхдийг Ч.Н-гийн эцэг Г.Ч үрчилж авснаар эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзснаа батламжид дурджээ.

 

  Хариуцагчийн өмгөөлөгч 10.000.000 төгрөгийг 2011 онд өгсөн гэж үзэхэд Иргэний хуулийн 75.2.1-т... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байх боловч мөн хуулийн 82.2-т... Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан дагуу шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Г.Ч нь Б.Б-г хүүхэд үрчлүүлэхэд 10.000.000 төгрөг өг гэж зээ охиноо үрчлэн авах хүсэл зоригийг ашиглан тулган шаардаж, Монгол улсад мөрдөж буй хүүхэд үрчлүүлэх, үрчилж авахыг зохицуулсан хуулийг заалтыг зөрчсөн тул “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн хариуцагч Г.Ч-с 10.000.000 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Б.Б-д холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Г.Ч-тын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ч-аас 10.000.000 төгрөг гаргуулж Б.Б-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-д холбогдуулан “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Г.Ч-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 174.950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдгийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Г.Ч-аас 174.950 төгрөг гаргуулж Б.Б-д олгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ДАВААСҮРЭН