Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/979

 
 
 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танх1 нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай анги 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д овогт М.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808042561209 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****оны** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ** дугаар гудамжны ** тоотод түр оршин суух, Д овогт М.Ц, РД:УШ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 13-09 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.О "...архи уусан гэж уурлалаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, гар, нуруу тус газруудад нь гутал болон гараараа цохиж бие махбодид нь "...биед хацар, баруун, зүүн талын мөр, зүүн бугалга, баруун гуя, ууцанд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч М.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 13-09 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Отэй "...архи уусан гэж уурлалаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, гар, нуруу тус газруудад нь гутал болон гараараа цохиж бие махбодид нь "...биед хацар, баруун, зүүн талын мөр, зүүн бугалга, баруун гуя, ууцанд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол

 

учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

  • хохирогч С.О мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цаг өнгөрөөгөөд унтаж байсан. Тэгсэн нөхөр Цогт-Эрдэнэ гаднаас орж ирсэн ба би сэрээд харахад Цогт-Эрдэнэ нь архи уучихсан согтуу байсан. Тэгэхээр нь би "чи яагаад архи ууж байгаа юм бэ, гээд” бид 2 маргалдсан. Тэгтэл миний нуруу руу гараараа 2 удаа цохиод түлхсэн. Би орилтол хадам ээж Цэвэлмаа сэрээд гэрлээ асаасан. Яг гэрэл асах хооронд Цогт-Эрдэнэ намайг орноос хөлөөрөө жийж газар унагаасан. Тэгтэл Цогт-Эрдэнэ гутал барьж аваад над руу шидээд миний зүүн гарыг оносон бас дахиад гутал авч шидээд миний нурууг оносон. Дараа нь цоож шидэж миний баруун хацрыг оносон...гэх мэдүүлэг /хх-17-18/
  • гэрч Х.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:... намайг харахад Цогт-Эрдэнэ гутал шидээд гарыг оноод, мөн цоож шидэж байсан. Тэгээд түлхэж унагаасан. Сэрэхээс өмнө хаана нь яаж цохисныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-19-20/
  • гэрч А.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:.. намайг гэрт нь очиход Цогт- Эрдэнэ байхгүй, харин худ Цэвэлмаа, охин Оюун-Эрдэнэ нар байсан. Оюун-Эрдэнийн хацар нь хөхөрчихсөн, уйлчихсан сууж байсан. Тэгээд би Оюун-Эрдэнийг аваад гэр лүүгээ буцаад явсан. Яагаад ийм асуудал болсныг асуухад Цогт-Эрдэнэ согтуу орж ирээд намайг зодчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-21/
  • гэрч Э.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн:... би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой үүрэг гүйцэтгэх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 13-09 тоот хаяганд 23 цаг өнгөрч байхад нөхөр намайг зодоод байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлага өгсөн Оюун-Эрдэнэ нь унтаж байхад архи уучихсан орж ирээд, архи уусан байна гэтэл надтай маргалдаад зодчихоод гараад явчихлаа гэсэн... гэх мэдүүлэг /хх-23/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11064 дугаартай:.. С.Онийн биед хацар, баруун, зүүн талын мөр, зүүн бугалга, баруун гуя, ууцанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ...гэх дүгнэлт /хх-26/,

- шүүгдэгч М.Цогт-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:.. Би эхнэр С.Оюун- Эрдэнэтэй 2023 оноос хойш нэг гэрт орж хамтран амьдарч байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 13-9 тоот хашаандаа гэрийнхээ гадаа яндан хийж байхдаа ганцаараа 100 граммын архи аваад уучихсан. Тэгээд орой нь 23 цагийн орчим гэртээ ортол гэрэл унтраатай манай гэрийнхэн унтчихсан байсан. Эхнэр Оюун-Эрдэнэ сэрээд архи уучихсан байна гээд бид 2 хоорондоо маргалдсан. Би С.Онийг нуруу руу нь гараараа цохисон, бас түлхсэн. Тэгээд гутал авч шидэж гарыг нь оносон, цоож бас шидсэн. Би Оюун-Эрдэнийг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь би эхнэрээ цохиж зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-78-79/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль з

 

дүгнэлт:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудал

Хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй /хх-84/ гэжээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт М.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цогт-Эрдэнийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасн шүүгдэгч М.Цд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасн шүүгдэгч М.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
 

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮ Г Ч


Г.ГАНБААТАР