| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02314/И |
| Дугаар | 0281 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 0281
| 2018 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2018/00281 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБТЗТ-д холбогдох,
2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3,930,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн,
14,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-100 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсантай холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-100 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, Улаанбаатар төмөр замын тээш худалдааны төвийн даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00352 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 826 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрээр миний 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт 8,230,950 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэхүү хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж заасан. Би Улаанбаатар төмөр замд 2017 оны 4 дүгээр 04-ний өдрийн Б-I-96 дугаар тушаалаар Худалдаа үйлчилгээний албанд Ерөнхий технологич, орлогч даргын ажилд томилсон. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-100 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацаанд 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын нийт ажлын 50 хоногийн цалин хөлсөнд 3,930,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-100 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацаанд 1, 2, 3, 4 дүгээр саруудад нийт 50 хоногийн цалин хөлсөнд 3,930,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00352 шийдвэр гарсан. Үүнээс хойш хариуцагч УБТЗнь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б-I-96 дугаартай тушаалаар Худалдаа үйлчилгээний албаны орлогч даргын ажилд томилсон тул ажилгүй байсан хугацааны ажпын 50 хоногт ногдох 3,930,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжилсэн 3,930,000 төгрөгийн талаар маргахгүй болно. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00352 шийдвэрээр нэхэмжпэгч Д.Б нь ажлын алдаа гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд харин сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Иймд түүний буруутай үйлдлээс болж дахин хохирол учирсан тул сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн тээш худалдааны төвийн даргаар ажиллаж байхдаа “Гэрээ байгуулах журам”-ыг зөрчин “Роял шүр” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний төлбөр 7,000,000 төгрөг байсныг дур мэдэн 5,000,000 төгрөг болгосон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00352 шийдвэрээр хариуцагч Д.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоон дүгнэсэн. Хариуцагч Д.Бын өөрт олгогдоогүй эрхийг эдлэн түрээсийн гэрээний төлбөрийг бууруулсан гэрээг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/02236 шийдвэрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХНН нэхэмжлэлээс 14,000,000 төгрөгийг буруулан дүгнэж хэрэгсэхгүй болгосон болно. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00352 шийдвэр болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/02236 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч нь өөрт олгоогүй эрхийг эдлэн нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт 14,000,000 төгрөгийн гэм хор учруулсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” мөн хуулийн 128 дугаар зүйлийнг 128.1.3-т “ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл” гэж тус тус заасан байх тул хариуцагч Д.Баас нийт 14,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00352 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлд дурьдсан 14,000,000 төгрөгийг бууруулсан талаар шийдвэр гаргаагүй байна. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 826 дугаар магадлалын хянавал хэсэгт “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албанаас түрээсийн гэрээний зөрчлийн талаар актыг дүгнээгүй...” гэх гомдол үндэслэлгүй, хэрэгт түрээсийн гэрээтэй холбогдох зөрчлийг илрүүлсэн баримт авагдаагүй байна” гэжээ. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж буй баримт нь тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд гэж үзэж нэхэмжлэл гаргасан байх боловч анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагчийг хохирол учруулсан талаар хийсэн дүгнэлт байдаггүй. Нөгөөтэйгүүр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлтэйгээр татгалзал болж чадахгүй энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна. Мөн үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 10/172 дугаар хариу тайлбарт “нэхэмжилсэн 3,930,000 төгрөгийн талаар маргахгүй” гэжээ. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу Д.Бийг ажилд нь эгүүлэн тогтоосон байгаа. Үүнтэй холбогдуулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг олгуулах заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад 3,930,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэсэн байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдана гэж ойлгож байна.
Харин сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53 тоот түрээсийн гэрээг УБТЗ нь “Рояалшүр” ХХК-тай байгуулсан. Гэрээ үргэлжлэх хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр УБТЗ нь дахин “Рояал шүр” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр сарын 7,000,000 төгрөг байсныг 5,000,000 төгрөг болгосонд Д.Б ямар ч буруугүй. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53 тоот түрээсийн гэрээнд харуул, хамгаалалтын зардал нь 1,950,000 төгрөг байсныг сүүлд байгуулсан гэрээгээр өөрчилж “Рояал шүр” ХХК нь өөрөө хариуцахаар болсон учраас түрээсийн үнийг бууруулсан. Харуул хамгаалалтын гэрээ нь ч хэрэгт авагдсан. Д.Б сүүлийн гэрээг өөрөө дур мэдэж байгуулаагүй. Удирдлагаас нь түүнд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн итгэмжлэлийн дагуу л гэрээг байгуулсан. Тэгээд УБТЗ нь Д.Бтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Тэрээр хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх ёстой. Гэтэл хариуцагчийн нэхэмжлээд байгаа мөнгө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133.1 дэх хэсэгт зааснаар Д.Бийн дундаж цалин хөлснөөс давсан. Д.Б хэн нэгний зөвшөөрөлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шинээр гэрээ байгуулаагүй. Аливаа гэрээг байгуулахад УБТЗ-аас гэрээний дугаар өгч, гэрээ байгуулах зөвшөөрөл өгөх ёстой гэсэн журам, дүрэм хэрэгт байхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Тухайн ажилтныг 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр ажилд нь орлогч даргын тушаалаар томилсон. Ажилгүй байсан хугацааны цалин 3,930,000 төгрөгийн талаар маргахгүй. Нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн олговрын тухай хуулиар зохицуулж байгаа. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Харин шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53 тоот түрээсийн гэрээ байгаа. Уг гэрээгээр Улаанбаатар төмөр зам нь “Рояалшүр” ХХК-д Баянгол дүүргийн Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар ХҮҮТ-ийн ногооны зоорины хашааг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлэхээр, түрээсийн төлбөрийг 1 сарын 7,000,000 төгрөг байхаар харилцан тохирсон байдаг. Гэтэл уг гэрээг УБТЗ-ын тээш худалдааны төвийн дарга Д.Б буюу нэхэмжлэгч өөрөө дур мэдэн өөрчилж шинээр гэрээ байгуулсан. Тодруулбал, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тэрээр байгууллагыг төлөөлж “Рояал шүр” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацааг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулж, нэг сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөг гэж тохирсон. Ингээд үндсэндээ Д.Баас болж УБТЗ нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 7 сарын хугацаанд нэг сарын 2,000,000 төгрөгөөр, нийтдээ 14,000,000 төгрөгөөр хохироод байна. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53 тоот түрээсийн гэрээ нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой байхад Д.Б хэн нэгний зөвшөөрөлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шинээр гэрээ байгуулсан. Аливаа гэрээг байгуулахад УБТЗ-аас гэрээний дугаар өгч, гэрээ байгуулах зөвшөөрөл өгдөг. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээнд 14/2-53 гэсэн зөвшөөрлийн дугаар байгаа. Гэтэл Д.Бийн сүүлд буюу 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээн дээр ямар ч дугаар байхгүй байгааг харж болно. Уг гэрээг байгуулахад байгууллагын эдийн засагч ч гарын үсгээ зураагүй, энэ өөрчилсөн гэрээ нь угаасаа УБТЗ-д байхгүй. Учир нь Д.Бт ийм гэрээ байгуулах зөвшөөрөл өгөөгүй. Энэхүү байдлыг үнэлээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Бт сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв, хуульд нийцсэн гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Гагцхүү Д.Бт сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв боловч түүнийг ээлжийн амралттай байхад нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж тушаал гаргасан нь буруу байна гэж л үзсэн. Ийм ч учраас Д.Бийг эгүүлэн ажилд тогтоосон. Түүнээс биш УБТЗ ямар ч буруугүй хүнийг ажлаас нь чөлөөлсөн гэж хоёр шатны шүүхээс үзээгүй юм. Д.Бийг гэм буруутай гэдгийг тогтоосон хоёр шатны шүүхийн шийдвэр байгаа, хүчин төгөлдөр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 135.1.2-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан” гэж тус тус заасан. Нэгэнт Д.Б байгууллагад хохирол учруулсан гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар 14,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 22-ны тушаал хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,253,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00352 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б-II-100 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бийг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоон, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 8,253,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэжээ.
Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн магадлалаар хэвээр үлдээсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-96 тоот “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажилд томилох тухай” тушаал гаргаж Д.Бийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс Худалдаа үйлчилгээний албаны ерөнхий технологич, орлогч даргын албанд томилжээ.
Д.Б нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замд холбогдуулж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3,930,000 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсан.
Дээрх шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэл:
Дээрх хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч УБТЗнэхэмжлэгч Д.Баас 14,000,000 төгрөгийг шаардаж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлийг “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00352 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн магадлалаар Д.Б нь ажиллах хугацаандаа зөрчил гаргасан гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсгүүдэд зааснаар түүний өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж түрээсийн төлбөрийг үндэслэлгүйгээр бууруулснаас байгууллагад учруулсан хохирол 14,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлав.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдлээр ажил олгогчид буюу байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол түүнд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсныг үл харгалзан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан.
Харин ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхэд юуны өмнө ажил олгогч этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан байх, уг хохирол нь тухайн ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдлээс шалтгаалсан, учирсан хохиролд ажилтан гэм буруутай байх урьдчилсан нөхцөлүүд тогтоогдох учиртай.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00352 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн магадлалаас үзэхэд нэхэмжлэгч Д.Бийг Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын албан тушаал эрхэлж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буруутай эс үйлдэхүй гаргасан гэсэн агуулгаар дүгнэсэн боловч түүнийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Рояал шүр” ХХК-тай байгуулсан 14/2-53 тоот түрээсийн гэрээг өөрөө дур мэдэн өөрчилж 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шинээр гэрээ байгуулсан, энэхүү үйлдэл нь зөрчил байсан талаар хийсэн дүгнэлт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл байгууллагад учирсан хохирол гэх 14,000,000 төгрөг болон Д.Бийн үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, Д.Баас шалтгаалж 14,000,000 төгрөгийн хохирол Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замд учирсан болохыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.
Түүнчлэн, хариуцагчийн зүгээс “...Д.Б зөвшөөрөлгүй, эрх мэдлээ хэтрүүлэн гэрээ хийсэн, ...гэрээ хийхдээ эдийн засагчаас болон удирдлагаас гэрээний дугаар, зөвшөөрөл авалгүйгээр байгууллагын гэрээ байгуулах журмыг зөрчсөн” гэж тайлбарлах боловч аливаа гэрээг байгуулахад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас гэрээний дугаар өгч, гэрээ байгуулах зөвшөөрөл өгдөг зохицуулалт, журам хэрэгт авагдаагүй байхаас гадна 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шинээр гэрээ байгуулахаас өмнө буюу 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын 10/129 тоот “Итгэмжлэл”-ээс үзэхэд Д.Быг өөрийн эрх мэдлээ хэтрүүлж бусадтай гэрээ байгуулж байгууллагыг хохироосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 3,930,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Бийн шаардлагыг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул Д.Баас 14,000,000 төгрөг гаргуулах тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,830 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, хариуцагчаас төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ