Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Шүрхүү,

Шүүгдэгч: Н.Гайтав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сандал овогт Нямдолгорын Гайтавт холбогдох 201615000222 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 37 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 8-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Сандал овогт Нямдолгорын Гайтав /РД: ЙТ79041518/

Шүүгдэгч Н.Гайтав нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 8-02 тоотод иргэн Б.Энхтайвантай архи ууж байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож Б.Энхтайваны бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Н.Гайтав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Энхтайван бид 2 архи ууж хоорондоо маргалдаад би ийм байдалд хүрсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Б.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 ны 06 дугаар сарын 28-ны өдөр Гайтавын гэрт орсон. Гайтав урьд өдөр нь Улаанбаатар хотоос ирсэн байсан. Гайтав 1 шил 0,75 литрийн “Сархад” архи гаргаж өгөхөөр нь бид 2 хувааж уучихаад гэрээс нь гараад манай машин дотор би нэг шил архи авч өгөөд бид 2 хувааж уусан. Гайтав бид 2 нилээн согтсон. Гайтав надаас хэрүүл маргаан гуйгаад миний эхнэр Цэрэнжаргалыг өөр хүнтэй явалддаг гэх мэтээр хэлж бид 2 маргалдаж байгаад Гайтав машинаас гараад ууж байсан “Ерөөл” архины шилээр миний зүүн хөмсөгөн тус газар цохисон. Архины шил хагарсан. Хагарсан архины шилээрээ миний зүүн гарын шууг зүссэн. /хх-ийн 15 хуудас/

Гэрч Г.Цэрэнжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Энхтайван Гайтавын хашаанд машинаа янзалж байсан. Гайтав Улаанбаатар хот яваад ирсэн байсан. Манайх Гайтавынхтай хамар хашаанд байдаг. Шөнө 23 цагийн үед гэртээ унтах гэж байтал хүмүүс хашаанд орилоод байхаар нь гарахад манай хашаан дотор Гайтав, Энхтайван 2 согтуу хэрүүл маргаан хийгээд хоорондоо барилцаад зодолдож байсан. Гайтавын эхнэр Байгальмаа тэр 2-ыг салгах гээд байж байсан. /хх-ийн 16 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:…  Б.Энхтайваны биед зүүн хөмсөг, зүүн зовхи, хүзүү, зүүн шууны зүсэгдсэн шарх, зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №07/31 дугаартай үнэлгээ, шүүгдэгч Н.Гайтавын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Энхтайванаас шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 200.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1, 13, 26-29 хуудас/

Шүүгдэгч Н.Гайтавын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-41 хуудас/

Шүүгдэгч Н.Гайтавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Гайтав нь согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 8-02 тоотод хохирогч Б.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож Б.Энхтайваны бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч Н.Гайтавын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Энхтайваны 2016 ны 06 дугаар сарын 28-ны өдөр Гайтавын гэрт 1 шил 0,75 литрийн “Сархад” архи хувааж уучихаад гараад манай машин дотор нэг шил архи хувааж уусан. Гайтав надаас хэрүүл маргаан гуйгаад бид 2 маргалдаж байтал Гайтав машинаас гараад ууж байсан “Ерөөл” архины шилээр миний зүүн хөмсөгөн тус газар цохисон. Архины шил хагарсан. Хагарсан архины шилээрээ миний зүүн гарын шууг зүссэн. Гэрч Г.Цэрэнжаргалын 2016 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед манай хашаан дотор Гайтав, Энхтайван 2 согтуу хэрүүл маргаан хийгээд хоорондоо барилцаад зодолдож байсан гэх мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №07/31 дугаартай үнэлгээ, шүүгдэгч Н.Гайтавын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Энхтайванаас шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрт 200.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Н.Гайтавт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Гайтав нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Хохирогч Б.Энхтайван нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Н.Гайтавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Н.Гайтавыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Гайтав нь согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “…Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Гайтавын эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 71-03 ӨВР улсын дугаартай, боронзон шаргал өнгийн “Toyota Altezza” маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  

Шүүгдэгч Н.Гайтав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Сандал овогт Нямдолгорын Гайтавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Сандал овогт Нямдолгорын Гайтавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Шүүгдэгч Н.Гайтав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.   

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Н.Гайтавын эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 71-03 ӨВР улсын дугаартай, боронзон шаргал өнгийн “Toyota Altezza” маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Гайтавт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ