Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/06

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ С.******* Шүүгдэгч Б.Ам- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр 201713010014 дугаартай Б.Ам-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Булнай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл-3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн Ба-гийн Ам-. /РД:ИГ********/

Шүүгдэгч Б.Ам- нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны шөнө 03 цагаас 03 цаг 40 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан Уул багийн нутагт иргэн Б.*******ыг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасныг баримтлан яллагдагч ******* овогт Ба-гийн Ам-д холбогдох эрүүгийн 201713010014 дугаартай хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж, шүүхийн тогтоолыг прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарт танилцуулж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэргийг, эд мөрийн баримтаар ирүүлсэн Б.Ам-гийн хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, цагаан өнгийн футболк 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, урд энгэр нь саарал оруулгатай хөх өнгийн босоо захтай ширмэл куртик 1 ширхэг, бор өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн савхин бээлий 1 хос, хар өнгийн малгай 1 ширхэг, бор шаргал өнгийн хилэн богино түрийтэй гутал 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, Б.*******ын өмсөж явсан хувцаснууд болох хар ногоон өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, ногоон өнгийн хос оймс , цагаан өнгийн хос оймс, хар өнгийн савхин бээлий 1 хос, хар өнгийн төмөр аралтай тэлээ 1 ширхэг, бор өнгийн түрийтэй өвлийн хос гутал, ногоон өнгийн ханцуйгүй футболк 1 ширхэг, саарал даавуун хөвөнтэй өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, Боргио пивоны хоосон сав 2 ширхэг, кола ундааны хоосон сав 1 ширхэг, ерөөл архины 0.75 литрийн хоосон шил 2 ширхэг, Три медведь пивоны хоосон сав 2 ширхэг, саарал өнгийн малгай 1 ширхэг, сандлын хөлний хугархай мод 1 ширхэг, улаан цоохор өнгийн стакан 1 ширхэг, шаргал өнгийн сэнжгүй стакан 1 ширхэг, жалам хар нэртэй 0.5 литрийн пивоны хоосон лааз 2 ширхэг, Хараа нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэгийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслахад даалгаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ам-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б. би, тус сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Сум дундын шүүхээс эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр дараах үндэслэлээр прокурорт буцаажээ. Үүнд: 1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ам-гийн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 145-р хуудас/”... хар өнгийн савхин бээлий 2 хос, уг бээлийний ар хэсэгт цус мэт хүрэн өнгийн бохирлогдсон ....” гэж тэмдэглэсэн. Мөн 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б.Ам-гийн хувцсыг хураан авсан тэмдэглэл /1-р хх 145-р хуудас/”... хар өнгийн савхин бээлий 2 хос, уг бээлийний ар хэсэг цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон..” гэж тус тус тэмдэглэжээ. Гэтэл шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3056 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Б.Ам-гийн гэсэн бичигтэй бор өнгийн цаасан хайрцганд хийсэн хувцаснуудыг ирүүлэв” “... Харөнгийн савхин бээлийн нүдэнд харагдах толбо бохирдолгүй ...”, “... Хар өнгийн савхин бээлий зэрэгт урвал явагдаагүй тул цус илрээгүй гэж дүгнэлт өгөх үндэслэл болов...” гэж, 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 5/13 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээрт” ... хос хар өнгийн савхин бээлий/ ар хэсэгт монгол үсгээр бичсэн/...” зэргийг шилжүүлсүгэй. /хавсралтаар гаргав./ гэж тэмдэглээд /4-р хх-н 243-р хуудас/ шинжилгээнд явуулахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 26- ны өдрийн 9378 дугаар шүүхийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйл хэсэгт “... Ам-гаас хураан авсан гэх 10 ширхэг хувцсанд үзлэг хийв. 7 дугаарт: хос хар өнгийн савхин бээлий-толбогүй, гадаргуу жигд биш үрчийсэн, ..” Дүгнэлт хэсэгт: 1-т “... нэг хос хар өнгийн савхин бээлийнд цус илрээгүй ...” гэж тус тус дүгнэжээ. Шинжилгээний байгууллагад явуулсан тогтоолдоо хос хар өнгийн савхин бээлий ......... монгол үсгээр бичсэн/...” /хавсралтаар гаргав/ гэсэн боловч хавтаст хэрэгт ......... буюу хавсаргасан ямар нэгэн баримт байхгүй, шинжилгээний байгууллага хүлээн авч, дүгнэлт гаргахдаа савхин бээлий-толбогүй, гадаргуу жигд биш үрчийсэн гэж тэмдэглэсэн нь шинжилгээнд явуулсан бээлийний шинж байдалтай тохирохгүй байгаа зэргээс дүгнэхэд шүүхийн шинжилгээний байгууллагад явуулж, шинжээчийн дүгнэлт гаргахад эх сурвалж болсон эд мөрийн баримт нь мөн эсэх, эд мөрийн баримтаар хураагдсан бээлийний шинж байдалд өөрчлөлт орсон шалтгаан нөхцөл зэрэг ойлгомжгүй эргэлзээтай нөхцөл байдал бий болсон байна. 1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүхдэгч Б.Ам- “... ******* намайг чи ахаа гэж хүндэлсэнгүй...” гээд миний нүүр лүү цохисон Н.******* миний баруун талын нүдрүү цохиж хүүмүүстэй нийлж намайг зодсон... тухайн үед тэнд байсан хүмүүст зодуулж гэмтэл авсан байхад энэ нөхцөл байдлыг шалгаагүй, шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй...” гэх мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182105 дугаартай шинжээчийн “... Ам-гийн биед хавтаст хэргийн болон эмнэлэгийн бичиг баримтийг үндэслэн зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарсан хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл хатуу мохой зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэх дүгнэлт, Гэрч Ж.*******, П.*******, Ж.*******, Б.Гүндсамбуу, Б.Энхжмаа, Х.Пүрэвсэнгэ, Т.Ёндонжамц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Б.Ам- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бусдад зодуулж, биедээ гэмтэл авсан байж болох нөхцөл байдал тогтоогдсон байхад түүнийг шалгаж шийдвэрлээгүй байгаа нь оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182105 дугаартай шинжээчийн дүгнэлт “... Б.Ам-гийн биед”... зүүн нүдний ухархай цөмөрсөн хугарал...” гэмтэл тогтоогдлоо гэжээ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05- ны 96 өдрийн А/261/422 дугаар тушаалын 01 дүгээр хавсралтаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1 дэх хэсэгт: - Амь насанд аюултай эсэх, - Эрүүл мэндийн сарниулсан хугацаа, - Гэмтлээс үүдсэн үлдэц уршиг, - Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт шалгуур шинжийг баримтлан гэмтлийн зэргийг тогтоохоор заасан бөгөөд журмын 4.1-ийн 7-аар........ заасан харааны эрхтэн тогтолцооны хэсгийн, 33-д нүдний ухархайн хугарлын дараах үлдэц буюу ухархай гэмтсэн боловч нүд, нүдний булчин гэмтээгүй, нүдний булчин гэмтэж нүд шахагдах, гэмтлийн улмаас нүдний хараа буурах эсэхийг тогтоосны дараа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохоор заасан байхад дээрх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр Б.Ам-гийн биед учирсан гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулан дүгнэлт гаргасан нь Б.Ам-гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэн тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж дүгнэлээ. 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд “... Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг .... танилцахыг мэдэгдэж, танилцуулах ба мөрдөгч танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлжээ түүнчлэн хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй...” байхаар хуульчилжээ. Б.Ам-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд мөрдөгч нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материалыг оролцогч нарт танилцуулахдаа яллагдагч Б.Ам- болон хохирогчийн өмгөөлөгч Ц.******* нарт танилцуулаагүй байна ” Өөрөөр хэлбэл: Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд яллагдагч Б.Ам-гийн гарын үсэг зурагдаагүй, /5-р ххн 105-р хуудас/ түүнд 88064206 ...... хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөгч хэргийн материалыг яллагдагч, хохирогчийн өмгөөлөгч нарт танилцуулаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байна гэж дүгнэжээ. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйл буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийг яаж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл дээрх зүйл хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг тус тус бүрэн нотолж чадаагүй, талийгаач Б.*******ыг шууд үхэлд хүргэх болсон хоншоор, дух, суурь ясны хугарал гэмтэлүүд мөн талын 5-р хавирганы хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн цус хуралт, хамар зүүн тийш мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн хөмсөгний ар хэсэг, зүүн зовхины доор, баруун хацар, доод эрүүний урд хэсэг, зүүн хацар, зүүн гарын шууны гадна дээд хэсэгт зулгаралт, доод, дээд уруулын дотор хэсэг хэгзэрсэн шарх, баруун гарын эрхий хурууны доод хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралт зэрэг олон гэмтлүүдийг хэний ямар үйлдлээр, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, хэрхэн яаж учруулсан нь тогтоогдоогүй байна гэжээ. Шүүгдэгч Б.Ам-гийн өмгөөлөгч С.******* /Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч байна. Б.Ам-гийн өмсөж явсан гэх цусан толбо бүхий бээлийг мөн байсан гэх үндэслэлийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бээлийнээс гадна шүүгдэгчийн өмсөж явсан хувцаснаас цусан толбо илэрсэн мөн шинжилгээ хийлгэсэн зэрэг эргэлзээтэй байгаа. Үүнийг огт харгалзаж үзэхгүй байна. Тухайн үед шинжээч эмч *******ий гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 3056 дүгнэлтээр Б.Ам-гийн өмсөж явсан гэх жинсэн өмд, шаргал өнгийн илгэн гуталнаас цусан толбо илэрсэн гэдэг. Гэтэл дараа нь шинжээч эмч Өнөржаргал, Пүрэвдулам, Гантуяа нарын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 9378 дугаартай дүгнэлтээр шинээр бор өнгийн саарал өнгийн хүрмэнд нь цусан толбо илэрсэн гэдэг энэ нь 1 жил 5 сарын дараа яагаад гэнэт гараад ирэв. Өмнө нь болохоор шинжээчийн дүгнэлтээр хүрэмнээс нь цус илрээгүй гэж дурдсан байдаг. Энэхүү зөрүүтэй асуудлаар шинжээч эмчийн асуулгыг тодруулаагүй зүйл байгаа. Мөн дээр дурьдсан 3056, 9378 дугаартай дүгнэлтүүдээр Б.Ам-гийн өмсөж явсан гэх хар өнгийн бээлийнд шинжилгээ хийж урвалд оруулахад цусан толбо тухайн үед илрээгүй. Гэтэл бээлийний фото зургийг харахаар яагаад илэрхий цусан толбо байгаад байгаа юм бэ? Нэгдүгээр хавтаст хэргийн 85-р хуудсанд фото зургийн 5 дахь үзүүлэлтэнд тодорхой байж байгаа. Мөн Б.Ам- өөрийн бээлий биш гэдэг, тэгвэл энэ бээлий яг хэнийх болж таарч байна вэ? Яагаад цусан толбо үүссэн бэ? гэдгийг баримтаар нотлоогүй байна вэ? Өөрөөр хэлбэл ийм үйл явцын дунд үүсчээ, үүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ бээлийг Б.Ам- өмсөж яваад цусан толбо болгосныг гэрчилсэн гэрч нэг ч байдаггүй. Дараа нь шинжээчийн дээрх 9378 дугаартай шинжилгээнд хар өнгийн хос бээлийний урвалд оруулахад толбогүй, гадаргуу нь жигд биш үрчийсэн байсан. Тэгвэл яллагдагч өөрөө хөх жинсэн өмд зөвхөн урд хэсэгт цусан толбо байсны арын хэсэг куртик, бээлий, гутланд нь нэмж цусан толбо илрээд байгааг нь гайхаад байдаг. Үүнийгээ ч мэдүүлэхдээ анхнаасаа мэдүүлдэг. Ингээд мөрдөн байцаалтын явцад энэ талаар хүсэлт гаргасан, өөрөөр хэлбэл 2018 оны 08 дугаар сарын 22-нд хүсэлт гаргасан боловч энэ асуудлыг тодорхой шийдээгүй явсаар өдийг хүргэсэн ийм нөхцөл байдлын зөрүүг хэн гаргах вэ? Ийм учраас прокурор тухайн хэргийг мөрдөн шалгагдсан нотлогдсон гэж үзэж шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна... Энэ хүнд гэмтэл учирсан эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй болсон тул Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргаж суллагдсан. Тэгээд шүүгдэгч нь хоригдож байх хугацаанд эрүүл мэндээрээ хохироод тухайн үед түүний ах нь нас барсан одоо гэмтлийн улмаас чихний сонсголын бэрхшээлтэй нүдний ухархайгаар өвддөг зэрэг шинж тэмдэгүүдтэй гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндээрээ хохирсон байгаа. ... Хэргийг хянан хэлэлцэж байх хугацаанд ч гэсэн гэрчийг оруулж ирж асуухад яг Ам-г гэж гэрчилээгүй. Мөн яллагдагч Б.Ам- нь анх мэдүүлэхдээ талийгаачтай тааралдаагүй уулзаагүй, зодолдож нүдэлцээгүй гэж мэдүүлдэг гэтэл гэрч нар уулзаж байгааг гэрчилээд байдаг. Түүнийг буруутгаж байгаа гол асуудал болох өмсөж явсан хөх жинсэн өмд, гутал, хүрэм бээлий бусад хувцасанд нь илэрсэн цусан толбо. Үнэхээр Б.Ам- нь хүний аминд хүрсэн бол өглөө нь цагдаа нарыг ирэхэд цус болчихсон хувцастайгаа сууж байхгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл: Б.Ам- нь энэ хүмүүст зодуулж цохиулж байхдаа хаана нь цус болсоноо мэдэхгүй, зугтаж гэртээ хариад унтчихсан байна. Хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотлоогүй Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал гэмт хэргийг яг хэзээ, хаана яаж үйлдсэн юм. Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь юу байсан гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн зэргээр тал бүрээс нь бүрэн нотлоогүй байгаа тул мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв. Шүүгдэгч Б.Ам- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 9 сар цагдан хорих байранд хоригдож байхад 3 дахиж прокурор орж ирж хэргээ хүлээ гэж дарамталсан. Дараа нь миний бие өвдөөд ийм байна эмнэлэгт хэвтэх боломжийг хангаад өгөөч гэж хүсэлт гаргасан боловч эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэж чадаагүй, ар гэрийн эргэлтийг хүртэл хориглосон. Тэгээд би 10 хоног болчихоод гарсан. Тэгээд энэ хэрэгт хамрагдсан бүх гэрчүүд бүгд худлаа мэдүүлэг өгч ганцхан намайг буруутгасан. Анхан шатны шүүх дээр гэрч а, аа нараас би асуусан тэр хэргийн газар байсан юм бол үнэн шударгаар мэдүүлээд өгөөч гэж нотлуулсан. Би бие, махбодь, сэтгэл санааны хувьд хохиролтой байна. Одоо нарийн шинжилгээ хийлгэж эмнэлгээр явах хэрэгтэй байна гэв. Прокурор Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн шөнө талийгаач Б.******* нь нас барсан байдаг. 03 цагаас 03 цаг 30 минутын хооронд шүүгдэгч Б.Ам-, Б.******* хоёр нь айлын хашаанд хамт байсныг өөрөөр мөрдөн шалгах ажиллагаа нотлох боломжгүй байдаг. Хамгийн гол нь гарч орж ирчихээд Б.Ам-гийн өмдний ар тал цус болсон байдаг, талийгаачийг онц хэрцгийгээр зодсон, талийгаачийн цус нь Б.Ам-гийн хувцаснаас илэрч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүхийн тогтоол үндэслэл бүхий байна. Шүүхийн тогтоолд ...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Ам-гийн өмсөж явсан хар өнгийн савхин бээлий шинжилгээний явцад солигдож шинж байдал нь алдагдсан шалтгаан нөхцөлийг тогтоох, Б.Ам-гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, яллагдагч Б.Ам- /5, 106 дугаар хуудас/, хохирогчийн өмгөөлөгч Ц.******* /5-105 дугаар хуудас/ нарт хэргийн материалыг танилцуулаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ...нотолбол зохих зүйл буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болох, гэмт хэргийг ямар аргаар яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл зэргийг хангалттай тогтоогоогүй байна гэжээ. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Б.Ам- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагаас 03 цаг 40 минутын орчимд талийгаач Б.*******ыг санаатай алсан гэх гэмт хэргийг ямар сэдэл, санаа зорилготойгоор ямар аргаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоогүй. Иймд энэ үйл баримтыг тогтоох мөн шүүгдэгч Б.Ам-гийн хувийн байдлыг сайтар тогтоох ажиллагааг хийвэл зохино. Шүүгдэгч Б.Ам-д холбогдох 201713010014 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийн хянаад магадлалд шүүгчийн захирамжид заасан ажиллагаанаас гадна ...иргэн ын хашааны жижиг хаалганд наалдсан цус хэнийх болох, талийгаач Б.*******ыг тэнд цохиж унагаан хаалганы цус тогтсон хэсгээр савж гэмтэл учруулж болох эсэх, талийгаач Б.*******ын нүүрний хэсгийн гэмтэл хаалганы савалтаас болж үүссэн эсэхийг нэмж нягтлан шалгавал зохино гэснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй орхигдуулсан байна. Энэ ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг оролцогч нар эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд хэргийн оролцогч гомдол, прокурор болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ