2018 оны 11 сарын 20 өдөр 2018/ШЦТ/209 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0214/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Лувсаншаравын Лад холбогдох 1839001970210 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 31- ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эх******* хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол киа 104-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй Боржигон овгийн Лувсаншаравын Л /РД:ЙЕ76053112/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Л нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутгаас 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 71-45 УНИ улсын дугаартай автомашиныг нууцаар хууль бусаар авч 34400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Л нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутгаас 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Р.Эын 71-45 УНИ улсын дугаартай автомашиныг хулгайлж 34400000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Р.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сархираад овоо ХХК-ы захирлаар ажилладаг юм. Манай компани тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 12 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн бичигтийн боомтоос Улаанбаатар хотруу 180 орчим тооны адуу тээвэрлэсэн юм. Тэгээд Дорнод аймгийн Чулуун хороот суманд мөн 45 тооны адуу ачих ёстой байсан. Тэр 45 тооны адууг ачуулах гэж жолоочоор нь Ү гэх залуугаар манай компани 71-45 УНИ улсын дугаартай ^О^СРЕ^С маркийн машинтай явуулсан юм. Үтэй хамт миний төрсөн дүү болох Э цуг явсан. Ингээд Ү, Э хоёр Улаанбаатар хотоос гараад Цэнхэрмандал сумын нутаг Замчдын овооны зүүн тал руу нь уруудаж яваад осол гаргасан. Миний машин эвдэрсэн. Уг осол нь 2017 оны 01 дүгээр сарын 04-06-ны орчимд болсон явдал юм. Тухайн үед миний машины кабин болон аккумлятор нь эвдэрсэн байсан. Тэгээд би маргааш нь очоод машинаа Цэнхэрмандал сумын согоот багийн төв дээр нь орхисон. Тэгээд машинаа авахгүй удаасан юм. Тухайн үед миний ажил бүтэхгүй мөнгө төгрөгний боломж байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 16-18 тал/
- Гэрч Р.Эын мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд өөрийн төрсөн ах Эын 71-45 УНИ улсын дугаартай ^О^СРЕ^С маркийн машинтай явж байгаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн төвийн ойролцоо машин эвдэрсэн тул үлдээсэн. Машиныг үлдээхдээ багийн төвийн хажуу айлд захиж үлдээсэн. Машинаас авах юмаа аваад зөвхөн толгойг нь үлдээсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр машин байна уу гээд үзтэл байхгүй болсон байсан. Тэгээд Согоот багийн дарга Мягмарсүрэнтэй холбогдоход 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаар явж байхад хүмүүс ачиж байхыг харсан байсан. Тэгээд өнөөдөр цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх 22-23 тал/
- Гэрч Д.Үийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд Э гэх хүний 71-45 УНИ улсын дугаартай ^О^СРЕ^С маркийн машинтай явж байгаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн төвийн ойролцоо Цэнхэрмандал сумын нутаг Замчдын овооны зүүн тал руу нь уруудаж яваад осол гаргаж машин эвдэрсэн тул нэг багийн төвийн гадаа үлдээгээд хажуу айлд нь захиж орхисон...” гэх мэдүүлэг /42-43 тал/
- Гэрч Ч.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Цэнхэрмандал сумын Согоот багт нүүж ирээд 9 гаран жил болж байна. 2016 оы 11 сард нэг машинаар чирүүлж ирсэн. Сураг сонсохнээ тэр машин онхолдоод ирсэн гэсэн. Тэгээд тэр машин манай энд 2 жил гаран болоод 2018 оны 03 сард хүмүүс ирээд ачаад явж байхыг нь харсан. Ямар учиртай хүмүүсийг нь бол мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг / хх 24-25 тал /
- Гэрч Ц.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Цэнхэрмандал сумын Согоот багийн төв дээр нутагладаг. 2016 оны 11 сард хөх өнгийн ачааны машиныг багийн төв дээр авирч орхисон юм. Уг машин нь Замчдын хөтлийн зүүн тал руу нь уруудаж яваад осол гаргасан гэсэн. Тухайн үед их цастай байсан. Тэгээд тэр машинаа авахгүй 2 жил гаран болсон. Уг машиныг энд байх хугацаанд хэдэн дугуйг нь урт машинтай хүмүүс ирээд аваад явсан гэсэн. Тэгээд 2018 оны 04 сарын эхээр ханш нээх өдөр кран машинтай 3 хүн ирээд уг машиныг ачаад явсан. Намайг харахад кабиныг нь салгаад ачиж байсан. Би хэдэн сарын хэдний өдрийг сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ ганцаараа байх үед харанхуй болсон хойно хар машинтай хүмүүс ирсэн. Тэр хүмүүс " Согоот” багийн төв дээр байсан машиныг надаас асуусан. Энэ машины эзэн нь байна уу захиж үлдээсэн хүн нь байна уу энэ машинаас юм авч болох уу гэж байсан. Тэгэхээр нь би надад захиж үлдээсэн юм байхгүй та нар энэ машинаас юм авах юм бол хулгай болно шүү гэж хэлээд явуулсан. Нэг нь л надтай уулзсан бусад нь машиндаа сууж байсан...” гэх мэдүүлэг /хх 26-29 тал/
6. Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн засаг дарга хийдэг юм. 2016 оны өвлөөс хойш манай багийн төв дээр хөх өнгийн ачааны том машиний толгой кабин нь байсан. Багийнхнаасаа хэний машин юм бэ гэж асуухад хэн гэдгийг нь сайн мэдэхгүй ээ айл бараадуулаад л орхисон бидэнд захиж үлдээсэн юм байхгүй гэж байсан. Би уг машиныг авахуулах талаар 2017 оноос хөөцөлдөөд машины эзэн гэх хүнтэй холбогдоод хэлтэл миний машин биш миний ахын машин гэж хэлсэн. Уг машин тоногдоод байдаг байсан. Машин мэдэхгүй хүнд бол машины сэг гэж харахаар байсан. Уг машин Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин Эын хамаатны машин гэж сонссон. Тэгээд би 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр багаараа тойрох ажлаар яваад Багануур ороод замын унаанд суугаад Цэнхэрмандал сум явж байхад нөгөө багийн төв дээр байсан машины хажууд крантай ачааны машин ирчихсэн харагдсан. Би бодохдоо машины эзэн нь ирээд аваад явж байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /30-31 тал/
- Гэрч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 04 дүгээр сарын 05- ны өдөр Б, М бид гурав цуг байж байхад Б рүү Улаанбаатар хотоос нэг хүн утсаар холбогдоод нэг юм яриад байсан. Б утсаар ярьж дуусаад Цэнхэрмандал сумруу нэг ажил гарчихлаа завтай бол Б бид хоёрыг цуг яваад өгөөч ажлын хөлс өгнө гэж байна гэхээр нь бид зөвшөөрөөд явахаар болсон. Багануур дүүргээс 16 цаг өнгөрч байхад Бгийн ногоон өнгийн кран машинтай хамт гарсан. Бид Цэнхэрмандал сумын Согоот багийн төвийн байшингийн зүүн урд талд нь ягаан өнгийн шаланз машины толгой байсан.Тэр машин нь нэлээн тоногдсон машин байсан. Тэгээд бид очоод тэр машиныг ачаад буцаад Багануур дүүрэг рүү харанхуй болсон хойно орж ирсэн. Биднийг орж ирэхэд 22 цаг болж байсан байх. Тэгээд орж ирээд Б нөгөө хүнтэйгээ утсаар яриад буулгах газар байхгүй байна танай хашаанд буулгая гэхээр нь би эх*******тэйгээ зөвлөлдөөд буулгахаар болсон. Тэгээд нөгөө хүн нь өөрөө ирээгүй хөлсийг нь өгнө гээд салгах эд ангийг салгуулаад хотруу явуулсан. Үлдсэн эд анги төмрийг нь Багануур дүүргийн төмрийн үйлдвэрт зарсан. Б бид хоёрт зуу зуун мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх 32-32 тал/
- Гэрч Х.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б, Б бид гурав цуг байж байхад Б рүү Улаанбаатар хотоос нэг хүн утсаар холбогдоод нэг юм яриад байсан. Б утсаар ярьж дуусаад Цэнхэрмандал сум руу нэг ажил гарчихлаа завтай бол Б бид хоёрыг цуг яваад өгөөч ажлын хөлс өгнө гэж байна гэхээр нь бид зөвшөөрөөд явахаар болсон. Багануур дүүргээс 16 цаг өнгөрч байхад Бгийн ногоон өнгийн кран машинтай хамт гарсан. Бид Цэнхэрмандал сумын Согоот багийн төвийн байшингийн зүүн урд талд нь ягаан өнгийн шаланз машины толгой байсан.Тэр машин нь нэлээн тоногдсон машин байсан. Тэгээд бид очоод тэр машиныг ачаад буцаад Багануур дүүрэг рүү харанхуй болсон хойно орж ирсэн. Биднийг орж ирэхэд 22 цаг болж байсан байх. Тэгээд орж ирээд Б нөгөө хүнтэйгээ утсаар яриад буулгах газар байхгүй байна гээд Бын хашаанд буулгахаар болсон. Тэгээд нөгөө хүн нь өөрөө ирээгүй, хөлсийг нь өгнө гээд салгах эд ангийг салгуулаад хотруу явуулсан. Үлдсэн эд анги төмрийг нь Багануур дүүргийн төмрийн үйлдвэрт зарсан. Б бид хоёрт зуу зуун мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх 34- 35 тал/
- Гэрч Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би өөрөө Багануур дүүрэгт эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн крантай тээвэр хийж амьдардаг. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн орчим Улаанбаатар хотод байдаг Э гэх ах надруу 88084382 гэсэн дугаараас утасдаад Цэнхэрмандал сумын нутагт манай ахын эвдэрсэн машин байгаа тэнд эвдрээд удаж байна. Тоногдож дуусах гээд байна. Чи яваад тэр машиныг ачаад ирээч гэхээр нь би түлшний мөнгө болоод урьдчилгаа мөнгө явуулчих тэгвэл асуудалгүй гэсэн. Тэгээд удалгүй миний дансруу 100000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би ганцаараа ачиж чадахгүй ээ гэхэд наанаасаа хүн олчих би хөлс мөнгийг нь өгье гэхээр нь цуг явж байсан М Бямбаа нартай хамт очиж ачихаар болсон. Тэгээд тэр өдөртөө бид гурав Цэнхэрмандал сумын нутагруу гарсан. Тэгээд бид очоод тэр машиныг ачаад буцаад Багануур дүүрэг рүү харанхуй болсон хойно орж ирсэн. Биднийг орж ирэхэд 22 цаг болж байсан байх. Тэгээд орж ирээд Эрдэнэ- Очир ах руу залгахад наад машиныг чинь хот руу ачуулахаа болилоо зардал өндөр гарах юм байна. Өөрийнхөө хашаанд буулгачих гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгтэл төлбөртэй хашаа олоод буулгачих гэсэн. Тэгээд Бямбаагийн хашаанд буулгасан. Маргааш нь ирнэ гээд ирээгүй. Нөгөөдөр нь над руу утсаар залгаад би очиж чадахгүй болчихлоо эд ангийг нь аваад бусдыг нь төмөрт өгөөд хөлсөө ав гэсэн. Тэгээд бид гурав задлаад эд ангийг нь аваад үлдэгдлийг нь төмөрт өгсөн. Тэгээд 3 обуд дугуйтай нь кроб, эмээл зэргийг нь Улаанбаатар хот руу 23-32 БРА гэсэн цагаан өнгийн амжиргаа цагаанд тавиад явуулсан. Үлдэгдэл 4.8 тонн төмрийг нь зараад тээврийн хөлсөндөө 250000 төгрөгийг нь аваад амжиргаа цагааны жолоочид 100000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 650000 төгрөгийг Эын өөрийнх нь дансанд хийсэн....” гэх мэдүүлэг /хх 36-39 тал/
- Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 04 дүгээр сарын эхээр манай хамаатан Л над руу утасдаад Улаанбаатар хотоос 200 км зайд миний нэг машин байгаа эвдрээд удаж байна тоноглогдож дуусах гээд байна төмөрт өгөх гэсэн юм яваад ирээч гэхээр нь би амжихгүй Багануурт крантай миний нэг таньдаг дүү байгаа тэрэнтэй яриад ачуулчихъя гэсэн.Тэгээд Багануурт ачиж ирээд эмээл 3 ширхэг дугуй обудыг нь наашаа амжиргаа цагаанаар ачиж явуулсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх 51-53 тал/
Мөн шүүх хуралдаан дээр өгсөн: "... Л ах надад “хаях гэж байгаа машин байгаа. Эмээл обуд хоёрыг нь аваад ир” гэхээр нь би таньдаг дүү рүүгээ яриад уг машиныг авчруулсан. Надад хаях гэж байгаа машин гэж ойлгуулсан. Тэгээд эмээл обуд хоёрыг нь аваад ирээч гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг
- Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын эхээр “ Багануурын хамгийн том зар” гэх фэйсбүүк групп дээр Улаанбаатар хот руу ачаа ачна гэсэн зар тавьтал 88229696 гэсэн дугаараас Улаанбаатар хот руу том машины эд анги ачуулах гэсэн юм аа гэсэн. Тэгээд хаягаар нь хүрээд очтол 2 залуу байсан. Ачаагаа кранаар ачиж өгсөн. Нийт 4 ширхэг том зүйл байсан. Миний мэдэхээр 3 ширхэг дугуй байсан. 2 нь обудтайгаа. Тэгээд ачааны хөлс 100.000 төгрөг өгсөн. Би Улаанбаатар хотод ороод утасных нь дугаараар яриад орбитын эцэс гэх газар буулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 54-55 тал/
- Гэрч Х.Ягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Цэнхэрмандал сумын согоот багийн төв дээр нутагладаг юм. 2017 онд цагаан сарын өмнө Согоот багийн төв дээр нэг машин бий болсон байсан. Уг машин нь энд ирээд 2 цагаан сарын нүүр үзсэн юм. Тэгээд 2018 оны 04 дүгээр сард цагаан машинтай 2 хүн ирээд энд байсан машин яасан юм гэж асууж байсан. Би мэдэхгүй байсан болохоор Мгаас асуу гэж явуулсан. Надаас уг машиныг хэний машин болох талаар ямар ч хүн асууж ирээгүй. Засаг дарга л хэзээ ирж авах юм бол эзэн нь ирж байна уу гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 56-57 тал/
- Гэрч А.Цын өгсөн: “...Би Лтай гэр бүл болоод 22 жил болж байна. Бид дөрвөн хүүхэдтэй. Манай нөхөр өөрөө шударгаар ажил хийж гэр бүлээ тэжээдэг юм. Манай гэрийн амьдралын баталгаа байсан ганц хүнд даацын машинтай байсан. Тэр машинаа өр төлбөрт өгсөн. Одоо манай нөхөр хүний машин барьж тээвэрт явж байна. Би өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй эмчийн хяналтанд байдаг. Манай нөхөр хүний юмыг зөвшөөрөлгүй авах хүн биш. Ойр орчмын айлууд нь хогон дээр хаяна гэж ойлгуулсан байсан. Хуулийн байгууллагын хүмүүс та бүхэнд манай ар гэрийн амьдралыг харгалзан үзэж манай нөхөрт хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх 34-35 тал/
- Шинжээчийн гаргасан 61 тоот: “..^О^ӨРЕ^Ө маркын 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол улсад орж ирсэн Зүтгүүрийн эд ангийг хасч тооцсон үнэлгээг 34,400,000 мянган төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт / хх 60 тал /
- Яллагдагч Л.Лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би том машин барьж тээвэрт явдаг юм. 2018 оны 03 дугаар сарын дундуур шиг санагдаж байна Дорнод аймаг руу тээвэрт явж байхад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт замын хойд талд нэг багийн төвийн гадаа нэг машин байхаар нь очиж үзсэн. Уг машин кабин нь эвдэрсэн нилээн тоногдсон 3 обуд, 3 тэнхлэг, рамтайгаа кроб зэрэг нь байсан. Тэгээд би машинаасаа зүүн тийш 500 орчим метрт байсан айлаас очиж энэ машины эзэн нь байна уу холбогдох утас нь байна уу гэхэд надад захиж үлдээсэн юм байхгүй, нэг өглөө босоход л бий болсон байсан. Энд 2 жил орчим байгаа. Манай багийн засаг дарга байшин барилга барих газар дээр машиний сэг хаясан байна, бушуу холдуулах талаар ярьж байсан. Би тэр айлд өдрийн 11, 12 цагийн орчим очиж асуусан. Ингээд нэг сарын дараа буюу 2018 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Галшар сум руу тээвэрт явж байхад нөгөө машин маань нөгөө газартаа байж байсан. Тэгэхээр нь өөрийн хамаатан Э руу залгаад Цэнхэрмандал сумын нутагт нэг машин байна тоногдож дуусах гээд байна гээд... тэр машинаас 3 обуд, кроп, эмээл зэргийг нь Улаанбаатар хот руу ачуулж авсан... Машин ачиж байхад нь М гэх хүн харсан гэсэн. Өдрийн цагаар ачсан... Би өөрийн эзэмшлийн истэвэр маркийн 11-70 УБМ улсын дугаартай хүнд даацын машинаа хохирогчид өгсөн. Миний машин зах зээлд гарвал 45 сая төгрөг хүрнэ...” гэх мэдүүлэг /хх 65-67 тал/
- Шүүгдэгч Л.Лын шүүх хуралдаан дээр өгсөн: “...Согоот багийн төв дээр байсан эвдэрхий машиныг хажуу айлаас нь очиж эзэнтэй эсэх хэр удаж байгааг асуухад, эзэн харгалзагч гэж байхгүй гэсэн. Энд байшин барина хогруу хаяах гэж байгаа гэж хариулсан. Тэгээд дараа Галшар сум руу тээвэрт явж байхад тэнд байж байсан. Тэгэхээр нь тэр машинаас би эмээл 4 ширхэг обудыг гэж хамаатны дүү Э луу залгаж тоногдоод дуусж байгаа миний машин байгаа тэндээс аваадах гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнэ- Очир тэр хавьд ойролцоо яваа таньдаг хүнээ гуйн тэр машинаас эмээл обуд хоёрыг надад
аваачиж өгсөн. Би уг машинаас эмээл обудыг нь авах гээд дүү Эрдэнэочир руу залгаад эмээл обудыг нь авчраад өгөөч гэхэд авчирч өгсөн. Тэр машинаас хэрэглэх боломжтой зүйл нь л эмээл обуд хоёр нь байсан. Би Эрдэнэочирт "эмээл обуд хоёрыг нь авчраад өгөөч” л гэж хэлсэн. Би хохирогчид өөрийн явж байгаа машинаа өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Л.Лын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Эад 34400000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй... Л.Лад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хохирогч Р.Э мэдүүлсэн /хх-104 хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирлоо бүрэн төлсөн гэж үзэв. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулахад гарсан зардал нийт 1100000 төгрөгийн зардлыг шүүгдэгч төлөхөө илэрхийлж Фэйрвалуэшн ХХК-тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
- Шүүгдэгч Б овогт Л-н Лыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийг тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
- Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.Лад анхааруулсугай.
- Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Л.Лыг тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
- Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лаас 900 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Фэйрвалуэшн ХХК-д олгосугай.
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай
холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГА НЗ О Р ИГ