Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/950

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Т.Отгонтөгс,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонод овогт Цээлэйгийн Бат-Өлзийд холбогдох 1808040961156 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Кредос” ХХК-д бригадын ахлагч ажилтай, ам бүл-*, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн 20-05 тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 90 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн 55 дугаартай захирамжаар Өршөөл Үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан, Ч овогт Ц Б, РД: УД*,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч      Ц.Б нь              2018              оны    08     дугаар    сарын     30-ны    өдөр

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "**” ХХК- ийн хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Гсийн нүүрэн тус газар цохьж эрүүл мэндэд нь дээд уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч      Ц.Б                   нь     2018     оны    08     дугаар    сарын     30-ны    өдөр

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кредос” ХХК- ийн хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Гсийн

 

нүүрэн тус газар цохьж эрүүл мэндэд нь дээд уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч Д.Гсийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө ээж Марусягийн хамт Эмээлт захаас мах авах гээд 63-02 АРХ улсын дугаартай машинтай явсан. Манай ээж Маруся Эмээлт захын захирал ажилтай шавьтайгаа уулзах хэрэгтэй байна гээд байгаа газрыг нь заалгасан. Эмээлт зах өнгөрөөд хашаан дотор 2 давхар шар байшинтай хашаа руу явж ороод машинаа байрлуулдаг талбай дээр машинаа байрлуулчихаад ээжтэй хамт байр руу орсон. Байшин дотор ороод 1 залуугаас захиралтай чинь уулзах гэсэн юм гэхэд Баттунгалаг гэж хүн байхгүй гэсэн. Ингээд ээж Баттунгалаг захирал руу ярихад байж бай одоо очиж байна гэсэн. Тэгээд ирэх юм байх гэж бодоод ээж бид хоёр гадаа гараад машиныхаа хажууд зогсож байхад над дээр нэг залуу ирээд хэнтэй уулзах гэж байгаа юм гэхэд Баттунгалаг захиралтай гэхэд "тийм хүн байхгүй” гэсэн. Тэгээд ээж дахиад залгаад хаана байгааг асууж байх хооронд нөгөө залуу хашаанаас гар гээд хөөхөөр нь би машиндаа суугаад одоо гарах гэж байна андуураад ороод ирчихсэн байна гэж хэлээд машинаа асаагаад хөдөлгөөд эргэх гэж байтал тэр залуу машины хойд талын дугуй руу өшиглөсөн. Би машинаасаа буугаад хэрэлдэж байхад байшингаас гарч ирсэн хар цамцтай залуу миний толгойны чамархайн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө жижигхэн биетэй сүүлд ирж уулздаг залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод уруулын дээд талыг хэгз цохисон. Би тэр залууг заамдаад цааш нь түлхчихээд машиндаа орж суусан. Тэр үед ээж намайг хамгаалаад урдуур орж болиулсан. Миний биед учирсан гэмтлийг Ц.Б ганцаараа учруулсан. Миний уруулын зүүн тал руу цохиод цус гаргасны дараа би хувцасных нь энгэрээс заамдаж байгаад түлхсэн. Би хоолойг нь багалзуурдаагүй. Гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-6-9, 10-12/,
  • гэрч Л.Марусягийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2018 оны 08 дугаар сарын 30- ны өглөө малын эмээлт зах руу хүүтэйгээ хамт хонь авах ажилтай явсан. Ингээд өглөө хүү Д.Г бид хоёр эмээлтээс хонь авч гаргуулж янзлуулсан. Эмээлт захын захирал нь миний шавь Баттунгалаг гэж хүн байдаг. Тэгээд оффис нь хоёр давхар шар байсан байдаг гэж хүнээр заалгаад шар байшинтай хашаа руу явж ороод Д.Г бид хоёр оффисоос нь Баттунгалагийг асуусан. Тэгтэл ийм хүн байхгүй гэхээр нь Баттунгалагийн гар утас руу нь залгаад буруу хашаа руу андуурч орсноо мэдээд хүү Д.Г бид хоёр машиндаа суугаад явах гэхэд цагаан малгайтай, цэнхэр цамцтай залуу ирээд "та нар юун хүмүүс яах гээд байгаа юм” гэхээр нь "би хүнтэй уулзах гэж яваа юм төөрчихсөн, андуурчихсан юм шиг байна” гэхэд тэр залуу нутаг дэвсгэр яриад байхаар нь андуурчихсан байна гэсэн. Тэгтэл цагаан цамцтай залуу машины хойд талын дугуй руу өшиглөсөн бөгөөд тэр үеэр байрнаас ахиад хоёр залуу нэмэгдэж ирсэн. Би тэр хооронд Баттунгалагтай утсаар ярих гээд түр зуур холдсон. Тэгсэн Д.Гийн нүүр амнаас нь цус гарчихсан, цустайгаа холилдчихсон байсан. Хэн нь яаж цохисон гэдгийг нь хараагүй. Ямар ч гэсэн дахин зодох гэж дайрахаар нь би хүүгээ өмөөрөөд дундуур нь орж салгасан. Ингээд хүү цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-13-15/,
  • гэрч Б.Баттунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн:... Багш Маруся "над руу залгаад уулзая, хаана байна гэхээр” нь "цэнхэр дээвэртэй шар байшингийн хашаанд байна” гэхээр нь орчноо харахад манайхаас баруун тийш байхаар нь "машинтайгаа яваад очиход” багшийн хүү Д.Гийн уруулынх нь дээд хэсэгт хэгз цохигдчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-16-17/,
  • гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн:.. Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кредос” ХХК-д менежер ажилтай. 2018 оны
 

08 дугаар сарын 30-ны 09 цагийн орчим ажил дээрээ байхад гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд Баттунгалаг гэж захиралтай чинь уулзана гэсэн. Тэгэхээр нь манайд Баттунгалаг гэж хүн байхгүй гэхэд "үгүй, утсаар ярьчихсан” гэхээр нь "тэгвэл та гадаа гараад хүлээчих” гэсэн. Ингээд ажлаа хийгээд сууж байхдаа цонхоор харахад тэр хоёр хүн машиныхаа хажууд зогсож байсан. Дахиад нэг харахад барилгын бригадын дарга ажилтай Бат-Өлзийтэй ярилцаад зогсож байсан. Тэгтэл нөгөө хүн асууж орж ирсэн хүн машинаасаа бууж ирээд Бат-Өлзийг хоолойноос нь боогоод эхлэхээр нь би сандраад гүйж гараад хоёр тийш нь салгасан. Бат-Өлзийгийн хоолойн урд хэсэгт шалбарчихсан байсан. Машинтай гаднаас орж ирсэн хүний уруул шалбарсан байсан. Би хэн хэнд нь хүрээгүй дундуур нь ороод хоёр тийш нь салгасан...гэх мэдүүлэг /хх-21-22/,

  • гэрч Д.Далайжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ажил дээрээ байхад гадаа хүн хашгираад байхаар нь баригдаж байгаа барилгаас гараад иртэл "нэг танихгүй залуу, хоёр гараараа салаавч өгөөд л хашгираад л байхаар нь согтуу юм байх л” гэж бодсон. Дараа нь эрүүл байсан гэж сонссон. Би болж байгаа үйл явдлыг хажуунаас нь хараагүй. Тэд нарын байсан газраас миний байсан барилга 15-20 метрийн зайтай байсан учраас сайн харж чадаагүй ямар ч гэсэн танихгүй согтуу хүн орж ирсэн байна гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-23-25/,
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10666 дугаартай:.. Ц.Бгийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-32/,
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10667 дугаартай:...Д.Гсийн биед дээд уруулын нэвт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-29/,

- шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар барилгын ажил хийгдэж байгаа "Кредос” ХХК-д барилгын туслах ажлыг ажилчдын хамт гүйцэтгэж байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчим ажил дээрээ ирсэн. Тэгтэл үйл ажиллагаа явуулаагүй байхад хашаан дотор Тоёота приус 10 маркын машин зогсож байсан. Хажууд нь эрэгтэй эмэгтэй хүн зогсож байхаар нь "би очоод сайн байцгаана уу, хэнтэй уулзах гэж байгаа юм” гэхэд "хүнтэй уулзах гэж байна” гэхээр нь "хэн гэдэг хүнтэй уулзах гэж байгаа юм” гэсэн. Тэр залуу чамд хамаагүй гэсэн. Тэр үед эмэгтэй нь утсаар яриад байсан. Ярьж дуусахаар нь хэнтэй уулзах гэж байгааг асуухад "чамтай харьцахгүй, захиралтай чинь ярьж байна” гэхээр нь "тийм юм байх” гэж бодсон. Оффос орж Билгүүнээс энэ хоёр ямар учиртай хүмүүс юм бэ гэхэд "захиралтай чинь уулзах гэж байгаа юм гээд өрөө өрөөгөөр шагайгаад яваад байсан” гэхээр нь эргээд нөгөө хоёр хүн дээр очиж "та хоёр яг хэн гэдэг хүнтэй уулзах гэж байгаа юм” гэхэд эмэгтэй нь Баттунгалаг гэсэн. Би "энд тийм нэртэй хүн байхгүй андуураад ороод ирчихсэн юм биш үү одоо гарчих” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу шууд над руу дайраад

 

ямар сүртэй пизда вэ гэсэн. Тэгэхээр нь "чи зүгээр хашаанаас гарчих аа” гэхэд машиндаа суугаад хөдөлсөн. Хөдлөх гэж байхдаа "салаавч гаргаад ална шүү” энэ тэр гээд байхаар нь машиных нь буруу талын хойд талын дугуй руу нь өшиглөчихсөн. Машинаа зогсоогоод бууж ирээд миний өмсөж явсан хувцасны захнаас өргөөд газраас бараг хөндийрүүлсэн. Тэр үед оффисоос Билгүүн гарч ирээд бид хоёрын дундуур ороод салгасан. Тэгээд тэр жолооч залуу Билгүүнийг цохиод эргэж хараад миний зүүн хавирганы доод хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Дахиад миний энгэр заамнаас заамдаад байхаар нь тавиулах гээд нүүр лүү нь цохичихсон. Тэгээд тэр дороо уруулнаас нь цус гарчихсан...гэх мэдүүлэг /хх- 79-81/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 28.550 төгрөг /хх- 30, 40/ нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Чт Цээлэйгийн Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
 
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгөөс төгрөгийг 28.550 төгрөгийг 1 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Д.Гсөд олгосугай.
  4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

Г.ГАНБААТАР