Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 308

 

Э.Д-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 33 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор О.Пүрэвсүрэнгийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр Э.Д-д холбогдох эрүүгийн 1808000001442 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Э.Д-, 1995 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Э.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 1 дүгээр орцны урд талын зосгоол дээр байсан иргэн Д.Төмөрхүүгийн эзэмшлийн 13-38 УНБ улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын автомашины зүүн талын 2 ширхэг дугуйг тусгайлан бэлтгэсэн данхрад, дугуйн түлхүүр зэргийг хэрэглэн нууцаар, хууль бусаар авч, 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр 260.000 төгрөгийг хохиролд нөхөн төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүхээс хэрэгсэхгүй болгосон уг хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хамт хүргүүлж, шүүгдэгч Э.Д- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд зааснаар хохирол арилгуулах, зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх талаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Пүрэвсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан зарим нотлох баримтыг няцаан үгүйсгэхгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж заасанд хамаарч байх тул шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Д- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Баянсан бид хоёр гарч дахин дэн буудлаас нэг том савтай шар айраг авсан. Тэгэхдээ 23 дугаар байрны 1 дүгээр орцны гадна байрлуулсан хөх өнгийн “Toyota Prius-20” загварын автомашины дугуйг хараад авах боломжтой байна гэдгийг мэдсэн. Тэгээд гэртээ ороод ... би Баянсангийн автомашины түлхүүрийг хэлэхгүйгээр авч гараад автомашинаас нь дугуйн түлхүүр, данхрад авсан. Тэгээд 23 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан хөх өнгийн “Toyota Prius-20” загварын автомашины зүүн талын 2 ширхэг дугуйг тайлж аваад тус байрны ар талд айлын тагтны доор үлдээгээд 24 дүгээр байрны хажууд баригдсан...” гэж мэдүүлсэн. Үүнээс үзвэл шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болохыг нотолсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн дээрх мэдүүлэг нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөн хяналтын камерын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогддог. Шүүх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгээр “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь тодорхойгүй байна” гэж үзэж байгаа боловч шүүгдэгч Э.Д- нь ганцаараа, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэхгүйгээр автоамашины 2 ширхэг дугуйг тайлж авах боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн шүүх зэвсгийн чанартай зүйл буюу тусгайлан бэлтгэсэн данхрад, дугуйн түлхүүр зэргийг хэрэглэсэн эсэх, шүүгдэгч Э.Д-гийн “тухайн үед дуудлагаар ирсэн эргүүлийн офицер миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан данхрад, троцовыг улсын орлого болголоо гээд авчихсан” талаар мэдүүлсэн мэдүүлгийг шалгаж, нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Шүүх цагаатгах тогтоолд “Түүнчлэн прокурор 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ “...Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн ы” гэж дурьдсан нь ойлгомжгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байгааг дурьдах нь зүйтэй. Мөн шүүхийн цагаатгасан үндэслэл тухайн хэрэгт ач холбогдолгүй, эрх зүйн ямар актанд үндэслэн дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй болсон байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгахаар эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Э.Д-г 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 1 дүгээр орцны урд талын зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Төмөрхүүгийн эзэмшлийн 13-38 УНБ улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын автомашины зүүн талын 2 ширхэг дугуйг тусгайлан бэлтгэсэн данхрад, дугуйн түлхүүр зэргийг хэрэглэн нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Э.Д- бусдын эд хөрөнгийг хулгайлах үедээ данхрад, дугуйн түлхүүр хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна... 260.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй...” гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь Э.Д- өөрийн амьдарч байсан орон сууцны гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Төмөрхүүгийн эзэмшлийн 13-38 УНБ улсын дугаартай, “Toyota Prius-20” загварын автомашины дугуйг олж харснаар хулгайлах санаа төрж, энэ зорилгод хүрэхийн тулд автомашины дугуй солиход хэрэглэгдэх /дугуйн түлхүүр, данхрад/ зориулалтын хэрэгслийг үеэл Т.Баянсангийн автомашинаас түүнд мэдэгдэлгүйгээр авч бэлтгэсэн, улмаар хэргийн газарт очиж тухайн автомашины 260.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг дугуйг тайлж авсан, дараа нь өөр нэгэн автомашины дугуйг мөн адил тайлж авахаар явахдаа цагдаад баригдсан талаараа тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймээс Э.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан камерын дүрс бичлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт дүгнэлт хийхдээ “...Түүнчлэн, прокурор 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ “...Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн ы.” гэж төгсгөл нь тодорхойгүй, ойлгомжгүй өгүүлбэр бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй болохыг анхааруулвал зохино.

Иймд прокурор О.Пүрэвсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, Э.Д-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 33 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.Д-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

            ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН