Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 27

 

Л.А-гийн нэхэмжлэлтэй, Ж.Б-т

холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2017/00027/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд, 

     Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 626 дугаар шийдвэртэй Л.А-гийн нэхэмжлэлтэй, Ж.Б-т холбогдох "эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1 800 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Л.А-гийн давж заалдах гомдлоор 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 06 сарын 14 өдөр мотоциклтой явж байгаад Ж.Б-ын жолоодож явсан машинд мөргүүлж, зүүн гар зулгарсан шарх, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл гэж Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 15 өдрийн 123 дугаар дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж тогтоогдсон боловч ослоос хойш байнга толгой өвддөг, нойргүйдсэн, юм мартдаг болсон. Иймд би байнга эм уудаг, надад 1 800 000 төгрөгөөр тогтохгүй хохирол учирсан.

2016 оны 12 дугаар сарын 23-ны 04 тоот шүүхийн шийдвэрээр гэм хорын хохирол нэхэмжилж, 212 200 төгрөг гаргуулахаар болсон. Одоо үүнээс хойш бие сайжрахгүй байсаар байна. Улаанбаатар хот руу тархины нарийн шинжилгээ /тодосгогч бодистой томографик/ өгөхийн тулд зээл  2 300 000 төгрөгийг Төрийн банкнаас авч шинжилгээнд явж зарцууллаа, өмнө нь мөнгөгүй учраас явж чадахгүй байлаа. Одоо амжиргааны эх үүсвэр байхгүй /орлого/ болоод байна. Иймд Ж.Б-аас 1 800 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “Л.А-гаас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй байх тул энэхүү тайлбарыг гаргаж байна. 2016 оны 06 сарын 14 өдөр би зам тээврийн осол гаргаж, Л.А-г мотоциклтой явж байхад мөргөсөн нь үнэн боловч тухайн үед гэмтэл авахаар сүйдтэй осол болоогүй юм.

2016 оны 06 сараас хойш Л.А- холбоо бариагүй шүүхээр дамжуулаад л надтай холбогдсон юм. Одоо банкнаас авсан тэтгэврийн зээлээ надаар төлүүлэх тухай бичсэн нэхэмжлэл нь миний учруулсан гэм хороос үүдэлтэй гарсан зарлага биш байх тул  тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Надад гаргаж өгөх нотлох баримт байхгүй бөгөөд хөдөө орон нутагт ажилтай байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 626 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б-т холбогдох, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.А-гийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилж төлсөн 43 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.А- давж заалдах гомдолдоо: Миний бие өмнө нь ухаан алдаж унадаггүй байсан. Ж.Б-ын барьж явсан машинд мөргүүлснээс хойш унаж, татдаг болсон. 2016 оны 8 дугаар сард дугуйтай явж байгаад ухаан алдаж унасан. Ингэж явсаар байгаад 1, 2 сард Улаанбаатар хот явж толгой тархины бичлэг хийлгэж эмнэлэгт хэвтсэн боловч одоог хүртэл хэвээрээ байна. Иймд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дахин шалгаж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Л.А- хариуцагч Ж.Б-т холбогдуулан “эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1800000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч Ж.Б- нь “2016 оны 06 сарын 14 нд зам тээврийн осол гаргаж Л.А-г мотоцикльтой явж байхад нь мөргөсөн нь үнэн боловч, 1800000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь миний учруулсан гэм хороос үүдэлтэй гарсан хохирол биш тул” нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Хариуцагч Ж.Б- нь 2016 оны 6 сарын 14 ний өдөр машин жолоодож явах үедээ мотоцикльтой явсан Л.А-г мөргөсний улмаас түүний зүүн гарт зулгарсан шарх, баруун мөрний зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогджээ./14-17х/

Л.А-д учирсан гэм хор нь хариуцагч Ж.Б-ын буруугаас болсон нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Л.А-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

                            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Л.А-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Л.А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хуурамжинд төлсөн 43750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

    ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                        Я.АЛТАННАВЧ