Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2018/00227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************** багт оршин суух, ************* дугаар регистртэй, эмэгтэй, Б овогт Л-ийн Ц-ийн

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймгийн *************** багт оршин суух, ***************дугаар регистртэй, Х овогт Э-ийн Хд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгонхамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2017/01466/и дугаар индекстэй иргэний хэрг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хариуцагч Э.Х нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Э.Хтай 2008 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдрах болсон. Би том охин Нээ 2007 онд төрүүлсэн байсан. Бидний дундаас 2010 онд бага охин Х.С маань төрсөн. Нөхөр Э.Х архи уух дуртай, архи уухаар агсам зантай болж, хэрцгий авир гарган, намайг болон хүүхдүүдээ байнга айлган сүрдүүлж, хутга, буу зэвсэг барин энийг ч ална, тэрийг ч ална гэж орилж хашгирч байдаг. Тэр ч бүү хэл нэг бус удаа орондоо буу тавьж байсан. Намайг жирэмсэн, төрөөд удаагүй байхад ч хөх няц болтол зодож байсан. Тэр болгонд цагдаад хандах гэхээр Э.Хгийн уур бухимдлыг улам хүргэх болов уу гэж айж, тэвчиж байсан. Гэр бүл байнгын хэрүүлтэй, үр хүүхдүүд минь, би өөрөө ч байнгын айдастай амьдарсаар бид удаж байна. Бодож төсөөлөхөд, хүнд хэлэхэд ч бэрх бие сэтгэлийн шаналал зовиур байнга үүсгэж, намайг гутаан доромжилж байсанд үнэхээр их гомдож явдаг. Энэ мэт Э.Хгийн зүй бус үйлдэл, харгис хэрцгий зан авир миний болоод, охидуудын минь амь нас эрүүл мэндэд хохирол учруулж, цаашлаад хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохоор байх тул гэрлэлтээ цуцлуулж, 2 охинтойгоо амар жимэр амьдрахыг хүсэж байна. Мөн бид гэр бүл болоход Э.Х 5 ханатай гэрээ барьж, доторхи эд хогшил, тавилгыг хоёр талаасаа авч нийлж байсан. Манайх 2016 онд мал тооллогоор 501 ямаа, 15 үхэр тоолуулсан байсан. Иймд Э.Х бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид үлдээн, том охин Н, бага охин С нарт тэтгэлэг тогтоолгоно. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хувийг гаргуулж өгнө үү. Хөрөнгийг дараах байдлаар үнэлэв. Үүнд:

-Эр ямаа 100 толгой*50.000 төгрөг 5.000.000 төгрөг,

-Эм ямаа 100 толгой*30.000 төгрөг 3.000.000 төгрөг,

-Борлон ишиг 75 толгой*15.000 төгрөг 1.125.000 төгрөг,

-Тугалтай үнээ 4 толгой*500.000 төгрөг 2.000.000 төгрөг,

-Бяруу 3 толгой*150.000 төгрөг = 4.500.000, бүгд 15.625.000 төгрөгийн үнэ бүхий мал,

-Гэрт татдаг хивс 4 ширхэг*50.000 төгрөг = 200.000 төгрөг,

-Телевизор 1 ширхэг*180.000 төгрөг = 180.000 төгрөг,

-Нарны толь зай хураагуур 1 ширхэг*250.000 төгрөг = 250.000 төгрөг,

Суурин утас 1 ширхэг*50.000 төгрөг 50.000 төгрөг,

-Орны хивс 2 ширхэг*30.000 төгрөг = 30.000 төгрөг,

-Дэвсгэр хивс 5 хос = 350.000 төгрөг,

-Гэрийн хананд хаддаг 6 метр хивс 2 ширхэг*40.000 төгрөг 80.000 төгрөг,

-Авдар 2 ширхэг*50.000 төгрөг = 100.000 төгрөг,

-Гал тогооны тавиур 1 ширхэг*30.000 төгрөг = 30.000 төгрөг, нийт 1.270.000 төгрөгийн үнэ бүхий нийт эд хөрөнгийн үнэ 16.895.000 төгрөг болно гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Бид эд хөрөнгийн талаар маргаангүй болсон. Нэхэмжлэх эд хөрөнгө байхгүй. Өмч хөрөнгөө очиж авсан. 16.895.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаас татгалзаж байна. Мөн Э.Хтай охин Нт тэтгэлэг авахгүй гэж тохирсон. Иймд гэрлэлт цуцалж өгнө үү. Охин Сд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Хоёр охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй тул үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э. Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ц бид хоёр 2008 онд гэр бүл болж тусдаа гарсан. Охин Н нь ээж Л.Цийг дагаж ирсэн ба бидний дундаас 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр охин Х.С төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаандаа хааяа Л.Цид гар хүрдэг байсан минь үнэн. 2017 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ, Л.Ц бид хоёр ярилцаад том охин Нт хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж тохирсон. Харин бага охин Сд хүүхдийн тэтгэлэг төлнө. Дундын хөрөнгөөс Л.Ц 173 тооны ямаа, 5 үхэр болон нэхэмжлэлд бичсэн гэр доторх эд зүйлээ бүгдийг авсан. Үүнээс суурин утсыг манай аавд өөрөө үлдээж, нарны толио хавар ирж авахаар тохиролцсон. Л.Ц-ийн аав нь ирээд малаа туугаад явсанэд хөрөнгөө хувааж авсан учир одоо маргаангүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Э.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Э.Х нь эхнэр Л.Цийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зодож, биед нь хөнгөн хохирол учруулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа, гэр бүлдээ хүндэтгэлтэй ханддаггүй байдал, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2008 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Монгол улсын иргэн РД: ************: Нөхрийн: Овог Х, Эцэг /эх/-ийн нэр: Э, Нэр: Х, анхны, Монгол улсын иргэн РД: *************: Эхнэрийн: Овог Б, Эцэг /эх/-ийн нэр: Лхагвасүрэн, Нэр: Ц, анхны, нарын 2008/02/24-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 18-рт 2008/06/12-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000439 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Х.Н 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, хамтран амьдрах хугацаанд 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр охин Х.С нар төрсөн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/000441 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, №0000949912-74/29 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Х.Н, 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Х.С нарыг эх Л.Ц-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Э.Хгаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж Х.Сыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь охин Х.Нт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдаж байна.

Иймд Л.Ц, Э.Х нарын гэрлэлтийг цуцалж, охин Х.Н, Х.С нарыг эх Л.Ц-ийн асрамжид үлдээн, хариуцагч Э.Хгаас охин Х.Сд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Х.С 7 нас, 9 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг охин Х.Сд сар бүр эцэг Э.Х төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Х.Сд сар бүр төлөх тэтгэлэг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Л.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 200.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, бүгд 99.734 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Ц шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хариуцагч түүнийг байлцлуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Б овогт Л-ийн Ц, Х овогт Э-ийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Х.Н, 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Х.С нарыг эх Л.Ц-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Х.Сыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Э.Хгаас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь охин Х.Нт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Э.Х, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.Ц нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Хгаас улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Цид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА