| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0011/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/12 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/12
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөржаргал Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов. ******* аймгийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* *******ы *******д холбогдох 1831003050267 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймаг, Cүхбаатар суманд 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* аймаг, ******* сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 040 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* *******ы *******, /РД: *******/,
Шүүгдэгч О.******* нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох 5 настай Х.Ариунболдыг газар шидэн гарыг нь хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч О.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 30-нд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн хийсэн үйлдэлд маш их харамсаж байна. Гэхдээ надад тэр хүүхдийн гарыг нь хугалах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Х.Ариунболд нь манай байшингийн гадаа цонхон доор уйлаад “дуугүй бай” гэсэн чинь огт дуугүй болохгүй байгаад байхаар нь “гэр орондоо, хашаа хороондоо орж уйл” гээд гарнаас нь өргөж аваачаад хашаа руу нь оруулсан нь үнэн. Тэрнээс болж гар нь хугарчихна гэж бодоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 77-78- р ху/,
2.Шүүгдэгч О.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед хүүхдийн мөнгө бууж байсан тул би Мөнгөнөөгөөс 1000 төгрөг аваад ТҮЦ машинаас лавлагаа аваад банк орж хүүхдийн мөнгө аваад архи уусан. Ариунболд гэх хүү манай цонхны доор уйлаад сууж байхаар нь би тэр хүүхдийг гэр рүү нь оруулах гэж байгаад гараас нь хүчтэй татаж түлхээд гарыг нь хугалсан нь миний буруу. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Өнөржаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би Мөнхзул гэдэг мэргэжилтний ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн хугацаанд Цагдаагийн газраас Энхтулга гэдэг цагдаагийн ажилтан над руу залгаад “та Мөнхзул мэргэжилтний оронд ажлыг нь авсан тул та Ариунболдын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож байна” гэж хэлсэн. Тэгээд учир байдлыг ойлгож аваад Аринболдын гэрт нь очиж Аринуболд болон түүний ээж Отгончимэг гэх хүнтэй уулзаж ярилцсан ба О.*******д ямар нэгэн гомдол, саналгүй гэж хэлсэн. Би хавтаст хэрэгтэй танилцсан. О.******* гэх хүн Ариунболд хүүг хашаанаас гаргаж шидсэн байна лээ. Бидний зүгээс хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний хамтарсан баг нь нөхцөл байдлын үнэлгээ хийн асуудлыг илрүүлж, хүүхдийг эмнэлэгт үзүүлж, дэмжин холбон зуучлах ажлын дагуу хохирогч хүүгийн ээжийг нь ажилд оруулсан ба Отгончимэгийг иргэний үнэмлэхтэй болгосон. Ариунболд хүүг 1 дүгээр ангид оруулж өгсөн ба түүний дүү болох Мөнхтулгыг сувиллын цэцэрлэгт оруулсан. ...гэх мэдүүлэг,
4.Насанд хүрээгүй хохирогч Х.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* аниагийн байшингийн гадаа уйлаад байж байсан чинь “байшингийн гадаа уйллаа” гээд, бас “битгий уйлаад бай, дуугүй бай” гээд миний гарнаас өргөж аваад манай хашаа руу оруулаад намайг газар руу шидсэн. ...******* аниа намайг газарт шидсэн чинь гар өвчтэй болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р ху/
5.Насанд хүрээгүй гэрч Х.Хүслэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: ...Манай дүү Х.Ариунболд дүү Мөнхтулгатайгаа тоглоомон машин булаацалдаад байсан чинь О.******* аниа “дүүдээ өгөөч” гээд Х.Ариунболдыг нэг удаа гараараа алгадсан юм. Тэгсэн чинь Х.Ариунболд уйлаад гадаа О.******* аниагийн байшингийн гадаа сууж байсан чинь “дуугүй бол чи, гэр рүүгээ яв” гэсэн чинь Х.Ариунболд уйлахаа болихгүй, гэр рүүгээ явахгүй байсан чинь гарнаас нь өргөөд гэрийн хашаа руу оруулаад л газар руу шидчихсэн. Тэгсэн чинь л Х.Ариунболд улам чанга орилж уйлаад Ука аниа эмнэлэг аваад явсан. Эмнэлгээс ирэхдээ Х.Ариунболдын гарыг хугарчихсан байна гээд боочихсон байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р ху/,
6.Гэрч Х.Отгончимэгийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний хүү Х.Ариунболдын гарыг О.******* хугалж гэмтэл учруулсан. Би өөрөө нүдээр харсан зүйл байхгүй. Энэ явдлыг манай хүү Х.Хүслэн харсан. Бас манай эгчийн хүүхэд Анхмаа мэдэж байгаа. Тэр өдрөө эмнэлэгт миний хүүг очиж үзүүлсэн гэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47-р ху/,
7.Гэрч Х.Анхмаагийн 2018 оны 11 дүгээр сарын сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед Отгончимэг эгчийн хүүхдүүд болох Х.Хүслэн, Х.Ариунболд, манай хөрш айлын эгч болох О.******* нар байсан. Отгончимэг эгчийн хүүхдүүд манайхаас гараад явсан. Тэгээд удаагүй гадаа хүүхэд аймаар орилж уйлахаар нь гүйгээд очсон чинь Х.Ариунболд зүүн гараараа баруун гараа барьчихсан уйлчихсан зогсож байсан. “Яасан, юу болсон бэ?” гээд зүүн гарыг татсан чинь баруун гар нь ямар ч мэдээгүй санжиганаад байсан. Тэгсэн Ариунболдын ах Хүслэн надад хэлэхдээ “Ариунболд гараа бариад аймаар чанга уйлсан” гэж хэлсэн. Тухайн үед манай ээжийн бага дүү Ундармаа нь Ариунболдыг аваад эмнэлэг явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55-р ху/,
8.Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 19 өдрийн 359 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Х.Ариунболдын биед зүүн бугалга ясны доод 1/3-н хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 63-р ху/,
9.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн №77/18 дугаартай магадлагааны дүгнэлт хэсэгт: 1.2.3. Иргэн О.******* нь сэтгэцийн Хоёр туйлт сэтгэл цочирлын эмгэгтэй боловч өөрийн үйлдлээ удирдан жолоодож, хариуцах чадвартай болно. 4.5. О.******* нь архины хамааралтай байх магадлалтай. Энэ нь сэтгэцийн өвчинд хамаардаг болно. 6.Иргэн О.******* нь сэтгэцийн Хоёр туйлт эмгэгтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. 7.Иргэн О.******* нь сэтгэцийн Хоёр туйлт сэтгэл цочирлын эмгэгтэй боловч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно...магадлагаа /хх-ийн 66-р ху/
10.Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байсан материал, /хх-ийн 5-26-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 37-38, 43-45-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, /хх-ийн 62, 65-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 73-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 72-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 75-76-р ху/, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 95-р ху/, Х.Хүслэн, Х.Ариунболд нарын төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 87-р ху/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 97-р ху/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 98-р ху/, ******* аймгийн ******* сумын Салхит 3-р багийн засаг даргын тодорхойлолт ,/хх-ийн 96-р ху/ шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 110-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 111-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.*******г согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох 5 настай Х.Ариунболдыг газар шидэн гарыг нь хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******г согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох 5 настай Х.Ариунболдыг газар шидэн гарыг нь хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч талаас гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундааг хоёр жилийн хугацаагаар хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* *******ы *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүдэвтэр гэмтэл хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы *******д ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч О.*******г согтууруулах ундааг хоёр жилийн хугацаагаар хэрэглэхийг жхязгаарлалт тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О.*******д анхааруулсугай.
4.Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН