Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2791

 

 

2017 оны 10 сарын 23 өдөр

      Дугаар 102/ШШ2017/02791                                                                             

                              Улаанбааатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,  Э ХХК-д  холбогдох,

 

гэрээний үүрэгт 634,925,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, П.У нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г ХХК болон “Эко ноос” ХХК-иудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Бид анх үндсэн зээл 233,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон торгууль, мөн алдангийг буюу 349,500,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба улмаар өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулсан. Үүнд:

1/ Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №3-12/06/05 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 233,000,000 төгрөг;

2/ 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл буюу нийт 35 сарын хугацааны хүү 285,425,000 төгрөг;

3/ 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны алданги 116,500,000 төгрөг буюу нийтдээ 634,925,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Бид алдангийг үндсэн зээл болох 233,000,000 төгрөгөөс тооцсон байгаа.

Анх  Э ХХКнь 2012 онд  Г ХХК-д хүсэлт тавьсны дагуу 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 233,000,000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй зээлсэн. Харин тохирсон хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийг анх байгуулсан өдрөөс зээлийг эргэн төлөгдөх хүртэлх хугацаанд сар бүрийн 3,5 хувийн хүү төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Үүний дагуу Э ХХК33,000,000 төгрөгийг, хариуцагчийн компанийн хүсэлтийн дагуу “Ган-очир Трейд” ХХК-д200,000,000 төгрөгийг тус тус шилжүүлүүлсэн. Тодруулбал,  Г ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах буудайн өр, төлбөр авах ёстой байсан бөгөөд уг төлбөрөөс 233,000,000 төгрөгийг суутгуулж, дурдсан этгээдүүдэд шилжүүлэх хүсэлтийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2012 оны 6 дугаар сарын 05, 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд хүсэлт явуулсан байдаг.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн шаардах эрхийн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Манай компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг харин  Э ХХКнь Дархан хотод үйл ажиллагаагаа явуулдаг байсан учраас бид анх нэхэмжлэлээ шуудангаар явуулсан байдаг. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хүлээж авч шийдсэн гэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д заасны дагуу бидний анх явуулж байсан шуудангийн баримтыг шүүхээс авч үзэж болно. Тэгээд ч хариуцагч өмнө нь энэ хөөн хэлэлцэх хугацааны талаар хариу тайлбар, татгалзалаа бичгээр өгч байгаагүй. 

Манай зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Бид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч болон хариуцагчийн заасан этгээд рүү зээлийн мөнгийг шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс компанийг төлөөлөх эрхгүй этгээд уг гэрээг байгуулсан гэж маргаж байна. Гэтэл уг гэрээг байгуулахаас өмнө “Эко ноос” ХХК-ийн одоогийн гүйцэтгэх захирал н.Бат-Эрдэнэд “Эко ноос” ХХК-ийн 3 хувьцаа эзэмшигчээс гэрээг  Г ХХК-тай байгуулахыг зөвшөөрч, эрх болгосон итгэмжлэл олгосон, энэ нь хэрэгт байгаа.  Г ХХК нь уг итгэмжлэлийн дагуу н.Бат-Эрдэнэтэй хүчин төгөлдөр зээлийн гэрээг байгуулсан, тэгээд ч талууд компанийн тамга, тэмдгээ гэрээн дээр дарсан. Зээлийн гэрээ 2012 оны 6 дугаар сарын 05-нд байгуулагдсан байдаг бөгөөд түүний өмнөх өдөр буюу 6 дугаар сарын 04-ний өдөр “Эко ноос” ХХК-ийн албан бланктай тамга дарагдсан хүсэлт ирсэн. Энэ хүсэлтээр л зээлийг олгохоор болж, гэрээг байгуулсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “ Г ХХк-иас манай компанид 233,000,000 төгрөг орж ирээгүй. “Эко ноос” ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичигт тухайн үед “Эко ноос”ХХК-ийн захирал Л.Дүйнхэржаваас  Г ХХК-ийн захирал Л.Чинбатад хүсэлт гаргаж  Э ХХК33,000,000 төгрөг, “Ган Очир Трейд” ХХК-д 200,000,000 төгрөг авах тухай, дээрхи мөнгийг өөрийн хөрөнгөөр хариуцах тухай хүсэлт гаргасан албан бичиг хадгалагдан үлдсэн байдаг. Харин энэ мөнгөний зарцуулалтыг “Эко ноос” ХХК-ийн санхүү дээр тусгагдаагүй тул манай компани хариуцан тайлбарлах болон хүлээн зөвшөөрөх боломжгүй. Л.Дүйнхэржав мэдүүлэг өгч, нотлох баримт өгөхдөө “Эко ноос” ХХК-тай ямар ч холбогдолгүй нотлох баримт явуулсан байдаг. Одоогийн “Эко ноос” ХХК-ийн байрлах үл хөдлөх хөрөнгийг 2011 оны 9 дүгээр сарын 21-нд иргэн Т.Доржбалаас Л.Дүйнхэржавын эхнэр Б.Наранцэцэг нь 300,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн байх буюу 2011 оны 11 дүгээр сарын 06-нд Т.Доржбалаас Л.Дүйнхэржав руу 900,000 ам долларын өртөгөөр худалдан авах гэрээ хийсэн байна. Худалдан авахдаа тухайн үед хариуцан ажиллаж байсан ХААЯам, ТЭДСангаас мөнгө шилжүүлж авсан байдаг. Дараа нь “Дархан таван нуур” ХХК-иас мөнгө авч ТЭДСангийн өрийг дарсан байдаг. Иймд  Г ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгө энд хамааралгүй. 2013 оны 11 дүгээр сарын 18-нд дээрхи үл хөдлөх хөрөнгийг Л.Дүйнхэржаваас /Амуу хангай/ иргэн Б.Отгонгэрэл /Хар хорин хүрээ/ худалдан авахдаа гэрээний төлбөр 900,000 ам долларыг 2 хувааж 300,000 ам долларыг иргэн Г.Баярмагнайд, үлдэгдэл 600,000 ам долларыг буюу 808,800,000 төгрөгийг “Дархан таван нуур” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулсан өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээнд заасны дагуу төлж барагдуулсан байна.  Г ХХК болон Л.Дүйнхэржавтай холбоотой төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй. Гэрээг захирал Г.Бат-Эрдэнэ хийсэн, гэхдээ тэр мөнгө нь манай дансанд орж ирээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Компанийн тайлан балансад байхгүй. Л.Дүйнхэржав өөрөө зохицуулж авсан хүн өөрөө төлнө. Гүйцэтгэх захирлын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байна. Г.Бат-Эрдэнэ захирал 2012 оноос ажиллаж байгаа. Одоо 70:30 хувьцаа эзэмшиж байгаа. н.Отгонгэрэл 70 хувийн хувьцаа зэмшигч. Бат-Эрдэнэ гүйцэтгэх захирал хэдий ч ард нь Л.Дүйнхэржав байсан. 3 хувьцаа эзэмшигчтэй, 1 хувьцаа эзэмшигч н.Отгонцэцэг нь Л.Дүйнхэржавын дүүюм. “Эко ноос” ХХК-ийг Л.Дүйнхэржав улс төрийн мөнгө угаах үйлдлээрээ 100 хувь ашигласан гэж үзэж байгаа.  Хэрэв бид төлбөрийг төлөх ёстой бол 33,000,000 төгрөгийг ТЭДСангаас мөнгө орж ирсэн учир ТЭДСанд л төлнө. Энэ бол том уршигтай, улс төр орсон зүйл, бид нар ч учрыг олохгүй. Зохион байгуулалттай гэмт хэрэг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Г ХХК Э ХХК2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №3-12/06/05 тоот зээлийн гэрээний 233,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Гэтэл  Г ХХК буюу зээлдүүлэгч нь  Э ХХКбуюу зээлдэгчид зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй. Харин Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал асан Л.Дүйнхэржав өөрийн эрхэлж буй ТЭДСангаас мөнгө гаргаж, өөрийн бусдад өгөх өр ширийг дарсан нь хавтас хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогддог. Талуудын хооронд байгуулсан гэж нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа зээлийн № 3-12/06/05 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасанчлан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8-р зүйлийн 8.1-д: “Талууд энэ гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.” гэжээ. Зээлдүүлэгч  Г ХХК нь зээлдэгч Э ХХК233,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2  дахь хэсэгт зааснаар  Г ХХК, “Эко ноос” ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, П.Урангоо нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хоёр байгууллагын эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж, тамгаа дарсан. Бид 233,000,000 төгрөгийг шууд  Э ХХКруу шилжүүлээгүй болов Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсгүүдэд заасны дагуу мөнгийг хариуцагч болон хариуцагчийн заасан этгээдэд шилжүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэг болон 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнээс харахад 233,000,000 төгрөг зээлсэн мэтээр гэрээг хийсэн баримт авагдсан байдаг. Гэхдээ “Эко ноос” ХХК-ийн 2012 оны санхүүгийн тайлан мөн “Эко ноос” ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаас  Г ХХК-иас Э ХХКямар мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. “Эко ноос” ХХК-ийн дансанд орж ирсэн 3,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг нь Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас орж ирсэн байдаг. Энэхүү дансны хуулгаас харахад гэрээний урьдчилгаанд 3,000,000 төгрөг, гэрээний үлдэгдэлд 30,000,000 төгрөг гэсэн санхүүгийн баримт байдаг болохоос  Г ХХК-аас мөнгө шилжүүлж байна гэсэн ямар ч үг үсэг байдаггүй. Тиймээс  Г ХХК-иас Э ХХК233,000,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм. Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн баримтаас ч гэсэн үзэхэд 233,000,000 төгрөгийг “Ган-Очир Трейд” ХХК-руу шижлүүлсэн гэсэн үг өгүүлбэр байдаг. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ нь бодит байдлаар биелэгдээгүй, 233,000,000 төгрөг зээлүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Эко ноос” ХХК-ийн захирал Г.Бат-Эрдэнэ гэдэг хүн гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг гэдэг боловч Л.Дүйхэржав гэдэг хүн жилийн дараа буюу 2013 онд Бат-Эрдэнээр энэ гэрээ дээр гарын үсэг зурчих, ямар ч үр дагаваргүй гээд гарын үсэг зуруулсан байдаг. Тухайн үед Г.Бат-Эрдэнэ нь өөрөө компанийг төлөөлж хэлцэл хийх эрх бүхий субьект байгаагүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа дээр Бат-Эрдэнэ нь 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Эко ноос”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байдаг. “Эко ноос” ХХК-ийн хүсэлтээр мөнгө зээлсэн гэж ярьж байна. Гэтэл “Эко ноос”ХХК нь  Г ХХК-д ямар ч хүсэлт явуулаагүй. Хавтаст хэрэгт байгаа баримтанд Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйхэржав гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Л.Дүйнхэржав нь 2012 оноос 2014 оны хугацаанд Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл Л.Дүйхэржав гэдэг хүн яагаад “Эко ноос” ХХК-ийн өмнөөс хүсэлт гаргаж, түүнийг нь  Г ХХК хүлээж авч мөнгө зээлүүлсэн нь логикийн хувьд ч гэсэн үнэн бодит байдалтай нийцээгүй, мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.  Г ХХК нь мөнгө хүүлэх эрхтэй субьект биш. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн дагуу зээлийн гэрээний зохицуулалтаар явж байгаа. Хэдийгээр хууль дээр иргэн, хуулийн этгээд мөнгө хүүлэх эрхтэй гэсэн боловч хуулиар хязгаарлаж өгсөн байдаг. Алданги, торгууль хоёрын аль нэг нь 50 хувиас хэтрэхгүй гэдэг. Гэтэл зээлийн гэрээг байгуулсан бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх юм бол 50 хувиас хэтэрсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Г ХХК болон “Эко ноос” ХХК-ийн хооронд 2012 оны 6 сарын 05-ны өдөр 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэглэсэн байдаг. Хэрвээ 2012 оны 12 дугаар сарын 31-нд гэрээ дуусгавар болсон бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шаардах эрх дуусгавар болсон. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийг харахад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь тогтоогддог. Хэдийгээр нэхэмжлэлийн нүүр дээр 2015 оны 12  дугаар сарын 22 гэж байгаа боловч шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээлгэж өгч, шүүхийн хүлээж авсан дардас дарагдсан. Иймээс нэхэмжлэгч ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 1 жил 10 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг 6 дугаар сард шилжиж ирсэн байдаг. Хэргийн оролцогчийн нотлох баримт гаргах, шүүхээр нотлох баримт гаргуулах, ямарваа нэг ажиллагаа хийх талаар шүүхээс хангалттай хэрэгжүүлэх боломжоор хангаж өгсөн. Хэрвээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл шаардах эрх буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Нотлох баримт судлах явцад шуудангаар явуулсан дардас бүхий нотлох баримт судлагдсангүй. Иймээс нэхэмжлэгч талын хугацаандаа өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар 1 жил 10 гаруй сарын хугацаа өнгөрөхөд ямар нэг хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрвээ энэ гэрээ байгуулагдсан бол гэрээний 4.1 дагуу нэхэмжлэгчид 1 сарын хугацаанд нэхэмжлэл гаргах эрх нь хүртэл байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон учраас хариуцагчийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчээс татгалзах эрхтэй.Л.Дүйхэржав нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байхдаа уг сангийн К2 төслөөр Японы ард түмнээс үнэ төлбөргүй будаа орж ирэн, энэ будааг зарж борлуулан, тариалан эрхлэгч нар, Монголын ард түмний хүнсний хангамжийг сайжруулах чиг үүрэг бүхий төслийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөр бусад компаниуд руу шилжүүлж, үүнд нь  Г ХХК оролцож уг мөнгийг нь хүлээж авах, шилжүүлэх үйл ажиллагаанд нь оролцсон байна. Л.Дүйхэржав Дарханд объектыг худалдаж авч мөнгө зээлсэн гэх нь “Эко ноос” ХХК-тай огт хамааралгүй болох нь н.Ганпүрэвийн гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдоно. 200,000,000 төгрөг нь “Эко ноос” ХХК-тай хамааралгүй, харин Л.Дүйхэржав, “Ган-очир трейд” ХХК-ийн хооронд үүссэн төлбөрийн асуудал байна. Ингээд хавтаст хэрэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар  Г ХХК нь Э ХХК200,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас гэрээ байгуулагдаагүй байна. Тиймээс үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбарыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Г ХХК нь Э ХХКхолбогдуулж талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөрбайгуулагдсан №3-12/06/05 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, төлбөр төлөөгүй хугацааны хүү, алданги, торгууль, нийт 349,500,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд ханджээ /хх 1 хавтас, 1-2, 6-8 хуудас/. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас өөрсдийн шаардлагыг ихэсгэсэн ба улмаар шаардлагаа дараах байдлаар тодруулжээ. Үүнд:

1/ Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №3-12/06/05 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 233,000,000 төгрөг;

2/ 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл буюу нийт 35 сарын хугацааны хүү 285,425,000 төгрөг;

3/ 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны алданги 116,500,000 төгрөг буюу нийтдээ 634,925,000 төгрөг гэжээ /1 хавтас, 154 хуудас, 2 хавтас 99 хуудас/.

 

2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот зээлийн гэрээний дагуу 233,000,000 төгрөгийг бодит байдал дээр хүлээж аваагүй, уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсгүүдэд заагдсан “хууль зөрчсөн”, “дүр үзүүлсэн” хэлцэл тул анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж хариуцагч “Эко ноос” ХХК-иас өөрийн татгалзлаа тайлбарласан ба уг үндэслэлээрээ 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан /2 хавтас, хх 6 хуудас/.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Нэг талаас  Г ХХК нөгөө талаас “ Эко ноос” ХХК-иуд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр  Г ХХК нь 233,000,000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 6 сарын хугацаанд Э ХХКзээлдүүлэх, гэрээний хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хүү тооцохгүйгээр, тохирсон хугацаанд зээлийг буцаан төлөөгүй нөхцөлд 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд нэг сарын 3.5 хувийн хүү тооцохоор харилцан тохирсон байдлаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ гэж шүүхээс дүгнэлээ /1 хавтас, хх 6-8 хуудас/.    

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Эко ноос” ХХК-ийг 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулсан байх бөгөөд тухайн үед компанийг үүсгэн байгуулагч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд болох Т.Энхбат, Г.Отгонцэцэг, Л.Хосбаяр нараас Г.Бат-Эрдэнэд 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А-12 тоот итгэмжлэлийг олгосон байна. Энэ итгэмжлэлээрГ.Бат-Эрдэнэд “Эко ноос” ХХК-ийг төлөөлж  Г ХХК-иас 233,000,000 төгрөгийн зээлийг хүлээн авах, зээлийн гэрээнд гарын үсэг зурах, зээлийн төлбөрийг тухай бүр төлж, холбогдох бусад ажиллагаанд компанийг бүрэн төлөөлж оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар олгожээ /1 хавтас, хх 29, 152, 153 хуудас/.  

 

Дээрх итгэмжлэлийн үндсэн дээр Г.Бат-Эрдэнэ нь “Эко ноос” ХХК-ийг төлөөлж  Г ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ” байгуулсан байх тул хариуцагчийн “...Г.Бат-Эрдэнэ хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхгүй атлаа гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулсан” гэх тайлбар үндэслэлгүй болжээ.  

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө, мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, харин мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох учиртайг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдэд заажээ. Нэгэнт  Г ХХК нь 233,000,000 төгрөгийг Э ХХКбодит байдал дээр шилжүүлээгүй тул бид гэрээний хариуцлагыг хүлээхгүй гэсэн агуулгаар хариуцагч тал татгалзлын нэг үндэслэлээ тайлбарласан.

 

Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”   гэж заасан ба 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ”-гээр 233,000,000 төгрөгийг Э ХХКшилжүүлэх үүргийг  Г ХХК хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө”, 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, аливаа гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчээс өөр этгээдэд хүлээлгэн өгснөөр талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар боломж, нөхцөлийг дээрх хуулийн заалтаар зохицуулжээ. 

 

 Г ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ”-ний дагуу 233,000,000 төгрөгийг “Эко ноос” ХХК-ийн заасан этгээд рүү шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хариуцагч “Эко ноос” ХХК-ийн тамгатай 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №17 тоот  Г ХХК-ийн захирал Л.Чинбатад хандсан албан бичиг, “Эко ноос” ХХК-иас Г.Бат-Эрдэнэд 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр олгосон А-12 тоот итгэмжлэл, “Эко ноос” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 4522561482 тоот төгрөгийн дансны хуулга, компанийн буудайн төлбөрөөс “Эко ноос” ХХК-ийн данс руу 33,000,000 төгрөгийг шилжүүлүүлэх тухай  Г ХХК-ийн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д хандсан 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №16 тоот албан бичиг, компанийн буудайн төлбөрөөс “Эко ноос” ХХК-ийн нэрийн өмнөөс “Ган очир трейд” ХХК руу 200,000,000 төгрөгийг шилжүүлүүлэх тухай “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д  Г ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №15 тоот албан бичиг,  Г ХХК-ийн №15, №16 тоот албан бичгийг үндэслэж нийт 233,000,000 төгрөгийг шилжүүлсэн КР-2 зарцуулалтын сангийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 628, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 663, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 620 тоот төлбөрийн даалгаварууд, Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн дансны гүйлгээний хуулгууд зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна /1 хавтас, хх 21, 29, 89-95, 102, 103 хуудас/.

 

“Эко ноос” ХХК-ийг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ”-ний дагуу 233,000,000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар хүүгүй зээлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд талууд “...зээлдэгч тохирсон үедээ зээлийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд төлбөрийг буцаан төлөх хүртэл хугацаагаар сарын 3.5 хувийн хүү тооцох”-оор тохирсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдтэй харшлаагүй гэж шүүхээс үзлээ.   

 

Иймд үндсэн зээл 233,000,000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл буюу нийт 35 сарын хугацааны хүү 285,425,000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй. 

 

Түүнчлэн хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд заажээ. Гэрээний хариуцлага буюу алдангийн талаар зохигчид харилцан тохирсон болох нь 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ”-ний 6.3 дахь заалтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар алдангийг шаардах эрхтэй.  

 

Харин хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг баримтлан алдангийн хэмжээг тал хувиар буюу 58,250,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэв. 

Хариуцагчийн зүгээс “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон гэж өөрийн татгалзлын нэг үндэслэлээ тайлбарласан.   

 

Тухайн гэрээний төрөл нь өөртөө хөөн хэлэлцэх тусгай хугацааг агуулаагүй бол аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба харин гэрээний талууд гэрээг байгуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрсдөө тогтоох боломжтой.

 

Тодруулбал, үүрэг гүйцэтгэх хугацааг хууль болон гэрээгээр тодорхойлохыг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгээр зохицуулсан ба 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ”-ний 1.1 дэх заалтад “хэрэв 2012 оны 12 дугаар сарын 31-ний дотор зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг төлж дуустал сарын 3.5 хувийн хүү тооцно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж шүүхээс үзлээ.  

 

Түүнчлэн, “Эко ноос” ХХК-иас гэрээний үүргийг шаардсан  Г ХХК-ийн нэхэмжлэлд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн шийдвэрийг гарах өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байсныг дурдах нь зүйтэй.  

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хийгдсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр байх үндэслэлгүй, хуульд нийцэхгүй хэлцлийн жагсаалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэсэн ба 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэжээ. 

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан үзэхэд талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ” нь талуудын хүсэл зоригийг илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 40дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байхаас гадна хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл талууд уг гэрээг дүр үзүүлж, уг гэрээгээр ямар нэг эрх, үүрэг хүлээх сонирхолгүйгээр байгуулсан гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэдзаасныг баримтлан хариуцагч “Эко ноос” ХХК-иас 576,675,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Эко ноос” ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №З-12/06/05 тоот “зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,490,525 төгрөг, “Эко ноос” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,332,575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эко ноос” ХХК-иас 3,041,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                          Н.ХАНГАЛ