Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/11

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Цолмонгэрэл Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 1831000000273 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр охины хамт*******ийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, *******ын 33 дугаар гудамжны 0551 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхан тосгоны Бумцэндийн 1 дүгээр гудамжны 6 тоотод амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, би эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт ******* Энхсайхан /РД: *******/,

Шүүгдэгч Г.Энхсайхан нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан 3 дугаар баг 1 дүгээр хэсгийн 06 тоотод оршин суух өөрийн гэртээ Б.Энхнарангийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

1.Шүүгдэгч Г.Энхсайханы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 03-нд яллагдагчаар өгсөн: ...Ингээд би эхнэрээ гадуур танихгүй залуутай хамт явлаа гэж уурлан хоорондоо муудалцан маргалдсан. Тэгээд би Б.Энхнарангийн утас руу залгаад “чи одоо манай гэрт хүрээд ир, хаана байгаа газраас чинь очиж авъя” гэж хэлээд дуудсан. Тэгээд удалгүй Б.Энхнаран манайд ганцаараа ирээд “юу болоод байгаа юм бэ?” гэж асуухаар нь би “чи эхнэр дагуулж гадуур танихгүй залуутай хамт явлаа” гэж уурлаж хэлсэн. Б.Энхнаран “танай эхнэр ганцаараа ажил хийж байна, яагаад нэг удаа гэрээсээ гарч явж болдоггүй юм бэ?” гэж эхнэрийг өмөөрсөн байдалтай юм хэлсэн. Ингээд Б.Энхнаран бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Энэ үед манай эхнэр Б.Энхнаран бид хоёрыг “боль” гэж байсан. Тухайн үед Б.Энхнаран бид 2 хоёулаа нэг нэгэндээ уурлан хэн нэгнийгээ янз бүрээр хэлж байсан байхаа. Би уурандаа Б.Энхнарангийн ээж Т.Лена руу утсаар залгаад “та архичин охиноо ирж ав” гэж ярьсан. Тэгэхэд Б.Энхнаран “чи миний ээжийг бие муутай байхад утсаар залгаж ярилаа” гэхээр нь би “тэгвэл чи ээжийгээ бие муутай байхад архи ууж айлын эхнэр дагуулж, танихгүй залуутай явлаа” гэхэд Б.Энхнаран “чи миний ээжийг хүндэлсэнгүй, чамайг бодвол 20 жил байгууллага удирдсан хүн” гэхээр нь “би танай ээж шиг удирдагчийг мэдэхгүй юм байна” гэхэд Б.Энхнаран уурлан намайг гараараа нэг удаа алгадсан. Тэгэхэд нь би “чи гэрээс гар” гэж хэлээд гараараа Б.Энхнарангийн мөр рүү түлхсэн. Б.Энхнаран арагшаа толгойгоороо хаалга мөргөж толгойгоо хагалсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,

2.Шүүгдэгч Г.Энхсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тэр өдөр яах гэж Б.Энхнаранг дуудсан бэ гэвэл “манай эхнэрийг уруу татаж архи уудаг архиныхаа асуудлыг зогсоо” гэж хэлэхийг хүссэн. Энэ архидалт удаа дараа давтагдсан. Тэгээд Б.Энхнаран манай гэрт ирсэн. Бид 2 хэрэлдсэн. Б.Энхнаран намайг түрүүлж алгадсан. Бид 2 хэл амаараа ойлголцохгүй байсан болохоор нь би Б.Энхнаранд удаа дараа “гэрээс гар” гэж хэлээд түлхсэн. Түлхэхдээ би түүний биед нь санаатайгаар гэмтэл учруулъя гэж бодоогүй бөгөөд тухайн үйлдэл маш хурдан болоод өнгөрсөн. Нэгэнт түүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан болохоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Б.Энхнарангийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...Г.Энхсайхан нилээн согтуу байсан ба намайг ороход шууд хараалын үг хэлж “чи миний эхнэрийг дагуулж яваад архи дарс ууж, танихгүй залуутай явлаа” гэж хэлсэн. Би “танай эхнэр ганцаараа ажил хийж байна, яагаад нэг удаа гадуур гараад явж болдоггүй юм, чи эхнэрээрээ тэжээлгэж байгаа биз дээ” гэж хэлэхэд Энхсайхан уурлаад гараараа миний цээж рүү түлхэж унагаасан. Дараа нь мөн намайг гэрийн үүдний ойролцоо зогсож байхад Г.Энхсайхан гараараа миний цээж хэсэг рүү нэг удаа цохиж би арагшаагаа хаалга толгойгоороо мөргөж унасан. Энэ үед миний шилэн хүзүү рүү халуун оргиод байхаар нь би гараараа дарж үзэхэд цус гарч байсан. Энхсайхан намайг цохиж эрүүл мэндэд хохирол учруулснаа мэдсээр атлаа уучлалт гуйгаагүй.Гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү....гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9-р ху/,

4.Гэрч П.Отгонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: ...Ингээд удалгүй манай нөхөр Г.Энхсайхан гэртээ ирэхдээ архи уусан халамцуу ирээд надад уурлан “чи Б.Энхнаранг дагаж гадуур явлаа” гэснээс болоод бид 2 хоорондоо маргалдсан. Г.Энхсайхан уурандаа утсаар Б.Энхнаран руу залган “чи хүрээд ир, ирэхгүй бол би өөрөө танай гэрт очиж чамайг авъя” гэж дуудсан. Тэгээд удалгүй Б.Энхнаран ганцаараа манай гэрт ирээд манай нөхөр тэр 2 хоорондоо муудалцаж хэрэлдээд Б.Энхнаран нөхрийг алгадахад манай нөхөр уурлан “би чамтай юм яриагүй” гэж хэлээд гараараа Б.Энхнарангийн цээж рүү түлхэхэд Б.Энхнаран арагшаагаа унасан. Арагшаа унахдаа толгойгоороо хаалга мөргөж унасан. Ингээд Б.Энхнарангийн толгой хагарч цус гараад байхаар нь би ариун цэврийн цаасаар цусыг нь арчиж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р ху/,

5.Гэрч Т.Ленагийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Бямбасүрэн багш утсаар над руу залгаад “Г.Энхсайханы гэрт танай охин зодуулсан байна, түүний тогойноос цус гарч байна, та 2 ирэхгүй бол болмооргүй харагдаж байна, цагдаа дуудъя” гэж ярихаар нь би нөхрөө дагуулаад Г.Энхсайханы гэрт очсон. Тэгэхэд Г.Энхсайхан нь эхнэр хүүхдүүдтэйгээ байсан ба манай охин Б.Энхнарангийн толгойны ар хэсгээс буюу баруун талын чихний ар хэсгийг дагаж цус гарсан байсан. .../ хх-ийн 14-15-р ху/,

6.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Б.Энхнарангийн биед толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 27-р ху/,

7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3- 5-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 28-29-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 1-р ху/, шүүгдэгчид холбоотой баримтууд, /хх-ийн 35-41-р ху, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах баримт, /хх-ийн 42-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 43-р ху/,

шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 44-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 45-р ху/, хэргийн ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 48-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Энхсайханыг согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан 3 дугаар баг 1 дүгээр хэсгийн 06 тоотод оршин суух өөрийн гэртээ Б.Энхнарангийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Шүүгдэгч Г.Энхсайханы шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Энхсайхан нь согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан 3 дугаар баг 1 дүгээр хэсгийн 06 тоотод оршин суух өөрийн гэртээ Б.Энхнарангийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй зэргийг харгалзан хуульд заасан ял оногдуулж, энэ гэмт хэрэг архи уун согтуурснаас болж гарсан байх тул шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Хохирогчид шүүх хурлын тов 2018 оны 12-р сарын 27-нд мэдэгдсэн боловч ирээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8-р зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, мөн хуулийн мөн зүйлийн 2-т “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй, мөн хуулийн 34.13-р зүйлийн 1-д зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэрэг хянан хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч нараас асууж, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уншин сонсгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* Энхсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Энхсайханыг 500 /таван зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Энхсайханы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.******* мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Г.******* согтууруулах ундаа хэрэглэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг биелүүлэхгүй зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.******* анхааруулсугай.

7.Шүүгдэгч Г.Энхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүгдэгч Г.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН