| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0006/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/113 |
| Огноо | 2018-05-25 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан, гэрч Э.М, Э.О нарыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иовогт Огийн Дд холбогдох 201703000106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн М сумын 10 дугаар баг 04-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Иовогт Огийн Д /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Д нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Хужирт булан” гэх газарт иргэн О.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт төмөр таягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Дын мэдүүлсэн: ...Би хохирогч Э гэдэг хүнтэй уулзмаар байна. Би хохирогчийн хохирлыг барагдуулсан. Би хохирлыг нь барагдуулаад хохиролгүй гэсэн бичиг хийлгээд авчих юм бол болох юм байна гэж ойлгож байсан. Би Эгийн дал руу таягаар цохисон. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанд гэрч Э.Мийн мэдүүлсэн: ... Би энэ хэргийг үйлдэгдэх үед байхгүй байсан. О.Д, Э 2 барьцалдаад зогсож байхад нь салгасан. Тэгээд би гэртээ орсон гэв.
Шүүх хуралдаанд гэрч Э.Огийн мэдүүлсэн: ... Намайг хажуу талын гэрээс гарч ирэхэд Э гэрийн гадаа хэвтчихсэн, Д гартаа таяг барьчихсан зогсож байсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 201703000106 дугаартай эрүүгийн хэргээс:
О.Эгийн тайлбар: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай төрсөн дүү Эынх хүүхдийн гуйлга хийсэн юм. Тэнд нутаг усаараа найрлацгаасан. Тэгсэн чинь манай малчин байсан Д гэх залуу манай хөгшин ахыг өдөөд хэл амаар дайрах гээд байхаар нь би ганц нэг үг хэлсэн чинь гэрийн гадаа байсан төмөр таяг аваад миний толгой руу хүчтэй цохисон. Тэгээд нэг хэсэг ухаан алдаж сэргэсэн чинь гэртээ ирсэн байсан. Тухайн үед би архи уусан байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байгаа, хамаатны дүү О сайн харсан байсан. Д ямар шалтгаанаас намайг цохисон гэдгийг мэдэхгүй байна, өмнө нь манай малчин байсан учир манай ах руу дайраад байхаар нь би үг хэлсэн юм байна лээ, үүнээс л болсон байх. Миний толгой руу цохисон бөгөөд толгой гэмтэлтэй байгаа. Одоо биеийн байдал сайнгүй, толгой их өвдөж байгаа, биед өөр гэмтэл учраагүй. Би гомдолтой байна...гэх тайлбар /хх-ийн 05-06 хуу/
Э.Огийн тайлбар: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний гуйлга болсон юм. Тэгээд манайд ах, дүү, нутаг усаараа найрлацгаасан. Тэгсэн чинь манай нутгийн Д гэх залуу манай аавын ах Этай маргалдаж байсан. Би юунаас болж маргалдсан талаар нь мэдэхгүй. Тэгсэн 17.00 цагийн орчимд намайг хажуу талын гэр рүү ороод гарч ирэхэд Э ах гэрийн гадаа газарт унасан, дээшээ харсан ямар ч ухаангүй хэвтэж байсан. Түүний хажууд Д манай аавын таягийг барьсан зогсож байсан. Тэгээд би гэртээ орсон. Намайг гэрээс гарч ирэхэд Э ах газарт хэвтэж байсан, түүний хажууд Д таяг барьсан зогсож байсан. Миний бодлоор Д л Эг таягаар цохисон. Яг хаана нь, хэдэн удаа цохисон гэдгийг би хараагүй. Тухайн үед найр тарсан байсан болохоор гэрийн гадаа хүмүүс байгаагүй...гэх тайлбар /хх-ийн 11-12 хуу/
О.Бгийн тайлбар: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай дүү Эын охин Огийн гуйлга болсон. Тэгээд би архи ууж байгаад сүүлдээ их согтож юу болсныг мэдэхгүй байгаа. Дараа нь сонсоход манай дүү Эг нутгийн залуу болох Д таягаар цохиж, зодсон сураг байсан. Би яг цохиж зодож байхыг нь хараагүй. Д намайг хэл амаар дайрсан юм байна лээ. Би мэдэхгүй байгаа. Гэтэл дүү Э намайг өмөөрч Дыг гэрээс авч гарсан байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодоон хийсэн юм шиг байна лээ. Эг хэн, хаана нь, юугаар цохисон талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би архи их ууж их согтсон байсан болохоор юу болоод өнгөрснийг мэдэхгүй байгаа...гэх тайлбар /хх-ийн 13-14 хуу/
Г.Дын тайлбар: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай нөхрийн дүү Эын охины гуйлга нь ирсэн. Тэгээд ах дүүгээрээ найрлацгаасан. Тэгсэн үдээс хойш найр хавтгайрч хүмүүс согтоцгоосон. Тэгээд 17.00 цагийн орчимд найранд ирсэн хүмүүс тараад явцгаасан. Манай нөхөр Бг Эын гэрт нь сууж байхад Д гэх залуу дээрээс нь зодсон харагдаж байсан. Тэгсэн Э Дыг хөгшин хүн зодох гээд байгаа юм уу гээд гэрээс түлхээд тэр хоёр гэрээс хамт гарсан. Тэгээд удалгүй 10 минут орчмын дараа Огийн дуу гарахаар нь би гэрээс гарсан чинь Э гадаа хэвтэж байсан, түүний хажууд Д зогсож байсан. Тэгээд би Эгийн хажууд очсон чинь зүүн шанаа, хацар орчим нь овойж хавдсан харагдаж байсан. Өмнө нь бол Дыг гэрээс түлхэж гаргахад Эгийн нүүр, ам нь зүгээр байсан. Тухайн үед тэр хоёр архи уусан, их согтсон байсан. Гадаа юу болсныг би мэдэхгүй. Эгийн зүүн, шанаа, хацар овойж хавдсан харагдаж байсан. Өөр гэмтэл бэртэл байсан эсэхийг нь би хараагүй... гэх тайлбар /хх-ийн 15-16 хуу/
Хохирогч О.Эгийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужир булан гэх газарт нутаглаж байгаа өөрийн төрсөн дүү Эын охины гуйлганд очсон юм. Эынд Д гэх хүн ирсэн юм. Тэгээд бэр гуйж ирсэн хүмүүс явсны дараа манай хамгийн том ах Бг Д нь дараад авахаар түүнд би хандаж хөгшин хүнийг зодох гэлээ хэмээн хэлээд гадагшаа түүнтэй хамт гарсан гэсэн. Би яг юу болсон талаар сайн санахгүй байна. Энэ талаар Б ахын эхнэр Д сүүлд нь ярьж байсан. Тухайн үед гэрт хэн, хэн байсан талаар санахгүй байна. Учир нь би их согтсон байсан юм. Тэгээд л хэрэг болсны маргааш буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд гэртээ ухаан орсон. Би юу ч санахгүй байгаа. Би үүнийг сайн мэдэхгүй байна. Бэр гуйж ирсэн хүмүүс явчихсан байсан. Тэгэхээр тухайн үед манай ах Б, дүү Э, бэр эгч Д, бэр дүү Э, түүний охин О, манай эхнэр О, М, М, П, Э, Д нар байсан. М л намайг Дд цохиулахыг харсан юм шиг байна лээ. Тухайн хүмүүс мэдүүлэх байх. Би өөр хүн байсан эсэхийг санахгүй байна. Би Дыг цохиж, зодсон талаар мэдэхгүй байна. Намайг таягаар л цохисон гэсэн. Би мэдэхгүй байна, ямар ч байсан миний гавлын яс цуурсан, хоёр нүд хөхөрч хавдсан, зүүн талын хацар шалбарсан байсан. Дыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар хэрэг болох үед байсан хүмүүс ярьсан байна лээ. Би гомдолтой байна. Миний толгой тархи өвдөөд байна. Би Даас эмчилгээний зардал болон ийш, тийш явсан унааныхаа зардлыг нэмээд нийт 1.4 сая төгрөгийг нэхэмжилнэ. Эмчилгээ хийлгэсэн болон эм тариа худалдаж авсан баримтуудаа бүгдийг нь гаргаж өгнө. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Хохирогч О.Эгийн дахин мэдүүлсэн: ...Би Даас өөр хэн нэгэнд зодуулсан цохиулсан зүйл байхгүй. Тухайн үед манай хамаатнууд байсан. Бид нар хоорондоо хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Би Дыг зодож цохисон зүйл байхгүй. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар тодорхой сайн санахгүй байсан. Одоо бол санаж байна, Д тухайн үед манай ах Бг гэр дотор дараад авахаар нь чи хөгшин хүн зодох гэлээ, хоёулаа гарч зодолдъё гээд гадагшаа гарсан. Тэгээд барьцалдаж авсан бөгөөд барьцалдаад байж байтал манай авга дүү М салгасан. Тэгээд түүнтэй барьцалдаж аваад газарт унагаад хоолойг нь боосон. Хэсэг ингэж байгаад би түүнийг тавиад босоод явтал намайг таягаар цохисон. Тэгээд л юу болсныг мэдэхгүй байна. Бид хоёрыг барьцалдаж байхыг бол ганц нэг хүмүүс харсан. Харин намайг зодуулж, цохиулахыг бол хэн ч хараагүй байна лээ. Би тухайн үед бүх хүмүүсээс асуусан. Хэн нэгэн намайг салгаагүй. Би нилээн согтуу байсан. Гэхдээ би хэрэг болсны дараа бол юу болсныг сайн санахгүй байгаад байсан, сүүлдээ санасан. Би тухайн үедээ хүмүүсээс юу болсныг л сонссон, яг хэлж мэдэхгүй байсан юм. Тэгээд бие гайгүй, толгой тархи өвдөхөө байсны дараа болсон асуудлыг санах гэж хүчлээгүй. Надад 99 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Таягаар миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд дахиж цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан миний нүд хөхөрсөн, хамар гэмтсэн байсан. Би хохирол төлбөрөө Даас авсан. Одоо түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 хуу/
Гэрч С.Оы мэдүүлсэн: ...Манай нөхөр Э бид хоёр хадам дүү Эын охины гуйлганд хамт очсон. Тухайн өдөр 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байсан, тэгээд үдээс хойш бэр гуйж ирсэн хүмүүс нь явцгаасан ба Эынд, Э, Э, Д, Б, Э, М, П, М, О, Д, Х нар байсан. Өөр хүн байгаагүй юм. Гэтэл 15-17 цагийн орчимд шиг санагдаж байна, цаг, минутыг анзаараагүй бөгөөд Д нь гэр дотор манай хадам ах Бг дараад байсан. Тэгээд би дуулаад байж байтал гэрийн гадаа О, Б /А/, Э үхчихлээ хэмээн орилсон бөгөөд гадагшаа гараад хартал манай нөхөр Э Эын гэрийн зүүн талд ухаан алдчихсан, хамарнаас нь цус гоожчихсон хэвтэж байсан. Гэрийн гадаа М, О, Д, П, Х, Бнар байсан. Тэгээд Мэс чи цохичихсон юм уу гэхэд М надад би цохиогүй, Д таягаар цохичихсон юм уу гэхэд М надад би цохиогүй, Д таягаар цохичихсон гэж байсан юм. Тэгээд би Дд хандаж чи яагаад хөгшин зодож байгаа юм бэ гэхэд Д надад хандаж яадаг юм, нэг мөсөн гүйцээчихъе, хутга аваад ир гээд гүйгээд байсан. Би Эг гэр рүүгээ Бөөр хүргүүлсэн. Э нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд ухаан орсон. Би унтаад байгаа юм болов уу гэж бодоод байсан юм. Гэтэл ухаан алдчихсан л байгаад байсан юм шиг байна лээ, 2017 оны 02 дугаар 07-ны өдөр түргэн тусламж дуудсан юм. Би яг зодуулж цохиулахыг нь хараагүй. Хэн, хэн харсныг мэдэхгүй байна. М, П, Х нар харсан байх гэж бодож байна. Бие биенээ таньдаг л хүмүүс ямар нэгэн ойр дотно, төрөл садангийн болон өр авлага, өс хонзонгийн харилцаа холбоо байхгүй. Э нь Дыг их хүндэлдэг байсан. Д Э нар хэрэг болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Э бол тасарсан байсан. Д бол гуйлга хийгээд дуусахын үед л ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Гэрч Ө.Эын мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газар байх манай гэрт охин Огийн гуйлга болсон бөгөөд манай гэрт Д, Э болон бусад хүмүүс ирсэн. Би бие муутай, нуруундаа диск суулгуулсан өвчтэй учраас архинаас жаахан ууж байгаад унтсан юм. Тэгээд сэртэл Д, Эг зодсон байсан. Би зодоон цохион болохыг хараагүй. Манай ах Бг Д нь дээрэлхсэн гэсэн. Үүнээс шалтгаалан Э, Д нар муудалцсан талаар хүмүүс ярьж байсан. Д нь Эгийн малыг малладаг байсан, хоорондоо өр авлага, өс хонзонгийн харилцаа холбоо гэх зүйл байхгүй байх. Д бол хөнгөн зантай, Э буурь, суурьтай хүн юм. Миний эзэмшлийн хөнгөн цагаан таягаар л цохиж, зодсон гэсэн. Би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Зодож цохихыг манай охин О л харсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Гэрч П.Эгийн мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай охин Огийн гуйлга ирсэн юм. Тухайн үед манай хамаатнууд байсан бөгөөд Д нь манайд ирсэн юм. Би хоол унд бэлтгээд завгүй байсан бөгөөд л харахад Д Б ахын хажууд сууж харагдсан. Тэгээд л гэнэт гадаа гартал Д, Э нар нь хоорондоо барьцалдаад зогсож байсан. Тэгээд гэр рүүгээ ортол гадаа Б, А, Э нь Дд зодууллаа гээд орилохоор нь гэрээсээ гарч ирээд хартал Э нь газар хэвтэж байсан. Би тухайн үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. Эг Даас өөр хэн нэгэн зодож, цохиогүй. Д Э нарыг хэрхэн, яаж хоорондоо зодоон хийснийг хараагүй. Ямар ч байсан намайг гэрээсээ гарахад хоорондоо барьцалдаад авсан зогсож байсан. Тухайн үед л бүх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Би гэр дотроо байсан. Гэрт манай хадмууд байсан, ажил ихтэй байсан, мөн би халамцуу байсан учраас сайн мэдэхгүй байна. Би Дтай ойр дотно харилцаж үзээгүй учраас мэдэхгүй байна, гэхдээ хөнгөн зантай, түргэн ууртай хүн юм. Э эрүүл үедээ буурь, суурьтай, зан ааш сайтай, харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон үгтэй хүн юм. Эгийн малыг Д нь малладаг байсан. Хоорондоо энгийн харилцаатай л байсан байх. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газар байх манай гэрийн гадаа болсон асуудал юм. Хоорондоо ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсч, зодоон цохион хийсэн талаар мэдэхгүй. Хүмүүс л Дыг Б ахтай маргалдсан, үүнээс болж л Э, Д нар хэрүүл маргаан хийж зодоон, цохион хийсэн гэж ярьцгааж байсан. Д нь Эг манай нөхөр Эын таягаар цохисон гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
Гэрч Э.Огийн мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газарт байх манай гэрт Д, Э болон бусад хүмүүс ирсэн юм. Тухайн үед бэр гуйхаар хүмүүс ирчихээд явсан бөгөөд намайг том гэр рүү орж болохгүй гээд хажуу талынхаа гэрт байсан юм. Тэгээд бэр гуйхаар ирсэн хүмүүс явсны дараа том гэр рүүгээ орохоор хажуу гэрээсээ гараад иртэл том гэрийн зүүн талд Э ах ухаангүй хэвтэж байсан. Харин Д нь Э ахын хажууд манай аав Эын таягийг барьчихсан байж байсан юм. Тэгээд гэр дотор байгаа хүмүүст энэ талаар хэлсэн. Намайг гэрээс гарч ирэхэд яг хэн, хэн байсан талаар санахгүй байна. ...Э ах буурь суурьтай, зан ааш сайтай л хүн юм. Би Дыг сайн мэдэхгүй, гэхдээ л сайн хүн шиг санагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/
Гэрч Э.Мийн мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газарт байх манай гэрийн гадаа зодоон, цохион хийсэн. Тухайн үед би морины уралдаан үзчихээд гэртээ иртэл Э, Д хоёр манай гэрийн зүүн хойд талд барьцалдаад авсан зогсож байсан юм. Би Д, Э нарыг салгачихаад гэртээ орчихоод удалгүй буцаад гараад иртэл Д ах манай аав Эын таягийг барьчихсан байж байсан. Харин Э ах газар ухаангүй хэвтэж байсан юм. Миний араас Х ах болон бусад хүмүүс гарч ирсэн. Нилээн байсны /хэсэг хугацааны/ дараа Эгийн эхнэр О эгч гарч ирсэн. Ийм л зүйл болсон. Ямар ч байсан хоорондоо барьцалдаад авсан зогсож байсан юм. Хэн нь хэнийгээ хэдэн удаа, юугаар зодож, цохисоныг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Гэрч Э.Бийн мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газарт байх манай аав Эынд морины уралдаан үзэж байгаад очсон юм. Очих үед гэрийнх нь гадаа Д, Э нар нь хоорондоо барьцалдаад зогсож байсан. Э, Д нарыг манай дүү М салгасан юм. Тэгээд гэр рүү орсон бөгөөд гэрт сууж байтал Э ухаан алдчихсан байна гэхээр нь гадагшаа гартал Э нь ухаан алдаад уначихсан, Д нь таяг барьчихсан байж байсан. Энэ үед гэрээс О эгч гарч ирсэн. О эгчийг гэрээс гарч ирэхээс өмнө Х, М, П, О, бид нар гарч ирцгээсэн байсан. Энэбуян нь Дыг цохиж, зодсон талаар би хараагүй, ямар ч байсан хоорондоо барьцалдаад авсан зогсож байсан. Хэн нь хэнийгээ хэдэн удаа, юугаар цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Би Эг хэрэг болсны дараа хүргэж өгсөн. Би мэдэхгүй байна, Д л Б ахыг дээрэлхсэн юм шиг байна лээ. Үүнээс болж л хэрүүл маргаан үүсгэж зодоон, цохион хийсэн юм шиг байна лээ. Д, Э нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед манай дүү охин Огийн гуйлга ирсэн байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/
Гэрч Д.Хгийн мэдүүлсэн: ...Би Дтай 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газарт байх Эын охины гуйлганд очсон юм. Тэгээд би тухайн найран дээр архи дарс уугаад их согтсон. Тэгээд намайг манай хүүхэд Эынд очиж авсан байна лээ. Юу болсон талаар хараагүй, юу ч санахгүй байна. Сүүлд нь Д надад хандаж хэлэхдээ Э эхлээд намайг зодож цохисон, харин би Эг далан дундуур нь хөндий төмөр таягаар цохисон гэж хэлж байсан. Би нарийн сайн мэдэхгүй байна. Эгийн малыг Д маллаж байсан. Яг ямар харилцаа холбоотойг мэдэхгүй байна, гэхдээ хоорондоо гайгүй, харилцаа сайтай л байдаг юм шиг байна лээ. Д архи дарс уудаг, тамхи татдаг хүн байгаа юм. Ааш зангийн хувьд бол хүүхэд шиг зантай, хүнд буруу санаад байдаггүй, эелдэг зөөлөн зантай, хүнд тусархаг хүн юм. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/
Гэрч О.Эгийн мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут баг Хужирт булан гэх газарт байх дүү Эынд очсон юм. Эын охин Огийн гуйлга ирсэн байсан юм. Тэгээд Д Хтэй хамт Эын найран дундуур ирсэн бөгөөд би архиндаа согтоод нэг хэсэг унтчихсан байна лээ. Тэгээд сэртэл зодоон цохион болсон гэж хүмүүс ярьцгааж байсан. Би учрыг нь ч ойлгоогүй. Тэгээд шууд гэр рүүгээ харьсан. Д, Э нар нь юуны улмаас, хэн хэнийгээ, хэдэн удаа, юугаар цохиж, зодсон талаар нь мэдэхгүй. Д Эгийн малыг хардаг байсан. Хоорондоо ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн харилцаа холбоо байхгүй байх. Нарийн сайн мэдэхгүй байна. Э ах хааяа архи дарс уудаг, хүн чанар сайтай, сэтгэл сайтай хүн байгаа юм. Ямар нэгэн танхай балмад зан ааш байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/
Гэрч Р.Пгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газар 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ах Эынд очсон юм. Эын ахын охин Огийн гуйлга ирсэн байсан бөгөөд манай ах дүү нар бүгд цугласан байсан юм. Гэтэл Д, Х хоёр ирсэн байсан. Тэгээд л зодоон цохион болсон байх. Би дөхөж очоод гэрт нь сууж байтал гадаа Э ахыг Д таягаар цохисон гээд хүмүүс ярихаар нь гэрээс гарч ирээд хартал гэрийн зүүн хойд талд Э ах ухаан алдчихсан хэвтэж байсан. Зодоон, цохион хэрхэн яаж, хэн нь хэнийгээ, хэдэн удаа юугаар, биеийнх нь хаана нь, ямар шалтгааны улмаас зодож, цохисон талаар мэдэхгүй байна. Хэрэг болох үед Д, Э нар найран дээр байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Гэрч О.Бгийн мэдүүлсэн: ...Би хэрэг болсны маргааш нь л мэдсэн. 2017 онд 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газарт байх төрсөн дүү Эын охины гуйлганд очсон юм. Би 2-3 хундага архи уусан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй. Д, Э хоёр хоорондоо ямар шалтгааны улмаас хэн нь хэнийгээ, хэрхэн, яаж, цохиж зодсон талаараа өөрсдөө л хэлэх байх. Манай гэр Э, Д нарын гэрээс хол байдаг, тусдаа амьдралтай хүмүүс учраас Д, Э нарыг хоорондоо ямар харьцаатай талаар ч хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуу/
Гэрч Г.Дын мэдүүлсэн: ...Би өөрийн нөхөр Бгийн хамтаар 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газарт байх хадам дүү Эын охин Огийн гуйлганд очсон юм. Тэгээд гуйлга хийж ирсэн хүмүүс явсны дараа гэрийн гадаа зодоон цохион болсон гээд хүн орилж хашгирахаар нь гартал Э газар хэвтэж байсан бөгөөд хажууд нь очиход ухаангүй л байх шиг байсан. ...Д нь Бг гэрийн хоймор хэсэгт сууж байхад нь дээрээс нь дараад байсан ба Дыг Э гадагшаа аваад гарсан. Үүний дараа л хүмүүс шуугилдсан бөгөөд гарахад Э газар хэвтэж байсан юм. Бг бол Д зодож, цохиогүй. Найранд ирсэн бүх хүмүүс л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-60 хуу/
Гэрч Б.Мгийн мэдүүлсэн: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газарт байх ах Эын хүүхдийн гуйлга болсон юм. Би тухайн найранд очсон бөгөөд манай ах дүү нар бүгд ирсэн байсан. Тэгээд гуйлга хийгээд ирсэн хүмүүс явсны дараа гэрийн гадаа хүмүүс орилолдохоор нь гарахад Э газар хэвтэж байсан. Харин Д ална, хутгална гээд байхаар нь би түүнд хандаж та ингэж ярьж болохгүй гэж хэлчихээд гэр рүүгээ хөдөлсөн. Дыг ална, хутгална гэхийг надаас өөр хүн сонссон эсэхийг би мэдэхгүй байна. Би ойлгохдоо Д Э хоёрыг хоорондоо асуудал үүсгэсэн юм байна гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 хуу/
Гэрч С.Нийн мэдүүлсэн: ...Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан энэ оны хавар 2-р сард Архангай аймгийн Цэцэрлэг суманд нэг хүүхний гуйлганд очоод нэг хүнтэй зодолдсон гэсэн. Тэр хүн нь өөрөө эхэлж манай нөхрийг өдсөн гэсэн. Тэрнээс болж зодолдсон гэсэн. Би Дтай гэрлээд 9 жил болж байна. Манай нөхөр цэрэгт явж байсан. Тамхи татдаг, архи хааяа нэг уудаг, зан араншингийн талаар бол цагаан цайлган сэтгэлтэй, хүний үгэнд оромтгой, даруухан хүн байгаа юм. Манайд мал ахуй гээд байх юм байхгүй. Нэг цагаан гэр байгаа, хэдэн цөөхөн малтай байсан бөгөөд хүн амьтанд өгөөд дууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 хуу/
Гэрч Н.Мгийн мэдүүлсэн: ...Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан энэ оны хавар 2 сард байх манай ах Д нь Архангай аймгийн нэг суманд хүнтэй зодолдсон гэсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Манай ах цэрэгт явж байсан, тамхи татдаг, архи хааяа нэг уудаг. Зан байдлын талаар бол цагаан цайлган сэтгэлтэй хүний үгэнд оромтгой даруухан хүн байгаа юм. Манай ахад мал ахуй гээд байх юм байхгүй. Нэг цагаан дан гэр байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 хуу/
Гэрч О.Нийн мэдүүлсэн: ...Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан айлын хүүхний гуйлганд Архангай руу яваад архи уугаад Э гээд залуутай манай дүү Д зодолдсон гэсэн. Манай дүүгийн шанаа нь хавдсан байсан гэсэн. Би Дыг бага байхаасаа эхэлж мэднэ, нэг гэрт өссөн. Би Дын төрсөн эгч нь байгаа юм. Д нь даруу, төлөв томоотой, архи хааяа нэг ууж, тамхи татдаг. Дд эд хөрөнгө байхгүй. Би Э гээд байгаа залууд гомдолтой байна. Малаа 3 жил манай дүүгээр харуулчихаад төлбөр өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 99 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. О.Эгийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын суман заадсын урд хэсгээс духны баруун дээд, урд доод, духны зүүн урд дээд хэсэгт голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн зовхи хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Зүүн зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. О.Э нь хамар, зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин цөмөрсөн хугаралтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 65 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79, 115 хуу/
Цахим үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77-78 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 98 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 117-118 хуу/зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон О.Д нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Хужирт булан” гэх газарт иргэн О.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт төмөр таягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.
Шүүгдэгч О.Д нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Хужирт булан” гэх газарт иргэн О.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт төмөр таягаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч О.Эгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “бэр гуйж ирсэн хүмүүс явсны дараа манай хамгийн том ах Бг Д нь дараад авахаар би түүнд хандаж хөгшин хүнийг зодох гэлээ хэмээн хэлээд гадагшаа түүнтэй хамт гарсан гэсэн. М л намайг Дд цохиулахыг харсан юм шиг байна лээ. Намайг таягаар л цохисон гэсэн. Миний гавлын яс цуурсан, хоёр нүд хөхөрч хавдсан, зүүн талын хацар шалбарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, хохирогч О.Эгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “ би Даас өөр хэн нэгэнд зодуулсан цохиулсан зүйл байхгүй. Д тухайн үед манай ах Бг гэр дотор дараад авахаар нь чи хөгшин хүн зодох гэлээ, хоёулаа гарч зодолдъё гээд гадагшаа гарсан. Тэгээд барьцалдаж авсан бөгөөд барьцалдаад байж байтал манай авга дүү М салгасан. Хэсэг ингэж байгаад би түүнийг тавиад босоод явтал намайг таягаар цохисон. Д таягаар миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд дахиж цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан миний нүд хөхөрсөн, хамар гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97/, гэрч С.Оы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “15-17 цагийн орчимд шиг санагдаж байна, цаг, минутыг анзаараагүй бөгөөд Д нь гэр дотор манай хадам ах Бг дараад байсан. Тэгээд би дуулаад байж байтал гэрийн гадаа О, Б /А/, Э үхчихлээ хэмээн орилсон бөгөөд гадагшаа гараад хартал манай нөхөр Э Эын гэрийн зүүн талд ухаан алдчихсан, хамарнаас нь цус гоожчихсон хэвтэж байсан. Мэс чи цохичихсон юм уу гэхэд М надад би цохиогүй, Д таягаар цохичихсон гэж байсан юм. Тэгээд би Дд хандаж чи яагаад хөгшин зодож байгаа юм бэ гэхэд Д надад хандаж яадаг юм, нэг мөсөн гүйцээчихъе, хутга аваад ир гээд гүйгээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Ө.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэгээд сэртэл Д, Эг зодсон байсан. Манай ах Бг Д нь дээрэлхсэн гэсэн. Үүнээс шалтгаалан Э, Д нар муудалцсан талаар хүмүүс ярьж байсан. Зодож цохихыг манай охин О л харсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/, гэрч П.Эгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гэнэт гадаа гартал Д, Э нар нь хоорондоо барьцалдаад зогсож байсан. Тэгээд гэр рүүгээ ортол гадаа Б, А, Э нь Дд зодууллаа гээд орилохоор нь гэрээсээ гарч ирээд хартал Э нь газар хэвтэж байсан. Эг Даас өөр хэн нэгэн зодож, цохиогүй. Ямар ч байсан намайг гэрээсээ гарахад хоорондоо барьцалдаад авсан зогсож байсан. Д нь Эг манай нөхөр Эын таягаар цохисон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/, гэрч Э.Огийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “бэр гуйхаар ирсэн хүмүүс явсны дараа том гэр рүүгээ орохоор хажуу гэрээсээ гараад иртэл том гэрийн зүүн талд Э ах ухаангүй хэвтэж байсан. Харин Д нь Э ахын хажууд манай аав Эын таягийг барьчихсан байж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/, гэрч Э.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Хужирт булан гэх газарт байх манай гэрийн гадаа зодоон, цохион хийсэн. Тухайн үед би морины уралдаан үзчихээд гэртээ иртэл Э, Д хоёр манай гэрийн зүүн хойд талд барьцалдаад авсан зогсож байсан юм. Би Д, Э нарыг салгачихаад гэртээ орчихоод удалгүй буцаад гараад иртэл Д ах манай аав Эын таягийг барьчихсан байж байсан. Харин Э ах газар ухаангүй хэвтэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “намайг морины уралдаан үзчихээд очих үед гэрийнх нь гадаа Д, Э нар нь хоорондоо барьцалдаад зогсож байсан. Э, Д нарыг манай дүү М салгасан юм. Тэгээд гэр рүү орсон бөгөөд гэрт сууж байтал Э ухаан алдчихсан байна гэхээр нь гадагшаа гартал Э нь ухаан алдаад уначихсан, Д нь таяг барьчихсан байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/, гэрч Д.Хгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “сүүлд нь Д надад хандаж хэлэхдээ Э эхлээд намайг зодож цохисон, харин би Эг далан дундуур нь хөндий төмөр таягаар цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, гэрч Р.Пгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би дөнгөж очоод гэрт нь сууж байтал гадаа Э ахыг Д таягаар цохисон гээд хүмүүс ярихаар нь гэрээс гарч ирээд хартал гэрийн зүүн хойд талд Э ах ухаан алдчихсан хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/, гэрч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “гуйлга хийж ирсэн хүмүүс явсны дараа гэрийн гадаа зодоон цохион болсон гээд хүн орилж хашгирахаар нь гартал Э газар хэвтэж байсан бөгөөд хажууд нь очиход ухаангүй л байх шиг байсан. Д нь Бг гэрийн хоймор хэсэгт сууж байхад нь дээрээс нь дараад байсан ба Дыг Э гадагшаа аваад гарсан. Үүний дараа л хүмүүс шуугилдсан бөгөөд гарахад Э газар хэвтэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57-60/, гэрч О.Нийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “хэдэн сарын хэдний өдөр гэдгийг би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан айлын хүүхний гуйлганд Архангай руу яваад архи уугаад Э гээд залуутай манай дүү Д зодолдсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/, шүүх хуралдаанд гэрч Э.Мийн мэдүүлсэн “О.Д, Э 2 барьцалдаад зогсож байхад нь салгасан” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд гэрч Э.Огийн мэдүүлсэн “намайг хажуу талын гэрээс гарч ирэхэд Э гэрийн гадаа хэвтчихсэн, Д гартаа таяг барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч О.Дын гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би хохирогчийн хохирлыг барагдуулсан. Би хохирлыг нь барагдуулаад хохиролгүй гэсэн бичиг хийлгээд авчих юм бол болох юм байна гэж ойлгож байсан. Би Эг төмөр таягаар дал руу нь цохисон нь үнэн” гэх мэдүүлэг, хохирогч О.Эгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 99 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Иовогт Огийн Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах, О.Д гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 11 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөнгөн цагаан төмөр бүхий таяг 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ө.Эт буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иовогт Огийн Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасч тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөнгөн цагаан төмөр бүхий таяг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ө.Эт буцаан олгосугай.
6. Шүүгдэгч О.Д нь бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ