Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 017/2013/0015/З |
Дугаар | 221/МА2015/0055 |
Огноо | 2015-01-28 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/0055
М.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваахүү нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэртэй, М.Б-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Марх овогтой Б миний бие 1980-1984 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг бага ангийн багш, 1984-1988 онд ХоБДС-ийг Газарзүй-түүхийн багш, 1991-1992 онд Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх УХИ-ыг Төр, Захиргааны удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, 1998-2000 онд ХААҮИС-ийг эдийн засагч мэргэжил төгссөн, ЭЗ-ийн ухааны доктор, профессор цолтой, 1988-1989 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгч, 1989-1991 онд мөн Булган сумын ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1992-1995 онд мөн Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга, 1996-1997 оны 4 сар хүртэл Булган боомтын үйлчилгээний “Булган сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 1997 оны 4 сараас 1999 онд Монгол Улсын Төрийн өмчийн хорооны Ховд аймаг дахь төлөөлөгч, 2000-2001 онд Ховд аймгийн ИТХ-д өмч хариуцсан ажилтан, 2001-2008 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын СЭЗБЗ-ын хэлтэст Өмч хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж, Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үүрэгт ажлаа “Маш сайн” үнэлгээтэй гүйцэтгэж байсан Тэргүүн зэргийн дэс түшмэл юм. 2000-2004, 2004-2008 онуудад Булган сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан ба 2000-2004 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. ЭРхэлж буй ажил үүргийн хүрээнд аймгийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр мэргэших зайлшгүй шаардлагатай байгааг ойлгон, түүнд нийцүүлэн миний биеийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх үүргийн дагуу “МОНМҮН” нийгэмлэг, “БҮРТГЭЛ ЭРДЭМ” нийгэмлэгийн нэр дээр “... аймгийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажилд дадлагажиж, мэргэшиж буй тул мэргэшсэн үнэлгээчний эрх олгож өгөхийг ... хүссэн тодорхойлолтыг Тамгын газрын дарга Л.Б явуулж байсан билээ. Ингээд миний бие “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Ажлаас түр чөлөөлөх тухай” 60 дугаар тушаал /2008.11.27/-аар 2008.12.01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр сургалтанд хамрагдахаар 6 сарын чөлөө авч үүрэгт ажлаа, Тамгын газрын дарга Л.Б, СЭЗБЗХ-ийн дарга Д.Алтангэрэл нарын шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”гэсний дагуу СЭЗБЗХ-ийн Орлого хариуцсан мэргэжилтэн О.Б-д албан ажлаа түр хүлээлгэн өгсөн юм. Тэрчлэн суралцаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуульд 2008.05.06-ны өдөр орж, 2009.01.01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн нэмэлт өөрчлөлт 10 дугаар зүйлийн 10.6-д “... хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж...” гэсний дагуу 2009.01.06-ны өдөр намын гишүүнчлэлээс татгалзсан болно.
Миний биеийг албан ёсны чөлөөтэй байх хооронд аймгийн Засаг дарга Г.Н-н “Ажилд томилох тухай” 70 дугаар захирамжаар Ч.Б-г аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны даргаар томилжээ. Энэ үед 1 мэргэжилтний хариуцаж байсан ажлын байрыг өмчийн алба болгон өөрчлөх, түүнд онц шаардлагатай, хамгаалагдах зайлшгүй хэрэгцээтэй хүнээ хадгалах шаардлага үүссэн байдаг. Энэ тухай маш ихийг ярьж, нотолж болно. Сургалтаа дуусгаад 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үндсэн ажил, албан тушаалдаа эргэн орохоор анхны өргөдөл гаргасан боловч хариу өгсөнгүй. Энэ өргөдөл өгөгдөж байх үед “бүтцийн өөрчлөлт” гарсан бол надад мэдэгдэж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж болох л байсан. Юу ч мэдэгдээгүй. Өргөдлийнхөө хариуг хүлээсээр арга буюу 10 дугаар сарын 15-нд 2 дахь өргөдлөө өгөхөд Тамгын газрын дарга Л.Б “Орон нутгийн сонгуулийн дараа Тамгын газрын бүтэц шинэчлэгдэхэд ажилд авна, хүлээ” гэсэн ам хариу өгсөн боловч энэ нь худлаа боллоо. Энэ үеэс хойш Тамгын газрын дарга Л.Б-тэй олон удаа уулзаж, заримдаа муудалцахад хүрч байсан зэргээс үзэхэд цэвэр улс төрийн шантачлал байгааг ойлгосон юм. Л.Б ажил, алба, мэргэшиж дадлагажсан хүн биш, нам л чухал болсон ба “АН-ын ганцыг хааж, боож” намынхандаа “баатар” болох хийрхэлд автаад байсан байдаг. Тамгын газрын дарга Л.Б-д миний бие: Миний үүрэгт ажлыг 3 хүн гүйцэтгэдэг болжээ.
Эндээс: Би 1 орон тоогоор ажиллаж байсан. Хэрэв намайг 3 хүний ажил гүйцэтгэж байсан гэж үзэж 3 орон тоотой болгосон бол 2 хүний цалинг нөхөж авъя. Эсвэл 1 орон тооны ажил гүйцэтгэдэг байсан бол 3 хүн өдрийг яаж өнгөрөөж байгаа вэ? Ажлын шаардлага байна гэж үзэж орон тоо нэмсэн бол 2 хүнийг шинээр аваад миний орон тоог яагаад хадгалж байж болохгүй вэ?
Аймгийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажилд дадлагажиж улмаар мэргэшиж буй миний бие яагаад хэрэггүй болов? Нэг бол ажилд минь оруул, нэг бол шууд халчих, шүүхээр явъя гэх зэрэг асуулт тавиад хариулт олоогүй юм. Ингээд арга буюу 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3 дахь өргөдлөө өгсөн боловч өнөө хүртэл ажил, албан тушаалд минь эгүүлэн авсангүй. Тамгын газрын дарга Л.Б-тэй хэд хэд уулзсан боловч хэрүүлээс өөр юм олсонгүй.
2012 оны 03 дугаар сард М.О “Шинээр худалдан авах ажиллагааны хэлтэс байгуулагдах гэж байна. Түүнд таныг авна, хүлээ л гэсэн” тэгээд өнөөдрийг хүртэл хүлээлээ, худал л боллоо.
... Төрийн жинхэнэ албанд нөөцөөс нэр дэвшиж орох хүсэлтээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт хандах нь зүйтэй юм. Би 4 өргөдөл өгсөн шүү дээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 4 өргөдөл өгсөн. Шийдвэрлээгүй. Дахин өргөдөл өгөх шаардлага алга байна.
Иймд дээрх тайлбараа үндэслэн дараах асуудлаар гурав дахь нэхэмжлэлээ гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. Үүнд:
Нэг. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь хэсэгт зааснаар түр чөлөө авсан тул мөн хуулийн 23.5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, ... албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж байгаа тул үндсэн үүрэгт ажилдаа эргэн очих,
Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу “...ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговор” ... болох 21516816 төгрөг /Хорин нэгэн сая таван зуун арван зургаан мянга найман зуун арван зургаа/-ийг өсөөгүй дүнгээр нэхэмжилж байна.
Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газар Санхүү эдийн засаг, өмч хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2008 оны 60 дугаар тушаалаар захиргааны чөлөө аваад буцан ажилдаа орж чадахгүй Тамгын газар болон шүүхэд 8 өргөдөл гаргасан бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд бүртгэгдсэн өргөдлийн дагуу 11 дэх шүүх хуралдаандаа орж байна. Энэ хугацааг 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тоолох юм бол, би 5 жил 180 хоног чирэгдэж, гүтгүүлж, эрхээ зөрчүүлсээр, үнэний эрэлд хатсаар яваад өнөөдөр энд зогсож байна. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоол, мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны 55 дугаар магадлалын хянавал хэсэгт 3 үндсэн асуудлыг тодруул гэсэн байна гэж би ойлгож байгаа. Түүний нэгдүгээрт нь, хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал, хоёрдугаарт 1-р тушаал нь үнэхээр М.Б намайг халсан эсэх тухай асуудал, гуравдугаарт Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү эдийн засаг, бодлого зохицуулалтын хэлтсийн өмч хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаал хаачсан бэ? гэдэг асуудлаар анхан шатны шүүхээс тодруулга авч шийдвэрлүүлэхийг хүссэн болов уу гэж би ойлгож байгаа. Энэ 3 гурван асуудлаас эхний асуудал нь Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 422 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүлээн авснаас 30 хоногийн дотор зарга үүсгэх, гомдол гаргах, нөхцөл байдал үүсээгүй байна.
Тухайлбал, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар М.Бт 13 дугаар тушаалаар ажлаас халагдсан гэж мэдэгдээгүй тийм нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж үзсэн. Энэ нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйн буруутай болохыг тогтоосон гэж ойлгож байгаа. Ингээд одоо надад 2 асуудал үлдэж байна. Үлдсэн 2 асуудлын тухай тогтож 4 бүлэг дээр ярихыг хүсэж байна.
Нэгдүгээрт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Бн ажлаас чөлөөлөх тухай 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаал хавтаст хэргийн 83, 84 дүгээр хуудсанд байгаа та бүхэнд танилцуулъя. Энэ тушаал нь нэхэмжлэгч тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, тэргүүн зэргийн дэс түшмэл М.Б миний биеийг үнэхээр ажлаас чөлөөлсөн эрх зүйн акт мөн үү гэдэг дээр тайлбар хийхийг хүсэж байна. Миний ярих нэгдүгээр бүлгийн 1.1 яг үнэндээ бол би ажлаас халагдаагүй, намайг ажлаас халсан эрх зүйн ямар ч акт байхгүй, албан тушаалын араас улайрсан хэсэг нөхдийн золиос л болж байгаа би энэ үгийг аль ч шатанд хэлсэн. Эцсийн бөгөөд хамгийн шударга, үнэн хариу бол би ажлаас халагдаагүй гэж би тайлбарлаж байгаа юм. Гэхдээ 13 дугаар тушаалын тухай асуудал яригдаж байгаа. Хавтаст хэргийн 1-р ботийн 46-р хуудсанд авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ан тайлбар гаргах тухай гэсэн тоот дээр, 13 дугаар тушаалаар М.Бийг төрийн албанаас бүр чөлөөлсөн байна гэж Ховд аймгийн Захиргааны хэргийн 17-р шүүхэд тайлбар ирүүлсэн байгаа. Ингэхээр 13 дугаар тушаал гэдэг нь үнэхээр хүчин төгөлдөр эрх зүйн акт мөн үү гэдгийг эргэж харах шаардлага үүсэж байгаа юм. 13 дугаар тушаал хавтаст хэргийн 84-р хуудсанд байгаа. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаал, Ажлаас чөлөөлөх тухай гэсэн хууль зүйн үндэс нь бол Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 27 дугаар захирамжийг үндэслэсэн байгаа. Энэ бол ажлаас чөлөөлөх үндэслэл биш, төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх юм бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуулийг үндэслэл болгох ёстой энэ 2 хуулийг үндэслээгүй учраас 13 дугаар тушаал нь Б-г ажлаас чөлөөлсөн гэдгийнхээ тухайд хууль зүйн үндэслэлгүй юм.
Хоёрдугаарт, бүтэц орон тоо хасагдсан тухай Засгийн газрын 67-р тогтоол хавтаст хэргийн 65-р хуудсанд авагдсан байгаа. Энэ тогтоол дээр орон нутгийн өнцөг, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засгийн онцлог, үйлдвэрлэлийн цар хүрээг харгалзан Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт 41 хүртэл орон тоотой ажиллана гэж заасан байна. Үүнтэй холбогдуулж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 14 дүгээр тушаалаар 33 хүнийг ажлаас чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан хүмүүсийн тоо Засгийн газраас тогтоосон албан хаагчдын тоонд хүрэхгүй байна. Ийм учраас энэ бол буруу байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгална. Энэ ямар тохиолдол вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 захиргааны чөлөөтэй байгаа үед би Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 60-р тушаалаар чөлөө авсан. Энэ тушаалд Төрийн албаны тухай хуулийг үндэслэж надад 6 сарын чөлөө олгосон, тэгэхээр захиргааны чөлөөтэй байгаа хугацааг тоолох юм бол 2009 оны 5 дугаар сарын 31-нд дуусаж байгаа. Засгийн 67-р тогтоол нь намайг захиргааны чөлөөтэй байх хугацаанд гарсан байгаа нь харагдаж байна.
Тэгэхээр захиргааны чөлөөтэй байсан учраас би халагдах ёсгүй 13 дугаар тушаалын надад холбогдох хэсэг нь үнэхээр хуулийн шаардлага хангаагүй байна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээр бүлгийн хоёрдугаар асуудал буцалтгүй тусламж олгосон тухай. Миний буурал ээж маань 2009 оны 5 дугаар сарын 7-ний өдөр нас барахад Тамгын газар надад дотоод журмын дагуу 50000 төгрөг олгосон. Б гэж Нийтлэг үйлчилгээний албаны дарга надад Л.Б даргын даалгавраар Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайн зүүн талд цаг болзож өгсөн юм. Энэ тушаал 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар тушаал байна. Миний чөлөөний хугацаа 05 дугаар сарын 31-нд дуусаж байгаа, ажлаас чөлөөлчихсөн юм бол яагаад тусламж үзүүлж байгаа юм бэ? Энэ бол 13 дугаар тушаал үндэсгүй болохыг харуулж байгаа юм.
1 дүгээр бүлгийн 3-р асуудал: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 энэ бол Монгол Улсын дээд шүүхийн 37-р тогтоолоор батлагдсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тайлбарт тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны актыг гаргасан бол, энэ нь захиргааны акт гаргах үндэслэл байгаагүй гэдэгт хамааруулж үзнэ гээд дээд шүүх тайлбарлачихсан. 13 дугаар тушаал бол энэ тайлбарт бүрэн нийцэж байгаа. Тэгэхээр 13 дугаар тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 дугаар зүйлд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэс байгаагүй гэж үзэж байгаа.
Дөрөвдүгээрт: ... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.Гуравдугаарт энэ акт нь илт хүчин төгөлдөр бус акт юм. 1-р бүлгийн 6-д Төрийн албаны тухай хуулийн 27.1.4 заагдсан төрийн албаны баталгаа алдагдсан, би Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байснаараа Тамгын газар намайг ажилтны хувиар намайг хамгаалах ёстой энэ хамгаалалт алдагдсан. Харин бүр гүтгээд доромжлоод 2005 өдөр явж байна. 1-р бүлгийн 7-рт Төрийн албаны тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бол төрийн албаны нөөцөнд байна гэж заасан байдаг. Ийм учраас 2013 оны 1-р сарын 11-ний өдөр 2/107 тоотоор Б дарга надад хариу өгсөн байгаа. Түүний дараагийн албан тушаалтнууд болох Б, А нар надад яагаад тэгж хандаад байгаа би ойлгохгүй байна. 1-р бүлгийн 8-рт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ. Хэрэв намайг 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар намайг чөлөөлсөн бол нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Надад мэдэгдээгүй тийм учраас 13 дугаар тушаал эрх зүйн чадамжгүй акт байна гэж үзэж байгаа. 1-р бүлгийн 9-р асуудал хэрэв Хөдөлмөрийн хуулийн хүрээнд ярих юм бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг нь тогтоох ёстой уг ажил хүлээлгэн өгөх хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэсэн байгаа. Энэ 13 дугаар тушаалд тийм заалт байхгүй. 1-р бүлгийн 10-р асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2 дугаар заалт Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан байгаа. Өнөөдөр хүртэл би ажлаа хүлээлгэж өгөөгүй. Тэгэхээр надад ажил хүлээлгэж өгсөн сүүлчийн өдөр байхгүй 43.3-д ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Надад нэг төгрөгийн тэтгэмж өгөөгүй. 43.4-д ажил олгогч нь ажилтны хүсэлтээр ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй гээд цааш нь дэлгэрүүлж ярих юм бол хэрэв ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа үндэслэлээ тодорхой заасан байх ёстой. Ийм олон зүйлийг зөрчсөн байж Б чамайг халсан тушаал гэж байгаад нь харамсаж байгаа. Гэхдээ хуулийн мэргэжлийн гүйцэтгэх засаглалын дунд шатны буюу аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн дарга нар энэ үйлдлийг яаж хараад байгаа юм бэ? 13 дугаар тушаал холбогдох хуулиудын 12 зүйл заалтыг зөрчсөн байна. Тэгэхээр 13 дугаар тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар эрх зүйн чадамжгүй тушаал юм гэж үзэж байна. Ийм эрх зүйн чадамжгүй тушаалаар хөдөлмөрийн харилцааг зогсоосон гэж үзэх үндэслэлгүй. Ийм учраас би ажлаасаа халагдаагүй. Иймд 13 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг нэхэмжлэгч миний бие эсэргүүцэж байна. Одоо 2-р бүлгийн асуудлыг яръя. Энд орон тоо хаачсан бэ гэдэгт тайлбар хийхийг хүсэж байна. Засаг даргын тамгын газрын даргын 60-р тушаалаар М.Б ямар албан тушаал дээрээс чөлөө авсан бэ гэхээр Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн өмч хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаал дээрээс чөлөө авсан байгаа. 67-р тогтоол дээр хэлтсүүдийн нэрийг өөрчилсөн тухайлбал манай хэлтсийг Санхүү төрийн сангийн хэлтэс гэж нэр нь өөрчлөгдсөн болохоос хэлтэс дотор ямар ямар албан тушаалууд байхыг зааж өгөөгүй тэгэхээр 67-р тушаал М.Бийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байгаа. Ховд аймгийн Засаг дарга Н-н 27-р захирамжинд аймгийн Засаг даргын тамгын газарт бүтцийн өөрчлөлт хийх тухай. Энд мөн 67-р тогтоолд байгаа 5 хэлтсийн нэрийг хуулаад биччихсэн. Энд ямар ямар орон тоо байх вэ гэдгийг тодорхой нарийн заагаагүй. 67-р тогтоол Засаг даргын 27-р захирамж Өмч хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоог хассан тухай нэг ч үг үсэг байхгүй тэгэхээр энэ нь өмч хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоо хөндөгдөөгүй гэсэн үг.
Тэгэхээр өмч хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо хаачсан бэ гэдэг асуудлыг би 2 хуулийн хүрээнд харж байгаа Нэгдүгээрт Төрийн албаны тухай хуулийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 ийм 2 зүйл заалтын хүрээнд би эрхээ хамгаалуулахыг хүсэж байна. Монгол Улсын дээд шүүхийн, Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлах тухай 8-р тогтоол гэж байгаа, энэ тогтоолоор баталсан тайлбарын 15 дугаар зүйл дээр Энэ хэсэгт заасан "...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн..." гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно. Мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж байгаа. Тэгэхээр 67-р тогтоол ийм ийм албан тушаал хасагдсан гэсэн бол хасагдсан юм байна гэж хармаар байна. ХоёрдугаартУлс төрийн шалтгаанаар орон нутгийн өмчийн алба байгуулагдсан. Хавтаст хэргийн 118-135 хуудсанд авагдсан материалууд байгаа эдгээрт миний ажиллаж байсан өмч хариуцсан мэргэжилтний орон тооны талаар юу ч тусгагдаагүй. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага өөрийн гэсэн төсөвтэй байгууллага, гүйцэтгэх засаглалын дунд шатны байгууллага болох аймгийн ЗДТГ бол өөрөө хуультай тусдаа санхүүжилттэй ийм байгууллага, энэ 2-ын хооронд танайд өгье авъя гээд үг үсгээр явж байдаг харилцаа биш юм. Миний аймгийн ЗДТГ-т өгсөн өргөдлийн хариуд таны өгсөн өргөдлийг харьяаллын дагуу хурлын ажлын албанд шилжүүлсэн гэсэн хариу өгсөн. Хурлын ажлын албанаас асуухаар ИТХ манайд тийм юм ирээгүй гэсэн хариу өгсөн. Аймгийн ИТХ-д миний ажил шилжээгүй нотлогдож байгаа юм. Тэгээд өргөдлийн хариу өгөх хугацаа дуусаад ирэхээр шахагдаад манай харьяаллын асуудал биш учраас өргөдлийг буцаан хүргүүлэв гэсэн хариу өгч байгаа юм, Аймгийн ЗДТГ-ын даргын 60-р тушаалаар чөлөө авсан хүн яахаараа харьяаллын биш болчихдог юм бэ? Ажил хийж байхдаа тамгын газрын ажилтан байсан, чөлөө аваад буцаад ажилдаа орох болохоор аймгийн ЗДТГ-ын харъяа биш болчихдог нь сонин байгаа юм. Ийм учраас миний ажиллаж байсан орон тооны асуудал Төрийн албаны тухай хуулийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 заасан үндэслэлээр зохицуулагдах ёстой гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэсэн энэ санкцуудаас надад цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлнэ гэсэн нь боломжтой гэж харагдаж байгаа. Миний хувьд бол 5 дээд сургууль төгссөн хөрвөх чадвар сайтай. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан.энэ үүргийнхээ дагуу өөр ажил албанд томилох боломжтой юм байна гэж харж байгаа. Хуулийн тайлбар дээр ч байгаа Ховд аймгийн ЗДТГ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь заалтыг үндэслээд миний хөдөлмөрлөх эрхийг сэргээх боломжтой юм. Энэ нь өөрөө иргэний хуультай шүтэлцээтэй юм. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалт гэсэн заалт байгаа. 9.4.4 дэх хэсэг заасны дагуу эндээс үүссэн хохирлыг барагдуулж өгнө үү гэдэг зүйлийг тавьж байгаа юм. Үүний дараа бол өөр хүсэлт байгаа хэд хэдэн этгээд миний эрхийг нийлж зөрчиж байгаа энэ этгээдүүдээс болж учирсан эдийн болон эдийн бус хохирол үүссэн байгаа. Миний албан тушаал ИТХ-д шилжсэн гэвэл энэ дуусашгүй зарга болж хувирна.
Тийм учраас Тамгын газар дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар миний эрхийг сэргээн тогтоож өгөөчээ гэж хүсэж байна. 3-р бүлэгт хариуцлагын тогтолцооны тухай яримаар байна. Хүнийг ийм байдалд хүргэсэн эрх мэдэлтнүүдэд хариуцлага гэж байх уу? Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 41.1-д Төрийн албаны тухай хуулийн дараах зүйл, заалтыг зөрчсөн этгээд, төрийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан шийтгэлийг шүүгч ногдуулна гэж заасан яагаад энэ хэрэгжиж болохгүй гэж, зүгээр М.Б хэлмэгдээд нөгөө тал нь хэлмэгдүүлээд өнгөрөх юм уу эсвэл аль аль тал нь сахилгын хариуцлага хүлээх ёстой юм уу хуулийн 41.1.2-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 39.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 35000-50000 төгрөгөөр торгоно гэж байгаа. Засгийн газрын 67-р тогтоолыг биелүүлэх үүрэгтэй энэ бол эрх зүйн актаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн асуудал. Тэр А-н тайлбарт энэ тогтоолыг үндэслээд чамайг ажлаас халлаа гэсэн байгаа хариуцагч талын шүүх хуралдаанд тавьж байгаа тайлбаруудаас үзэхэд тийм байгаа юм.
Нэхэмжлэгч М.Б миний бие дээр хэлсэн нотлох баримтууд, ХоёрдугаартЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5.3, захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан түүнийгээ бич гэсэн түүний дагуу бичиж байна. Хуулийн дагуу дараах хүсэлтүүдийг гаргаж байгаа юм.
Нэгдүгээрт, Төрийн албаны тухай 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-д зааснаар Ховд аймгийн ЗДТГ-ын даргын 2009 оны 03 сарын 04-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 13 тоот тушаалын М.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Намайг эргүүлэн адил чанарын буюу өөр албан тушаалд томилж өгнө үү. Хоёрдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 27.1.9 дахь заалтуудыг үндэслэн ажилгүй байсан хугацааны 66 сарын цалин 29.585.600 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед миний цалин 448267 төгрөг байсан. Энэ тамгын газраас авсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдож байгаа. Би уул нь Б даргаас цалинтай чөлөө хүссэн байгаа Б даргын миний өргөдлийг цохсон цохолт дээр цалингүй чөлөө гэсэн байгаа тушаал нь бол цалинтай ч биш, цалингүй ч биш бүрхэг гарсан энэ чөлөөтэй байсан хугацааны 2689622 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27.1.9 дэх заалтыг үндэслэж байгаа. Гуравдугаарт шүүхийн маргааны зардалд 5426620 нэхэмжилж байна дараа нь бичиг хэргийн зардалд 19160 төгрөг, нийтдээ 37.995.288 төгрөгийг би Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байна. Энэ нэхэмжлэл нь Ховд аймгийн Засаг дарга Ц-н цохолттой байгаа энэ цохолт нь хавтаст хэргийн 16-18-р хуудсанд байгаа. Ховд аймгийн Засаг дарга Ц-тай би 3 удаа уулзсан байгаа миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд цохолт хийсэн байгаа. Энэ бүхнийг харгалзан үзэхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.
Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 27 дугаар захирамж бол миний эрхэлж байсан ажил албан тушаалыг хөндсөн эрх зүйн акт биш юм. 67 дугаар тогтоол дээр Нийгмийн бодлогын хэлтсийг, Нийгмийн бодлого хөгжлийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс гэж салгасан, миний өмнө нь ажиллаж байсан Санхүү эдийн засаг, бодлого зохицуулалтын хэлтсийг, Санхүү төрийн сангийн хэлтэс болгож өөрчилснөөс биш манай хэлтсийг салгаагүй юм. Энэ тушаал нь хэлтсүүдийн бүтцэд өөрчлөлт орсон болохоос дотор нь байгаа албадуудад өөрчлөлт ороогүй юм. Ийм учраас Засгийн газрын 67-р тогтоол, Засаг даргын 27-р захирамж, аймгийн ЗДТГ-ын даргын 13 дугаар тушаалаар миний ажил албан тушаал хасагдсан тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваахүүгийн яриад байгааг би эсэргүүцэж байна. 13 дугаар тушаалаар Баттулга, Доржбаатар нарыг Нийтлэг үйлчилгээний албанд шилжүүлж миний тухай энд юу ч дурьдагдаагүй байна. Ийм учраас дээрх эрх зүйн актуудаар миний урьд ажиллаж байсан ажил албан тушаал хөндөгдөөгүй гэдэг нь нотлогдож байна. Хариуцагч талаас намайг хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж байна гээд байна. Би Дээд шүүхийн тайлбарыг уншсан юм. Ёс зүй, хариуцлага яриад байна. Би ямар нэг ёс зүйн алдаа гаргасан бол тэр баримтаа гаргаж ирээд тавих хэрэгтэй, дараагийн асуудал бол Улаанбаатар-Эрдэм Оюу дээд сургуульд багшилсан тухай асуудал байгаа. Нэгдүгээрт Тамгын газрын дарга надад захиргааны чөлөө аваад явахад цалин өгөөгүй юм. ХоёрдугаартУлаанбаатар ирэх очих 2 талын зардлыг маань шийдээгүй, тэгэхээр би 11 сарынхаа цалин аваад явж байгаа хүн хотод очоод яаж амьдрахав. Надад Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхийнхээ дагуу өөрийгөө хооллохын тулд Улаанбаатар-Эрдэм Оюу дээд сургуульд багшилсан. Төрийн албаны тухай хуулийн 14.1.6 дахь заалт мэргэжлийн зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах гэсэн 3 ажил хийхийг төрийн албан хаагчдад зөвшөөрсөн байдаг. Энэ зөвшөөрлийн хүрээнд би дээд сургуульд ажилласан. Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь хэсэгт энэ заалтуудыг тодорхой заасан байгаа. Тухайлбал энэ хуулийн 3.3 дахь хэсэгт заасан дээд боловсролын зэрэг, багц цагаар хэмжигдэх диплом бакалавр, магистр, докторын шатлалтай байна гэсэн байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Боловсрол шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан, магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам дээр магистр, докторын сургалтыг эрдмийн зэрэг, цолтой хүн хийнэ гэж заасан. Би Төрийн албаны тухай хуулийн 14.1.6-аар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулсан. 4-рт хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдөөгүй болох нь тогтоогдсон. 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр чөлөө авч байхад, Засгийн газрын тогтоол 27 хоногийн дараа гарахыг би яаж урьдчилан мэдэх вэ? Хариуцагч тал урьдчилан мэдсэн учраас чөлөө авсан гэж тайлбарлаж байгаа энэ бол маш бүдүүлэг тайлбар үүнийг би эсэргүүцэж байна. О тайлбараа буруу гаргасан. Утсаар ярьсан гэж байгаа О надтай 3 сард утсаар ярьсан. Ингэхдээ та 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж аваад халагдах уу, худалдан авах ажиллагааны алба байгуулагдаж байгаа таныг авна гэсэн. Та нөөцөнд байгаа, дуудсан үед ирээрэй гэж надтай ярьсан. Б надтай яриагүй үүнийг би эсэргүүцэж байгаа. Хариуцагч тал 67-р тогтоолоор энэ хүний орон тоо цаанаасаа алга болчихсон юм гэж тайлбарлаад байгаа 67-р тогтоол дээр өмч хариуцсан мэргэжилтний орон тоог хас гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Утсаар мэдэгдсэн тухай яриад байна энэ бас тайлбартай би хуулийн зүйл заалт тайлбар харж ярина. Энэ талаар Улсын дээд шүүхийн тайлбар байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх заалтыг тайлбарласан тайлбарт тухайн захиргааны акт гарснаас хойш холбогдох этгээд мэдсэн өдрөөс эхлэн 30 хоногоор тоолно. Эрх бүхий этгээд гаргасан шийдвэрээ мэдэгдсэн тухайгаа баримтжуулсан байвал зохино гэсэн байгаа. Тухайн үед Б дарга 13 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн тухайгаа надад мэдэгдээд мэдэгдсэн тухайгаа баримтжуулан авсан зүйл байхгүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байдаггүй юм. Би үндсэн 2 шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт Засгийн газрын 67-ртогтоол, Ховд аймгийн Засаг даргын 27-р захирамжинд үндэслэсэн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 13 дугаар тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг ижил төрлийн өөр албан тушаалд эргүүлэн томилуулж өгнө үү.
Хоёрдугаарт, миний нэхэмжлэлийн шинэчилсэн шаардлага болох 37.995.288 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт оршин суух М.Б үндсэн ажилдаа эргүүлэн томилуулах талаар танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2013 оны 05 дугаар 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн өмч хариуцан ажиллаж байсан М.Бийг өөрийнхөн хүсэлтийн дагуу 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр түр чөлөөлсөн байна. Улмаар Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2009 оны 27 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт бүтцэд өөрчлөлт оржээ. Уг шийдвэрүүдийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалаар М.Бийг төрийн албанаас бүр чөлөөлсөн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байна.
Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүү эдийн засаг бодлого зохицуулалтын хэлтсийн өмч хариуцсан мэргэжилтэн М.Б 2008 оны 10 дугаар сард тухайн үед ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Бт 6 сарын хугацаанд хэлний мэдлэгээ дээшлүүлж англи хэлний сургалтанд суух хүсэлт гаргасан байгаа. Төрийн албаны тухай хуулинд зааснаар 6 сарын хугацаанд сургалтанд хамруулахаар 2008 оны 12 сарын 01-ний өдрөөс чөлөө олгосон байгаа. 5 дугаар сарын 1-нд ажилдаа эргэж орох ёстой байсан. Энэ хугацаанд Засгийн газрын 67-р тогтоол, аймгийн Засаг даргын 27-р захирамж Тамгын газрын бүтэц батлах тухай гэсэн, энэ шийдвэрээр өмч хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаал байхгүй болчихсон, 67-р тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын тамгын газар нь 41 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэсэн аймгийн ЗДТГ Засгийн газрын шийдвэрийг зөрчиж нэг хүн илүү гаргаж ажиллах эрх байхгүй ингээд бүтцийн өөрчлөлт гараад энэ хүн 13 дугаар тушаалаар ганцхан хүнийг ажлаас чөлөөлөөгүй буцаад албан тушаал орон тоо нь батлагдаж ирсэн хүмүүсийг албан тушаалд нь эргүүлэн томилсон байгаа хасагдсан орон тооны төсөв, цалин нь шууд хасагдаад хүрээд ирдэг. М.Б хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж байна албан ёсны тайлбар бол Улсын дээд шүүхээс гарна. Төрийн албан хаагч гэдэг хүн ёс зүйтэй байх ёстой, заасан хугацаа, хариуцлага гэж байгаа 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан гэж ярьж байна. Бүтцийн өөрчлөлт 2 сарын 6-ний өдөр гарч байгаа. Тэгээд энэ хүнд мэдэгдээгүй биш мэдэгдсэн. Тухайн үед Б дарга утсаар ярьж мэдэгдсэн гэх мэдүүлэг, боловсон хүчин хариуцсан ажилтан Отгонхишиг нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Б дарга 2009 оны 3 сард Буяндэлгэр гуайтай өөртэй нь утсаар ярьж мэдэгдсэн байгаа, энд ийм асуудал болж байна таны ажиллаж байсан орон тоо байхгүй болчихлоо та яах гэж байна гэж асуухад, би энд Улаанбаатар Эрдэм Оюу их сургуульд багшилж байна гэж хэлсэн байгаа. Тэгвэл та наанаа хөдөлмөрийнхөө гэрээ байгуулаад ажиллах юмуу гэж асуусан юм билээ. Тэгэхэд огт яриагүй мэдэгдээгүй гэж яриад байгаа. Тэгэхээр энэ хүн чөлөө аваад Улаанбаатар хотод очоод сурсан гэдэг нь нотлогдоогүй. Сурсан гэх сургуулийнх нь сурагчдын нэрсийг хүртэл жагсаалтаар нь авсан байгаа. Тэгэхэд М.Б гэдэг хүний нэр байхгүй байгаа. Тэгээд М.Б гуай сурна гэж яваад юу хийсэн бэ гэхээр Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд ажилласан. Улаанбаатар-Эрдэм Оюу дээд сургуулийн захирлын тушаал 2009.02.09-ны өдөр гарсан байгаа. Уг тушаалд дараах хүмүүсийг 2009 оны 01 сарын 01-ний өдрөөс дурдсан ажилд томилон ажиллуулсугай гэсэн байгаа. Доктор М.Б-н магистрын албаны түр эрхлэгчээр, цалин 420.000 төгрөг гээд заачихсан байгаа. Шууд ажил хийгээд эхэлсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулиар хориглосон зүйл байсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод Улаанбаатар -Эрдэм Оюу дээд сургуулийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн байгаа. Ажилласан гэдгийг даатгалын архивын лавлагаа байгаа. Даатгуулагч М.Б нь Улаанбаатар хотын Улаанбаатар-Эрдэм Оюу дээд сургуульд шимтгэл төлж ажилласан хугацааны авсан хөдөлмөрийн хөлс шимтгэл гээд хүснэгтээр гаргасан байгаа. 2009 оны 03 сараас 2012 оны 4 сар хүртэл цалин авч шимтгэл төлсөн байгаа. Сургуульд сурна гэж яваад ажил хийсэн байгаа. Улаанбаатар Эрдэм Оюу сургуулийн гүйцэтгэх захирал Алимаа гэж хүний мэдүүлэг байгаа. Уг мэдүүлэгтээ манай сургуулийн үүсгэн байгуулагчийг таньдаг учраас ажил олгож өгөхийг хүсэж хандсан байна. Манай сургуульд багшлах орон тоо байхгүй учраас М.Б нь магистрын сургалтын албанд түр ажиллаж байсан. Гэрээгээр ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй гэсэн байгаа. Гэрээгээр биш тушаалаар ажиллаж байсан гэдэг нь гүйцэтгэх захирал А-н гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нагваанжамц гэж тус сургуулийн ажилтан байгаа. /Мэдүүлгийг уншиж танилцуулав./Уг мэдүүлэгт тушаалаар ажиллаж байсан сонгуулийн ажилтай гээд эрхлэгчийн ажлыг шууд хаяад явсан. Чөлөөлсөн тушаал байхгүй гэсэн байгаа. 2009 оны 01 сарын 01-ний өдөр гарсан тушаал нь хэвээрээ явж байгаа. Энэ хүн 2009 оны 6 дугаар 1-ний өдөр өргөдлөө өгсөн гэж яриад байна энэ өдөр нь бүх нийтээрээ амардаг өдөр өргөдлөө бариад ЗДТГазар луу орсон гэж яриад байгаа. Мөн тэнд Б дарга байсан гэж яриад байгаа. 6 сарын 1-ний өдрийн ЗДТГ-т гарсан харуулын рапорт нотлох баримтаар авч ирж өгсөн байгаа. Амралтын өдөр учраас тухайн өдөр гарсан харуул рапортондоо ЗДТГ-т орсон гарсан хүмүүсийн нэрсийг бичиж тусгасан байгаа. Уг рапортонд Б гэж дарга ЗДТГазар луу ороогүй гараагүй, М.Б гэж хүн Б даргатай уулзана гэж орсон гарсан ямар нэгэн тэмдэглэл байхгүй. Тамгын газрын дарга байсан Б гуайн мэдүүлэгт тодорхой хэлсэн байгаа. 2013 оны 01 сарын 10-ны үеэр гэртээ амарч байтал М.Б гуай утсаар яриад манай нам ялсан байгаа үүнийг далимдуулж би ажилтай болъё гэсэн байгаа. Ажлаас халагдсан гэдгээ мэдэж байсан. Тухайн үед Б дарга ажлаа өгдөг өдөр буюу 2013 оны 01 сарын 11-ний өдөр Буяндэлгэр танаа гээд халагдаагүй нөөцөд байгаа болно гэсэн тоот Б даргаар бичүүлж авсан байгаа. Энэ өдөр Б дарга ажлаа өгөөд Б/06 тушаалаар Б.Б гэдэг хүн Бын ажил авсан байгаа. Б дарга мэдүүлэгтээ М.Б гуай та надад нэг удаа тус бол, би энэ бичгийг төлөвлөчихсөн бичиг хэрэг дээр үлдээчихсэн байгаа гарын үсэг зураад өгчих гэхээр нь зурж өгсөн гэсэн байдаг. Б дарга мэдүүлэгтээ ажлаа өгөөд сэтгэл санаа гундуу байсан ингээд бичээд өгчихөөд яахав нэг хүнд ч гэсэн тус болъё гэдэг үүднээс уг тоотон дээр гарын үсэг зурж өгсөн байгаа. Уг тоотыг Б өөрөө ч төлөвлөөгүй. М.Б гуай өөрөө төлөвлөөд бичиг хэрэг дээр бэлэн болгоод тавьчихсан байсныг Б гуай ажлаа өгдөг өдрөө гарын үсэг зурж өгсөн байгаа. Үүнийгээ би нөөцөнд байсан гээд байгаа. Үүнээс үзэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. энэ хүний хохирсон хохирол гээд байгаа зүйлийг зөвшөөрөхгүй байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан тогтоолд захиргааны актыг нэхэмжлэгч мэдээгүй гэсэн байгаа. М.Б гуай шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хэргийн материалаас мэдсэн гэж хэлээд байгаа учраас захиргааны байгууллагаас мэдэгдсэн тухай баримт байхгүй байна гэж байгаа юм. Энэ хүн Улаанбаатар хотод байсан учраас гарт бариулаад гарын үсэг зурсан баримт байхгүй байгаа юм. Захиргааны хэргийн шүүхийн тогтоолын 4 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Тамгын газрын дарга байсан Б гуайн мэдүүлэгт тодорхой хэлсэн байгаа. 2013 |оны 01 сарын 10-ны үеэр гэртээ амарч байтал М.Б гуай утсаар яриад манай нам ялсан байгаа үүнийг далимдуулж би ажилтай болъё гэсэн байгаа. Ажлаас халагдсан гэдгээ мэдэж байсан. Тухайн үед Б дарга ажлаа өгдөг өдөр буюу 2013 оны 01 сарын 11-ний өдөр М.Б танаа гээд халагдаагүй нөөцөд байгаа болно гэсэн тоот Б даргаар бичүүлж авсан байгаа. Тэгэхээр энэ хүн ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдэж байсан болох нь нотлогдож байгаа. Дээд сургуульд багшилсан талаар энэ хүн тэнхимийн эрхлэгч гэсэн албан тушаал дээр Улаанбаатар-Эрдэм Оюу дээд сургуулийн захирлын тушаал гаргуулаад ажилласан байгаа нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл болж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд энэ хүн 2009 оны 3 сард эрх нь зөрчигдөж байна гэдгээ мэдсэн тэрнээс хойш 6 сарын дараа өргөдөл гаргасан байгаа үүнээс үзэх юм бол хөөн хэлэлцэн хугацаа аль хэдийн дуусчихсан байгаа нь харагдаж байна. Тэгсэн хэрнээ энэ байдлыг далимдуулаад тэнд ажиллаж байсан ажлаа хаячихаад сонгуулийн ажилд явж байна гээд хүрээд ирчихсэн байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй. Энэ бүхнийг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 13 дугаар тушаалын М.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Бийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд томилж, ажлын байраар хангахыг даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 29585622 /хорин есөн сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн захиргааны чөлөөтэй байх хугацааны цалин 2689602 төгрөг, шүүх маргааны зардал 5720064 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Б давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 31 дүгээр (2014.11.27) шийдвэрийг 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 910 цагт хүлээн авч, танилцаад, энэхүү гомдлыг гаргаж байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-н буруутай, хууль бус үйл ажиллагааны улмаас хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдөж, хохирч яваа нэхэмжлэгч миний бие, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан “Нэхэмжлэгч М.Б-н нэхэмжлэлийн шинэчилсэн шаардлага” (2014.11.27) -ын зарим хэсгийг хангаагүй орхисонд гомдож байна.
Тухайлбал, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 31 дүгээр (2014.11.27) шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2-т “... захиргааны чөлөөтэй байх хугацааны цалин 2689602 төгрөг, шүүх маргааны зардал 5720064 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэсэн нь гомдол гаргах үндэслэл болж байгаа юм.
Шүүх холбогдох хуулийн заалтуудыг хэрэглээгүйн хамт хавтаст хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг бүрэн үнэлсэнгүй. Иймд:
Нэг: Дээрх шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 60 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай чөлөө олгохдоо чөлөөний хугацаанд цалинг олгох эсэх талаар дурдаагүй боловч нэхэмжлэгч М.Б-н чөлөө хүссэн өргөдлийг бүртгэсэн бүртгэл хяналтын картанд /хх1-172/ цалингүй чөлөө олгож шийдвэрлэж байгааг тэмдэглэсэн байна. Иймд М.Бт цалинтай чөлөө олгосон гэж үзэх боломжгүй тул энэ хугацааны цалин 2689602 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна...” гэсэн нь гомдол гаргах нэгдүгээр үндэслэл болж байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9. “... мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” хуулийн заалтыг энд хэрэглэгдсэнгүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Бын 60 дугаар (2008.11.27) Тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн..., “Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн өмч хариуцсан мэргэжилтэн М.Б нь өөрийн хүсэлтээр сургалтанд хамрагдах болсон тул 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай...” (хх1-260) захиргааны чөлөө олгосон билээ.
Нэхэмжлэгч миний биед 6 сарын захиргааны чөлөө олгосон захиргааны шийдвэр болох 60 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон...” заалтыг үндэслэсэн байна.
Эндээс Төрийн албаны тухай хуулийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон...” нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9. “... мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” хуулийн үндэслэлтэй болохыг шүүх үнэлээгүйд гомдолтой байна.
Энд хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн эрх зүйн акт хүчинтэй байхаас бус өргөдлийн цохолт тэдгээрийг давсан шийдвэр байх учиргүйг ч шүүх үнэлээгүйд мөн гомдолтой байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Б нь нэхэмжлэгч миний чөлөө хүссэн өргөдлийг бүртгэсэн бүртгэл хяналтын картанд /хх1-172/ цалингүй чөлөө олгоё гэж тэмдэглэсэн боловч түүнийгээ 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай чөлөө олгосон 60 дугаар тушаал (2008.11.27)-даа албан ёсоор тэмдэглэж, албажуулаагүй нь уг цохолтоосоо буцаж, цалинтай чөлөө олгосон болохыг баталж байна.
Ер нь Л.Б нь практикт цалинтай чөлөөг бус харин цалингүй чөлөөг албажуулж холбогдох эрх зүйн шинжтэй бичиг баримтанд тэмдэглэсэн байдаг.
Иймд:
1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”
2. Төрийн албаны тухай” хуулийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “... мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах”
3. Төрийн албан тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, ... тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тусламж олгож болно.” гэсэн заалтуудын дагуу нэхэмжлэгч миний бие нь 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай чөлөө олгосон 60 дугаар тушаал (2008.11.27)-ын дагуу захиргааны 6 сарын чөлөөний хугацааны цалин 2689602 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Хоёр: Мөн дээрх шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...Шүүхэд маргаан шийдвэрлүүлэхэд гарсан зардал нь захиргааны хууль бус актын улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй байгаа учраас нэхэмжлэгчийн шүүх маргааны зардал гэж тодорхойлсон онгоцны зардал, зочид буудал, хоолны зардал, бичиг хэргийн зардал зэрэг нийт 5720064 төгрөг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно...” гэсэн нь гомдол гаргах хоёрдугаар үндэслэл болж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн “32.5.Энэ хуулийн 32.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэдэгт дараах зүйл багтана” гээд, мөн зүйлийн 32.5.3-т “захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” заалтын дагуу хөдөлмөрийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх явцад гарсан зардлыг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч миний бие нь хэдийгээр Тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч, Тэргүүн зэргийн дэс түшмэл хүний боловч хөдөлмөр эрхэлж буй иргэн юм.
Нэхэмжлэгч миний энэхүү гомдол нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14. “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах...” тухай Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргаж буй гомдол юм.
Иймд миний бие нь иргэнийхээ хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн иргэний эрх зүйн хамгаалалтанд орох эрхтэй юм. Энэхүү эрх зүйн хамгаалалтыг гагцхүү шүүхийн тусламжтайгаар л шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлдэг билээ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.” Мөн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Иргэний эрхийг дараах аргаар хамгаална" гээд түүний 9.4.1-д эрхийг хүлээн зөвшөөрөх, 9.4.2-т “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлэн сэргээж, тогтоохтой холбогдон мөн зүйлийн 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүйд гомдолтой байна.
Хэрэв Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнхийн буруутай, хууль бус үйл ажиллагааны улмаас хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдөж, шууд түүнээс улбаалсан шүүх маргааны шаардлага үүсээгүйсэн бол, надад Ховд аймаг-Улаанбаатар хот-Увс аймаг хоорондын 11 шүүх хуралдаанд орж, нэхэмжлэлийн шаардлагуудаа тайлбарлахтай холбогдсон машины бензин, онгоцны зардал, зочид буудал, хоолны зардал, бичиг хэргийн зардал зэрэг нийт 5720064 төгрөгийн зардал бүхий хохирол гарах ёсгүй байсан юм.
Гэтэл нөгөө талд хариуцагч тал маань Ховд аймаг-Улаанбаатар хот-Увс аймаг хооронд төсвийн мөнгөөр зардал, томилолттойгоор явж, нэг ёсондоо өнөөгийн эх үүсвэр талаасаа хүндрэлтэй байгаа төсвийн жаахан хөрөнгөөс хүн гөрдөх зардал гаргаад явж байна.
Шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх нь эрхэлсэн ажил, орлогогүй нэхэмжлэгч миний хувьд санхүү талаасаа таатай биш, зарлага ихтэйн хирээр түүнийг санхүүжүүлэх орлого олохыг шахсан, ажиллагаатай, хугацаа их шаардсан, сэтгэл зүйд дарамт шахалт ихээр учруулсан, эрүүл биений минь эд эсийг үхшүүлсэн, тэвчээр, хүлээлт ихтэй юм даа.
Тэглээ гээд яалтай ч билээ.
Шүүх маргааны зардал нь нэхэмжлэгч миний хувьд эрхэлсэн ямар нэг ажилгүй, орлогогүй ч гэлээ захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн маргааныг шударга шүүхээр хянан шийдвэрлүүлэхийн тулд өр, зээл тавиад ч болов бүрдүүлж ирсэн санхүүгийн болон эрх зүйн арга хэрэгсэл байсан юм. Энэ нь хууль зүйн утгаараа шүүхэд хөдөлмөрийн маргаанаа хянан шийдвэрлүүлэхтэй шууд холбоотойгоор үүссэн зайлшгүй гарч буй зардал, зайлшгүй үүссэн хохирол мөн юм.
Иймд, ийм хэмжээний хохирол бүхий зардал гарахад шууд нөлөөлсөн хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар барагдуулах нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байгааг шүүх үнэлсэнгүйд мөн гомдолтой байна.
Шүүх маргааны зардалд гарсан хохирлыг хариуцагч тал барагдуулах нь хохирол арилгах үндэслэл, нөхцөл бөгөөд Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэгэнт учруулсан энэхүү хохирлыг барагдуулж өгөх нь зөвхөн хуульд заасан, эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан үндэслэл, нөхцөл гэж ойлгож байна. Иймд:
1. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...”;
2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”
4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”
5. Захиргаан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.7-д “хуульд заасан бусад эрх”
6. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.3-т “захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5-д “гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт” зэрэг заалтуудын дагуу Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 31 дүгээр (2014.11.27) шийдвэрийн холбогдох хэсгийг хянан үзэж, шүүх маргааны зардалд гарсан хохирол 5720064 төгрөг хариуцагч талаас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд, дээрх 2 үндэслэлээр нэхэмжлэгч миний бие нь нэгдүгээрт, захиргааны чөлөөтэй байх хугацааны цалин 2689602 төгрөг, хоёрдугаарт, шүүх маргааны зардалд гарсан хохирол 5720064 төгрөг, бүгд 8409666 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 31 дүгээр (2014.11.27) шийдвэрийн холбогдох заалтуудыг хүчингүй болгуулахаар танай шүүхэд давж заалдаж буйг хүлээн авч, хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шинэчилсэн шаардлагыг хангаж өгнө үү.
Нэхэмжлэгч миний биеийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заагдсан “...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...” эрхээр хангаж тусална уу.” гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 сарын 27-ны өдрийн 31 тоот шийдвэрийг 2014 оны 12 сарын 10-ны өдөр гардан авч хариуцагч байгууллагын зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Б1 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 сарын 04-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 13 дугаар тушаалын М.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Бийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд томилж, ажлын байраар хангахыг даалгах, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 29 585 622 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, чөлөөтэй байх хугацааны цалин, маргааны зардлыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.
Хариуцагч байгууллагын зүгээс 31 тоот шийдвэрийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Ажил олгогчийн буюу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 13 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг нэхэмжлэгч М.Бт тушаал гарсан даруйдаа буюу тухайн үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Б нь утсаар мэдэгдсэн нь хэргийн 2, 152-156 дугаар хуудсанд өгсөн мэдүүлгээр, 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбарын баримтанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Энэ үйл явдлыг нэхэмжлэгч тухайн тушаал гарсан агшинд өөрөө мэдэж байсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “... албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор... гомдол гаргах” эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дээрх тушаалын дагуу гомдлоо гаргасан гэж тайлбарладаг боловч энэ нь баримтаар нотлогдоогүй тул гомдол гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Хэрэв нэхэмжлэгч нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан гэвэл дээрх хуулийн дагуу 60 хоногийн хугацаа хэтрэн гомдол гаргасан ба Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авч /Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан/ хууль зөрчсөн. Тэгэхээр шүүх иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд захирагдах үндсэн зарчимтай. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллага, албан тушаалтанд итгэх замаар шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй юм.
2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шүүхийн тогтоол, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэр нь хууль ёсны, бодит байдалд нийцэх ёстой. Гэвч дээрх хоёр шүүхийн тогтоол, шийдвэр нь нэг нэгнийгээ үгүйсгэсэн, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдсан гэж үзэхээр байна.
Тухайлбал: 3ахиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай тогтоолын үндэслэх хэсэгт Шүүх нэхэмжлэгч М.Б өөрийн хөдөлмөрлөх эрхийн харилцаа дуусгавар болсныг хуульд заасан хугацаанд хандаагүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан үндэслэлээр түүнээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна. 2009 оны 6 сард ажилдаа эргэн орох талаар өөрийн биеэр тухайн үеийн ЗДТГ-н даргатай уулзаж өгсөн гэж байгаа боловч албан ёсоор өгсөн өргөдөл тухайн Тамгын газрын бичиг хэрэгт бүртгэгдэж авагдаагүй, энэ нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлээр, гэрч Л.Бын мэдүүлгээр нотлогдож байна.
2009 оны 10 дугаар сарын 15-нд өргөдөл гаргасан нь бичиг баримтанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа ба гэрч М.О, гэрч Л.Б нарын мэдүүлгээр түүний өргөдөлд хариу өгсөн болох нь тогтоогдож байна гэж үндэслэчихээд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт Ховд аймгийн ЗДТГ-н даргаар ажиллаж байсан Л.Б “2009 оны 03 дугаар сард М.Бт Ховд аймгийн ЗДТГ-н бүтэц, орон тооны өөрчлөлтийн талаар утсаар ярьж мэдэгдсэн” гэж мэдүүлсэн байдаг боловч энэ нь бусад бичгэн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас тус мэдүүлгийг үнэлэх боломжгүй юм гэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдсан гэж үзэхээр байна.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 31 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалын М.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, М.Бийг адил чанарын өөр ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалаар[1] Тамгын газрын ажилтнуудыг бүтэц өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч М.Бийг тус газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн Өмчийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгчээс “ажлаас чөлөөлөөд эргүүлэн ажилд томилоогүй” гэж маргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 67 дугаар тогтоолоор[2] Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 6 хэлтэс, 41 хүртэл орон тоотой байхаар тогтоож, уг тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газарт бүтцийн өөрчлөлт хийх тухай” 27 дугаар захирамжаар[3] Тамгын газрын даргад Засгийн газрын 67 дугаар тогтоолд заасан орон тоонд багтааж, сонгон шалгаруулах замаар ажилтнуудыг авч ажиллуулахыг үүрэг болгосны дагуу Тамгын газрын дарга 13 дугаар тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Учир нь дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн 67 дугаар тогтоол гарсантай холбогдуулан гарсан бөгөөд энэ бүтцийн өөрчлөлтөөр тамгын газрын ажилтнуудыг бүгдийг чөлөөлөх хууль зүйн үндэслэл бий болсон бөгөөд уг өөрчлөлтөөр нэхэмжлэгч М.Б-н ажиллаж байсан Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс татан буугдсан байна.
Харин нэхэмжлэгч М.Б дээрх 13 дугаар тушаал гарах үед буюу 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд захиргааны чөлөөтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[4] тогтоогдож байгаа, энэ талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг захиргааны чөлөөтэй байх хугацаанд бүтцийн өөрчлөлтөөр ямар ажил, албан тушаалд томилсон, томилоогүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу түүний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай эс үйлдэхүй гэж үзэхээр байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид хандаж дээрх хуулийн заалтын дагуу асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн боловч хариуцагчаас ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй.
Нэхэмжлэгч М.Б тухайн үед захиргааны чөлөөтэй байсан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажлын байр, албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй тул хариуцагчаас нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдсантай холбогдуулан хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн акт гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс адил чанарын өөр ажил албан тушаалд тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч шүүх хариуцагчид шууд даалгах боломжгүй, учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан аль нэг шийдвэрийг хариуцагч бүрэн эрхийн хүрээнд гаргах боломжтой.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал нь Монгол Улсын Засгийн 2008 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсонтой холбогдуулан Тамгын газрын даргын 13 дугаар тушаалаар Тамгын газрын ажилтнуудыг бүгдийг нь чөлөөлсөн байхад уг тушаалын нэхэмжлэгч М.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь буруу байна.
Учир нь 13 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй, нэхэмжлэгч байхгүй болсон өмнөх ажил албан тушаалдаа ажиллах боломжгүй.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс адил чанарын өөр ажил албан тушаалд тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага дээрх нэхэмжлэлийн шаардлагатай хоорондоо уялдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин, захиргааны чөлөөтэй байсан хугацааны цалин, шүүхийн маргааны зардал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Нэхэмжлэгч М.Бээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас нэхэмжлэгч М.Бийг маргаан бүхий 13 дугаар тушаалаар чөлөөлөөд дахин ажил албан тушаалд томилоогүй эсвэл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахтай холбогдсон ямар нэгэн шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйд дахин акт гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
Мөн шүүхэд маргаан шийдвэрлүүлэхэд гарсан зардал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны хууль бус актын улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй” гэж, захиргааны чөлөөтэй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэгч М.Бт цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэж байгааг тэмдэглэсэн баримтаар цалингүй чөлөө олгосон болох нь тогтоогдсон” гэж дүгнэж, энэ шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж гомдолдоо дурдсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны талаар тус шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 422 дугаар тогтоолоор[5] дүгнэж эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас нэхэмжлэгч М.Бийг чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд дахин акт гаргах хүртэл нэхэмжлэгчид хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг түдгэлзүүлж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас нэхэмжлэгч М.Бийг чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд дахин акт гаргах хүртэл нэхэмжлэгчид хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 29.585.622 /хорин есөн сая, таван зуун наян таван мянга, зургаан зуун, хорин хоёр/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж тус тус өөрчилж, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгч М.Бийг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахтай холбогдсон шийдвэр гаргахыг Тамгын газрын даргад даалгасугай.” гэж Тогтоох хэсэгт 3 дахь заалтыг нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ