Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/976

 

Ч.А

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн даргаар Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Т.Отгонтөгс,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

            Өсвөр насны шүүгдэгч Т.М, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Даваасүрэн, өсвөр насны шүүгдэгч Ч.А, Ч.О, тэдний хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунням, өсвөр насны шүүгдэгч Д.А, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Ичинхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Угалзынхан овогт Ч А, У овогт Ч О, Х овогт Т М, Б овогт Д А нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Ад тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1808017261090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, ***оны ** дугаар сарын **-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Ч А, РД: ТЕ*******,

Монгол Улсын иргэн, ***оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Ч О, РД: УС***,

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Т М, РД: НТ***,

Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн ** хороо Толгойтын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д А РД: ****,

Холбогдсон хэргийн талаар:  

Өсвөр насны шүүдэгч  Ч.А, Ч.О, Т.М, Д.А нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 98 дугаар гудамжны 03 тоотод оршин суух хохирогч Б.Э автомашины гражинд байсан 94-69 УБҮ улсын дугаартай приус-20 машины батерейг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Ч.А нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 64-39а тоотод оршин суух хохирогч Ц.Эн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, 2 ширхэг гар утас, шинэ цагийн ногоон чулуун хөөрөг, бэлэн 10.000 төгрөгийг хулгайлан авч, 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :    

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлахад :            

Өсвөр насны шүүдэгч  Ч.А, Ч., Т.М, Д.А нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 98 дугаар гудамжны 03 тоотод оршин суух хохирогч Б.Э 94-69 УБҮ улсын дугаартай приус-20 машины батерейг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :   

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл /хх-2/,  

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/,

-   эд зүйлийн үнэлгээ - 700.000 төгрөг /хх-60-61/,

- хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө босоод хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөхөөр гэрээс гараад машиныхаа гражид ирэхэд жолоочийн зүүн хойд талын хаалга онгорхой байсан. Харахад арын суудлыг аваад хаалганд тээглүүлээд орхисон байдалтай харагдаж байсан бөгөөд арын суудлын багажийн тагыг аваад машины ард шороон дээр хаячихсан байсан ба граж болон байшин хоёрын шороон дээр олон тооны мөр гарчихсан харагдаж байсан бөгөөд цагдаа дуудсан, цагдаа ирээд үзлэг хийгээд явсан. Хулгайд алдсан батерейгаа олж авсан буцааж угсруулах болон үнэлгээ хийлгэсэн нийт 60.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлын 60.000 төгрөгөө хүлээн авсан гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-19-20, 115-116/,

- өсвөр насны шүүгдэгч Ч.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би Сонгонихайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн дунд буудал дээр байдаг сагсны шийдэн дээр төрсөн ах Ч.О, найз Д.А, Т.М нарын хамт 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сагс тоглож байгаад оройны 23 цагт дууссан. Тэгээд бид нар гэрлүүгээ харих гээд алхаад явж байгаад би приус-20 машины батерейг фейсбүүк дээр авна гэсэн зар байсан, хэдүүлээ хулгай хийх үү гэж хэлсэн...бүгд зөвшөөрсөн...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 98 дугаар гудамжны 03 тоот хашаа руу ороод приус-20 машины батерейг салгаж аваад хашаа давуулаад Отгонбаяр, Мөнхдорж, хоёрт өгөөд бид хоёр араас нь хашаа давж гарч ирээд бид 4 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтад байдаг хашаанд Алтаншагайгийн гэрт нь очиж хашаанд нь батерейгаа нуусан юм. Тэгээд бид нар буцаж ирээд найз Содоогийн амбаарт унтаж байсан цагдаа ирээд бид нарыг аваад явсан. Приус машины батерей их үнэтэй гэж сонсоод хулгай хийсэн...гэх мэдүүлэг /хх-68-69/:... мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- өсвөр насны шүүгдэгч Ч.О мөрдөн байцаалтад өгсөн : тэр 2 Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 98 дугаар гудамжны 03 тоот хашаа руу ороод Приус-20 маркийн машины батерей аваад хашааны доор хүрээд ирэхээр нь би Т.Мийн хамт тосч аваад бид дөрөв Алтаншагайгийн гэрт очиж хашаанд нь батерейгаа нуусан. Тэгээд бид нар найз Содоогийн гэрт очоод амбаарт нь унтсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед найз Мөнхдоржийн хамт приус 20-н батерейгаа авсан айлын хойд талын гудамжинд явж байгаад цагдаад баригдсан. Манай дүү Ч.А анх хулгай хийх санааг гаргасан...гэх мэдүүлэг /хх-81-82/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- өсвөр насны шүүгдэгч Т.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би Отгонбаярын хамт хүн харж гадаа зогссон...тэр 2 хашаа давж 30 гаран минутын дараа приус машины батерейг өгөхөөр нь би Отгонбаярын хамт тосч аваад такси бариад Тахилт руу Алтаншагайгийн хашаанд хулгай хийсэн батерейгаа нуугаад 05 цагийн үед буцаж ирээд Содбилэгийн гэрийн амбаарт орж унтаад 09 цагийн үед гэрлүүгээ явж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-94-95/... мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- өсвөр насны шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтад өгсөн: ...тэр үед би найз Амарсанаагийн хамт давж ороод приус машины хаалгыг татсан чинь хаалга нь онгорхой байхаар нь дотор нь ороод Амарсанаагийн хамт батерейг салгаж аваад хашааны дотор талаас Отгонбаяр, Мөнхдорж хоёрт өгөөд бид нар шууд Тахилт руу хашаандаа очиж батерейг нуусан...Манай найз Амарсанаа приус засдаг газар ахтайгаа хамт приус засварын газарт ажиллаж байсан гэсэн. Тэгээд би батерейг нь салгаж чадна гэж хэлээд дагуулан орсон...гэх мэдүүлэг /хх-104-105/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- нас тоолсон баримт /хх-74, 85, 98, 108/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-42/ зэрэг нотлох баримтуудаар,  

Өсвөр насны шүүгдэгч Ч.А нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 64-39а тоотод оршин суух хохирогч Ц.Эрдэнэцогтын байнга амьдрах орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2 ширхэг гар утас, шинэ цагийн ногоон чулуун хөөрөг, бэлэн 10.000 төгрөгийг тус тус авахаар завдсан болох нь :

- хохирогч Ц.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтад өгсөн :...2018 оны 06 сарын 14-ний шөнө 03 цагийн үед манай эхнэр Зогсохбаяр сэрсэн чинь манай гэрт танихгүй хүн орж ирээд гэрэл тусгаж, манай гэрийн эд зүйлийг хулгайлж байсныг хараад юун хүн бэ гэж орилтол манайд байсан хүн хараад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь гүйж гараад тэр хүнийг хашаа давах гэж байхад нь хөлнөөс нь барьж аваад хашаан дээрээс буулгасан, цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай эхнэрийн утас болон миний гар утас, шинэ цагийн ногоон чулуун хөөрөг, 10.000 төгрөгийг...тэр хүнээс хурааж надад авч өгсөн юм. Би унтаж амрахдаа гэрийнхээ тамбарыг цоожлоод гэрийн хаалгаа нээлттэй үлдээсэн... гэх мэдүүлэг /хх-131-132/, 

- эд зүйлийн үнэлгээ - 360.000 төгрөг /хх-139-141/

- гэрч Ч.Зогсохбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 14-ний шөнө нөхөр Ц.Эрдэнэцогт хүүхдүүдийн хамт унтаж байгаад шөнийн 03 цагийн үед миний нүүрэн дээр гэрэл тусахаар нь сэрсэн чинь үл таних хүн манай нөхрийн өмдний халаасыг ухаад зогсож байсан...би юун хүн бэ гэж хэлсэн чинь тэр хүн гүйгээд гараад явсан...нөхөр Ц.Эрдэнэцогт босоод араас нь хөөгөөд...бариад авсан...2 ширхэг гар утас, хаш ногоон хөөрөг, 10.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан...манай нөхөр тэр хүнээс эд зүйлээ буцаагаад авсан...гэх мэдүүлэг /хх-171-172/,

- нас тоолсон баримт /хх-175/,

-  өсвөр насны шүүгдэгч Ч.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: ...шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 64-39а тоотод айлын хашаан дотор таван ханатай монгол гэр байхаар нь очоод таамбарын хаалгыг татсан чинь цоожтой байхлаар нь онгойлгоод орсон...асаагуурын гэрэл тусгаж байгаад харсан чинь хүмүүс унтаж байхлаар нь...ширээн дээр байсан хоёр ширхэг гар утас авсан, зүүн талд орны орны дор байсан өмдний халаасыг ухаад 10.000 төгрөг байхаар нь аваад зогсож байсан чинь эмэгтэй хүн сэрээд намайг хэн бэ юун хүн бэ гэхээр нь гэрээс гарч  зугтаасан...гэрийн эзэн гэх хүн намайг хашаан дээрээс миний хөлнөөс татаад буулгасан...гэх мэдүүлэг /х-167-168/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.    

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.А, Ч.О, Т.М, Д.А нарыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд,  

Өсвөр насны шүүгдэгч Ч.Аг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт :            

Хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.

Нотлох баримын эх сурвалжууд хооронд зөрүүтэй, зөрчилтэй асуудал, мөн хохирогч, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Ч.А, Ч.О, Т.М, Д.А нар хохирогч Б.Эрдэнэцэцэгийн 94-69 УБҮ улсын дугаартай приус-20 машины батерейг хулгайлахын тулд урьдчилан өөр хүний автомашинаас багаж түлхүүрүүд хууль бусаар авсан буюу гэмт хэрэгт урьдчилан бэлтгэсэн нь тогтоогдсон байх бөгөөд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг зөвхөн зэвсгийн чанартай зүйлсийг урьдчилан гардан хийсэн буюу засч тохируулсан байхаас гадна гэмт хэрэг үйлдэхийн тулд зэвсгийн чанартай зүйлсийг урьдчилж тусгайлан бэлтгэсэн /худалдан авсан, өөр бусад аргаар олж авсан/ байхыг хамааруулж ойлгох үндэслэлтэй байтал “гэмт хэрэг үйлдэхэд зэвсгийн чанартай зүйлийг тусгайлан бэлтгэсэн” гэж үзэх үндэслэлийг бодитой шалгахгүй орхигдуулсан байгааг тэмдэглэж, өсвөр насны шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар тус хэргийг дахин шалгуулах шаардлагагүй гэж үзсэн болно.      

            Харин өсвөр насны шүүгдэгч Ч.А нь ганцаараа хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэж байх явцдаа буюу тухайн гэмт хэргийн газарт байхдаа үйлдэл дээрээ илчлэгдсэн, тухайн үед гэрээс гарч зугтаасан боловч хэргийн газарт баригдсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн тухайн гэмт үйлдлийг “төгссөн завдалт” гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, шүүгдэгчийн хувьд тухайн гэр дотроос хулгайлж авсан эд зүйлсийг захиран зарцуулах бодит боломж бодитойгоор бий болоогүй буюу түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.    

            Хохирогч нар хулгайд алдсан эд зүйлсээ буцаан авсан, хохирлоо төлүүлсэн  /хх-136, 181/ байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Ч.А, Ч.О, Т.М, Д.А нарыг анх удаа гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боловч шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхийн өмнө урьдчилан бэлтгэж, төлөвлөж үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.    

Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1, 8.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Ч.А, Ч.О, Т.М, Д.А нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлж Эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах шаардлагатай гэж үзэв.    

Харин Эрүүгийн хуулийн 6.1, 8.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулан эхний удаад нийгмээс тусгаарлахгүйгээр хойшлуулан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.        

Бусад асуудал  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

 

            1. Өсвөр насны шүүгдэгч Ч.А, Ч.О, Т.М, Д.А нарыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд,   

Өсвөр насны шүүгдэгч Ч.Аг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.А, Ч.О, Т.М, Д.А нарыг тус бүр 300  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Аг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Агийн эдлэх хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.   

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.О, Т.М, Д.А нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.А, Ч.О, Т.М, Д.А нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд тус тус мэдэгдсүгэй.    

            7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   өсвөр насны шүүгдэгч Ч.А, Отгонбаяр, Т.М, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР