Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 85

 

Монгол Улсын нэрийн өмнөөс **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Хохирогч Ш.**** Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. **** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.****д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000230058 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** аймгийн **** суманд 1*** оны ** дугаар сарын **-нд төрсөн, 4* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт **** аймгийн **** сумын * дугаар баг * дугаар хэсэг ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй, **** овогт ****ын ******* /РД:МЭ-6******/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.**** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.****г 2011-2015 онуудад болон 2016 оны 04 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 10, 2017 оны 12 дугаар сарын 02, 12 дугаар сарын 20, **** оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө зэрэг өдрүүдэд байнга хэл үгээр доромжилж, сэтгэл санааны шаналгаа үүсгэж дарамтанд оруулан тарчлааж харгис хэрцгий харьцсан, энэ хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи ууж гэр бүлийн хүндээ агсан тавьсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг Хохирогч Ш.****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Манай нөхөр айлд золголт хийж архи ууж ирсэн. Гэртээ ирээд нэг шил архи нэмж уугаад агсан тавьж унтуулахгүй хэл үгээр доромжлоод байсан. Манай нөхөр надад гар хүрч зоддоггүй. Тухайн өдөр л намайг түлхэж унагасан...” гэх мэдүүлэг Хохирогч Ш.****гийн **** оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай нөхөр Д.**** сүүлийн 10 жил архи ууж, гэр орондоо агсам согтуу тавьж, намайг элдэв үгээр доромжилж , хардаж сэрдэн амгалан тайван байдал алдагдуулж, байнгын сэтгэлийн дарамтанд байлгадаг. Сүүлдээ “...чиний салсан нөхөр шоронгоос гарсан уу, хэзээ гарсан юм бэ?” гэх мэтээр огт үндэслэлгүй юм ярьж намайг гүтгэж доромжлох болсон тэр болгонд нь цагдаад хандаж чадахгүй үнэхээр сэтгэлийн тэнхээ алдаж бие өвдсөн үедээ л цагдаад хандаж байсан юм. Д.**** урьд нь залуу байхдаа хэрэлдэж, муудалцахаараа хааяа нэг гар хүрч намайг алгадаж, үс гэзэгнээс зулгаадаг байсан. Энэ нь нэлээн хэдэн жилийн өмнө эхнэр нөхөр болоод удаагүй байхдаа л тэгдэг байсан. Сүүлийн үед хэрүүл хийгээд л намайг элдвээр доромжилж сэтгэл санааны байнгын дарамтанд байлгах болон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/ Насанд хүрээгүй гэрч *******ийн **** оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай аав Д.**** нь ер нь бол архи их уудаг хүн байгаа юм. Тэгээд согтохоороо л ээжид агсам тавьж, байнгын хэрүүл маргаантай байдаг юм. Энэ хэрүүл маргаан ааваас л эхэлж ээжийг элдэв үгээр доромжилж, зайл гэх мэтээр хэлж гэрээс хөөдөг байсан үүнээс болж ээж нас барсан эгчийндээ очиж хонож байсан удаа ч бий. Аав ээжийг нэг их зодоод байдаггүй, хэрүүл хйигээд л үглээд элдэв хэл үгээр доромжлоод байдаг юм. Энэ нь ээжид их төвөгтэй, сэтгэл санаанд нь их дарамттай байдаг юм шиг санагдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/ Гэрч Б.****ийн **** оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.**** нь архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ эхнэр Ш.****гаа зоддоггүй, ер нь бол оройноос өглөөний 04, 05 цаг хүртэл хэл амаар доромжилж, дарамталж гэр орноосоо хөөсөн үйлдэл гаргасан байдаг. Эхнэр нь түүнээс нь болоод сэтгэл санааны дарамтанд орсон байдалтай байдаг байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/ Гэрч*******ын **** оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.**** нь их архи дуртай хүн байгаа юм. Архи уухаараа л гэр орондоо агсам согтуу тавьж эхнэр, хүүхдээ хөөж туугаад л элдвээр хэл үгээр доромжлоод байдаг. Тэгээд ганц гэртээ биш хөрш айлуудынхаа хаалга үүдийг өшиглөж, нүдээд өдөр, шөнө ялгаагүй л амгалан тайван байдал алдагдуулж байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/ Гэрч Ц. **** оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.**** архи ууж согтсон үедээ орилж хашгичин, гэртээ эхнэртээ агсам согтуу тавьж зовоосон хүн байдаг. Эхнэрээ л янхан гэж хашгирч доромжилж, гэр орноосоо хөөж туугаад байдаг юм. Манай байр нимгэн ханатай болохоор хүн чанга дуугарахад л тод сонсогддог. Д.**** эрүүл үед нь та согтохоороо эхнэрээ арай дэндүү зовоох юм гэж хөршийн хувьд хэд хэдэн удаа хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/ Гэрч Б.Алтанцэцэгийн **** оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.**** гэж хүнийг танина. Уг хүн манай багт оршин суудаг мөн нэг байранд хөрш амьдардаг. Д.**** архи ууж согтсон үедээ л орилж хашгичиж, гэртээ эхнэртээ агсам тавьж , хэл үгээр доромжилж байдаг. Ер нь бол архи уух дуртай хүн шигсанагдсан. Тэгж орилж хашгирч, зандарч байгаа хүн зоддог байх. Заримидаа эхнэрийнх нь нүд ам хөхөрсөн явж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/ **** оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн: “...1.Ш.****гийн харааны бэрхшээл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт хамаарна. 2. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 35 хувь нөлөөлнө..” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/ Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа №15/18 дугаартай: “1.Магадлуулагч Д.**** нь Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг өвчтэй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах мэдүүлэх чадвартай болно. 2.Магадлуулагч Д.**** нь архины хамааралтай 3.Магадлуулагч Д.**** энэ өвчин нь ОУ өвчний 10-р ангилалын 5 зүйлд заасан Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг гэдэг ангилалд багтана. 4.Магадлуулагч Д.**** нь Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг өвчтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай 5.Магадлуулагч Д.****д албадан эмчилгээ шаардлагагүй..” гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр тал/ Эрүүлжүүлэх саатуулах байранд иргэн Д.**** согтуугаар эрүүлжүүлэгдсэн талаарх судалгаа /хх-ийн 24-31 дүгээр тал/ Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актын хуулбар /хх-ийн 32-36 дугаар тал/ Д.**** нь 2010-**** он хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг шалгасан жагсаалт /хх-ийн 39-40 дүгээр тал/ Амбулаторийн картын хуулбар /хх-ийн 66-69 дүгээр тал/ **** аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 82 дугаар тал/ **** сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83-84 дүгээр тал/ Авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 86 дугаар тал/ Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 88-89 дүгээр тал/ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаа /хх-ийн 90 дүгээр тал/ Архаг архичдын судалгаа /хх-ийн 91 дүгээр тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/ Д.****ын **** оны 03 дугаар сарын 06-ны өдрийн яллагдагчаарр өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд Шүүгдэгч Д.**** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.****г 2011-2015 онуудад болон 2016 оны 04 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 10, 2017 оны 12 дугаар сарын 02, 12 дугаар сарын 20, **** оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө зэрэг өдрүүдэд байнга хэл үгээр доромжилж, сэтгэл санааны шаналгаа үүсгэж дарамтанд оруулан тарчлааж харгис хэрцгий харьцсан, энэ хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /ххийн 10-13, 49-52/, насанд хүрээгүй гэрч *******ийн /хх-ийн 14-16, 53/, гэрч Б.****ийн /хх-ийн 54/,*******ын /хх-ийн 55/, *******ы /хх-ийн 56/, Б.Алтанцэцэгийн /хх-ийн 57/ мэдүүлгүүд болон шинжээчийн 66 тоот дүгнэлт /хх-ийн 60/, Д.****ын зөрчил гаргаж байсан талаарх лавлагаанууд, Д.****т зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлүүлж байсан талаарх баримтууд /хх-ийн 05-11, 17--36/ зэрэг болно. Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.****гийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.****т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан “...Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна. Иймээс шүүгдэгч Д.****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан “...хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч Ш.****гаас “шүүгдэгч надаас уучлал гуйсан цаашдын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Д.**** нь дээрх гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлддэг болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг 02 жилийн хугацаанд авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгав. Хохирогч Ш.****гийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Шүүгдэгч Д.**** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч **** овогт ****ын ****ыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1- д заасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч **** овогт ****ын ****д ял шийтгэл оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаатай тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч **** овогт ****ын ****ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийвдэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.**** уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 6.Шүүгдэгч Д.**** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, д мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 7.Шүүгдэгч Д.****д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ