Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 13 өдөр                              2018/ШЦТ/227                                   Хэрлэн сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0185/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                         М.Долгоржав,

Улсын яллагч                                           Т.Баярмаа,

Хохирогч                                                               Б.Алтанхүү,

Хохирогчийн өмгөөлөгч                                       Б.Жавхлан,

Гэрч                                                                       Г.Бат-Эрдэнэ,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч                                         Т.Ивээлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Г.Баярсайхан,

Насанд хүрээгүй шүүгдэгч                                 И.О.  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.1. дугаар зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.О.д холбогдох 1839002660159  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч И.О. нь  2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Батноров сумын 6-р баг Жавхлантын 1-р гудамжны 09 тоотод оршин суух Б.Алтанхүүгийн  байшинд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, Б.Алтанхүүгийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа ашиглаж асаасан шүдэнзээ хэд, хэдэн удаагийн үйлдлээр унтраалгүй хаясаны улмаас Б.Алтанхүүгийн эд хөрөнгийг шатааж, хууль бусаар устгаж гэмтээн бага бус хэмжээнээс дээш буюу 3.737.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.О. нь  2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр   Батноров сумын 6-р баг Жавхлантын 1-р гудамжны 09 тоотод оршин суух Б.Алтанхүүгийн  байшинд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлахыг завдсан, гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа ашиглаж асаасан шүдэнзээ хэд, хэдэн удаагийн үйлдлээр унтраалгүй хаяж Б.Алтанхүүгийн эд хөрөнгийг шатааж, хууль бусаар устгаж гэмтээн 3.737.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Б.Алтанхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байж байхад манай хүргэн Ганбаяр ах сумын төв рүү сургуулийн хүүхдээ хүргэж өгчихөөд 13 цагийн орчимд манайд ирэхдээ танай сумын төв дээр байдаг байшингийн чинь зүүн талын цонхны зүүн талын порчик нь онгорхой нэг цэнхэр эрээн өнгийн зүйл салхинд дэрвээд байна. Би мотоцикльтай хашааны чинь урдуур зүүн тийшээ өнгөрөхдөө харлаа гэж хэлсэн... Тэгээд би тэр даруй хөдөөнөөс эх******* хүүхдийнхээ хамт машинтайгаа сумын төв дээр ирэхэд манай хашааны гадаа хоёр машин зогсчихсон манай байшингийн дотор талаас гал гарсныг унтраасан гээд манай хүргэн Амраа бага дүү Алтанбагана, Ган-Эрдэнэ нар байж байсан. Тэгээд байшиндаа ороход дотор талд маш их утаа тортог болчихсон баруун хойд булангийн тасалгааны жижиг өрөөн дотор гарсан гал дутуу унтарч дахин гал гарч урд талын хана болон шал нь шатаж байсныг би дахин ус цацаж унтраасан. Гэтэл байшингийн урд талын хоёр цонхны зүүн талын цонхны порчикний шилийг хүүхдүүд чулуугаар шидэж хагалсан учраас хүүхдийн доогуур дэвсдэг хөх эрээн өнгийн нимгэн хөөсөнцөр зүйлээр хагарсан шилнийх нь оронд орлуулж скочоор наасан байсныг ураад хаячихсан. Уг цонхны хөшгийг доороос нь шатаачихсан. Баруун талын цонхны порчик онгойчихсон байсан... галыг цахилгаанаас гарсан гэж үзэх ямарч боломжгүй. Учир нь цахилгааны утас ойр орчимд огт байхгүй. Цонхны хөшиг доороо шатсан, авдранд байсан хувцаснуудыг гаргаж шалан дээгүүр тарааж хаясан мухрын өрөөний хана болон шал шатсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дугаар хуудас  /,

2. Гэрч Л.Амармэндийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд бид нарыг байшингийн дотор талд гарсан галыг унтраачихаад гадаа гараад хашаан дотор байж байхад Батноров сумын Ивээлт гэдэг хүний хүүхэд И.О. гэдэг хүү хашааны урдуур зүүн тийшээгээ мотоцикль жолоодож өнгөрөөд хашааны  зүүн талаар хойшоо явсан ... Алтанхүүгийн хашаанд байж байхад нөгөө хүүхэд дахин хашааны урдуур зүүн тийшээгээ мотоцикльтойгоо явж хашааг зүүн талаар нь хойшоо ороож хойд зүг рүү эргэн эргэн харж явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38 дугаар хуудас/

3. Гэрч А.Алтанбаганын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Бид нарыг байшингийн дотор гарсан галыг унтрааж байхад болон унтрааж дууссаны дараа манай сумын иргэн Ивээлт гэдэг ахын хүү И.О. хашааны урд талаар баруун, зүүн тийшээ 3-4 удаа мотоцикльтой давхин өнгөрсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-41дүгээр хуудас/

4. И.О.гийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн: “...Алтанхүү  гэдэг ахын байшинг цоожтой байхыг хашааных нь урдуур баруун тийшээ явахдаа цонх нь цэнхэр эрээн өнгийн зүйлээр бөглөөтэй байхыг анзаарч харсан юм. ...урагшаа давхиж эгч Оюунцэцэгийн гэрт очиж ...гал  тогооны шүүгээний урд талын шургуулганаас бариулыг нь лентээр ороосон хутга болон хөх улаан өнгө алагласан хайрцагтай шүдэнз зэргийг авч эргэж 11 цагийн орчимд мотоцикльтойгоо явж Алтанхүү ахын хашаанаас зүүн зүгт замын гуунд мотоциклоо тавьчихаад баруун тийшээ гүйж тэдний хашааг нь зүүн талаас нь давж дотор нь ороод байшингийн дотор талд чүдэнз зурж харахад чүдэнз маань асаж байгаад гараа түлэх гэхээр нь байшингийн дотор талын цонхны хөшиг орчим руу шидчихсэн юм. Тэгээд байшингийн дотор талд ороод байшин дотроо зүүн талдаа хаалгатай цонх байхгүй харанхуй өрөө рүү нь орж чүдэнз зурж харахад баруун талын ханандаа зүүн тийшээ харсан байрлалтай, хээтэй хул өнгийн бололтой авдар байсан. Гэтэл зурсан чүдэнз маань асаж байгаад миний хуруунд гал нь хүрч гар түлэх гээд байсан учраас унтраалгүй шидсэн юм. Алтанхүү ахынх саяхан хүүхдийнхээ даахийг авсан байсан учраас тэдний гэрт мөнгө байж магадгүй гэж бодож байшинд орсон юм.  Гадагшаа гарах гэтэл миний орсон харанхуй өрөөнөөс утаа уугиж эхлэхээр нь би сандраад урагшаа харсан баруун талын цонхны порчикийг рүчикээр нь онгойлгож гадагш гарч хашааг давж зүүн тийшээ гүйгээд мотоцикль дээрээ очиход гэнэт миний дотор тэр айлын гэр бүр шатчихаж магадгүй галыг нь унтраачихъя гэсэн бодол орж ирээд эргэж хашааг зүүн талаас нь давж байшин дотор баруун талын цонхоор орж нөгөө өрөө рүүгээ орох гэтэл байшин битүү утаа болчихсон хаанаа гал гарч байгааг харах боломжгүй, амьсгал давчдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч И.О.гийн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн үйлдэл нь мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч И.О.г уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч И.О.д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Алтанхүүд нийт 4.587.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдааны өмнө насанд хүрээгүй шүүгдэгч И.О. болон түүний хууль ёсны төлөөлөгч нь 500.000 төгрөгийг хохирогч Б.Алтанхүүд өгсөн бөгөөд, үлдсэн 4.087.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцсоныг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч И.О. нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 15 настай болох нь хэрэгт авагдсан түүний төрсний гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, түүний гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргүүдээс хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч И.О. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см-ийн урттай хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, шүдэнз 1 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч И.О.г бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлахыг завдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч И.О.д ял оногдуулахыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.  

 

3. Эрүүгийн хуулийн 8.1 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч И.О.д 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэхийг эцэг Т. Ивээлтэд үүрэг болгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдсан 26 см-ийн урттай хар өнгийн бариултай “TROY WEIGHT” гэсэн бичигтэй хутга 1 ширхэг, “ФЭСКО” гэсэн бичигтэй цаасан хайрцагтай шүдэнз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510  дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Т.Ивээлтээс 4.087.000 /дөрвөн сая наян долоон мянга/ төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор гаргуулж хохирогч Б.Алтанхүүд олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.О.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           Ц.МӨНХТУЛГА