Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2333

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01867 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ц” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 25 000 000 төгрөг, торгууль 10 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Э-гийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие "Ц" ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь ажлын хөлсөнд нийт 25 000 000 төгрөг төлөхөөс 40 хувийг урьдчилгаа хэлбэрээр төлж гүйцэтгэгч тал нь материалыг гарган 1 давхар 48 м.кв талбайтай, өвлийн дулаалгатай дүнзэн байшинг миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах 1400 м.кв газарт тохирсон загвар материалын дагуу 2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор барьж гүйцэтгэн хүлээлгэн өгсний дараагаар төлбөрийн үлдэгдэл 60 хувийг төлөхөөр тус тус харилцан үүрэг хүлээж тохиролцсон. Улмаар "Ц" ХХК-ийн ажлын гүйцэтгэл гэрээгээр тохирсон хугацаанаасаа хоцорч эхэлсэн бөгөөд бидэнд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тайлбар хүргүүлэх тухай 5 тоот тус компанийн гүйцэтгэх захирал М.Болорзаяагийн гарын үсэгтэй албан бичиг ирсэн ба үүнд ажлын явц 75 хувьтай явж байгаа санхүүгийн доголдлоос шалтгаалан танай барилгыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа тухай мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалсан байшин маань бэлэн болоогүй байгаа ба бидний зүгээс нөхцөл байдлыг ойлгон "Ц" ХХК-д хангалттай нэмэлт хугацаа тогтоож өгсөн. Ийм байдлаар ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний хугацаа гүйцэтгэгч талд нэмэлт хугацаа олгон бүтэн жил буюу өнөөдрийн байдлаар 451 хоног өнгөрөөд байхад бүрэн ашиглалтад ороогүй бөгөөд төлбөрөө бүрэн төлж барагдуулсан захиалагчийн хувьд маш их хохиролтой байна. Гүйцэтгэгч тал үүргээ ноцтойгоор зөрчсөн тул захиалагч тал гэрээнээс татгалзаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор 25 000 000 төгрөг болон торгууль 10 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөгийг “Ц” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ц” ХХК-ийн тайлбарт: Манай компани захиалагч А.Эгийн хүсэлтээр 25 000 000 төгрөгийн зарцуулалттайгаар захиалгын барилгыг өнөөдрийн байдлаар 80 хувийг гүйцэтгэн санхүүжилт дуусан зогссон. Бид уг барилгыг гэрээний хугацаанд дуусган хүлээлгэн өгч чадаагүй нь барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан. Бид үргэлжлүүлэн барьж дуусгана гэвэл 2018 оны 3 сараас эхлүүлэн барьж өгч бол болно. Түүнээс 35 000 000 төгрөг гаргуулахыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн хөлсөнд төлсөн 25 000 000 төгрөгийн 80 хувьд нь байшинг нь барьсан. Байшингийн суурь нь тавигдаад торх нь боссон, нуруу нь хийгдсэн болохоор 80 хувийн гүйцэтгэлтэй гэж үзнэ. Одоо дотор гадар заслын ажил, дээвэр өнгөлгөө гээд 20 хувийн гүйцэтгэл дутуу. Бид гэрээ байгуулахдаа байшинг 25 000 000 төгрөгөөр тохирсон нь бага үнэ байсан, манай ажилтны буруугаас үнийг багаар тохирсон байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.3, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч "Ц" ХХК-аас 23 892 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 107 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 277 414 төгрөг, шинжээчийн зардалд 250 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: "Ц" ХХК нь албан ёсны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг модон байшин барьдаг компани юм. Шүүхийн шийдвэрт барилгын үйл явцын биелэлтийг дутуу тооцож, ажилчдын ажлын хөлс зэргийг үнэлгээнд оруулж тооцоогүй, компанийн өдөр дутмын дотоод зардлыг тооцоогүй, шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргасан боловч хүлээж аваагүй, баригдсан барилгыг хэрхэн яаж шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 35 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч нь нэг давхар 48 м.кв талбайтай өвлийн дулаалгатай дүнзэн байшинг өөрийн материалаар 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд барьж нэхэмжлэгчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 25 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба талууд гэрээний хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан боловч хариуцагч нь ажлын үр дүнг буюу дүнзэн байшинг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Захиалагч нь гэрээний дагуу ажлын хөлсөнд 25 000 000 төгрөгийг “Ц” ХХК-ийн захирал М.Болорзаяад 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хүртэл хугацаанд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Талууд баригдсан барилгын гүйцэтгэл, түүний чанар, уг барилгыг барихад шаардагдах ажлын хөлсний талаар маргаж байх бөгөөд шүүхээс маргаан бүхий асуудлыг тодруулахаар нэхэмжлэгчийн хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч 2015 оноос өнөөг хүртэл дүнзэн барилгыг гүйцэтгэх ажлын зардал өсөөгүй, барилгад ашигласан дүнзэн материал нь чанарын шаардлага хангахгүй, дүнзэн барилга 42.46 хувийн гүйцэтгэлтэй, түүний бодит үнэ 9 071 400 төгрөг, барилгыг ашиглалтад оруулахад 16 065 600 төгрөг шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байх ба хэргийн 72-76 дугаар талд дахь дутуу баригдсан барилгын гэрэл зураг, зохигчдын тайлбар зэргээр хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, нэхэмжлэгчийн хариуцагчид ажлын хөлсөнд шилжүүлэн төлсөн 25 000 000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 9 071 400 төгрөгийг хасч 15 928 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.6-д талууд гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол гэрээний үндсэн үнэ 25 000 000 төгрөгийн 40 хувиар торгууль төлөхөөр заасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 15 928 600 төгрөгийн 50 хувь 7 964 300 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Хэргийн 59-60, 70 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд ажилчдын цалингийн нэгтгэл, ажил үйлчилгээ, тээврийн зардлыг тооцон гаргасан байх ба 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 07979 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогоогдохгүй байна.

 

Мөн шүүх дутуу баригдсан барилгыг шинжээчийн дүгнэлтэд зааснаар 9 071 400 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд төлсөн 25 000 000 төгрөгөөс уг дүнг хасч 15 928 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн баригдсан барилгыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэх гомдол үндэслэлгүй байна. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                            Г.ДАВААДОРЖ

 

                                А.МӨНХЗУЛ