Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1281

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч У.Анхжаргал,

насанд хүрээгүй хохирогч Г.Э-,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Ганболд,

шүүгдэгч ___ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Лийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108023731524 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *****

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч А.Л нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн -- дугаар хороо, -- тоот хашааны гадна орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй Г.Э-ыг хазаж, улмаар биед баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүрийн хугарал, баруун тавхайн шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “_____” гэв.

Эрүүгийн 2108023731524 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Г.Эы: “...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой ...Сонгинохайрхан дүүргийн -- дугаар хороо, -- тоотод очсон юм. Тухайн гэр нь найз охин Зийн төрсөн ахын гэр ба гэрт нь төрсөн ах нь эхнэр хүүхэдтэйгээ байсан ба би гэрт нь хоол унд идээд жоохон юм ярьж сууж байгаад 21 цаг 30 минутын орчим гэрээс нь гараад алхаж байтал хойд талын айлын хаалга нь онгорхой машин орж байсан ба тэр машиныг нь тойроод тухайн айлын хаалганы хажуугаар нь явж байтал гэнэт банхар нохой гарч ирээд миний цамцнаас хазаад, дээр гараад унагачихаад миний баруун гуяны дотор талд нь хазахаар нь би цохиод тавиулсан чинь миний баруун хөлнөөс хазаж зуураад тавихгүй, сэгсрээд байсан. Тэгээд миний хөлийг зуучихсан болохоор би хөлөө тавиулж чадахгүй орилсон юм. Тэгээд орилж, орилж нэг юм тухайн айлын эзэн нь гээд нэг эрэгтэй хүн гарч ирээд бөөн юм болж байж нохойгоо тавиулсан юм. Тэгээд би тэр ахад хандан “Танай нохой намайг хазчихлаа миний хөл биш болчихлоо” гэж хэлсэн. ...Тэр айлын банхар нохой нь миний баруун гуяыг хазсан, баруун хөлийг хазаж сэгсрээд баруун хөлний чигчий хурууны савхан ясыг хугалсан. Зүүн хөлний шилбэ орчим хумсаараа зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-9-10),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___ дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1.Г.Э-ы биед баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүрийн хугарал, баруун тавхайн шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ (хх-17-18),

Гэрч Д.А-ын: “...Манай найз А.Лийн халтар өнгийн уугуул төвд банхар байдаг юм. ...Ямар ч байсан 7 хоногийн 3 өдөр нохойндоо хоол өгдөг ба Лийн нохой нь байнга хашаандаа уяатай байж байдаг юм...” гэх мэдүүлэг (хх-71),

Шүүгдэгч А.Лийн яллагдагчаар өгсөн: “...эхнэр Г машинаас буугаад хашааны хаалга онгойлгох үед манай нохой хашаанаас гараад явчихсан юм. Тэгэхээр нь би машинаас буугаад зүүн талын хашаа руу орчихлоо гэж бодож байтал гэв гэнэт машины ард нэг хүүхэд нохойгоо аваач ээ гээд орилохоор нь харахад нэг хүний баруун талын хөл хэсгээс нь зуучихсан байхаар нь очоод салгаад буцаагаад хашаандаа оруулаад уячихсан юм...” гэх мэдүүлэг (хх-66-67) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Л нь 2021 оны 10 дугаар сарыын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн -- дугаар хороо, -- тоот хашааны гадна орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй Г.Эг хазаж, улмаар биед баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүрийн хугарал, баруун тавхайн шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Г.Э-ны: “...гэнэт банхар нохой гарч ирээд миний цамцнаас хазаад, дээр гараад унагачихаад миний баруун гуяны дотор талд нь хазахаар нь би цохиод тавиулсан чинь миний баруун хөлнөөс хазаж зуураад тавихгүй, сэгсрээд байсан. Тэгээд миний хөлийг зуучихсан болохоор би хөлөө тавиулж чадахгүй орилсон юм. Тэгээд орилж, орилж нэг юм тухайн айлын эзэн нь гээд нэг эрэгтэй хүн гарч ирээд бөөн юм болж байж нохойгоо тавиулсан юм. ...Тэр айлын банхар нохой нь миний баруун гуяыг хазсан, баруун хөлийг хазаж сэгсрээд баруун хөлний чигчий хурууны савхан ясыг хугалсан. Зүүн хөлний шилбэ орчим хумсаараа зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-9-10), шүүх эмнэлгийн ___ дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1.Г.Э-ны биед баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүрийн хугарал, баруун тавхайн шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх шинжилгээ (хх-17-18), гэрч Д.А-ын: “...Манай найз А.Л-ийн халтар өнгийн уугуул төвд банхар байдаг юм. ...Ямар ч байсан 7 хоногийн 3 өдөр нохойндоо хоол өгдөг ба Л-ийн нохой нь байнга хашаандаа уяатай байж байдаг юм...” гэх мэдүүлэг (хх-71), шүүгдэгч А.Л-ийн яллагдагчаар өгсөн: “...гэнэт машины ард нэг хүүхэд нохойгоо аваач ээ гээд орилохоор нь харахад нэг хүний баруун талын хөл хэсгээс нь зуучихсан байхаар нь очоод салгаад буцаагаад хашаандаа оруулаад уячихсан юм...” гэх мэдүүлэг (хх-66-67) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч орчиндоо аюул учруулж болох өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг хашааны үүдэнд хохирогч Г.Э-ыг хазсаны улмаас биеийн эрүүл мэндэд нь баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүрийн хугарал, баруун тавхайн шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “________” гэж,

шүүгдэгч “_________” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” -ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Аийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лийг 6 /зургаа/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР