Хэргийн индекс: 180/2018/0317/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Ц.Ц
Шүүгдэгч Т.Л
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т Лд холбогдох 1839003950213 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Баян- Адрага сумын төвд Өүлэн кафед иргэн Г.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 08 дугаар сарын 09-нд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвд Өүлэн кафед иргэн Г.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Г.Чын мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 08 дугаар сарын 09-ны өглөө 06 цагийн үед би Баян-Адрага сумын төвд хадмынд унтаж байхад Гандаваа гэх залуу ирээд амайг цуг айл руу очъё гээд бид хоёр цуг гарсан.Тэгээд хатдын өргөөний урд талын нарсанд очиж хэдэн хүмүүстэй 4 шил архи уугаад, тэгээд урьхан кафе орж тэнд хүмүүстэй хоёр том пиво уугаад Баян-Адрага сумын нэгэн залуутай маргалдаад намайг гадны цагаачин одоо манай сумаас яв гэх мэтээр хэл амаар доромжлоод дүүтэйгээ элбэж миний нүүр ам руу өшиглөж, толгой дээр олон удаа дэвсэж зодсон. Тэгээд цагдаа ирсэн. Цаашид би аймаг хот явж толгой нүүрний зураг авахуулж үзүүлэх шаардлагатай. Эмчилгээний мөнгө гаргуулан авах саналтай байна...” гэсэн мэдүүлэг /хх 10-11 тал/
- Гэрч Т.Л мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2018 оны 08 дугаар сарын 09- ний өглөө хүмүүстэй модонд архи уугаад байж байтал Гандаваа Галшар сумын залуу Баян- Адрага сумын хүргэн гээд Ч гэх залууг дагуулж ирээд тэгээд бид хэд архи ууж байгаад өдөр 14 цагийн үед Баян-Адрага сумын урьхан *******тэй кафед иргэн Мөнхбаяр, Ганболд, Ч нарын хамтаар орсон. Тэгээд Галшар сумын залуу Ч 30 ширхэг бууз захиалаад бид хэд нэг том пиво уугаад юм яриад сууж байтал Ч намайг чи хүний авч өгсөн 30 буузыг дуугүй идээд зайл гэсэн. Тэгэхээр нь би 30хан ширхэг буузнаас болж би чам шиг ингэж хэлэхгүй гээд аягатай ууж байсан пивоо Чын нүүрлүү цацсан юм. Тэгээд бид хоёр гараад кафены ард талын хашаа руу орох гэж явж байгаад эргээд хартал намайг Ч нүүр лүү маань нэг цохиод унагаагаад хоолой боогоод байж байтал манай сумын Жаргалсүрэн ах ирж салгасан. Тэгээд би босоод баруун тийшээ машин руугаа явж байтал манай дүү болох Л хөдөөнөөс дөнгөж орж ирлээ гээд явж байсан. Наад нүүр амаа яачихсан юм бэ гэхээр нь би урьхан кафены хажууд Ч гээд Галшар сумын залуутай маргалдаад гээд хэлсэн чинь мотоцикльтойгоо хөдлөөд явсан. Намайг баруун тийшээ алхчихаад эргээд урьхан дээр очиход манай дүү Ч хоёр караокены өрөөнд ноцолдож байсан. Тэгээд би кафены өрөөнөөс нэг сэрээ аваад Чыг хатгах гэж байгаад болиод тэр хоёр гадаа гараад зодолдсон. Тэгээд Чыг унаад өгөхөөр нь би баруун мөр лүү нь ботинкоор нэг удаа өшиглөөд толгой руу нь өшиглөх гэтэл Чын хадам аав нь ирээд намайг ардаас гараараа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаад газар унахад цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 12-13 тал/
- Гэрч М.М мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би Өүлэн кафед ажил дээрээ байж байхад гаднаас Лхагвадорж, Мөнхбаяр, Ч нар ирээд манай караокений өрөөнд ороод Ч 30 бууз захиалаад тэгээд тэд нар сууж байгаад удалгүй Ч гэх залуу гаднаас хойд талын хаалгаар бид нарын хоол унд хийж өгдөг өрөөнд орж ирээд Лхагвадорж гэх залуутай маргалдаад чи намайг барахгүй шүү дээ гээд байсан. Тэгэхэд Лхагвадорж гэх залуу тэр Ч гэх залууд зодуулчихсан нүүр гар, энд тэндээ шархтай цус гарчихсан байсан. Тэгээд Лхагвадорж гээд залуу кафенаас гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа кафед хүмүүс хашгираад байхаар нь харсан чинь Лхагвадорж гээд залуу өөрийн дүү болох Лгийн хамт тэр Чтай зодолдоод Ч гэх залуугийн хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18 тал/
- Гэрч Ш.Г мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би Өүлэн кафед ажил дээрээ байж байтал гаднаас Лхагвадорж, Мөнхбаяр, Ч нар орж ирээд манай караокед орж ирээд 30 ширхэг бууз захиалаад тэгээд Лхагвадорж, Ч нар хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгээд Лхагвадоржын нүүр гарнаас цус гарчихсан гараад явж байсан. Тэгээд удалгүй хүмүүс хашгираад байхаар нь харсан чинь Лхагвадорж гэх залуу өөрийн төрсөн дүү болох Лгийн хамт тэр Ч гээд залууг зодоод хамарнаас нь цус гарчихсан хүмүүс салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 15-16 тал/
- Гэрч Д.М мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баян-Адрага сумын 1 дүгээр багийн иргэн Лхагвадорж, Ганболд, Ч бид хэд нарсанд архи ууж байгаад Өүлэн кафены караокены өрөөнд ороод Ч, Лхагвадорж хоёр буузан дээрээс болж маргалдаад гараад зодолдсон юм шиг байна лээ би гэр лүүгээ яваад унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 21-22 тал/
- Яллагдагч Т.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн үед хөдөөнөөс би сумын төвд ирээд байж байтал миний ах Лхагвадорж таараад уулзсан чинь ахын нүүр цус болсон шалбарсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь Галшар сумын иргэн Чтай зодолдсон гэхээр нь Чыг яагаад ахыг зодож байгаа юм бэ гэж асуугаад бид хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ цохилцоод гадагшаа гарч зодолдсон. Тэгсэн Урьхан кафены гадаа манай ах Лхагвадорж ирээд хажуунаас орж ирээд Чын мөр рүү өшиглөсөн. Тэгсэн Чын хадам аав ирээд Лхагвадорж ахыг араас нь цохисон. Тэгсэн Лхагвадорж ах хөлнөөс нь бариад унагасан чинь хүмүүс салгаад тэгээд цагдаа ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх 42 тал/
- Шүүх эмнэлгийн 385 тоот
-Г.Чын биед хамар ясны зөрүүтэй хугарал, баруун, зүүн бугалганд шарх, хамар, баруун шуунд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх 25 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул өөрт учирсан хохирлоо нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
- Шүүгдэгч Б овогт Т-н Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуусан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба хохирогч нь өөрт учирсан хохирол, зардлыг нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ