Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2014/0035

 

2014 оны 01 сарын 15 өдөр                    Дугаар 35                        Улаанбаатар хот

 

 

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.Төмөр-Өлзий, түүний өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, Б.Э, гуравдагч этгээд Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 420 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Т-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн хорооноос шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр иргэн Б.Д-г Улаангом сумын * дугаар багийн 1-** айлын ** тоотод 1993-1998 оны хооронд амьдарч, орон сууц эзэмшиж байсныг тогтоосон байна. Иймээс Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29- ний өдрийн 499 дүгээр тогтоолоор Увс аймгийн орон сууц хувьчлалын товчооны 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтын 30 дахь хэсгийг хүчингүй болгосон гэжээ.

Гуравдагч этгээд Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б-ийн Д миний бие 1993 оноос 1998 он хүртэл эхнэр Б.Б хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сум 3 дугаар багийн 1

 

дүгээр ** айлын * дүгээр орцны * давхрын ** тоот хоёр өрөө орон сууцыг эзэмшин амьдарч байсан. Охиноо Их сургуульд нь оруулахаар авч явсан хойгуур Д.Т хаалга үүдийг эвдэн орж, хууль бусаар орон сууц хувьчлах тогтоол гаргуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10 -ны өдрийн 420 дугаар шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 121 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: 1. Энэ байрны маргааны талаар анх Увс Аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12-р сарын 19-ны өдрийн 33- р шийдвэр гарсан. Энд 2 заалт бүхий шийдвэр гарсан. Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 12-р сарын 29-ны өдрийн 04 тоот тогтоол нь байр шилжүүлэх тухай тогтоол, өөрөөр хэлбэл байраа эзэнгүй орхисон Б.Д-ээс хураан авч орон сууцны фонд руу шилжүүлэх тогтоол. Орон сууцны фондод шилжсэний дараа Улаангом сумын Засаг дарга, НААҮГазрын дарга нар дараагийн хүнд хуваарилж өгөх эрх нь хуулиар нээлттэй байсан. Мөн уг тогтоол нь уг байрны хувьчлал, өмчлөх эрх үүсэхтэй огт хамааралгүй тогтоол юм.

Тухайн үед орон сууцны хувьчлал манай аймагт эхлээгүй байсан тул оршин суугчид төрийн өмчийн мэдлийн байранд түр эзэмшигчээр орж, гарч амьдарч байсан. Уг тогтоол байр шилжүүлэх тухай болохоос хувьчлалтай огт хамааралгүй тул хүчингүй болгосон нь зүйтэй гэж үзэж байна.

Дараагийн эзэмшигч бол албан ёсны хүсэлтээ гаргаж уг байрны эзэмшигч болж, орон сууц хувьчлах хуулийн хүрээнд материалаа бүрдүүлж хувьчлан авч хувийн өмчлөх эрх үүссэн.

2. Уг тогтоолд байр хувьчлан авах давуу эрхээ сэргээлгэхийг хүссэн шаардлагыг 2012 оны 4-р сарын 16-ны өдрийн 145 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Б.Д нь Улаангомд 1993-1998 онд амьдарч байсан үнэн гэсэн тогтоол гарсан. Хуралд Б.Д өөрөө ганцаараа оролцсон бөгөөд санхүүгийн баримтаар түүний байсан хугацаа нь 1994 оны 7 дугаар сараас 1997 оны 1 дүгээр сар хүртэл байсан. Өөрөөр хэлбэл 2 жил 6 сар амьдарсан. Тухайн хурал болоход уг байранд 10 гаруй жил амьдарч байсан Д.Т-д мэдэгдээгүй.

Энэ тогтоолыг Төрийн өмчийн хорооны тогтоол ирэхэд мэдсэн. Тухайн үед мэдсэн бол гуравдагч этгээдээр оролцох, эсхүл гэрчээр мэдүүлэн өгөх ёстой байсан. Иймд дээрх шийдвэр нь зөвхөн 1 талын хүний амаар давуу эрхийн шийдвэр байсан. Түүнчлэн хариуцагч Төрийн өмчийн хороо нь шаардлагатай баримтуудыг тодруулаагүйгээс бодит байдалд дүн шинжилгээ хийж үнэн мөнийг тогтоож чадаагүй.

3. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10-р сарын 8-ны өдрийн 482 дугаар шийдвэр. Нэхэмжлэлийн утга нь 1998 оны 7-р сарын 3-ны НААҮГазрын даргын 02 тоот тушаал хүчингүй болгох, уг байрны шударга эзэмшигчээр тогтоолгох гэсэн. Д.Т-2002 оны 12 дугаар сарын 06-нд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас улсын бүртгэлийн 1520000695 дугаарт бүртгэж хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээ, 2010 оны 3 дугаар сарын 24-нд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн бүртгэсэн 067557 тоот дугаартай гэрчилгээ тус тус олгогдсон.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 90.2-т зааснаар нэхэмжлэгч н.Д-ийн эзэмшил нь өөр хүнд шилжсэн гэдгээ мэдэж байгаа мөртлөө хуульд заасан хугацааны дотор бусдын эзэмшлээс буцааж шаардаагүй тул өрөө хүлээн зөвшөөрч байсан байна.

4.Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар Аймаг, нийслэлийн эрх бүхий байгууллага өөрийн хэмжээний хүрээнд тогтоол шийдвэр гаргасан байдаг. Гэтэл төрийн эрх бүхий дээд байгууллага нь доод шатны байгууллагынхаа гарсан шийдвэрийг хөндлөнгийн хүний амаар ямар ч үндэслэл, судалгаагүйгээр хүчингүй болгох шийдвэр гаргаж байна. Төрийн өмчийн хорооны 499 дүгээр тогтоол гарахаас урд уг байрны тоот гэрчилгээ хүчингүй болж, дараагийн өмчлөгчийн эрх үүссэн.

Төрийн өмчийн хороо уг тогтоолоо гаргахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байр эзэмшиж, өмчилж байсан гуравдагч этгээд н.М, Д.Т нарт хэрэг шийдвэрлэсэн сар өдөр мэдэгдэж уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах боломжийг олгоогүй, зөвхөн нэг хүний амаар нэг талын хүсэлтийг хангаж хуулийн ерөнхий зохицуулалтыг иш үндэс болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хууль бус акт болохыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Т нь Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэ тогтоолоор Б.М-д Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1 дүгээр 64 айлын 9 тоот 2 өрөө орон сууцыг хувьчилсан Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар тогтоолын Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Хариуцагчаас энэхүү тогтоолын үндэслэлээ “шүүхийн шийдвэрийг үндэслэсэн” хэмээн тодорхойлж, нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд Б.Д нь уг байрыг орхиж явсан хэр нь олон жилийн дараа маргах эрхгүй” гэж, гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч Д.Т хууль бусаар байрыг эзэмших эрхийг олж авсан” гэж тус тус маргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гомдлыг бүхэлд нь хянан үзэхэд хэргийг нэг мөр шийдвэрлэхэд шаардагдах дараах нотлох баримт дутуу байгаагаас давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбарт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна. Үүнд:

  1. Гуравдагч этгээд Б.Д нь “маргаан бүхий байрыг орхиж яваагүй, харин намайг эзгүй хойгуур Д.Т хаалгыг эвдлэн орж, залилан мэхэлж, орон сууцанд амьдарсан. Түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр 16 жил хөөцөлдөж, эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаа” гэж тайлбарлажээ. Гэтэл хэрэгт Б.Д хэзээ, ямар байгууллагад гомдол гаргаж байсан, гомдолд ямар хариу өгч байсан тухай баримт байхгүй байна.

Нэхэмжлэгчээс “орон сууцыг намайг эзэмшиж байгааг мэдсээр байж, тухайн үед нь гомдол гаргаж байгаагүй хэр нь олон жилийн дараа маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй” гэж маргаж байгаа тул гуравдагч этгээдийн эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан байдал, хөөн хэлэлцэх хугацааны асуудалд дүгнэлт өгөх үүднээс энэхүү үйл баримттай холбоотой нотлох баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой юм.

Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэлд “гуравдагч этгээдийг 1999 оноос хойш заргалдсан” хэмээн тэмдэглэсэн байх боловч үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй, захиргааны байгууллагаас ямар баримтыг үндэслэн дээрх дүгнэлтэд хүрсэн болох нь тодорхойгүй байна.

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Төрийн өмчийн хороо 2012 оны 499 дүгээр тогтоолыг хэний гомдлоор, ямар нотлох баримтыг үндэслэн гаргасан болох нь тогтоогдохгүй, тухайлбал Б.Д-ийн гомдол байхгүй байхад эрх ашиг нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэлгүйгээр, зөвхөн нэг талыг барьж, хувьчлалын асуудлыг шийдсэн” гэж гомдол гаргажээ. Шүүхээс энэхүү үйл баримтад дүгнэлт өгөх гэтэл хэрэгт Б.Д-ийн Төрийн өмчийн хороонд гаргасан гомдол байхгүй, ямар учраас маргаан бүхий орон сууцны хувьчлалыг хэлэлцсэн, ямар нотлох баримтыг шинжлэн судалсан, шалгаж тогтоосон, хуулиар харьяалуулан шийдвэрлэх гомдол мөн эсэх, орон нутгийн Өмч хувьчлах товчооны холбогдох баримтыг судалсан эсэх нь тодорхойгүй байна.
  2. Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч орон сууцыг Б.М-ээс авсан гэж байгаа ч Б.М нь уг байранд нэг хоног ч амьдарч байгаагүй, эзэмшээгүй” гэж маргаж байна.

Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1998 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаар тушаалаар Д.Т-д маргаан бүхий орон сууцыг эзэмшүүлэхээр гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ. Улмаар Д.Т-д орон сууц эзэмшүүлэх тогтоол гаргасан эсэхийг шалгах нь зүйтэй.

Гэтэл аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор орон сууцыг Б.М-д хувьчилсан байна. Эндээс хэний хүсэлтээр, ямар баримтыг үндэслэн, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 1-д заасан эзэмшиж буй этгээдэд хувьчлах шаардлагыг хангасан гэж үзэж, Б.М-д орон сууцыг хувьчилсан тухай баримтыг хэрэгт цуглуулах шаардлагатай байна.

  1. Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “хамтын удирдлагын байгууллагаас гарах шийдвэр дээр Засаг дарга дангаараа гарын үсэг зурсан, хууль баримтлаагүй” гэсэн үндэслэлээр Б.Д-ийн нэхэмжлэлийг хангасан байна.

Увс аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр Б.Д-г 1993-1998 оны хооронд амьдарч, эзэмшиж байсныг тогтоосон, Увс аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 428 дугаар шийдвэрээр шударга эзэмшигчээр тогтоолгох тухай Б.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Эдгээр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж байсан маргааны үйл баримт, хэргийн нөхцөл, шүүхээс хийсэн дүгнэлт нь энэ хэргийн захиргааны актын үндэслэлд хэрхэн хамаарах, талуудын маргаж байгаа “хэн нь орон сууцыг хувьчлан авах эрхтэй байсан” талаарх маргаанд өмнөх шүүхийн шийдвэр дүгнэлт өгч чадах эсэхэд шүүхээс дээрх баримтуудыг цуглуулсны үндсэн эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны

өдрийн 420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн

59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн

дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй