| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00093/И |
| Дугаар | 155/ШШ2018/00292 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2018/00292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** оршин суух, Х овогт Ц-ы Б /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** оршин суух хаягтай, Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа Х овогт Д-ийн Б /*********/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц овогтой Б нь Даш овогтой Бтай 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 4 хүүхэд төрсөн. 2012 онд бага хүү Тг маань төрснөөс хойш Д.Б нь гэртээ ирэхээ больж тусдаа амьдардаг болсон. Д.Б нь Улаанбаатар хотод амьдардаг юм.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дээд талын гурван том хүүхэд маань насанд хүрсэн. Бага хүүхдээ би өөрийн асрамжинд авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидний дунд эд хөрөнгөний маргаан байхгүй гэв.
Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Б нь Ц.Бгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг
гаргаж байна. Би Ц.Бтай 1988 онд гэр бүл болсон бөгөөд хамтын амьдралын жилүүдэд буюу 2012 он хүртэл бидний дундаас 3 хүүхэд төрсөн нь үнэн. Бид хоёр зан харьцааны хувьд таарамжгүй болж 2012 оноос хойш тусдаа ирж очин амьдрах болсон. Манай бага хүү Т нь 2012 оны 3 сард төрсөн бөгөөд эхнэр бид хоёрыг тусдаа амьдрах болсноос хойш гарсан учраас би бага хүүгээ миний хүүхэд биш гэж хэлж байсан удаатай. Би өөрийн биеийн эрүүл мэндийн байдлаас Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгийн дотрын тасагт байнгын хяналтанд байдаг, 2-3 сар тутам үзүүлж эмчилгээ хийлгэдэг бөгөөд ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, нааш цааш явах хөрөнгө мөнгөний боломж муутай, мөн унаа машинаар нааш цааш явах чадваргүйгээс болоод одоо Улаанбаатар хотод Нийтийн байрны сахиул хийж амьдардаг. Эхнэр Ц.Б нь гэрлэлтээ цуцлуулж хүү Тг өөрийн асрамжинд авч надаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлснийг би хүлээн зөвшөөрч байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Тг эх Ц.Бгийн асрамжинд үлдээж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Хариуцагч Д.Б нь шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч Ц.Б нь түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх саналыг гаргасан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Бид холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч Д.Б нар нь 1988 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 4 хүүхэд төрсөн ба хүү Б.Т 2012 онд төрсөн болох нь
Тухайлбал: Хэрэгт авагдсан 2012 оны 03 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Х овогт Бийн Т /**************/-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон 254 дугаартай ... БНМАУ-ын иргэн 1967 онд төрсөн Даш овогтой Б, БНМАУ-ын иргэн Ц овогтой Б нар нь 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсон учир иргэний гэр бүлийн бүртгэлд 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэв ... гэх Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүний их эмч н.Тогтохсүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б овогтой Т нь 5 настай, эрэгтэй, эрүүл гэх эмнэлгийн тодорхойлолт, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч уригдсан тал болох Д.Б нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Д.Б, Ц.Болрмаа нарын гэр бүлийг цуцлаж хүү Б.Тг эх Ц.Бгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Гэрлэгчид сүүлийн 6 жил хамтран амьдраагүй, гэрлэгчдийн амьдарлын нөхцөл байдал зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Хариуцагч Д.Б нь хүү Б.Тг эх Ц.Бгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон гэсэн бөгөөд гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй болохыг дурдаж дээрхи асуудлаар маргаан гарвал зохигчид шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ц.Б нь гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөх ёстой байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Баас гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Д-ийн Б /*********/, Х овогт Цы Б /*******/ нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Бийн Т /************** /-ийг эх Ц.Б-гийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА