Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/968

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Б О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808024321072 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн баяжуулалтын оператор мэргэжилтэй, машин угаалгын газарт ажилладаг, ам бүл-5 аав, ээж, эгч, дүүгийн хамт Булган аймгийн Орхон сум Халиун багт оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо 7-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б От, РД: ****,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн Г.Агийн гээгдүүлсэн Самсунг Эс-8 маркийн гар утсыг завшиж 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн Г.Агийн гээгдүүлсэн Самсунг Эс-8 маркийн гар утсыг завшиж 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

 
  • хохирогч Б.Алтанзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэгээд би Мөнх-Эрдэнэд гар утсаа өгч бие засаад буцаагаад гар утсаа авсан бөгөөд арын дэлгүүр лүү орж Чингис архи аваад буцаж анх орсон дэлгүүрээсээ ундаа худалдаж аваад нөгөө хэд дээрээ очиж архи ундаа уусан. Удалгүй Цолмон явлаа гэхээр нь би цүнхээ машины нь урдаас авч үүрсэн бөгөөд хажуу талын талын пабад Ядам, Гүрээ, Мөнх-Эрдэнэ, Саруул, Баярмаа, Баярмаа, Баярцэцэг бид хэд орсон бөгөөд тэнд үйлчлүүлж байгаад 00 цаг 40 минутын орчим тухайн пабаас гарсан. Тухайн үед Төгөлдөр-Учрал надаас гар утсаа яасан юм бэ гэж асуухаар нь би гар утсаа үзтэл надад байгаагүй. Ядам, Баттулга, Төгөлдөр-Учрал бид дөрөв утас руугаа залгахад нэг эмэгтэй бололтой хүний дуу гараад тасарсан. Би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний утас "Самсунг Эс-8” маркийн хар өнгийн утас байсан...гэх мэдүүлэг /хх-7-8/,
  • гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Алтанзаяа өөрийнхөө гар утсаар бид хэдийн зураг дарж байсан бөгөөд тэрнээс хойш би Алтанзаяаг гар утсаа гаргаж ирсэн талаар анзаараагүй. Ямар ч байсан том утас байсан хавтастай харагдаж байсан...Төгөлдөр-Учрал Алтанзаяагийн гар утас байхгүй байна нэг эмэгтэй хүн аваад тасарчихлаа наагуур чинь байвал үзээч гэж хэлсэн. Тэгэхээр нь утсаа салгаад өөрийнхөө эргэн тойронд үзсэн бөгөөд байхгүй байсан.. гэх мэдүүлэг /хх-11/,
  • гэрч Э.С мөрдөн байцаалтад өгсөн: ...Би "Самсунг эс-8” маркийн гар утсыг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дүү Очирбатаас авч байсан. Очирбат уг утсыг хаанаас авсан талаар би мэдэхгүй. Надад утсаар солих уу гэхээр нь би уг утсыг өөрийнхөө "Айфоне-6” маркийн гар утсаар сольж байсан. Би 9927-1005 дугаар барьдаг би уг дугаарыг олон жил барьж байгаа...гэх мэдүүлэг /хх-16/,
  • "Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан - 570.000 төгрөг /хх-19-21/,
  • шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн: ...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Лабораторын автобусны буудал дээр буугаад гэр лүүгээ явсан. Зам дагуу байх "Дүүлэн” гэх паб караокены хажуугаар явж байхад зам дээрээс хар өнгийн том дэлгэцтэй, урд шил нь хагарчихсан ухаалаг гар утас олсон. Асаахад ажиллагаа зүгээр сим картыг нь гаргаж авч хаяад дэлгэцний кодыг нь Теди худалдааны төв дээр гаргуулсан. Тэгээд би эгч Сэлэнгээгийн "Айфоне эс-6” маркийн хар өнгийн гар утсаар сольж барихаар болоод эгч тэр утсанд өөрийн 9927-1005 дугаарын сим картаа хийж би эгчийн утсыг барьж байсан. 2018 оны 10 дугаар сарын эхээр Сэлэнгээ эгч рүү Цагдаагаас ярьж байна наад утас чинь алга болсон гэж тэмдэглүүлсэн утас байна гэхээр нь би утсыг нь цагдаа дээр авчирч өгөөд хохирогчид хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-30/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Оыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Хохирогч нь утсаа буцаан авсан, гомдол саналгүй /хх-60/ гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд "шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “М| 2өго” ХХК-д засварчны ажилд орсон, торгох ял оногдуулж өгнө үү, торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь мөн хавтаст хэрэгт авагдсан “М| 2өго” ХХК-ийн тодорхойлолт болон бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд торгох ял оногдуулав.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Оыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

Г.ГАНБААТАР