Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 26

 

С.Л-гийн нэхэмжлэлтэй, Д.Х-д

холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00026/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

            Нэхэмжлэгч: С.Л-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Бадамгэрэл,

            Хариуцагч: Д.Х-

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Оюунцэцэг нарыг  оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 537 дугаар шийдвэртэй С.Л-гийн нэхэмжлэлтэй, Д.Х-д холбогдох ““24 905 700 /хорин дөрвөн сая есөн зуун таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдлоор 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байхад Д.Х- утсаар ярьж гадаадаас бараа ирж байгаа. Би суманд байдаг болохоор чиний хаягийг өгье гэж хэлсэн. Фэйсбүүк чатаар ирж байгаа барааныхаа зургийг явуулсан. Ингээд 5 хоногийн дараа бараа маань Тайландын гааль дээр саатаад байна. Гаалийн татвар төлөх болоод байна. Найздаа мөнгө олж өгөөч, гаалийн татвар төлчихвөл шууд ирнэ гэсэн. Хүүтэй мөнгө ч хамаагүй олж өгөөч гэсэн.

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Г.Б, Н.М, Ю.Г, Б.Э, Г.Г, С.Х, Г.Б, Б.Эр зэрэг нэр бүхий иргэдээс хүүтэй мөнгө зээлж, хаяг руу шилжүүлсэн болно. Барааны дотор бэлэн мөнгө байгаа, бараа ирэхээр хүмүүсийн мөнгийг өгчихнө чи санаа зоволтгүй гэж байнга итгэл төрүүлж байсан. Энэ мэтээр би Д.Х-гийн үгэнд итгэж, нийт 7 удаа мөнгө шилжүүлсэн боловч бараа ирээгүй. Надаар зээлүүлсэн мөнгөө одоо болтол өгөөгүй. Иймд зээлсэн мөнгөө тухайн хүмүүст өгөөгүй өдий хүрч байна. 2017 оны 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагын эдийн засгийн  хэлтэст хандаж өргөдөл гаргаж Д.Х-гаас мөнгө гаргуулж өгөхийг хүссэн. Цагдаагийн байгууллагаас Д.Х-г шалгаж удаа дараа тайлбар авч байсан. Д.Х- өгсөн тайлбартаа бүх зүйл үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, мөнгийг төлнө гэх тайлбараа өгсөн. Иймд Д.Х-гаас 15 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 9 105 700 төгрөгөөр нэмэгдүүлж , нийт 24 905 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Л- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х бид 2 бол байнга харьцаатай, найзууд байсан юм. Анх Х- надаас “эмнэлэгт хэвтэж байна гэдгийг англиар бичээд өг” гэж хэлэхэд нь би бичээд явуулсан. Мөн 2016 оны 8 дугаар сард “чухал ажил байна, хаана байна” гэж хэлж байсан. Харин маргааш нь намайг ажил дээрээ байхад утсаар, “би нэг гадаад хүнтэй фэйсбүүкээр танилцаад харьцаж байгаа, надад мөнгө явуулъя гээд байна. Эхлээд надад 50000 фунт өгье гэхээр нь би 40000 фунт авъя гэж хэлсэн. Дансаа явуул гэхээр нь их хэмжээний мөнгийг банкаар авахаасаа айгаад явуулсангүй. Харин илгээмжээр авахаар боллоо. Манай Бэрхийн уурхайн холбооны хүн их хэл амтай, жижигхэн газар учраас хов жив болно. Чи аймагт байдаг юм чинь чиний хаягийг өгөөд авъя” гэж надтай ярихад нь би хаягаа бичиж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд гадаадаас ирж байгаа зүйлүүдийнхээ зургийг авч над руу явуулсан. Дараа нь “Скай-экспресс гэдэг компаниас и-мэйл ирсэн байна, мөнгө нэхсэн байна. Чи үүнийг орчуулаад өгөөч” гэж хэлсэн. И-мэйлийг орчуулахад “бараа Тайландын гааль дээр саатаад байгаа, гаалийн татварыг төлвөл барааг гэрт чинь хүргэнэ” гэсэн байсан. Х- харин “яаж мөнгө олох вэ? Энийг нь төлөөд бараагаа авчихмаар байна. Чамд мөнгө олдох уу” гэхээр нь би “хүнээс асууж үзье” гэж хэлэхэд “мөнгө олж өгвөл найзыгаа шагнана” гэж хэлж байсан. Энэ үеэр анх “цалингийн зээлээ төлөөгүй болохоор зээл нэхэгдээд, хэцүү байна” гэж хэлэхээр нь би ажлынхаа газрын тогооч эгчээс мөнгө асуухад “800 000 төгрөг байна, 1 сарын 20 хувийн хүүтэйгээр өгнө” гэж хэлсэн. Түүнийг нь Х-д хэлэхэд “хүү яахав ээ, 1 сар ч хүрэхгүй хугацаанд буцаагаад өгнө шүү дээ. 790 000 төгрөгийг нь шилжүүлээд, чи 10 000 төгрөгийг нь ав. Хүнээс мөнгө хайхад чамд хэрэг болно” гэж хэлэхэд нь 790 000 төгрөгийг нь шилжүүлээд, 10 000 төгрөгийг нь авсан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1200 долларыг 2 хүнээс авч, тухайн гадаад хүн рүү явуулсан. Намайг “чи аймагт байгаа учраас тэр хүн рүү шилжүүлчих” гээд надад дансны дугаарыг нь явуулсан. “Мөнгөө явуулсныхаа дараа надад хэлээрэй” гэхээр нь би 18 цагийн өмнө нөгөө хүн рүү нь мөнгийг нь шилжүүлээд, баримтыг нь Х-гийн “чат”-руу зургийг нь дараад явуулсан. Үүнээс хойш ирэх бараа нь ирэхгүй, гаалийн татвар, дайврын хөлс, бичиг баримтын мөнгө, шилжүүлгийн төлбөр гээд нийт 7 удаа мөнгө нэхсэний дагуу би шилжүүлж байсан. Х-д хэнээс хэдэн төгрөг авч байснаа байнга хэлдэг байсан. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн 5 590 000 төгрөгийг бол би Х-д хэлэхгүй шилжүүлсэн юм. Х- нь “...мөнгө л орж байвал хүү хамаагүй ээ, чи чадна, чи болгоно, чамд мөнгө олдохгүй юу, зохицуулахыг бодолдоо, найз нь чадах бүхнийг хийнэ, найз нь чамд тусална...” гэх мэт мессэж болон чатыг над руу утсаар болон фэйсбүүк чат руу байнга явуулдаг байсан. “Өөрөө мөнгө ол” гэж хэлэхэд “урд нь хүнээс мөнгө аваад хугацаа хэтрүүлсэн учраас надад мөнгө олдохгүй байна” гэж байсан. Анх надад “би чамд 5000 фунт буюу 10 000 000 төгрөгийг өгнө, түүнээс илүүг өгч чадахгүй" гэж хэлж байсан. Миний нөхөр хүнд өвчтэй, сард нэг удаа эмнэлэгт хэвтдэг учраас би цалингийн зээлээ дарахын тулд энэ мөнгийг нь олоод өгье гэж бодоод, мөнгө олж өгсөн. Харин сүүлд нь удаа дараа мөнгө олж өгөөд байхад, “чи их ажил нугалж өгсөн учраас би чамд 6500 фунт болгож өгье” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2600 доллар буюу монгол мөнгөөр 6 487 000 төгрөгийг найзаасаа зээлээд мөн өмнөх дансаар нь явуулсан.  2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 800 доллар буюу монгол мөнгөөр 1 988 000 төгрөгийг ажлын газрын хүнээсээ зээлдэж мөн л дээрх хаягаар явуулсан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2200 доллар буюу монгол мөнгөөр 5 456 000 төгрөгийг өөрийн дүү Хадбаатараар хүнээс зээлдүүлээд, Х-гийн өгсөн дансанд нь шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 900 доллар буюу 2 239 200 төгрөгийг бэр эгч Гантөгсөөс зээлдэж дараагийн өгсөн хаяг руу нь явуулсан. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2250 доллар буюу монгол мөнгөөр 5 530 500 төгрөгийг найз Болортунгалагаас зээлдэж мөн өгсөн хаягийн дагуу шилжүүлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2250 доллар буюу 5 499 000 төгрөгийг хадам ахаасаа зээлдэж, сүүлийн өгсөн хаяг руу нь шилжүүлсэн. Гэхдээ 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2250 долларыг би өөрөө Х-д хэлэхгүйгээр шилжүүлсэн. Харин бусад мөнгийг бол бид хоёр хоёулаа ярилцаж байгаад шилжүүлсэн. Нийт 7 удаагийн үйлдлээр 12200 доллар буюу монгол мөнгөөр 30 199 700 төгрөгийг явуулсан. Гэхдээ монгол мөнгийг доллар болгож шилжүүлж байсан учраас доллар нь өдөр бүр өөр өөр ханштай байсан. Ингээд ирнэ гэсэн бараа нь ирэхгүйн улмаас хүмүүс мөнгөө нэхээд их хэцүү байдалтай байсан. Гэр ирж юм хураана, цагдаад өгнө гэдэг байсан. Одоогоор 4 хүн шүүхэд намайг өгсөн байгаа. 4 хүн мөнгөө нэхээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсон байгаа. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандсан. Харин Х- Цагдаагийн байгууллагад 2 удаа ирж тайлбар өгсөн. Тайлбартаа “...би найздаа хандан энэ барааг авчихмаар байна, мөнгө зээлдээч гэхэд манай найз Л- надад мөнгө зээлдэж авч өгөөд, данс руу шилжүүлсэн. Харин бараа маань ирэхгүй Тайланд, Малайз улсын банкнууд дээр гацсан учраас Л найзын маань хүнээс зээлдэж авсан мөнгө нэхэгдээд хэцүү байгаа, миний зүгээс зээлдсэн мөнгөө төлж барагдуулах гээд хөөцөлдөж байгаа, нэг их удахгүй төлж барагдуулах санаатай байгаа...” гэх тайлбаруудыг өгсөн байгаа юм. Мөн “...Би өөрийн эхлүүлсэн хэрэгтээ гэмшиж байна. Найзыгаа ийм зүйлийг эхлүүлчихээд зүгээр хаяхгүй, 6 сард багтааж талыг нь барагдуулна...” гэсэн мэдүүлгийг өгсөн. Х- нь нөхөр болох Мөнхжаргалдаа гадаад хүнтэй харьцаад мөнгө авах болсон талаараа хэлээгүй байсан. Харин “Л-гийн найз мөнгө явуулж байгаа, Л- надад мөнгө өгөх гэж байгаа” гэж ойлгуулсан байсан. Нөхөр Мөнхжаргал нь Цагдаагийн байгууллагад  өгсөн тайлбартаа “миний эхнэр Х- нь хүнээс мөнгө зээлдэж аваад уг мөнгөө Л-, Х- нар хоорондоо ярилцаж байгаад гадаад руу явуулсан гэж байсан. Надад бол өөр мэдэх зүйл байхгүй...” гэж хэлсэн байсан. Би өөрөө оролцсон болохоо хүлээн зөвшөөрөөд нийт 30 199 700 төгрөгийг Х-гийн “мөнгийг хувааж төлнө” гэсэн хүсэлтийн дагуу хувааж төлөхөөр тохиролцсон байгаа. Цагдаагийн байгууллагаас биднийг ямар нэгэн байдлаар ятгасан зүйл байхгүй. Х- өөрөө тайлбартаа “хувааж төлье” гэж тохиролцсон. Найз нөхөд, хамаатан садан учраас би өөрөө бас өгнө гэж тохиролцсон. Одоогийн байдлаар 10 гаруй сая төгрөгийг өөрөө зээл аваад, аав ээжээрээ тэтгэврийн зээл авахуулаад, янз бүрийн байдлаар төлчихсөн байгаа. Одоо болтол миний дансыг хаасан хэцүү байдалтай байна. Х- бол “би мөнгөтэй болох гээд ажил хөөцөлдөж байгаа, машин байраа барьцаалах гэж байгаа, газрын ажил судлаж байгаа. Энэ маань бүтвэл би төлөх гээд байгаа” гэж хэлэхийг нь хүлээж, итгэсээр байгаад би өдийг хүрсэн. Одоог хүртэл төлөхгүй байсан учраас би 15 сая төгрөг дээр өөрийнх нь данс руу шилжүүлсэн 800 000 төгрөгийг нэмж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Х- нь над руу 1.000.000 төгрөгийг 6 сарын сүүлээр шилжүүлсэн. Х-ийн нөхрийнх нь дүү бөө хүн байдаг. Х- өөрөө бөөд үзүүлээд “их ховор онгод орсон, би өвөөд хэлсэн, өвөө бүтнэ гэж хэлсэн, өнөөдөр данс руу орчих байх, би итгэж байна, өөр хүнээр үзүүлсэн, жаахан саад байна, бүтэх юм байна гэж хэлсэн, найз нь энэ байдлаас ямар ч байсан гаргана” гэх мэтийн зүйл байнга бичиж, ярьдаг байсан. Мөн өөрөө байнга чат бичээд, намайг “нөгөө гадаад хүн рүү ингэж явуул, тэгж явуул” гэдэг байсан. Эхлээд гадаа хүнтэйгээ “чат”-аар харьцдаг байж байгаад, дараа нь “вибэр” гэх программ утсандаа суулгаад харилцдаг болсон. Тэр гадаад хүнийг нь “Жон Герард” гэдэг юм. Х- нь гадаад хүнтэйгээ “google translate” гэдэг программаар гадаад үгээ орчуулаад, яг л монголоор харилцаж байгаа юм шиг ярилцдаг байсан. Бичсэн зүйлүүдээ над руу явуулаад, орчуулаад өгөөч гэж хэлж байсан болох нь “фэйсбүүк чат”-д байгаа. Хүмүүс мөнгөө нэхээд байна гэхээр эхлээд “болно, бүтнэ” гээд байсан бол сүүлдээ “чи өөрөө шуналдаа хөтлөгдөөд ийм байдалд хүрч байна, надаар оролдоод байвал хачин болно шүү, аятайхан байгаарай” гээд уурлаад байдаг болсон. Миний хувьд би хамт олныхоо дунд нэр хүндтэй байсан учраас тэр олон хүн надад итгээд мөнгө зээлдүүлж байсан. Би 2017 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл хүмүүст элдвээр доромжлуулаад сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод явж байна. Х намайг 3 удаа Бэрх тосгон руу дуудаад, “өвөө чамайг хэнгэргийн дуу сонс гэсэн” гэж хэлээд эхний удаа Х- өөрөө надад зардлын мөнгө явуулсан. Дараагийн 2 удаа Бэрх тосгон руу явахдаа би өөрөө мөнгөө гаргаж очиж байсан. Энэ хугацаанд мөнгө авсан зарим хүмүүс маань хүү авч байсан. Мөн цалингийн зээлийн хүү гэж 1 300 000 төгрөг төлж байсан. Ингээд би нийт 7 удаа мөнгө шилжүүлсэн 24 905 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилсэн үнийн дүнд хамгийн сүүлд өөрийнхөө шилжүүлсэн 5 499 000 төгрөгийг хассан байгаа. Мөн Х-гийн өөрийнх нь данс руу шилжүүлж байсан 1 205 000 төгрөгөөс над руу явуулсан 1 000 000 төгрөгийг хасаад, 205 000 төгрөг үлдсэн. Иймд Х-гаас 24 905 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх Х нь Жон гэдэг хүнтэй харьцаж байгаа, мөнгө өгвөл шагнал олгоно гэж хэлсэн учраас би мөнгө олж өгсөн. Анх 5000 фунт буюу монгол мөнгөөр 10 сая орчим төгрөгөөр шагнана гэж байсан. Сүүлдээ мөнгө явуулаад байхаар их ажил нугалж байгаа учраас шагнал болгож 6500 фунт өгье гэж хэлсэн. Гадаад руу шилжүүлсэн мөнгөний 1200 доллар нь цэвэрлэгээний мөнгө Тайландын гааль, 2600 доллар нь бараа дотор их хэмжээний мөнгө илэрсэн учраас гаалийн татвар /Тайландын гааль/, 800 доллар тээврийн хөлс/ Тайландын гааль/, 2200 доллар нь бичиг баримтын төлбөр /Малайзын гааль/, 900 доллар нь Жон өөрөө бараагаа авахын тулд Малайз руу очих болсон байна гээд авсан /малайзын гааль/, 2250 доллар нь шилжүүлэг хийхэд кодны төлбөр /Малайзын банк/, 2250 доллар нь Малайзаас Монгол руу мөнгө шилжүүлэхэд шаардлагатай банк хоорондын шилжүүлгийн төлбөр гэж авсан. Ингээд нийт 12 200 доллар болсон гэжээ.

Хариуцагч Д.Х- нь шүүхэд гаргасан тайлбартаа: “2017 оны 1 дүгээр сарын 7-нд гэртээ байхад Д.Х- утасдаад гадаадаас бараа ирж байгаа. Би суманд байдаг болохоор чиний хаягийг өгье гэсэн. Мөн 5 хоногийн дараа бараа Тайландын гааль дээр саатаад гаалийн татвар төлөх хэрэгтэй болоод байна. Хүүтэй ч хамаагүй мөнгө гэсэн. Бараа ирэнгүүт хүмүүсийн мөнгийг өгнө, чи санаа зоволтгүй гэж байнга итгэл төрүүлж хэлсэн" гэж худал зүйл бичжээ. Хууль, шүүхийн өмнө үнэн зөвөөр мэдүүлэх ёстой атал намайг итгэл төрүүлэхээр худал хэлж мөнгө зээлдэж авсан мэтээр бичсэнийг гайхаж байна. Д.Х- нь надтай ойрын төрөл садангийн холбоотой, мөн нэг ангийн найзууд юм. Би түүнээс нэхэмжлэлд дурдсан 15 800 000 төгрөгийг зээлдэж аваагүй. Харин 790 000 (долоон зуун ерэн мянга) төгрөгийг өөрийнхөө цалингийн зээлийг төлөх гэж авсан. Ингэхдээ хүүтэй зээлдэх гэрээ бичгээр байгуулаагүй, утсаар ярилцаж байгаад над руу шилжүүлсэн. Би энэ авсан мөнгөө 06 дугаар сарын сүүлээр 1 000 000 төгрөг болгож түүний нөхөр Шижирхүүгийн данс руу шилжүүлсэн, 790 000 төгрөгөөс өөр мөнгө зээлдэж аваагүй болно. Одоо би Л-д өгөх өр төлбөр байхгүй. 2017 оны 1 дүгээр сарын 13-наас 4 дүгээр сарын 04-ний хооронд нэр бүхий 8 хүнээс мөнгө төгрөг зээлдэж өгсөн хаяг руу нь шилжүүлсэн, нийт 7 удаа мөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурджээ. 2017 оны 1 дүгээр сарын эхээр Бэрх тосгоны эмнэлэгт намайг хүүхдээ сахиад хэвтэж байхад миний фэйсбүүк хаяг руу гадаад нэртэй хүнээс чат мессеж хэд хэдэн удаа ирсэн. Тэгэхээр нь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд С.Л-г англи хэл мэддэг болохоор нь мессеж ирээд байна, би хэлийг нь ойлгохгүй юм гэхэд Л- мессежийг нь над руу явуул гэхээр нь явуулахад надад орчуулаад буцааж явуулж байсан. Ирсэн мессежийн нь утга “чамтай найзлахыг хүсч байна. Хэн нэгэнд туслах хүсэлтэй байна гэсэн утгатай байна гэсэн. Тэгээд Л-тэй энэ ямар учиртай талаар ярилцаж байхад Л- зарим нэг гадаад хүн хүнд туслая гэсэн сэтгэлтэй байдаг юм, чи харьцаад үз гэхээр нь би и-мэйл хаягаа өгсөн. Тэгтэл 2017 оны 1 дүгээр сарын 9-нд мессеж ирснийг орчуулахад “Скай экспрэсс” гэдэг хүргэлтийн компаниар илгээмж явуулсан. Энэ линкээр ...кодоор нэвтэрч ороод илгээмжээ шалгаарай гээд код илгээсэн байсан. Илгээсэн хүн нь Gerard Jhon гэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-нд таны бараа гаалийн татвар төлөх шаардлагатай гэсэн и-мэйл ирээд мөнгө нэхсэн байсан. Тэр нь монгол төгрөгөөр 3 сая гаруй төгрөг болж байсан. Би хэл мэдэхгүй тул энэ бүхнийг Л орчуулаад нэхсэн мөнгийг нь төлбөл бараа ирэх юм байна. Хүүтэй мөнгө зээлдүүлдэг хүмүүсээс мөнгө авч шилжүүлнэ гээд гадаад хүний өгсөн данс руу нь өөрөө л сайн дураараа мөнгө шилжүүлсэн. Би хүмүүсээс мөнгө зээлдэж аваад шилжүүл гэж огт ятгаж хэлээгүй. Харин ч тэр гадаад хүний ирүүлсэн мессежинд итгэж ядаж гайхаж байхад Л- өөрөө итгэлтэй байсан. Л-г хэдэн хүнээс хэдэн төгрөг зээлдэж аваад хэдэн удаа гадаад руу шилжүүлсэн талаар би сайн мэдэхгүй. Иймд гадаад хүний данс руу Л- өөрөө сайн дураар мөнгө шилжүүлсэн. Би шилжүүл гэж ятгаагүй атал надаас мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Х- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын эхээр Л-гээс “эмнэлэгт хэвтэж байна гэдгийг юу гэж бичдэг юм бэ” гэж асуухад надад орчуулж өгсөн нь үнэн. Анх надад “фэйсбүүк”-ээр гадаад хүнээс “чат” ирсэн юм. Харин би Л-ээс “гадаад хүн ямар байдаг вэ” гэхэд Л нь “гадаад хүмүүс хүнд туслах сонирхолтой байдаг. Юу ч гэсэн харилцаад үзээч” гэж хэлсэн. Мөн 2017 оны 1 дүгээр сарын эхээр тухайн гадаад хүн “хүргэх компаниар хүүхдэд чинь бяцхан бэлэг явуулах гэсэн юм” гэж хэлсэн. Явуулсан бараанд нь юу байгаа талаар Л “хүрэн дугтуй, бугуйн цаг гэх мэт зүйлийг явуулсан байна” гэдгийг орчуулж өгөөд, “миний найз ч ёстой гарч өгч дээ” гэж чат бичиж байсан. Мөн чатад энэ бараа “Скай Экспресс” гэдэг хүргэх компаниар ирж байгаа юм байна. Кодоор шалгаж үз гээд код ирсэн. Шалгаж үзэхэд Л-д хаяглагдсан бараа харагдаж байсан. Ингээд гааль дээрээс “цэвэрлэгээний төлбөр гэж мөнгө төл гэсэн байна” гэдгийг Л- над руу чатаар хэлсэн. Л “хүүтэй мөнгө зээлдэж, энэ барааг авъя” гэж хэлсэн гээд байна. Би ийм зүйлийг яриагүй. Л- өөрөө хүнээс мөнгө зээлдэж авч явуулсан. Би хөдөө байдаг байсан учраас Л- “union pay” гэдэг гадаадын гуйвуулгаар мөнгийг шилжүүлдэг байсан. Гааль дээр гацлаа, цэвэрлээний мөнгө, татвар гэх мэт мөнгийг байнга нэхдэг байсан. Тэр болгоныг төлчихнө гэж бодож явуулж байсан. 2017 оны 02 дугаар сард би байгууллагынхаа цасны баяр дээр байхад Л- залгаад Жон гэх хүнээс и-мэйл ирсэн гэж хэлсэн. Тухайн и-мэйлд “...хүргэлтийн компаниар явуулсан бараа Малайз улсын гааль дээр гацчихлаа. Энэ удаа 50 000 фунтыг данс руу чинь шилжүүлье. Үлдсэн мөнгийг Монголд өгнө” гээд “Асайт континотид” гэдэг компанид Л-гийн нэр дээр данс нээгээд мөнгө байршууллаа гэхээр нь дансыг нь шалгахад мөнгө байна гэж Л- хэлж байсан. Тухайн данснаас нь Л-ийн Хаан банкны данс руу мөнгийг явуулсан. Тухайн өдөртөө мөнгө нь ороогүй байсан. Улс хоорондын шилжүүлэг учраас 24 цагийн дотор дансанд орно гээд байсан боловч орохгүй байсан. Гадаад банкны дансны үлдэгдлийг шалгахад үлдэгдэлгүй болсон байсан. Гэтэл код хийх ёстой байсан юм билээ. Банкнаас асуухад кодны төлбөр гэж 2 удаа мөнгө нэхэмжилсэн байсан. Би сүүлдээ эргэлзэж эхлээд Л-д яагаад төгрөгийн данс руу доллар шилжүүлээд байгаа юм бэ, чи долларыг төгрөг болгож “mnt” болгож шилжүүлэх ёстой байсан юм биш үү гэж хэлсэн. Мөнгө шилжүүлэх асуудлыг Л- өөрөө бүгдийг нь хийсэн. Би Л-г “мөнгө шилжүүл, мөнгө ол” гэж ятгаж, сэнхрүүлсэн зүйл байгаагүй. Л- намайг “google translate” гэдэг аппликэйшн татаж аваад Жон гэдэг хүнтэй харилцдаг байсан гэж ярьж байна. Л- өөрөө намайг “google translate гэдэг аппликэйшн татаж аваад харьц гэж хэлж байсан. Жон гэдэг хүнтэй Л миний и-мэйл хаягийг хийгээд өөрөө харилцдаг байсан. Би нэг удаа хаягаараа орсон чинь намайг фэйсбүүкээсээ блок хийсэн байсан. Ингээд олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн. Би энэ мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй. Хувьдаа авч хэрэглэсэн мөнгө гэвэл цалингийн зээл гэж 790.000 төгрөг авсан. Миний данс руу 5000, 10000 төгрөгөөр шилжүүлж байсан нь дансны хуулгаар харагдаж байгаа. Бөө гээд яриад байгаа нь манай дүү удган хүүхэн байдаг юм. Бид нар өөрсдөө шүтэх үедээ шүтдэг байсан. Намайг “чи сайн асуу, лавла, өвөө бүтнэ гэж хэлсэн шүү дээ, чи асуу” гэж надад хэлж байсан. Л өөрөө ч гэсэн итгэдэг байсан. Би бол чи заавал итгэх ёстой, мөнгө олж явуул гэж ятгаж байгаагүй. Миний данснаас Л-ийн данс руу 70000 шилжүүлж байсан нь миний дансны хуулгаар харагдаж байгаа. Тэр 70000 төгрөгийг бас нэхэмжилж байгаа мөнгөнөөс нь хасуулна гэж бодож байна. Би бол энэ  мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.    

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.Х-гаас 12 555 350 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Л-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 350 350 /арван хоёр сая гурван зуун тавин мянга гурван зуун тавь/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн  56.2-т зааснаар нэхэмжлэгч С.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 397 591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-гаас 215 836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Х-гийн ХААН банк, ХАС банк, Төрийн банкин дахь харилцах данс болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг 24 905 700 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд зогсоосон 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1558 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр  шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Х-гийн үгэнд итгэж 7 удаа мөнгө шилжүүлсэн боловч бараа ирээгүй. Надаар зээлдүүлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул Х-гаас 15800000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн, 9 сарын 6 нд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн гаргасан хариу тайлбартай холбогдуулан 9105700 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 24905700 төгрөг нэхэмжилж байна" гэсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч "Л- нь гадаад руу 7 удаа 12200 доллар буюу 30199700 төгрөг шилжүүлсэн. Х-гийн өгсөн данс руу шилжүүлсэн учраас зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэж энэ мөнгөний талыг нэхэмжилж байгаа” гэж, хариуцагч Д.Х- “...Л-гээс мөнгө зээлдэж аваагүй, миний дансанд ороогүй, өөрөө сайн дураараа гадаад руу мөнгө шилжүүлсэн..." гэж маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоёр нь хоорондоо уялдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримт болох гадаад гуйвуулгын даалгавар, мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга зэргээр Л- нь Х- руу 12200 доллар буюу 30199700 төгрөгийг шилжүүлээгүй болох нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 281 р зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4т тус тус зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин маргааны үйл баримтаас харахад Х-д үл таних Жон Жерард гэх хүнээс ирсэн мессежийг Л- орчуулж, хариу бичиж, түүнийг нь Х- илгээж байсан, тухайн хүний “бараа явуулна, гааль дээр саатаад байна, гаалийн цэвэрлэгээний болон татварын төлбөр хэрэгтэй” гэх мэт мессежэнд итгэж Л- бусдаас мөнгө зээлдэж 12200 доллар шилжүүлсэн, өөрөөр хэлбэл цахим сүлжээ ашиглан залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон байх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд дараах байдлаар өөр өөрөөр үндэслэлгүй гэж дүгнэсэн.

.... Үзлэгийн тэмдэглэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51-р зүйлийн 51.5-д зааснаар үзлэгийн ажиллагааны явц, дараалал, хэрэгт ач холбогдолтой ямар илэрсэн нөхцөл байдал илэрсэн талаар тусгагдаагүй байхад бүхэлд нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамааралгүй дүгнэлт хийсэн.

“Хэдийгээр зохигчдыг улс, тив дамнасан зохион байгуулалттай. цахим залилангийн гэмт хэргийн хохирогчид болсон байна гэж дүгнэж болох хэдий ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, одоо энэ асуудал нэгэнт эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэгдэх бололцоогүй болсон тул иргэний журмаар зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх бололцоотой...” гэсэн нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан учраас иргэний хэргийн шүүх шийдвэрлэхээс өөр аргагүй болсон мэт дүгнэсэн.

“Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д ...үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан тул 24700700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тал хувь болох 12350350 төгрөгийг хариуцагч Х-гаас гаргуулах нь зүйтэй” гэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нар хэн гэдэг гүйцэтгүүлэгчийн өмнө ямар үүрэг хамтран хүлээсэн гэж үзэж, ямар баримтыг үндэслэж ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгчээс хариуцагч Х-ийн цалингийн зээл болон ахуйн хэрэгцээнд зориулж 1205000 төгрөгийг зээлдүүлж байсан, хариуцагч 100000 төгрөгийг Л-д буцааж төлсөн нь тогтоогдож байх тул үлдэгдэл 205000 төгрөгийг 12350350 төгрөг дээр нэмж нийт 12555350 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нь ямар нотлох баримтыг үндэслэж, хэрхэн тооцож 205000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн биелэлт гэж гаргуулахаар дүгнэсэн нь ойлгомжгүй.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11. 281 дугээр зуйлийн 281.1-д зааснаар хариүцагч Д.Х-гаас 12555350 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 156/ШШ2017/00537 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүсч гомдол гаргаж байна.

.... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 р зүйлийн 107.1 д зааснаар зохигч, хэргийн бусад оролцогчдод мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулаагүй атлаа шүүгч хариуцагчаас асуулт асуухдаа "үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж 3 удаа анхааруулсан /Тэмдэглэлийн 10, 12, 13-р нүүр/ бий зэргээс уг маргааныг шударгаар шийдвэрлээгүй гэж үзэхээр байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

       

            Нэхэмжлэгч С.Л-  нь хариуцагч Д.Х-д холбогдуулан 2017 оны 01 сарын 07-ны өдөр Х- утсаар ярьж гадаадаас бараа ирж байгаа, фейсбүүк чатаар ирж байгаа барааныхаа зургийг явуулаад, гаалийн татвар төлөх төлөх болоод байна хүүтэй ч хамаагүй мөнгө олж өгөөч гэсэн. Би 2017 оны 1 сарын 13 наас 04 сарын 04-ний хооронд 8 хүнээс хүүтэй мөнгө зээлж, Д.Х-д итгэн нийт 7 удаагийн шилжүүлгээр нийт 12200 доллар,  монгол мөнгөөр 30 199 700 төгрөгийг гадаадын иргэн Жон Герард руу явуулсан. Харин 5 590 000 төгрөгийг Д.Х-д хэлэлгүй шилжүүлсэн. Д.Х- “хүү ч яахав 1 сар хүрэхгүй буцаагаад өгнө гэж хэлдэг байсан.Гадаадаас бараа ирээгүй, бусдаас зээлж авсан мөнгөө төлж чадахгүй болсон.

Иймд Д.Х-гаас 24 905 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Х- “2017  оны 1 дүгээр сарын эхээр Бэрх тосгоны эмнэлэгт хүүхдээ сахиад хэвтэж байхад миний фейсбүүк хаяг руу гадаад хүнээс  чат мессеж хэд хэдэн удаа ирсэн. С.Л-г англи хэл мэддэг болохоор нь мессэж ирээд байна гэхэд над руу явуул гэхээр нь явуулахад орчуулж өгсөн. 2017 оны 1 сарын 09-нд мессэж ирснийг орчуулахад “Скай экспресс” гэдэг хүргэлтийн компаниар илгээмж явуулсан гээд код ирүүлсэн, гаалийн татвар төлөх шаардлагатай гээд мөнгө нэхсэн. С.Л- мөнгийг төлвөл бараа ирэх юм байна гэж орчуулсан. Л- гадаад хүний мессэжид итгэлтэй байсан. С.Л- хэдэн хүнээс мөнгө зээлдэж аваад гадаад руу шилжүүлсэн талаар би мэдэхгүй. С.Л- гадаад хүний данс руу өөрөө сайн дураараа шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхийг С.Л- өөрөө бүгдийг хийсэн, би ятгаагүй, би энэ мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй учраас” нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч С.Л- хариуцагч Д.Х- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

Нэхэмжлэгч С.Л- нь  2017 оны 1 сарын 13 наас  4 сарын  04-ны хооронд нийт 7 удаагийн шилжүүлэгээр 12 200 доллар буюу монгол төгрөгөөр 30 199 700 төгрөгийг Гадаадын иргэн Жон Герард гэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /хх87-93/,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ “ гэж заасан.

Нэхэмжлэгч С.Л- нь хариуцагч Д.Х-ын өмчлөлд мөнгө эд хөрөнгийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаныг тооцох боломжгүй байх тул зээлийн гэрээний үүргийн дагуу  шаардах эрхгүй байна.

Хариуцагч Д.Х-д  хууль болон гэрээнд заасан  үүрэг үүсээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. 

 

Иймд С.Л-гийн Д.Х-ас 24 905 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 216000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1.2.3 дахь заалтуудыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан С.Л-гийн” Д.Х-гаас 24 905 000 төгрөг гаргуулахыг” хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч С.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 397591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 216 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

   ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                       Я.АЛТАННАВЧ