Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2015/0190

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 430 дугаар захирамжаар манай газар эзэмших эрхийг дараахь үндэслэлүүдээр хүчингүй болгожээ. Манай компанийн хувьд газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй. Учир нь: 1.Газар эзэмшүүлэх А-1021 тоот гэрээгээр нэгж талбарын 080153453 дугаар бүхий 1200 м талбайтай газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл эзэмшинэ. Гэтэл гэрээний хугацаа дуусахаас 11 сарын өмнө хүчингүй болгосон нь хууль болон гэрээг зөрчсөн болж байна.

2.Манай компани газрын төлбөрийг төлж барагдуулсан.

3.Энэ хугацаанд манай компани барилгын зураг төсөл, дулааны шугам сүлжээнд холбогдох, цахилгаан эрчим хүчээр хангах, Мэдээлэл холбооны сүлжээний, Д ХК-иас техникийн нөхцөл зэргийг тус тус авсан зэргээр барилгын ажлаа эхлүүлэх бэлтгэл ажлуудаа хийж байгаа ба гэрээнд заасан хугацаандаа гэрээ болон үүргээ биелүүлэн барилгын ажлаа эхлүүлэхээр ажиллаж байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа З ХХК-ны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар захирамжийн З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж тодруулж байна.

Мөн нэхэмжлэгч талын зүгээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар захирамжийг хууль бус, холбогдох хууль тогтоомж, процесс зөрчсөн гэж үзэж буй бөгөөд хууль бусаар нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын эзэмших эрхийг цуцалж, гуравдагч этгээд нарт хууль бусаар газар олголт хийсэн гэж үзэж дээрхи этгээд нарын газар эзэмших эрх олгосон захирамжуудыг ийнхүү хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Үүний дараа нэхэмжлэгч талаас 2014 оны 06 дугаар сарын 26-нд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 231-р захирамжийн хавсралтын иргэн З.Уут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн бөгөөд уг шаардлагыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 231 дүгээр захирамжийн З.Уут холбогдох хэсгийн давхцаж буй газрын хэмжээгээр хүчингүй болгуулах гэж тодруулж байна.

Нэхэмжлэгч талын тус шүүхэд ирүүлсэн хүсэлтийн дагуу шүүхийн шаардсанаар Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2014 оны 10 дугаар сарын 21-нд Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг ирсэн байхбөгөөд тус бичигт маргаан бүхий газраас гуравдагч этгээд З.Ууээс гадна Ш ХХК-д 115 метр кв газрыг давхцуулан олголт хийж тус компанид эзэмшүүлсэн гэж дурьджээ.

Ийнхүү тус захиргааны хэргийг нэг мөр шийдэх эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн эрхийг хангах зэрэг шаардлагын дагуу Дархан-УУл аймгийн Засаг даргын Ш ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамжийн Ш ХХК-д холбогдох хэсгийн давхцаж буй газрын хэмжээгээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З ХХК нь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүсэж, газрын гэрээ хийж, гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу аймгийн Засаг даргын захирамж гарсан.

Энэ газар анх 2003 онд иргэн П.Мцийн нэр дээр 400 гаран метр газар 9 жил эзэмшиж ашиглаагүй байж байгаад өөрийн дүү А.Бм гэдэг хүнд шилжүүлье гээд шийдвэр гаргуулсан. Ингэж шилжиж очих явцдаа хуулийг маш ихээр зөрчиж газар эзэмших эрх шилжүүлэх тухай материалыг 2 талаасаа нотариатаар баталгаажуулж шилжүүлэх ёстой байтал тийм ажиллагаа хийлгэлгүй шилжүүлсэн. П.Мц2011 оны 10 дугаар сарын 11 нд хүсэлтээ гаргасан байхад захирамж нь урд өдөр гарсан байснаас үзэхэд иргэн А.Бмөд хууль бусаар газар эзэмших эрх шилжиж очсон байх ба талбайн хэмжээ 600 м2 болсон байх бөгөөд гэрээ хийхдээ 800 м2 болгож бичүүлж авсан байсан. Гэтэл 2 жил ямар ч ашиглалтгүй байж байгаад өөрийн компани болох З гэдэг компаний нэр дээр шилжүүлэхдээ талбайг 1200 м.кв болгон нэмэгдүүлсэн. Уг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар дээр нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй ба хуулийн хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй, нийт 98800.08 төгрөгийн газрын төлбөрийн өртэй, гэрээгээ дүгнүүлж байгаагүй. Энэ хугацаанд энэ компани нэг ч удаа зураг, скиз зураг батлуулаагүй.

З ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 заалтыг зөрчсөн бөгөөд хуулийн хугацаа дууссан учраас гомдол гаргах хуулийн хугацаа хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй учраас дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд З.Уу шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах зарын дагуу №02 дугаартай 500 м.кв талбай бүхий газрын холбогдох материал бүрдүүлж өгсөн. 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Газар эзэмших, эрхийн гэрчилгээ олгох тухай 231 тоот захирамж гарч, З.Уу миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр байрны зүүн урд талд 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрх үүсэж, түүний дараа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус захирамж гарснаас хойш барилгын ажил эхлүүлсэн ба одоо барилгын ажил 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Анх газар эзэмших бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хэрэв тухайн газар эзэмшлийн маргаантай байсан гэдгийг би анх төсөл сонгон шалгаруулах, газрын гэрчилгээ гарах, барилгын ажил эхлүүлэх явцад олж мэдсэн бол газар эзэмших эрхээсээ татгалзаж болох байсан. Газар давхцуулан олгосон Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн болон тодруулсан нь үндэслэл муутайн дээр 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Засаг даргын захирамжийг З ХХК-ийн захирал А.Бм нь өөрийн биеэр мэдсэн атлаа мэдээгүй дүр эсгэсэн, газар давхцуулан олгосон эсэхийг газар эзэмшигч З ХХК нь хамгийн анх өөрсдөө мэдэх ёстой бүр холбогдох этгээдээс энэ тухай асууж тодруулан шалгах үүрэгтэй байсан. Түүнээс бус хуулийн дагуу газар эзэмших эрх олж авсан З.Уу энэ тухай мэдэх боломжгүй юм.

Манай газрын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлснээр 1 тэрбум 340 сая төгрөгний зардал гараад байна. ЗХХК шударгаар явдаг газар биш бөгөөд хүнийг гүтгэж доромжилдог. Ямар ч үндэслэлгүйгээр З.Ууийг Засаг даргатай хуйвалдсан гэж гүтгэсэн. Газар эзэмшихдээ хуулийн дагуу эзэмшээгүй боловч шилжүүлээд байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байна гэв. гэжээ.

Гуравдагч этгээд Ш ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш ХХК-ийн хувьд иргэн, аж ахуйн нэгж яаж газар эзэмших эрхийг авдаг үүний дагуу хуулийн хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 02-нд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үйлчилгээ бүхий 12 давхар орон сууц барих гэж 197 м.кв газар дутаад байна. Иймд газар нэмж олгож өгнө үү гэсэн өргөдөл гаргаад 2014 оны 05 дугаар сарын 02-нд зохих журмын дагуу 2 сая төгрөг төлж газрын асуудлыг шийдвэрлүүлсэн. Тухайн үед энэ маргалдаж буй газар ямар нэг эзэмшилд байгаагүй манайх хуулийн дагуу эзэмшиж байгаа тул буцааж авахыг зөвшөөрөхгүй. Энэ маргаантай газрын орчны 13-14 жилийн түүхийг би мэднэ. З ХХК-ны анхны /20*20/ газар сүүлд нэмж авсан газрын түүхийг ч мэднэ гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар захирамжийн хавсралтын З ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 231 дүгээр захирамжийн хавсралтын З.Уут холбогдох хэсгийн газрын хэмжээний 233 м.кв-тай давхацсан хэсгийг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаар захирамжийн хавсралтын Ш ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээний 115 мкв-тай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: З ХХК нь аймгийн Засаг даргын 2012 .11.30-ны өдрийн 548 дугаар захирамжаар газар эзэмших гэрээ хийсэн өдрөөс газрын төлбөрийг огт төлөөгүй бөгөөд гэрээний 2 дугаар нүүрний 2.4 т заасны дагуу эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно гэснийг зөрчсөн .

Гэрээний дөрвийн газар эзэмшүүлэгчийн эрх үүргийн 4.3 дахь заалтыг зөрчсөн бол гэрээг цуцална гэж хоёр тал тохирч гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл энэ заалт зөрчигдсөн нь гэрээг цуцлах үндэс болсон

/Газар эзэмшүүлсэн гэрээний 4.3 дахь заалт : Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1, 1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгон гэрээг цуцлах, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах/

З ХХК-ийн 2012 онд 6312 төгрөгийг төлөөгүй учраас 2012 онд газрын төлбөрийн өр авлагатай байна. Энэ нь гэрээний заалтыг зөрчсөн

2013 оны 12сарын 06 хүртэл эхний 3 улирлын төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй нь газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээг цуцлах, үндэслэл болсон байна.

Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 , 9.2 дахь заалтын дагуу газар эзэмшигч нь газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэсэн заалтыг зөрчсөн .

Гэрээний төлбөрийг улирал тутам төлөхөөр зааж график гаргасан

З ХХКийн эзэмшиж буй газрын төлбөрийн гүйцэтгэлийг түүхчлэн гаргаж, газрын төлбөрийг огт төлөөгүйг төлбөр төлсөн баримт байхгүй байгаагаар нотлох бөгөөд энэ тухай Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсээс лавлагаа авахад мөн л төлбөр төлөөгүй гэдгийг лавлагаан дээр тодорхой гаргаж өгснийг хэрэгт хавсаргасан .

Аймгийн засаг дарга эрх бүхий субьектын хувьд Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн холбогдох заалт, Газрын тухай хуулийн 40.1.5 дахь заалтыг баримтлан З ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 сарын 06-ны өдрийн 430 дугаар захирамжийн З ХХК д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Тус шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасны дагуу давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхисон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

1.    Нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлээгүй тухайд:

Шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлэн гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн захирамжийн Мп ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан атлаа уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д Тогтоох хэсэгт ... нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг ханган зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон ...-ыг тусгана гэж заасныг зөрчжээ.

2. Нотлох баримтыг буруу үнэлсэн, зарим нотлох баримтыг дутуу цуглуулсан талаар:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ... иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээхдээ уг эрх нь хууль ёсоор үүссэн эсэх, газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан эсэх талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байна.

Анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр захирамжаар400 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар иргэн П.Мцт эзэмшүүлсэн боловч тухайн газрыг 8 жилийн хугацаанд зориулалтаар нь эзэмшиж ашиглалгүй 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүргэн дүү А.Бмөд 600 м.кв болгон газрын хэмжээг ихэсгэн шилжүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, мөн аймгийн Засаг дарга 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 467 дугаар захирамжаар А.Бмөд 600 м.кв газрыгэзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд 800 м.кв газрыг эзэмшүүлэхээр заасан, мөн А.Бм нь газрын хэмжээг ихэсгэн өөрийн /нэг гишүүнтэй/ хувийн компани болох З ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаар захирамжаар 1200 м.кв газрыг тус компанид эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Иргэн А.Бмийн газар эзэмших эрхийг түүний хувийн компани /нэг гишүүнтэй/ болох З ХХК шилжүүлэн авч эзэмшсэнээр газар эзэмшигчийн эрх, үүргийг тасралтгүй хэрэгжүүлэх боломжтой байх бөгөөд шүүх гэрээнд заасан газрын төлбөр төлөх хугацаа болоогүй талаар дүгнэхдээ зөвхөн З ХХК-тай байгуулсан гэрээг үнэлсэн нь буруу байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсны дараа 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 231 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулалт зарлаж шалгарсан этгээд болох З.Уут нийтийн орон сууц барих зориулалтаар олгосон 500 м.кв газрын 233 м.кв нь, харин Ш ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаар захирамжаар тус компанийн өмнө эзэмшиж байсан 2050 м.кв газар дээр нэмж эзэмшүүлсэн 197 м.кв газрын 115 м.кв нь З ХХК-ийн эзэмшиж байсан газрын хэсэг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Түүнчлэн Газрын тухай хуульд заасан журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрхийг олж авсан гуравдагч этгээд З.Уу нь тухайн газар дээр эзэмшүүлсэн зориулалтынх нь дагуу нийтийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлж 70 хувийг гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгч З ХХК-д газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхтэй холбоотой хариуцагч нь газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ ямар үндэслэлээр газрын хэмжээг ихэсгэсэн, мөн захирал А.Бм газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, тухайлбал, газрын төлбөрөө төлж байсан эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулан газар эзэмших эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэрхэн зөрчигдсөн, мөн зохих журмын дагуу газар эзэмшиж хөрөнгө оруулалт хийсэн гуравдагч этгээд З.Ууийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан нэхэмжлэгчийн тухайн 233 м.кв газрыг эзэмших эрхийг хэрхэн сэргээх бодит боломж, хууль зүйн үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ