| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/00160/и |
| Дугаар | 155/ШШ2018/00160 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2018/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1988 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** тоотод оршин суух, **********дугаар регистртэй, ************ овогт Б-ын Д
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багт оршин суух, ************** дугаар регистртэй, эрэгтэй, Ш овогт Д-ийн Д-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2017/01468/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр болох Д.Д-тэй 2004 онд танилцаж, 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулан хамт амьдарсан. Энэ хугацаанд 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүү Д.Т, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр охин Д.А нар төрсөн. 2014 онд хоёр хүүхдээ аймгийн төвд цэцэрлэгт оруулж, би өөрөө айлын хүүхэд харах, Нэмэн шатахуун түгээх станцад ажилд орсон бөгөөд энэ үеэс хардаж сэрдэн, бид үзэл бодол зан харилцааны хувьд таарч тохирохгүй болж хэрүүл маргаан гарах болсон тул 2014 оны 04 сараас тусдаа одоог хүртэл амьдарч байна. Хүүхдүүд маань надтай хамт байгаа бөгөөд Д.Дээс 2016 онд 9 үхэр, хонь ямаа нийлсэн 110 тооны мал, гэрээ авсан. Одоо Д.Д нь өөр хүнтэй гэр бүл болж, Улаан-Уул суманд амьдарч байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Д.Т, охин Д.А нарыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлгийн талаар Д.Д нь сар бүр тодорхой хэмжээний мөнгө 2 хүүхдийн нэр дээр дансанд хийж, мөн өвөл хүнсний мах өгч байхаар бид тохирсон. Гэвч хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Д бид хоёр 2004 онд танилцаад, 2006 онд гэр бүл болсон. 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүү Д.Т, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр охин Д.А нар төрсөн. 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Миний бие одоо өөр хүнтэй гэр бүл болсон тул цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Т, охин А нарыг эх Д асрамжид үлдээж, хоёр хүүхэддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Д-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.Д, Д.Д нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан
хугацаагаар буюу 2014 оны 04 сараас тусдаа амьдарч байгаа, хариуцагч Д.Д хамтран амьдрагчтай болсон, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон №0042220 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүү Д.Т, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр охин Д.А нар төрсөн болох нь №0399849/19 дугаартай, №0000740671/59 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, харилцан тохиролцсон байдал, хүү Д.Тын санал зэргийг харгалзан 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Т, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Д.А нарыг эх Б.Д асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Д.Дээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд хүү Д.Т, охин Д.А нар нь эцэг Д.Д-тэй хэдийд ч уулзах эрхтэй болно.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж байна.
Иймд Б.Д, Д.Д нарын гэрлэлтийг цуцалж, хүү Д.Т, охин Д.А нарыг эх Б.Д асрамжид үлдээн, хариуцагч Д.Дээс хүү Д.Т, охин Д.А нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Т 7 нас, 11 сар, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Д.А 5 нас 8 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөг, нийт 173.500 төгрөгийг сар бүр хариуцагч Д.Д төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Д.Т, охин Д.А нарт сар бүр төлөх тэтгэлэг 173.500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход нийт 2.082.000 төгрөг болж байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Б.Д эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 48.260 төгрөг, нийт 118.460 төгргөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дээс улсын тэмдэгтийн хураамж 118.460 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Д.Дийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй, нэхэмжлэгч түүнийг байлцлуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ************ овогт Б-ынД, Ш овогт Д-ийн Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Т, 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Д.А нарыг эх Б.Д асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Тыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Д.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Дээс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Д нарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 118.460 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА